Д.Т; - Хоёулаа ярилцалгүй нэлээд удлаа. АНУ-д наадах шив дээ.  Мэдээж эхлээд наадмын тухай бодлыг чинь сонсоё.
 
Д.Ө; -Наадам сайхан боллоо. Энэ удаа харийн нутагт наадлаа. Монголчууд төрт ёсны их уламжлал, тусгаар тогтнолын бэлгэдэл, үндэсний соёлын өв шингэсэн наадмын баяр цэнгүүнээ хаана ч байсан их сайхан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх юм. Үүний цаана их том утга агуулагдаж байна шүү. Манайхан шиг эх орон, өв соёл, түүх уламжлалаараа ингэж их бахархан омогшдог өөр улс үндэстэн нэг их олон биш байх. Жил бүрийн л наадам сайхан болдог, хүмүүс хэзээ ч наадам муухай боллоо гэдэггүй. Наадам, Цагаан сар хоёр бол монголчуудын олон мянганы түүхтэй их өвийг тээсэн төрийн их баяр ёслол учраас нийт ард түмэн ийнхүү бэлэгшээн сайн сайхан үг хэлэлцэж, эвлэлдэн нэгдэж төрийн сүлдээ баясуулан цэнгүүлдэг биз ээ. Монголчууд аливаа зүйлийн бэлэгшээлт утгыг ихэд таашаан ирэх цагийн үйл явдалтай холбон хэлэлцдэг ард түмэн.
 
Д.Т; -Аль ч улсад ийм нэг олныг хамарсан спорт байх юм даа. Хөл бөмбөгийг хар бай шагнал нь хэдэн арван сая доллар. Манайх ч бас өөрийн гэсэн үндэсний бахархалтай тэмцээн уралдаан нь бөх, морь, сур. Тийм ч учраас түрүүлсэн морь, бөхийн хөлс биенд хүрч хүндэтгэлээ илэрхийлдэг байх. Өгөх байхаа олж ядан шагнадаг, бүр 11 өрөөтэй хаус хүртэл өгдөг болоо шив дээ?
 
Д.Ө; -Ер нь бол их спорт мөнгө, амьжиргааны эх үүсвэр, бизнес. Харин манай эрийн гурван наадам бол ёс уламжлал, зан заншил  агуулсан наадаан цэнгээн. Энэ цаг үед мөнгө, арилжаа талруугаа хэт хэлбийснээс бай шагнал нь олны нүдэнд их л хэлтгий харагдах боллоо. Бөх, морь хоёр амьжиргааны эх үүсвэр, бизнес болж эхэлжээ. Тийм учраас нэр хүнд нь ихэд унаж байна, засаж залруулах гол зүйлийн нэг энэ шүү. Зөв гольдиролд байхдаа манай бөхчүүд, уяачид ямар сайхан алдар нэртэй хүндлэл хүлээсэн хүмүүс байлаа. Түрүү бөх, морьтны биед хүрэхийг мухар сүсэг, мунхаг явдал хэмээн ихэд буруушаан зэмлэх хандлага энэ жил нийгмийн сүлжээгээр ихэд тархсанд дотроо харамсаж л суулаа. Мэдээж хэрэг хөлс, хир буртагт хүн амьтны бие гэсэн махан утгаар харвал бүдүүлэг үйлдэл харагдаж байгаа байх л даа, гэхдээ цаагуураа бол тийм биш юм шүү. Энэ бол хүндэтгэл, бэлэгшээл юм. 
Тэрнээс биш хөлсөнд хүрлээ гээд хүч чадалтай, хурдан болчихгүйгээ монголчууд эрхбиш мэднэ шүү дээ. Зан заншлаа л аажим аажим гээгээд байгаагийн нэг л жишээ. Би гэхэд л энэ жилийн наадамд Ерөнхийлөгч нум сум харваж байгаа оноход, наадмын хаалтын туг залах ёслолын үеэр хүндэт харуулын морь шээхэд их л бэлэгшээсэн. Сайн цагийн дохио гэдэг юм. Иргэншсэн соёлт гэх хүмүүст бол миний энэ бэлэгшээл ньмухар сүсэгт хүний бодол санаа мэт харагдах биз. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг сэтгэлгээ хөрст дэлхийд монгол хүн, морь хоёр байгаа цагт нэг хэсэгтээ монгол хүний ухамсраас алга болохгүй байхаа.
 
Д.Т; -Өнгөрсөн жилийн наадмаас энэ жилийн наадам хүртэлх нэг жилийн хугацаанд нэлээдгүй зүйл болж өнгөрлөө. Энэ хугацааны гол дүр бол Ерөнхийлөгч, түүнийг тойрсон улс төрийн үйл явдлууд байлаа гэж хэлж болохоор.Чи ч сая нум сум харвахыг онцлоод авлаа. Манай хаад ноёд бүгд л мэргэн харваачид байсныг Цогт тайж кино дээрээс бүгд хардаг даа, Төрбайхгүүш, Цогт хун тайж хоёрын харвааны  яриагаар бол?
 
Д.Ө; -Би улс төр дагнан судалдаг судлаач биш л дээ, гэхдээ нийгэмд өрнөж буй үйл явдлыг анхаарлынхаа гадна орхихыг хүсдэггүй түүхч хүн, бас аль болохоор идэвхтэй амьдрахыг хүсдэг, мэдсэн сурсан юм байдаг бол түгээж, болж байгаа юмыг дэмжиж, болохгүй байгаа юмыг шүүмжилж явдаг нэгэн. Ер нь бидний өнөөгийн байдал яаралтай түмнээрээ хэлэлцэж засаж залруулахгүй бол нэн дампуу байдалд орчхож. Хөгжиж байна, урагшилж байна, цаг нь ирэхээр сайхан болно гэж л ярьж сэтгэлээ хуурч байгаа болохоос улс орны минь байгаа байдал өдрөөс өдөрт доройтсоор байна. Зах зээлийн нийгэмд хэн ухаантай нь сайхан амьдраад тэнэгүүд нь ядуу байна гэсэн зарчим үйлчлэх ёстой юм биш шүү дээ. Бүгдээрээ баян эсвэл бүгдээрээ барлаг байх ч боломжгүй. Манай улсад өнөөдөр цөөхөн чинээлэгүүд, дийлэнх ядуус гэсэн хоёр л бүлэгт хуваагджээ. Алтан дундаж байхгүй, нийгмээ чирч гулдраад явдаг ямар нэг тэргүүлэгч анги давхарга байхгүй, сэхээтнүүд нь амьжиргааны эх үүсвэргүй, боловсрол, эрүүл мэндийн салбар нь бодлого төлөвлөлтгүй урсгал бизнесийн эрхшээлд хэт орсон, хэвлэл мэдээлэл нь, цэрэг цагдаа нь, шүүх прокурор нь мөнгө, эрх мэдэл бүхий чинээлэг цөөнхийн гарт орсон, эдийн засаг нь зөвхөн нэг оронд борлуулдаг нүүрсний худалдаан дээр тогтдог,  ард түмэн нь хагаран хэрэлдсэн, эв нэгдэлгүй, эмх замбараа, сахилга батгүй, ямар ч аргаар олсон бай хамаагүй “мөнгө, эрх мэдэл” нийгмийнх нь үнэт зүйл болчихсон, улс төрийн ба төсвийн  бүхий л төвшний удирдлага нь “чөтгөрийн тойрогт” орсон ийм л улс оронд би амьдарч байна. Ийм байдлыг социализмаас салж буй аль ч улс орон дайраад өнгөрдөг юм, бид өөрөө өөрсдөө аандаа цэвэршээд сайхан болчихно гэж бодож болохгүй байхаа.  Бид асар их цаг хугацаа , хөгжих боломжоо алдаж, алдах тусмаа ялагдаж байна. Үүнд санаа зовохгүй, өөрчлөхийг хүсэхгүй сэхээтэн гэж бараг байхгүй байх, санаа бодол нь ч мэдрэгдэж байна. Тэдний нэг нь би. Тийм болохоор энэхүү ярилцлагыг чамтай хийж сууна. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухдаггүй гэдэг биз дээ.
Чиний хэлдэг үнэн, өнгөрсөн хугацааны улс төрийн үйл явдал Ерөнхийлөгчийн эргэн тойронд байлаа.
 
Д.Т; -Ноднин жилийн наадмын урд өдөр тангаргаа өргөсөн Баттулга Ерөнхийлөгчийн хувьд энэ өнгөрсөн нэг жил их л амаргүй өнгөрөв бололтой.
 
Д.Ө; -“Монгол ялна” гэсэн сонгуулийн сурталчилгааны урианы утга учрыг одоо ч хүмүүс гуйвуулан, хялбарчилж Хятад, Монголын асуудал мэт ойлгосоор, ойлгуулсаар байна. Би ч гэсэн сонгуулийн сурталчилгааны эхний үед энэ утгаар ойлгож гайхаж л байлаа. Нөгөө өрсөлдөгчийнх ч гарал үүслийн асуудал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л байх. Гэхдээ гол нь хүмүүсийн гарал угсааны асуудал энд нэг их чухал биш, харин хүмүүс ямар нэг юм болохоо байчхаад байна гэдгийг ойлгож, мэдэрсэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь энэ сонгуулийн нэг онцлог юм. Үндсэндээ ард түмэн хэн биднийг аварч, бидний талд дуугарч, бидний эрх ашгийг хамгаалж чадах вэ гэдгээ илэрхийлж саналаа өгсөн. Ерөөс ард олонд байдал бишидсэнийг мэдэрдэг дотоод зөн, үйлдэл байдаг. Тийм ч учраас ямар нэгэн шинэчлэл, хувьсгал аливаа улс орнуудад гарч байдаг нь жам.
 
Д.Т; - Юм хэзээ ч нэг байрандаа байдаггүй, бүх зүйл цагтай. Энэ тухай дэлгэрүүлж ярилцаад явчихъя. Тэгэхлээр “Монгол ялна” гэсний эсрэг утга нь “Монгол ялагдсан” байж таараа даа ...
 
Д.Ө; -Тиймдээ, бид олон зүйл дээр өнгөрсөн жилүүдэд ялагдаж, доройтсоныг би дээр тоймлосон. Үүнийгээ бид мэдрээд, байгаа байдлаа өөрчлөхийг хүсэж, энэ өөрчлөлтийн туг нь Баттулга гэдэг хүн байж болох юм гэж үзээд  түүнийг тэргүүнээрээ сонгосон учиртай аж.
Би улс төрчийнх нь хувьд Ганбаатараас бусдыг нь нэлээд сайн мэднэ, Энхболд бол олонд сайтар танигдсан хүн шүү дээ. Гэтэл олон нийт түүнийг хүлээж авсангүй, энэ үл тоолт бол түүний хувь хүнээс нь үүдэлтэй ялагдлын шалтгаанаас илүүтэйгээр түүнийг бий болгосон өнөөгийн манай тогтолцооны нуралтын эхний дохио байсныг өнөөгийн цаг үеийн байдлыг харахад мэдрэгдэж байна. Бид ийм дампуу байдалтай ганц орон бас биш л дээ. Манайх шиг ийм тогтолцоотой орныг “клиентелист” гэж нэрлэдэг нэр томьёо улс төрийн үг хэллэгт орж ирснийг бид мэднэ, манайхан “цүнх баригч, бөгс долоогч” гээд байгаатай утга ижил л дээ. Энэ бол албан тушаал, эрх мэдлийн “чөтгөрийн тойрог” юм.
Бүгд өр төлж, ач санах ёсон дээр тогтсон төрийн бүтэц бөгөөд бие биенээ ямар ч үед хамгаалахаас өөр аргагүй болгож, зөрчвөл муугаа үзнэ. Ийм тогтолцооны оршин тогтнох үндэс нь бүлэглэн нэгдэх явдал юм. Хүчтэй бүлэглэл нь улс төрийн намд улмаар улс оронд эрх мэдлээ тогтооно. Гэхдээ нэг нурж эвдэрвэл тэр чигээрээ үнс болох хэврэг эд, яагаад гэвэл хүний гүн бат итгэл үнэмшил дээр биш, харин өчүүхэн шунал дээр тогтож байдаг учраас. Үүнийг монголчууд мэдээд байна, тийм ч учраас нийт монголчууд хүчирхэг нам, хүчирхэг улс төрч, мөнгөлөг бөгөөд зохион байгуулалт сайтай бүлэглэл, тухайн үеийн эрх баригчдад –“үгүй, одоо та нар болсон” гэж хэлжээ.
 
Д.Т; -Ер нь монголчууд туг дор нэгддэг ард түмэн, тэрнээс биш өөрөө өөрийнхөө толгойг мэдэг болсон цагтаа улам бутраад л, муудалцаад л жижгэрээд байсныг манай түүх харуулдаг төдийгүй өнөөгийн бидний байгаа байдал яруу тод илэрхийлж байгаа биз дээ?
 
Д.Ө; - Тийм. Товхондоо ард түмэн одоо туг хайж байна. Ард түмний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл, тэдний өмгөөлөл, туг нь болж чадах боломжит ганц хүн нь өнөөгийн сонгуулийн ардчилал гэдэг ганц давуу боломжтой үед бүх ард түмний сонголтоор гарч ирэх Ерөнхийлөгчийн албан тушаал юм. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудын үед ч ийм байдал ажиглагдаж байсан. Бүх ард түмний санал хураалтаар сонгогдон гарч ирсэн ганц хүн болохоор Ерөнхийлөгч бүрэн эрхтэйгээр нийт монголчуудыг төлөөлнө. Ийм учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд ард олон найдвараа тээж өмгөөлөл хүсдэг төдийгүй олон зүйл шаардаж бас хүлээдэг. Харин нөгөө хүн нь “чөтгөрийн тойргийн бүлэглэлийн” хүрээнд өчүүхэн ч атугай хүлэгдчихвэл нийт олноороо үзэн ядаад эхэлдэг байна л даа. Жишээ бол мэдээж манай өмнөх Ерөнхийлөгч нар байна. Сайнаар дурсагдаж байгаа нь, үгүйлэгдэж байгаа нь хэн байна. Чингис хаан, Цэдэнбал, Чойбалсанг л ярьцгаагаад байгаа биз дээ. Тэгэхлээр “ялна” гэсэн утга бол ард нийт нь аливаад сэтгэл хангалуун, амгалан тайван, улс орон нь баян хүчирхэг, хууль ном нь тэгш шударга ёс л тогтоно гэсэн үг. Тэр л цагт монголчууд сайхан амьдарч улс хотлоороо ялсан Монгол байх болно. Ийм байдал тогтоогүй байгаа учраас л бид тэмцэж, бүтээж, босгож, сурч боловсорч өөрсдийгөө ялах ёстой болов уу. Хамгийн хэцүү юм чинь өөрөө өөрийгөө ялах явдал биз дээ, хүн дандаа өөртөө, өөрийнхөө үйлдэлд л ялагддаг.
 
Д.Т; -Оросын  Хятад судлаач Алексей Девятов гэж цэргийн тагнуулч байсан нөхөр Хятад болон манай тухай нэлээн бичиж, ярих юм. Түүнийхээр бол дэлхийн гуравдугаар дайн хэзээний хэвлэл мэдээллээр эхлээд одоо  улам  гүнзгийрч байгаа аж. Манайд ч Монгол ялна эсвэл үгүй ялахгүй гэдэг дайн одоо ч үргэлжлээд байгаа юм бишүү? Гэхдээ олигарх олонх суудлаа алдах нигуур буйг харчхаад нийт олноос сонгогдсон Ерөнхийлөгчийн эсрэг мэдээллийн дайн хийгээд байх шиг харагдах юм? Чи гадна байгаа болохоор илүү бодтой харж байж мэдэх л юм даа ?
 
Д.Ө; -Бид хөрш орнуудаа их муу мэддэг болжээ. Суворов буюу Резунаас хойш Девятов, Фирсов, Леонов гээд хуучин тагнуулд ажиллаж байсан нөхдүүд Оросын болон түүний эргэн тойрны бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлын талаар сонирхууштай мэдээллийг түгээж байдаг нь анхаарахгүй байхын аргагүй шүү. Одоо үед хойд хөрш биднийг өөр нүдээр хараад эхэлсэн. Орос дахь еврей олигархуудын засаглал дууссан. Одоо Орос орон дэлхийн тавцанд гол бодлого тодорхойлогчийн байр суурь олохын төлөө зориод эхэллээ. Дотоод аюулгүй байдлаа хангахын төлөө ч нэлээд хатуу чанга бодлого явуулж байна. Оросоос зугтаах биш, Орос руу тэмүүлсэн аюулгүй байдлыг тогтооно гэж байх шиг. Энэ нь саяын хөл бөмбөгийн ДАШТ-ын үеэр харагдлаа шүү дээ. Тэнд эмх цэгц бий болоод эхэлж, үүнийг авторитар Путин түүний хүрээлэл хийж чадаж байна. Өмнөд хөршийн дотоод байдлыг ч бид сайн л мэдэж байх ёстой санагддаг. Тэнд бас бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл явагдаж л байна. ЗянЗяминий хуучин бүлэглэл байраа тавьж өгөхгүй тэдэнтэй Си дарга нь хүнд хэцүү тэмцэл хийж байх шиг байна. Си дарга нэгэн үеийн өмнөд хөршийн удирдагч боллоо, Маогоос хойш Дэнг эс тооцвол халаагүй удирдагч болох нь.
Гол арга нь дэг журам, хатуу хуулийн буулга болж байна. Хойд, өмнөд хөршийн байдал хоёулаа сүүлийн хэдхэн жилд эрс өөр болчихлоо. Гэтэл манайд орос, хятад судлал бараг байхгүйтэй адил, байгаа нь урсгалаараа. Ямар ч судалгаа дээд төвшиндөө бодлогын хэмжээнд хэрэглэгддэггүй олон он жил боллоо. Тийм ч учраас манай улс төрийн бодлого барьцгүй, байр суурьгүй хүн шиг тогтворгүй, итгэлгүй, хатуу хэлэхэд нэг болон нэг хэсэг хүний гал тогооны өрөөнд сэтгэл хөөрөлд автсан эсвэл тааж буудсан ярианы хэмжээнд өрнөж байна. Яагаад гэвэл улс төрийн бодлого явуулдаг институцууд нэгдмэл, уламжлалаа түшсэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас том улс төр гудамжинд яригддаг яриа болон хувирч байна.
Мэдээллийн дайн гэснээс манай нийгмийн сүлжээнд ямар их мэдэмгийрхэгчид, шүүмжлэгсэд, үзэн ядагсад байна. Монголчууд бүр жижигхэн юман дээр ч талцан хэрэлддэг болж, нийгмийн сүлжээний талбарууд манайд хэрүүлийн дайны талбар болон хувирч хагалан бутаргагчдын, нэг нэгнээ үзэн ядагчдын, үгүйсгэн гутаахын донтонгуудын зугаацлын чөлөөт орон зай болж. Нийт олны унших дадал багассанаас мэдээллийг шүүн тунгаах чадваргүй, өнгөц хэрүүлээр хөөцөлддөг, ямар ч үед бусдыг аялдан дагаж, юу ч хийхэд бэлэн “хар масс буюу өөрсдөө ОРК ” гэгдэх хүмүүс олширч тэд нь хов живийн чанартай элдэв мэдээллийг өөрийн мэдлэг хэмээн андуурч бохир нийгмийг улам бохир болгож байна.
Энэ нийгмийн сүлжээний том орон зайг маш цөөхөн их ухаалаг зөв эсвэл хорон муу санаат этгээдүүд хааш нь ч залаад явчих бүрэн боломжтой болсон цаг үед бид амьдарч байна.
 
Д.Т; -Монголчууд сургаар мэдээллээ олж авдаг уламжлалт сэтгэхүйтэй . Тэгэхдээ сөрөг мэдээлэлд илүү их өртөмтгий юм шиг л харагдах юм даа?
 
Д.Ө; -Тийм уламжлал бий. Үүнийг гадаадын судлаачид ч бүр дээр үед ажиглаад хэлсэн л байдаг юм. Тиймээс ч “муу үг модон улаатай” гэж үг гарсан биз. Одоо манайхны нийгмийн сүлжээний байр байдлыг ажиглаж байхад яг л харагддаг, сөрөг муу мэдээллийг ямар хурдан баяр бахдалтайгаар дамжуулан түгээж сэтгэл ханамж авч байдаг гээч. Энэ бол бидний боловсролын төвшин, ёс зүй, ёс суртахуун доройтсоныг л гэрчилж байгаа юм. Энэ орон зайд нөгөө бүлэглэлийн улс төрчид, тэдний хүрээлэгсэд хөлсөлж авсан бичээч нар болон болон харанхуй итгэгсэдээ идэвхтэй ашиглах нь хууль шүү дээ.
Ерөнхийлөгчийг гоочилдог хэдэн бүлэг нөхөд надад харагдаад байдаг юм, эхний бүлэг хэсэг нь өмнөх Ерөнхийлөгчийн хүрээллийнхэн, дараагийнх нь хувийн зүгээс түүнд өсөрхөг ханддаг хэдэн нөхөд, гуравдах нь сөрөг хүчнийхэн нь, дөрөвдүгээрт нөгөө харанхуй хуйлардаг  “хар орк масс” байх шиг байна. Эхний гурван хэсгийн  нийгэмд өгч буй мэдээллийн гол агуулга нь үндсэндээ адилхан, “түүнийг юу ч хийхгүй хүн, өмнөхүүд шигээ л нөхөр, олигарх, компаниа Женко гэж нэрлэдэг мафийн толгойлогч, төмөр замын мөнгө идэгч, сөөнгө хоолойтой” гэс хийгээд дуусна.
Одоо ч энэ нь улиг болчихсон учраас өөр агуулга хайгаад байгаа бололтой шиг билээ. Бичдэг нь хэдхэн тодорхой нөхөд байдаг учраас арга ч үгүй байж магад. Гэхдээ  нийгмийн сүлжээгээр байнга зугуухан парадын бөмбөр шиг давтамжтай Ерөнхийлөгчийг гутаах сурталчилгаа явуулахаа зогсоохгүй биз дээ. Нөгөө улс төр дэх “чөтгөрийн тойргийнхны” ганц айдас нь нийт олон ардын нэгдмэл байдал бөгөөд тэд зангидмал хүчин болчихвол хүнд хэцүү байдалд орох юм.
 
 
 Д.Т; -Ерөнхийлөгчийг ард түмэнтэй уулзалт хийж явах үйл явцыг хараа биз дээ. Хаа ч очсон ард олон аавдаа хов хэлж байгаа хүүхэд шиг л хандаж юунаас ч айхгүй дотроо уудлан улс оронд бугшаад байгаа зүй бус явдлыг ярьж үүнийг хурдан өөрчилж өг гэж шаардацгааж байсан. Өмнө нь ийм уулзалт сонгууль угтаж л болдог байсан?
 
Д.Ө; - Энэ бол “тойргийнхны” хувьд цаазын тавцан шүү дээ. Яагаад гэвэл Ерөнхийлөгч олон түмний санал санаачилга, тэмцэл хөдөлгөөнийг нэг гарт төвлөрүүлэн, тэдний туг нь болоод явчих бүрэн боломжтой юм.
Үүнээс өнөөгийн манай “тогтолцоо, чөтгөрийн тойрог” тэр чигээрээ эмээж байна. Харин нийгмийн сүлжээний мөн чанарыг мэддэг хүнийхээ хувьд Ерөнхийлөгч энэ “гутаах машин”-ы эсрэг нэг их хөдлөхгүй байна уу даа.
 
Д.Т; -Өмнөх Ерөнхийлөгч ч бас сэтгүүлч байсан болоод ч тэр үү  нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэлд хүлээцтэй ханддаг сайн талтай байсан шүү...
 
Д.Ө; -Тийм шүү. Дан хар, дан цагаан хүн гэж хаа байх вэ дээ. Түмнийхээ төлөө явахдаа бүдэрхийг алийг тэр гэхэв, гэхдээ төрийн тэргүүнд алдаж гишгэх эрх байхгүй. Ямагт түмний тусыг эн түрүүнд тавьж байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол засаглалыг хянаж засаглах ёстой засаглал юм шүү дээ уг нь. Дөрөвдэхь засаглал гэдэг үгийн утга нь энэ, түүнээс биш эрх баригчдын эрх ашгийг хамгаалагч, түгээгч болчихвол ямар юмных нь олон нийтийнх байхав. Соц үеийн үзэл суртлын зэвсэг болсон хэвлэл мэдээлэл, урлаг соёлын байгууллагууд сөнөтүгэй гээд л бид хашхирч явсан байхаа.
Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл чөлөөтэй байна гэдэг бол сайн муу хоёр талтай ойлголт хэдий ч хэвлэлийн эрх чөлөө мөнгө, эрх мэдэлд үйлчилбэл нэн уршигтай үр дагавартай бид сайн мэдэх билээ. Тийм ч учраас системийн эсрэг хийсэн шинэчлэлт, хувьсгал, эргэлтийн үед шар хэвлэлүүдийг хаадаг биз дээ.
 
Д.Т; -Ард түмний шахалт, сөрөг хүчний довтолгоон дор байгаа шинэ Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын үечлэлийг гаргах гээд үзвэл ямар байх бол?
 
Д.Ө; -Баттулга Ерөнхийлөгчийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааг ажихад   гурван үеийг туулжээ гэж үзэж болохоор байна.
1 дүгээр үе нь, 2017.7-10 дугаар сар.
2 дугаар үе нь 2017.10-2018.4 дүгээр сар,
3 дугаар үе нь 2018.4-7 дугаар сар.
Нэгдүгээр үед мэдээж ажилтайгаа танилцаж баг, бүрэлдэхүүнээ байгуулж, өрөө байрандаа төвхнөж эмхрэх ажил хийсэн байх.  Зүгээр сонирхуулахад Цэдэнбал даргын сууж байсан байрыг засвар хийж тордоод тэндээ ороод суучихсан байгаа мэтийг би мэднэ. Тэр байрыг өмнө нь хэн ч тордоогүй агуулах болгож ашиглаж байсан юм шүү дээ. За тэр баг бүрэлдэхүүн бүрдүүлэх ажил мэдээж их дарамттай хүнд ажил байх шүү, зүгээр нэг томилгоо хийхээс арай өөр л байх, тийм ч учраас одоо хүртэл сайн муу болсон гээд л хүмүүсийн анхаарлын төвд байгаад байгаа байх.
Хоёрдугаар үед мөрийн хөтөлбөр, өөрийн бодол санаагаа УИХ, ЗГ, олон түмэнд танилцуулж дэмжлэг авахыг оролдсон үе. Гуравдугаар үеийг харин хэрхэн нэрлэхээ мэдэхгүй байна. Нэг талаас ард олны шахалт шаардлага, итгэл найдвар нөгөө талаас Үндсэн хуулиар олгогдсон хязгаарлагдмал эрхээс нь үүдсэн Парламент дахь үйл ажиллагааных нь мухардал. Энэ байдлаас гарах гарц, боломж хайсан дүр төрх.
Хэрвээ Ерөнхийлөгч, Парламент хоёрын үл ойлголцол ужигран даамжирвал их сөрөг дагавартай байх болов уу. Ард олон Парламент ийн үйл ажиллагаа, түүний гишүүдэд сэтгэл хангалуун бус, ардчилал нэртэй оршиж буй өнөөгийн улс төрийн тогтолцоо Монголын нөхцөлд эргэж харууштай гэх үзэл бодол хүчтэй болсон өнөөгийн нөхцөлд Парламент, Ерөнхийлөгчийг сонсохоос өөр зөв гарц байхгүй болов уу. Энэ нөхцөл байдлыг Парламент мэдэж л байгаа байх гэж бодох юм. Ингээгүй тохиолдолд одоогийн амьдралын таагүй байдалдаа пүрш шиг болтлоо шахагдсан олон түмний шахалтаар  Ерөнхийлөгч гудамжинд гарч ирж үүнээс үүдсэн тодорхой хэмжээний хямралт байдал үүсэх магадлалтай. Би бол өнөөгийн Ерөнхийлөгчийг гадаа гараад ирж чадах хүн гэж боддог юм. Түүнд баялгийн шунал байхгүй, дээр нь зоригтой, нийт олонд таалагддаг, тэдний хүлээлтийг үүсгэсэн хүн. Ерөнхийлөгчийг дэмжиж санал өгсөн 600 000 гаруй хүмүүс байгаа шүү дээ. За Ерөнхийлөгч гардаггүй юмаа гэхэд одоогийн нөхцөл байдал нийтийн хөдөлгөөн болон өрнөх дарьтай торх мэт байгааг эрх баригчид ухаарах хэрэгтэй бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх нигуур их бөгөөд энд тэндгүй бий болсон улс төрийн чиг хандлагатай сайн дурын үүсгэл сана ачлагын олон байгууллага зохион байгуулалтад амархан орчих боломжтой байгаа.
Энэ байдлыг заавал тагнуулын байгууллагын санал сэтгэгдлийн мэдээ энэ тэр гэлгүй нийгмийн сүлжээнд жаахан анализ хийчхэд л хангалттай байна шүү дээ.
Ард олон ба эрх баригчид гэсэн тэмцэл үүсвэл эрх баригчид ялагдана. Нөгөө сөрөг талаас харвал дийлж хөөрсөн ард түмэн шийтгэл шаардана, тэмцэл хөдөлгөөн хяналтаас гарвал эмх замбараагүй байдалд улс орон орно, хямрал нүүрлэнэ. Үүнийг зохицуулах ганц субъект нь өнөөгийн манай нөхцөлд Ерөнхийлөгч.
 
Д.Т; -Байдал ингэтлээ битгий даамжраасай билээ дээ. Парламент одоогийн нөхцөлд ард түмний эсрэг байгаа сөрөг хүчин болчхоод байгаагаа хүмүүс ойлгож байх шиг.  Үүнийгээ ухаарахгүй бол тарах асуудал үүснэ, ардын дайсан болсноос ард олноо бодогч болсон нь дээр шүү дээ.
 
Д.Ө; -Яг тийм ерөнхийлөгч ийм эгзэгтэй нөхцөл байдлын дунд сууж байна. Миний хувьд нэг их харамсалтай санагдаад байгаа зүйл бол манай төрийн нэр хүнд, төрийн байгууллуудын нэр хүнд их унасан явдал. Хэн дуртай нь, эр эмгүй төрийнхөө тэргүүн, УИХ, Засгийн газрыг юу дуртайгаараа хэлж дайрдаг болжээ. Улс нь хүчирхэг байя гэвэл төр нь хүчирхэг, нэр хүндтэй, сүрлэг байх нь хууль шүү дээ. Хэдийгээр үе үеийн эрх баригчдын харалган бодлогоос үүдэлтэй ард түмний гомдол саналын илэрхийлэл, ардчиллын буянаар олдсон үг хэлэх эрх чөлөөний илэрхийлэл, засаглалд тавьж буй олон түмний үнэлгээ юм даа яахав гэж бодож болох ч одоо үед савнаасаа дэндүү их халилаа.
ХХ зуунаас манай улс төрийн амьдралд амь бөхтэй оршсоор байгаа удирдагчдаа гутаан муучлах энэ үзэгдлийг зогсоох хэрэгтэй гэж боддог юм.
 
Д.Т; -Энэ зогсох уу даа. Миний танилуудаас ч тэнд олон бий. Одоо бидний гол үзэн яддаг хэсэг бол яг үнэндээ төр л болсон шүү дээ. Төрийн минь сүлд өршөө гэдэг утга санаа бүр огт байхгүй болсон гэж би боддог.
 
Д.Ө; -Ардын хувьсгалын дараа Богд хаанаа дайсан феодал болгон зарласан, 1950-иад оноос маршал Чойбалсангаа алуурчин болгосон, 1990-ээд онд Цэдэнбал даргыгаа урвагч болгон цоллосон, хорин нэгдүгээр зуун гараад Энхбаяр Ерөнхийлөгч нь Багабандийгаа, Элбэгдорж Ерөнхийлөгч нь Энхбаярыгаа хулгайч, луйварчин болгон зарласан.
Тэгэхэд урд хөршийгөө хардаа. Хэн одоо Маогоо , Дэнгээ, Хугаа муулж дайрч давшилж байна. Тийм ч учраас төрийн буулга дор улсаа цэцэглүүлж, бүх л зуунд эзэн болон сууна хэмээн амбицлаж байна. Хойд хөрш мөн адил. Төрийнхөө хэмжээнд Сталинг, Брежневийг Горбачёвыг, Ельцинг муучилсан ч гэлээ тэгтлээ үзэн ядаж буруушаахгүй л байна. Энэ бол төрийн нэр хүнд удирдагчийн нэр хүндтэй шууд холбоотой байдгаас тэр юм. Энэ сургамжийг мэдсээр байж энэ цаг үед Элбэгдорж Ерөнхийлөгч, Энхбаяр Ерөнхийлөгчийгөө барьж хорин яллахыг оролдсон нь төрийн нэр хүнд, төрийн удирдлагын түвшинийхний байр сууринд их халгаатай, харалган үйлдэл болсон гэж боддог.
Өөрөө одоо яг Энхбаярынхаа зовлон нажидыг эдэлж байна шүү дээ. Сайн хэлдэг, магтан дурсдаг хүн ч гэж алга, нийгмийн сүлжээнд зураг хөрөг нь харагдвал хамгийн муухай үгээр доромжлон гутааж байна. Түүх бол Ерөнхийлөгчөөр нь л бичиж үлдээнэ, тэрнээс биш Элбэгдорж гэдэг хүн гэж бичихгүй. Тэгэхээр төрийн нэр хүнд байгаа байдал л гэсэн үг. Нэг зүйл хэлэхэд төр хямрахад бөх хямардаг. Бөхийн ёс жудагт монголчуудын хамгийн эрхэм зүйлүүд хадгалагдан уламжлагдаж ирсэн байдаг. Бөхчүүдийн өнөөгийн ёс зүйгүй, төр, ард түмнээ үл хүндэтгэсэн, бүдүүлэг, эрээгүй, мөнгө, эдийн шуналтай байдал нь өнөөгийн манай төр сул дорой, нэр хүндгүй байгаагийн л илрэл юм.
Энэ утгаар Сүхбат гишүүн “бөх бол төр” гэж хэлсэн байх.
 
Д.Т; -Одоо нөгөө Энхбаяр нь хариугаа авах гээд улс төр хийгээд явж байгаа биз дээ? Тэр хүн үхтлээ Элбэгдоржид өс санасаар байх нь энгийн үнэн. Хэн ч тэгнэ шүү дээ...
 
Д.Ө; -Ийм байж болохгүй ээ. Элбэгдоржийг барьж хорихгүй юу хийгээд байна, өөрөө найз нь байна, хамсаатан нь юм уу гээд өнөөгийн Ерөнхийлөгчөөс шаардаад байх юм. Ерөнхийлөгч шүүх биш шүү дээ. Харин ч өмнөх түүхээс нь сургамж аваад эв эеийг хичээх нь зүй гэсэн чиг барьж байгаа өнөөгийн Ерөнхийлөгчийн үйлдэл зөв байна. Төр, түүний удирдагч нар нэр хүндтэй байх ёстой. УИХ-ыг хар. Гишүүд нь ч гэж гишүүд төрийн хүний эрхэмсэг чанар ихэнхэд нь алга. Хэн тэднийг хүндэлж байна, хэн тэднээс эмээж байна, хэн тэдэнд сэтгэлийн үгээ хэлж байна. Засгийн газар ялгаагүй. Захиас, лоббины хэдэн сайд тохоогддог болсон үеэс эхлэн сайд гэдэг алдар нэр хүндгүй болсон. Иргэд зүгээр л тэднийг цагаан захтай луйварчид, нэгдүгээр ээлж, хоёрдугаар ээлжийнхэн л гэж нэрлэж байна, юун эрхэмсэг сайд, төрийн тулгуур түшиг. Энэ байдлаар удаж болохгүй ээ, төр хүчгүй, дээр нь чадамжгүй болчихвол өнөө бидний Монгол улс яах билээ.
 
Д.Т; -Яаж энийг өөрчлөх хэрэг вэ? Нэгд манай түүхэн улбаатай уугуул зан дээр нь яг үнэндээ төр гэдэг мөнгө олох гэсэн, эрх мэдлээрээ бусдыг сүрдүүлэх гэсэн атамануудын л бөөгнөрөл болоод удлаа шүү дээ. Хятад гэснээс тэнд манай хуучин улс төрийн товчоо яг хэвээрээ ажиллаж байна. СиЖинпин бол Цэдэнбал л гэсэн үг.
 
Д.Ө; -Аливаа улсад төрийн байгууламж, засаглалын хэлбэрийн ард түмэндээ тохирсон уламжлал гэж байнаа. Бид үүнтэй тусгаар тогтнолоо олсон үеэсээ л эхлээд зууралдаж байна. За түүх яривал хэтэрхий нуршуу болох биз. Яг өнөөгийн их боломжит засаглалын хувилбар бол 1990-1992 оны 2 танхимт Парламентын хэлбэрийг туулж ирсэн гашуун сургамжтайгаа уялдуулан сайжруулбал манай хот, хөдөөгийн хавсарсан өвөрмөц улсад их л тохирох мэт санагддаг. Өнөөгийн УИХ, Засгийн газрын гишүүд чинь муу олиггүй хүмүүс биш шүү дээ. Өнөөгийн манай тогтолцоо тэднийг “чөтгөрийн тойрогт” оруулаад “чөтгөр” болгочхоод байгаа юм.
Тэгэхээр миний санаагаар бол Улсын Дээд, Доод эсвэл Их, Бага гэдэг 2 танхимтай, Дээд танхим нь 21 аймаг, Улаанбаатар хотын 10000 хүн тутмаас нэг төлөөлөгчөөс бүрдсэн байнгын бус хуралтай бөгөөд хурлаас Ерөнхийлөгчийг сонгож Засгийн газар байгуулан улсын төсөв, Доод хурлын боловсруулсан хуулийг ёсчлон баталдаг гэх мэт үйл ажиллагаа явуулдаг байвал зүгээр юм шиг санагддаг, энд тэр бүр эрх үүргийг нь ярих боломжгүй л дээ.
Ерөнхийлөгч Засгийн газраа удирдаж Дээд хуралд ажлаа тайлагнадаг, Дээд хурал түүнийг огцруулах болон сонгох бүрэн эрхийг хадгалдаг, Доод буюу бага хурал байнгын үйл ажиллагаатай хууль боловсруулах болон түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа эрхэлдэг Дээд хурлаас байгуулагддаг байгууллага байвал өнөөгийн манай нөхцөлд таацах болов уу гэж боддог.
Энэ бол манай уламжилж ирсэн бүр Богд хаант улсын үед үүсэл нь тавигдсан төрийн байгууламжийн хэлбэр юм. Үндсэн хуульт Хаант засаглал бол манайд хамгийн тохиромжтой юм гээд Ардын Засгийн эхэн үед Үндсэн хуулийн төслөө хүртэл хийчихсэн улс шүү дээ монголчууд. Энэ тухай ярьсан миний яриаг буруу ойлгосон нэг нөхөр Өлзийбаатар Английн жишгээрявахыг зөвтгөдөг либерал этгээд гээд загнаад байна билээ. Хэрэг дээрээ би Бодоогийн түүхийг л ярьж байсан хэрэг л дээ. Социализмын үед төрийн байгууламжийн хувьд уламжлаад л явсан, харин бид жалга довны депутатын тогтолцоо гээд халчихсан шүү дээ. Харин тэр жалга довонд чинь эх орон байдаг. Гол нь Монголын ард түмний эрх ашигт л нийцсэн байх ёстой.  Ер нь бол манайд нэг хүний удирдлага дор төвлөсөн засаглал орших хөрс суурь илүү нийцтэй гэдгийг их зөвөөр ойлгомоор байгаа юм.
 
 
Д.Т; -Чамайг ингээд хэлэхээр Ерөнхийлөгчөөс шагнал авчхаад түүнийг долоож байна гэх байх даа?
 
Д.Ө; -Тэгэх л биз. Би энэ саналыг бүр дээр үеэс л хэлж ярьж байсан юм. Чи ч мэдэх биз. Бид хоёрын дээр үеийн нэг ярилцлагад таван толгойтой молгой, нэг толгойтой могойн үлгэрийг дурсаж байснаа санаж байна уу. Шагнуулсны тухайд гэвэл нэг зүйл хэлчихье. Ерөнхийлөгч намайг төрийн хамгийн дээд шагналаар гэнэт шагнасанд баярлалгүй яах вэ. Тэгээд шагнасан хүнээ магтаж болохгүй гээд ард олны өмнө шударга байгаа нь энэ гээд муулаад явах юм уу? Зарим хүмүүс намайг Ерөнхийлөгчөөс шагнал аваад түүнийг дэмжсэн зүйл ярьж байна гэсэн утгатай юм миний нийгмийн сүлжээнд бичсэн ганц нэг зүйлийн дор харагдаж л байдаг юм.
Би Багабанди Ерөнхийлөгчөөс Алтан гадас одон, Энхбаяр Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны одон гардан авч л байлаа. Элбэгдорж Ерөнхийлөгчтэй хүн ёсны хуучин танилын харьцаатай л байлаа. Энэ Ерөнхийлөгчтэй ч гэсэн би төрийн тэргүүнийх нь хувьд ч, хувь хүнийх нь хувьд ч энгийн сайхан харьцаатай байдаг. Миний нэг зан байдаг, хэзээ ч би тал тохой татаж засдаг зан, хуурамч төрх гаргаж чаддаггүй. Уг нь тийм зан яг энэ тогтолцоонд бол их хэрэгтэй юм шиг заримдаа санагддаг юм. Тийм олон ч хүнтэй таарч явлаа. За энэ яах вэ, би өөрийнхөө бодож явдгаа л хэлье гэж бодсон юм. Хэн юу гэж хүлээж авах нь хамаа алга. Түүхч хүний хувьд улс орныхоо туулж өнгөрүүлсэн замналыг өнөө цагийн бодот байдалтай харгуулан үзэхэд өөрийн эрхгүй үзэг цаас нийлүүлэн хэдэн үг хэлхэж, ам нээж арав таван өгүүлбэр хэлмээр болох юм даа.
 
Д.Т; -Энэ удаад яриагаа ерөнхийлөгчийн эргэн тойронд өрнүүлээд хаачихъя. Их урт юм хүн уншихгүй ШХАБ гэх мэтээр цааш яривал... гэснээр бид хоёрын энэ удаагийн яриа өндөрлөв.
 
Сэтгүүлч Д.Төрмөнх