sonin.mn
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.
 
-Хаврын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна. Энэ чуулганы үр дүн төдийгүй баталсан гол хуулиудын талаар та байр сууриа илэрхийлнэ үү?
 
-Ганц хоёр хуулийг эс тооцвол хэлэлцэх асуудлаа бүгдийг эцэслэсэн чуулган болсон. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлах явц нэлээд гацаатай байсан ч чуулган завсарлахын өмнө ажлын хэсгийг нь сольсон. Ингэснээр тодорхой үр дүн гарна гэж үзсэн хэрэг. Энэ хуулийн хүрээнд гаднын томоохон банкийг оруулж ирэх боломж бүрдэх учиртай юм. Түүнчлэн арилжааны зээлийг хүүг бууруулах эрх зүйн орчин ч бүрдэнэ. Энэ хуулийг эцэслэж амжсангүй. Бусдыг нь төлөвлөсний дагуу шийдсэн. Мөн чуулган завсарлахын өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг баталсан нь энэ чуулганаас онцлох хуулийн нэг яалт ч үгүй мөн. Ингэснээр төмөр зам баригдах эхлэлийг тавилаа гэж ойлгож болно. Хамгийн түрүүнд Газрын тосны үйлдвэр барих хүрээнд 18 км төмөр зам барихаар болсон. Түүнчлэн агаарын тээвэрт ганц компани монополь эрхтэй байгааг сайжруулах үүднээс Иргэний нисэхийн ерөнхий хуульд өөрчлөлт орууллаа. Цөөн нислэгтэй хэрнээ билетийн үнэ их байдал олон жил үргэлжилсэн. Эрэлт нь байгаад иргэд нисэх гэхээр билет нь олддоггүйд ахиц дэвшил гаргахаар зохицуулалт хийсэн. Энэ мэтээр улс эх орны эдийн засаг төдийгүй хөгжилд болит хувь нэмэр болохуйц хуулиудыг батлан гаргасан чуулган болсон гэж би дүгнэж байна.
 
-Чуулган завсарлахын өмнө цөөнгүй хуулийг эцэслэлээ. Энэ нь хэдийгээр ажил хийж байгаа мэт боловч нэг дор олон хууль батлахын уршиг хэмжээлшгүй шүү дээ. Жишээлбэл, хууль батлалцаж байгаа УИХ-ын гишүүд тэдгээртэй танилцаж амжих эсэхээс авахуулаад асуудал байгаа байх. Энэ тухайд та ямар тайлбар хийх вэ?
 
 -Үүнд олон шалтгаан бий. Нэг талаас Засгийн газраас хуулиудаа оройтуулж оруулж ирсэн. Амаргүй хуулиуд байгаа учраас зөвшилцөх, боловсронгуй болгох тухайд цаг хугацаа хэрэгтэй байдаг байх. Засгийн газрын оруулж ирсэн хуулиудыг УИХ-аас аль болох цаг алдаж, уялгүй баталж өгөөд явсан. Энэ нь УИХ завсарласан үед Засгийн газарт ажиллах боломж гаргаж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. УИХ бүтэн гурван сар гаруйн хугацаанд амарч байхад Засгийн газар нь зүгээр сууж болохгүй. Үүний тулд УИХ-ын гишүүд чуулган завсарлахын өмнө оруулж ирсэн хуулиудтай танилцахаас авахуулаад нэлээд ачаалалтай ажилласан нь үнэн.
 
-Ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулж дуусаад зургаан газраас санал авахаар хүргүүлээд байна. Үүний дараагаар буюу ирэх сард Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэх юм.
Энэ талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн зүйл бий юү?
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажпын хэсгийнхэн сүүлийн хоёр жил орчим хугацаанд ажиллаж, үндсэндээ бэлэн болгосон. УИХ-ын гишүүдэд албан бусаар танилцуулснаар 67 нь гарын үсэг зурсан. Одоогоор ээлжит бус чуулган зарлах эсэх талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл ирүүлээгүй байна.
 
-Захиргааны ерөнхий хуулиар АН-ын бүлэг завсарлага авсан. Гэхдээ намрын чуулганаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж таарна. Энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын эрх мэдлийг хэт өндөр болгох гэж байна гэх шүүмжлэл багагүй өрнөсөн л дөө.Та хувьдаа энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?
 
-Миний хувьд Захиргааны шүүхийг цэгцлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Яагаад гэвэл сүүлийн үед энэ шүүхийн эрх мэдэлт таны хэлдгээр хэт өндөр болсон. Товчхондоо, дэндэж байгаа. Угтаа Захиргааны хэргийн шүүхээр төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааг л шүүх учиртай юм шүү дээ. Гэтэл очсон бүх асуудал тэнд очоод унадаг буюу дандаа нөгөө талаас хахууль явдаг нь нууц биш болсон. Ийм замбараагүй байдал тэнд үүссэн учраас Захиргааны шүүхийг зориулалтаар нь ажиллуулах тухайд арга хэмжээ авах цаг нь болсон гэж үздэг. Гэхдээ болж бүтэхгүй байна гэх шалтгаанаар Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах тухай ойлголт байж болохгүй.
 
...Энэ талаар шийдвэр гаргасан нэг шүүгчээс, тэр дундаа тухайн хүн Худалдаа хөгжлийн банкны талд үйлчилж шйидвэр гаргаснаас болоод Захиргааны хэргийн шүүхийг буулгах гэж зүйл огт биш гэдгийг хариуцлагатай хэлье.Олон жилийн процессоос нь үүдээд энэ шүүхийг цэгцлэх хэрэгтэй юм байна гэдэг шийдэлд хүрсэн л хэрэг. Өөрөөр хэлбэл, төр нь эзэнгүй, төрийн албан хаагчид нь ямар ч хариуцлага хүлээдэггүй, шүүхэд очиход дандаа унадаг. Гэтэл нөгөө талдаа...
 
-"Эрдэнэт "-ийн 49 хувьтай холбоотойгоор гаргасан шийдвэрээс болоод эрх баригч намынхан Захиргааны шуүхийг татан буулгах гэж байна гэх шуүмжлэл өрнөсөн шүү дээ?
 
-"Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс гаргасан нь үнэн. Энэ талаар шийдвэр гаргасан нэг шүүгчээс, тэр дундаа тухайн хүн Худалдаа хөгжлийн банкны талд үйлчилж шийдвэр гаргаснаас болоод Захиргааны хэргийн шүүхийг буулгах гэж зүйл огт биш гэдгийг хариуцлагатай хэлье. Олон жилийн процессоос нь үүдээд энэ шүүхийг цэгцлэх хэрэгтэй юм байна гэдэг шийдэлд хүрсэн л хэрэг. Өөрөөр хэлбэл, төр нь эзэнгүй, төрийн албан хаагчид нь ямар ч хариуцлага хүлээдэггүй, шүүхэд очиход дандаа унадаг. Гэтэл нөгөө талд нь хувийн хэвшлийнхэн юмуу хувь хүмүүс байж байдаг. Шүүгчид нь тэднээсээ хахууль аваад шийдвэр гаргаад сууж байдаг явдал цагаандаа гарсан. Гэхдээ ингэснээр бүх шүүгчийг буруутгаж байгаа юм биш. Тэдний төдийгүй мэргэжлийнхээ нэр хүндийг унагаж байдаг хүмүүс мэр сэр байгаа учраас үүнийг хэлж байгаа юм. Ёс зүйгүй ийм нөхдөд арга хэмжээ авдаг байдал руу шилжихгүй бол болохгүй. Товчхондоо, бид эхний ээлжид шүүгч нараа шүүхээ цэгцэнд нь оруулж авахгүй бол төрийн ордонд мянган хууль гаргаад нэмэргүй.
 
-Засгийн газрын эрх үүргийг хэт өндөр болгох нь гэх шүүмжлэлийн тухайд?
 
-Засгийн газрыг хэмжээгүй эрхтэй болгох гэж байна гэх шүүмжпэлтэй би санал нийлэхгүй. Захиргааны шүүхэд салхи оруулах гээд байгаа гол шалтгааныг би сая хэллээ шүү дээ. Засгийн газрын бүх шийдвэр Захиргааны хэргийн шүүхэд очоод унадаг болчихсон. Тиймээс тэнцвэржүүлэх шаардлага зүй ёсоор үүссэн. Шүүх нэрийн дор төрийг муухай харагдуулдаг болсон нь үнэн шүү дээ. Хаана хаанаа хариуцлагатай байх учиртай болохоос төр нь нэг шийдвэр гаргаад эргээд харахад шүүх нь үгүйсгэж байдаг байж болохгүй биз дээ.
 
-Энэ тухайд Засгийн газраас гаргасан бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд хянадгаа болих талаар ярьж байсан. Тухайлбал, стратегийн ач холбогдолтой томоохон асуудлыг энэ шүүхээр хянуулдаггүй байх. Энэ тухайд та санал нэгдэх үү?
 
-Улс орны эрх ашгийн хэмжээний том асуудал төдийгүй их хэмжээний үнийн дүнтэй асуудлаар Засгийн газраас шийдвэр гаргадаг. Тийм учраас ингэж тусгаарлана гэдэгтэй би санал нийлдэг. Ерөөсөө Засгийн газрын шийдвэрт ялгаа заагтай ханддаг байх учиртай. Бүгдийг нь Захиргааны хэргийн шүүхэд аваачаад унагуулдаг байвал төр засаг гэж байгаад яах юм. Шийдвэр гаргахын ч хэрэггүй болчихож байгаа биз дээ. Тиймээс энэ төрлийн шийдвэрийг нь Захиргааны хэргийн шүүх хянана, энэ хэсгийг нь шууд хэрэгжүүлнэ гэх мэтээр зааглаж өгөх нь зөв.
 
-Та хувь гишүүнийхээ хувьд хаврын чуулганаар хэр бүтээмжтэй ажиллав. Хаврын чуулганаар хэчнээн хуулийн хэсэгт орж ажилласан бэ? 
 
-Байнгын хорооны даргын хувьд тун ачаалалтай чуулган болж өндөрлөлөө. Бидний хувьд цаг наргүй ажилласан. Тэр дундаа Байнгын хороон дарга нарын хувьд шаргал ордонд байнга л уяатай байж байдаг юм байна. Миний хувьд хаврын чуулганы хугацаанд гурван хууль санаачлан өргөн барьсан. Тухайлбал, Сэргээгдэх эрчим хүчний тухай болон "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой буюу ашигт малтмалтын нөөц, татвартай холбоотой хуулийг хэсэгт орж, бэлтгэж ажилласан. Мөн иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд оношилгоонд эрт оруулах тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийн хүрээнд 50-аас дээш насны хүмүүс дөрвөн төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр ордог байх үүрэгтэй болох юм. Манайхны нэг дутагдал нь юу болж байгааг мэдэхгүй явж байгаад эцсийн шатанд орсон үед нь эмнэлэгт ханддаг, улмаар амь насаа алддаг. Тиймээс энэ байдлыг халж, юу нь хаанаа өвдөж байгааг эрт оношлуулж мэдсэнээр урьдчилан сэргийлэх нь чухал гэж үзэж байгаа юм. Манай улсын хувьд жилдээ зөвхөн хорт хавдраар 4000 хүн нас барж байна гэх судалгааны дүн бий. Тодруулбал, элэг, уушги, ходоод, умайн хүзүүн хавдар түгээмэл болсон. Тиймээс урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо буюу хууль эрх зүйн орчныг төрөөс бүрдүүлээд үзлэг оношилгооных нь мөнгийг даадаг болъё гэж байгаа юм. Ингэснээр иргэдээ хорт хавдраар алддаг байдлыг хална гэж үзэж байна. 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин