sonin.mn
НҮБ бол дэлхийн хамгийн том улс төрийн байгууллага бөгөөд их гүрнүүд өөрсдийн ашиг сонирхолоо багтаасан тогтоол шийдвэрүүдийг түүний Аюулгүй зөвлөлөөр гаргуулан бодлого үйл ажиллагаагаараа алсаас бөмбөгдөж эхэлдэг. НҮБ өөрөө аливаа хямралыг зохицуулах хүч хөрөнгө мөнгөөр маруухан тул ихэвчлэн улс төрийн шийдвэрийг нь гаргаж өгөөд асуудлыг тухайн бүсийн хэмжээнд шийд хэмээн их гүрнүүдийн эвсэл холбоодод эрхийг нь өгөөд гаргуунд нь хаядаг.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 850 хүнтэй ганц батальон цэрэг оруулахад л сард сая таван зуун мянган доллар цэрэг хандивлагч орон авдаг зэргээс харахад л олон улсын ажиллагаа нь том улс төрөөс гадна бензин масло хоол унд асар майхан тээвэр ложистик гээд шахааны асар том бизнес юм. 
НҮБ-ын генсекээр хэзээ ч их гүрнүүдээс хэн нэгэн томилогдоггүй бөгөөд харин гуравдагч орны төлөөлөл дуулгавартай нэгнийг тив тивээс ээлжлэн томилдог. Африкийн Кофи Аннан, Азийн Бан Ги  Мүүн, одоо Европын Антонио Гуттереш гээд дараачийнх нь Өмнөд Америкаас сонгогдох биз. Гэхдээ одоогийн генсек Антонио Гуттереш нь Португали гаралтай тул дараагийн генсек удам угсаа нэг Бразилиас лав томилогдохгүй байх.
Харин Дэлхийн банк, Валютын сан зэрэг гол гол байгууллагуудын Ерөнхий захирлын суудлууд Америк, Франц зэрэг их гүрнүүдэд дархлагдсан байдаг. Түүгээр ч зогсохгүй НҮБ-ийн жилийн төсвийн 25-аас доошгүй хувийг Америк гаргадаг болохоор НҮБ-ын ихэнх байгууллагын хүний нөөц санхүү буюу Админдиректор нь голдуу америкууд байдаг. Ингэснээрээ НҮБ-д Америкийн бодлого түлхүү хэрэгждэг гэж хэлж болно.
Манай улсын хувьд НҮБ-ын ажиллагаанд аль болохоор түлхүү оролцох нь бид илүү хонжоо олохоос гадна улс-төр дипломатын аргаар аюулгүй байдлаа хангахад чухал ач холбогдолтой. НҮБ-д орсон цагаасаа эхлээд л манай дипломатууд асар ухаалаг ажиллаж ирсэн нь олон зүйлээс ажиглагддаг. Жижиг орны зовлон их гэгчээр ялангуяа Орос Америкийн санал зөрөлдөөнтэй олон асуудлаар санал хураалт болоход ацан шалаанд орохгүйн тулд Аюулгүй зөвлөлийн гишүүн болох ээлжээ аль нэг улсад ашигтай хувилбараар ацаглах, наймаалцах нь бидэнд илүү ашигтай байдаг.
Өнгөрсөн оны сүүлээр гэхэд л Израилийн нийслэл Иерасулимын асуудлаар санал хураах үеэр Монгол Улс аль ч талд оролгүй гадаа гарч морь харах жишээний.  Цаашдаа ч аливаа асуудлаар хонь бүрэн чоно цатгалан, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх монгол хар ухаан нь НҮБ-д баримтлах бидний бодлого хэвээр байх ёстой.
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт