sonin.mn
Холливудын цуутай бүсгүйчүүдийн нэг жүжигчин Мэрилин Монрогийн "Мэри Клейр сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Сэтгүүлч Жорж Бельмонтын авсан уг ярилцлага нь Мэрилин Монрог амьд ахуйд нийтлэгдсэн алдартай ярилцлагын нэг юм.
 
-Таны хүүхэд насны талаар оньсого мэт олон яриа бий. Та яагаад бага насныхаа талаар тодорхой ярьдаггүй юм бэ?
 
-Та оньсого мэт гэж онож хэллээ. Үнэндээ хэн ч хүүхэд насны минь амьдралыг мэдэхгүй. Миний бага нас амьдралын минь туршид манан мэт байсан. Энэ хэвээрээ ч үлдэх болно. Би энэ талаар хэзээ ч ярихгүй, нууц. Найруулагч Лестер Кауэн "Аз жаргалтай хайр" кинонд дүр бүтээх санал тавихад би хараахан насанд хүрээгүй байсан юм. Тэр эцэг, эхтэй минь уулзаж гэрээ байгуулахыг хүсэхэд би "Энэ боломжгүй. Би эцэг, эхтэйгээ хэзээ ч хамт амьдарч байгаагүй" гэж хэлсэн. Надтай ижил хувь тавилан туулсан хүн олон байх.
 
-Та үнэхээр төрсөн эцгийнхээ талаар мэддэггүй гэж үү. Эсвэл таны бас нэгэн нууц юм уу?
 
-Аавын тухай дурсамж гэж надад байдаггүй. (хэсэг бодлогошров) Ээжийн минь анхны нөхрийг Бейкер, хоёр дахь нөхрийг Мортенсон гэдэг байсан. Гэхдээ намайг төрөх үед ээж тэднээс харилцаагаа бүрэн тасалсан байв. Би төрсөн эцгээ хэн болохыг мэдэхгүй ч түүний тухай хоёр баримт надад бий. Төрсөн эцэг минь норвеги хүн байсан бөгөөд намайг хэдхэн сартай байхад автомашины ослоор нас барсан. Мөн төрөх эмнэлгийн тэмдэглэлд аавыг Бейкер овогтой  гэж бичсэн байдаг. Энэ бол миний ээжийн анхны нөхрийн овог. Гэхдээ намайг төрүүлэхэд ээж овгоо солиулаагүй байж болох юм. Эсвэл бичиг хэргийн ажилтны алдаа ч байж магадгүй. Ямартай ч, миний албан ёсны бичиг баримтад Норма Жин Бэйкер гэж бичсэн байдаг.
 
-Тэгэхээр ээж тань таныг ганцаараа өсгөжээ?
 
-Би ээжтэйгээ хамт амьдарч байгаагүй. Тэр үүнийг эсэргүүцдэг ч үнэнээс зугтаж чадалгүй явсаар насан эцэслэсэн. Би төрсөн цагаасаа эцэг, эхээсээ өөр хүмүүсийн халамжид өссөн. Ээж минь сэтгэцийн эмгэгтэй байсан. Би ээжийгээ кино студид эвлүүлэгчээр ажиллаж байхад нь төрсөн гэдэг. Ээж минь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлсэн ч эдгээгүй. Намайг өсгөж байсан, эмэгтэй гурван настай байхад минь "Би чиний ээж биш. Намайг эгч гэж дууд. Чамтай ирж уулздаг улбар шар үстэй эмэгтэй чиний төрсөн эх" гэж хэлэхэд би цочролд орж билээ. Төрүүлсэн ээж минь миний сэтгэлд "Улбар шар үстэй эмэгтэйн" дүрээр үүрд үлдсэн. Удалгүй намайг асрамжийн газар өгөхөд "Би өнчин, биш надад ээж байгаа" гэж хашгирч байснаа санадаг юм. Асрамжийн газрын захирал "ээж чинь үхсэн" гэж хэлэхэд би дахин цочролд орсон. Гэхдээ би ээжийгээ амьд гэдгийг мэдэрч байсан. Бодоод үздээ, би 11 гэр бүлд үрчлүүлж үзсэн. Намайг анх үрчилж авсан айл шашинлаг хүмүүс байв. Бид Лос-Анжелесийн захын хороололд амьдардаг байсан. Лос-Анжелес бол миний төрөлх хот. Би тэдэнтэй хамт долоон нас хүртлээ амьдарсан. Тэд маш хатуу байсан ч би гомддоггүй. Тэд намайг өчүүхэн алдаа гаргахад л суран бүсний амт үзүүлдэг байсан. Нийгмийн ажилтнууд энэ бүхнийг мэдсэний дараа намайг Холливудад амьдардаг англи хосод үрчлүүлсэн юм. Тэд жүжигчин байсан бөгөөд миний амьдралд шинэ хуудас нээсэн. Шинэ эцэг, эх минь хөдөлмөрч хүмүүс ч гэлээ наргиж цэнгэх дуртай байв. Би хэтэрхий шашинлаг гэр бүлд олон жил амьдарсан учраас тэднийг нүгэл үйлдэж байна гэж харсан. Би тэдний нүглийг өршөөгөөч гэж өдөр бүр залбирдаг байв. Тэд намайг дэргэдээ авахыг хүссэн гол шалтгаан нь ээжийн минь хөрөнгө байсан. Ээж минь намайг өсгөж байсан гэр бүлд сар бүр мөнгө шилжүүлдэг байсныг би сүүлд мэдсэн. Энэ англи хос намайг кино урлагтай танилцуулсан. Би найман настайдаа жүжигчин Жин Харлоуг шүтэн биширдэг байлаа. Тэд намайг кино театр дагуулж явдаг байсан ч ээж минь мөнгө шилжүүлэхээ больсны дараа харьцаа нь эрс өөрчлөгдсөн.
 
-Ээжийн тань хөрөнгө дууссаны дараа тэд таныг асрамжийн газарт эргүүлэн өгсөн үү?
 
-Үгүй ээ, би Шинэ Орлеоноос ирсэн хостой Холливудад гурван сар амьдарсан. Есөн настайдаа би асрамжийн газарт эргэн ирсэн. Биднийг дунд сургуульд байхад хүүхдүүд хуруугаараа зааж "Өө, хараач, өнчин хүүхдүүд" гэж шоолдог байв. Би тэр үед үеийнхнээсээ өндөр 163 см өндөртэй байсан. Би 11 нас хүртлээ асрамжийн газарт амьдарсан. Бас олон айлд амьдарч үзсэн. Тэр дундаас ганцхан Анна эгч л намайг үнэн сэтгэлээсээ хайрласан. Анна эгч Виржиниа руу нүүхдээ надад 20 ам.доллар өгсөн юм. Калифорнид охид 16 настайдаа гэрлэх эрхтэй байлаа. Би танихгүй гэр бүлд дахин үрчлүүлэхээсээ айж байсан учраас 16 настайдаа гэрлэлтийг сонгосон. Түүний овгийг Догерти гэдэг бөгөөд 21 настай үйлдвэрт ажилладаг залуу байв. Удалгүй дайн эхэлж, нөхөр минь цэрэгт явсан. Би тэр үед 20 настай байв. Одоо тэрбээр цагдаагийн алба хаагч бөгөөд бид холбоогүй байдаг.
 
-Та амьдралынхаа үнэнийг ярихаас айдаг уу?
 
-Заримдаа өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд үнэнээ ярих хэрэггүй гэж боддог. Дорой хүмүүс шударга үнэнээс айдаг учраас хэн нэгэнтэй нүүр тулж уулзаж чаддаггүй. Би тийм хүмүүсийг мэднэ. Тэд надаас өө эрж, миний тухай худал цуурхал бичдэг. Нэгэн сэтгүүлч надаас "Та унтахдаа юу өмсдөг вэ" гэхэд би "Шанель №5 үнэртэй уснаас өөр юу ч хэрэггүй" гэж хариулсан. Би боловсролдоо үргэлж анхаардаг. Бусад охины адил коллежид сурах боломж олдоогүй ч хожим Лос-Анжелесийн их сургуулийг уран зохиол, Америкийн түүхийн чиглэлээр төгссөн. Би маш их уншдаг. Энэ ертөнцийг нээхийг хүсдэг. Гэтэл хүмүүс намайг тэнэг, тачаангуй жүжигчин гэж үздэг.
 
-Төгс төгөлдөр эмэгтэй байхад юу шаардлагатай вэ?
 
-Цаг хугацаа шаарддаг. Би жинхэнэ утгаараа сайн жүжигчин болж, аз жаргалтай амьдрахыг хүсч байна. Гэхдээ аз жаргал гэж юу вэ. Агуу байхын тулд маш их хүчин чармайлт шаарддаг. Хайр, ажил хөдөлмөр нь бидний амьдралд цорын ганц үнэн зүйл юм. Жо Ди Мажо 1954 онд надтай гэрлэхдээ бейсболын алдартай тамирчин болоогүй байсан. Тэрбээр Италийн цагаачдын хүү энгийн нэгэн залуу байсан ч уйгагүй хөдөлмөрөөр бэрхшээлийг даван туулсан. Тиймээс бид бие биеэ сайн ойлгодог байлаа. Магадгүй энэ л биднийг нэгтгэсэн болов уу. Гэхдээ төгс зүйл гэж үгүй учраас бидний гэрлэлт 10 сар үргэлжилсэн.
 
-Артур Миллертэй хэрхэн танилцсан юм бэ?
 
-Бид 1951 онд танилцсан. Тэр надтай уран зохиолын талаар ярилцаж, унших номын жагсаалт гаргаж өгдөг байв. Бид 1955 онд гэрлэснийхээ дараа Нью-Йорк, Коноктектикт амарч, аз жаргалтай амьдарсан. Артур өглөө эрт ажиллах дуртай, ихэвчлэн зургаан цагт босдог. Би түүнд өглөөний цай бэлдэж өгөөд Хюго нохойгоо салхилуулна. Артур надтай адил сонгодог хөгжимд дуртай. Эхний гэрлэлтээсээ Артур хоёр хүүхэдтэй, би тэдэнд сайн ээж байхыг хичээдэг байв. Оройн хоолны дараа би театр, үзвэрийн газрыг зорихоос илүү гэртээ сууж, хөгжим сонсон, ном унших дуртай.
 
-Та одоо аз жаргалтай байна уу?
 
-Тийм ээ. Хувийн амьдралдаа ихэнх цагаа зарцуулбал аз жаргалтай амьдарч болдгийг ойлгосон.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин