sonin.mn
Миний бие сүүлийн хэдэн сар өвчинд ээрэгдээд эмнэлгээр явамтгай. Нэгэн үе үнэтэй хагалгаанд орохоор болж мөнгө төгрөг цуглуулах ч юм боллоо. 1970-аад оны оюутан буюу социализмийн бүтээгдэхүүн бидний үеийнхэнд хувийн өмч гэдэг бол хамгийн үзэн ядах зүйлийн нэг мөний тул нийгэм хувирч капиталын эдийн засагт шилжсэн ч юухан хээхэн хурааж хумих санаа төрөвч аргыг үл мэдэх тул "шалдан" хэвээр тэтгэвэрт гардаг ажээ. Бидний үеийнхэнд бэл хөрөнгө гэж юм байхгүй ч биесээ гэх сайхан сэтгэл харин дүүрэн авай. Тэдний нэг нь доор үгүүлэх ахмад цаг уурч Нацагийн Даваасүрэн бөлгөө.
Үгүүлэх нь: Нийслэлийн төв хэсэгт урдаа маршал Х.Чойбалсангийн хөшөөтэй, бөмбөгөр шилэн оройтой, нүүрээрээ арван нэгэн том багана эгнүүлсэн, хоёр жигүүр нь гурав, дундаа дөрвөн давхар барилгын өмнүүр өнгөрөх бүр оюутан цагийн дурсамж өөрийн эрхгүй сэтгэлд орж ирнэ. Тэр бол МУҮИС. Бөмбөгөр оройны доорх дөрвөн давхрын таван цонх цагуурын салбарынханы анги, танхим. Тэр таван цонхны гадна ирмэгдээгүүр "МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ" гэсэн крилл бичиг байх. Одоо харин таван цонхны хоёр захаар "ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ" хэмээн монголоор биччихсэн байна билээ. Нүүрээр нь эгнүүлсэн 11 баганыг харах бүр Монгол Улсын хуучин сүлдэн дэх уулын цаанаас мандаж байгаа алтан нарны цацрагийг бэлэгдсэн болов уу гэж бодогддог юм.
МУИС-ийн 1970 оны цаг уурын хоёрдугаар ангид хөдөөний хэд хэдэн хүүхэд суралцдаг байлаа. Тэдний дунд хөвгүүдээс Хөвсгөлийн Дугажийн Мягмаржав гэж дэндүү гэмээр царайлаг дархад хөвүүн, Завханы Дөрвөлжин сумын уугуул Дашийн Мягмаржав гэж хацар дээрээ тод хар мэнгэтэй, давхраатай нүдтэй, сартуул бор залуу, Баянхонгорын Хүрээмаралын гаралтай Аюушийн Намхай гэх махлаг шар халх залуустай оюутан ахуйдаа ч, ажил дээр гарсан хойноо ч дотно найзууд явлаа. Охидоос Хөвсгөлийн Ламжавын Бадамсэндэн гэж чухам л өнгө тансаг, үнэр ялдам цэцэгсийн адил үзэсгэлэнтэй, дүрлэгэр алаг нүдэн, Жавзансүрэн гэж эсрэгээр нь онигор нүдтэй, бүдэгхэн сэвхтэй, инээд алдсан улаан хацарт, Булганы Хишиг-Өндөр сумын уугуул Нацагийн Даваасүрэн гэж Жавзансүрэн шиг онигор мөртлөө инээхлээр нь хацрын доохно жижиг хонхорхой үүсдэг, тэр үедээ нүд нь бүр зүсчихсэн мэт нарийн сорви төдий болж харагдах шар бүсгүй гурав доод ангийн хөвгүүн миний сэтгэлд нэг л дотно харагддагсан. Тэр үед цаг уурчийн мэргэжил гэдгийг хүмүүс бага мэддэг, "худалчийнхан" гэх хочтой болохоор түүнд дурлаж ирэх хүүхэд тийм ч олонгүй.
Тэгээд ч өөрийн хүссэн мэргэжлээ эзэмшинэ гэдэг дураар болох ажил биш, аль аймгийн аль сургуульд ямар мэргэжлийн хэдэн хуваарь өгөх нь засгийн бодлогоор шийдэгддэг байлаа. Нэг үгээр хэлбэл төрөөс аль салбарыг хэдэн он хүртэл хэрхэн хөгжүүлэх вэ, түүнд ямар мэргэжлийн хичнээн боловсон хүчин хаана, хаана хэрэгтэй болох вэ гэдгийг урьдчилан харж түүн лүгээ тохируулан бэлтгэдэг байсан хэрэг. Одооных шиг нэг салбарт дипломтой ажилгүйчүүд бэлтгэж, нөгөө салбарт ажлын байрны хомсдолд ордоггүй байлаа. Түүний нэг нь ус, цаг уурын салбар байв. Ингэж бэлтгэхийн тулд хэтийн төлөвлөлтийн дагуу орон нутгаас захиалга авна. Тухайн үед Хөвсгөл аймгаас гурван хүүхэд элсүүлэн авсан нь тэр аймгийн Ус цаг уурын товчооны дарга Шаравдорж (Ус цагуурын гавъяат ажилтан буюу одоогийнхоор Байгаль орчны гавъяат ажилтан) гуайн санаачлага, хөөцелдлөгөө, холч ухаан байсан байх гэж боддог юм. Оюутан цагийн таван жил харвасан сум шиг өнгөрч намайг сургуулиа төгсөөд Дорнод аймагт хуваарилагдан очиход Мягмаржав, Мягмардорж, Намхай гурав хотод, охидоос Хөвсгөлийн хоёр ч, Булганы ганцч нутагтаа хуваарилагдан ажилласан ажгуу. Харин миний бие хожим УЦУХ-г урьдчилан мэдээлэх хэлтэст ирэхэд Булганы "шар" хотод шилжээд ирчихсэн, ээлжийн инженерээр ажиллаж байсан юм. Тэр цагаас бид дотно найзууд яваа билээ.
 
Манай хүрээлэнд Санжмятавын Даваасүрэн, Нацагийн Даваасүрэн гэж хоёр инженер байсан юм. Тэднийг бид овгоор нь Са, На гэж ялгаж дуудна. Са нь Монголын цаг уурчдаас хамгийн түрүүнд эрдмийн зэрэг хамгаалсан эмэгтэй. Са, На хоёрын адил тал нь хүнлэг сайхан сэтгэлтэй, жинхэнэ монгол бүсгүйчүүд. Са маань даанч эрт бурхны оронд явчихсан юм. На бид хоёр хөдөөх гарлаараа ч юмуу, оюутан байхад нэг давхарт хичээллэдэг байсных ч юмуу бие биедээ их амархан дотноссон улс. Бүр аав ээж, ахан дүүсээрээ танил дотно болсон юм. Би На-гийнхаа аав Нацаг гуайтай хөөрөг зөрүүлж, хууч хөөрч явлаа. Тэр өвгөн олон жил мал туусан, ёстой л юм үзэж нүд тайлсан эр байсан даа. Олон сайхан хүүхэдтэй, нутаг усандаа нэр хүндтэй нэгэн явсан юм. На-гийн ээж Шарав гэж чухам л "орсон гарсанд ундтай цайтай, олонтой явахын заяа түшсэн" хүн. Одоо зуу дөхөж яваа эмээ. Нацаг гуайнх Булганы Хишиг-Өндөрийнх. Авзага хайрханаа шүтэж явдаг улс. Би На-гийнхаа төрсөн ах Ойдовтой ч дотносон танилцаж, хожим сэтгүүлч болсон хойноо сурвалжлага ч хийж явлаа. На-гийн нөхөр Цэдэндамба гэж ёстой нэг гүндүүгүй цөлх Монгол эр хүн байсан юм. Бид гэр орноороо орж Булганы, Хархорины айраг ууж бишгүй наргидагсан. Хүн ер нь аливаа мэргэжилдээ сэтгэлээ өгч байж түүнээсээ таашаал авдаг байх. Ялангуяа цаг уур шиг нийгмийн төлөө үйлчилдэг салбарын ажил бол тун сайхан. Тэгэхдээ цаг уур гэдэг маань дотроо уур амьсгал, хөдөө аж ахуй, агаар мандлын дээд давхрага судлал гээд олон янз. Түүний дотроос синоптикч буюу цаг агаарын урьдчилсан мэдээ зохиодог мэргэжил бол үр дүнгээ шууд үзүүлдэг гайхалтай мэргэжил. Алдвал муу нэрийг, оносон бол сайн нэрийг тэр дороо л хүртэнэ. Агаар мандлын шинжлэх ухаан тэгтлээ сайн хөгжөөгүй үед цаг уурынхныг "худалчийнхан" л гэдэг байж. Харин одоо бол "Цаг уур шиг үнэн хэлдэг юм байхгүй" гэлцэх болсон. Бидний үед чинь өнөөгийн өндөр хурдтай компьютер гэж байгаагүй болохоор агаар мандлын орчил урсгалын хувирлыг онолын мэдлэг, өөрийн дадлага хоёрт л тулгуурлан байж цаг агаарын урьдчилсан мэдээгээ гаргадаг байлаа. Өөрийн дадлага гэдэг дотор нутаг орноо, газарзүйн тогтцыг сайн мэдэх шаардлагатай болдог юм.
Манай На цаг агаарын нөхцөл байдлыг үнэлэхдээ яг л малчин аав ээжийнхээ өмнөөс сэтгэл гаргаж хандана. Өөрөөр хэлбэл хавар намар цасан болон шороон шуурга тавих, өвөл зуны улиралд их цас бороо орох, эсвэл гэнэт юм уу эрс халж, хүйтрэх зэрэг онцгой нөхцөл бүрдэх үед цаг агаарын энэ аюул хөдөөнийхөнд, малчдад ямар нөлөө үзүүлэх бол гэдэг талаас нь байнга санаа тавьж ярина. Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргачихаад түүнийгээ сүүлд нь сумын цаг уурын өртөө, харуулд ажиглаж, тэмдэглэснээр нь дүгнэнэ. Энэ нь уул тал, говь хангай хосолсон өргөн уудам нутагтай манай орны цөөхөн сумын төвийн гадуур хаана ч, юу ч болсон байхыг үгүйсгэхгүй. Ийм үед бидний зохион гаргасан мэдээ зааврын дагуу дүгнэхэд оноогүй байх явдал гардаг ч хээр гадаа, малын бэлчээрт хэсэгхэн газар ч болов онцгой зүйл болоод өнгөрсөн байх тохиолдол бишгүй. Энэ бүхэнд синоптикчийн ажлын үр дүн цаасан дээр "муу" авлаа ч малчдынхаа дунд "онц" авдаг юм. Одоо бол цаг уурын ажиглалтын сүлжээ нягтарсан, агаар мандлын орчил урсгалын судалгаа өндөр түвшинд хүрсэн болохоор тийм алдаа бараг гарахгүй болжээ.
Синоптикчийн зохиосон мэдээг дарга удирдлага дүгнэнэ. Тэр нь мэдээж ажлын гол үзүүлэлт. Үүнтэй холбоотой хөөрхөн хөөрхөн онигоо гарнаа. Нэг удаа төвийн нэгэн сонины сурвалжлагч Цаг уурын хүрээлэнд ирж синоптикчтой уулзжээ. Тэр өдөр Гаанжууржавын Гаадмаа гэж 1973 оны төгсөгч ээлжинд гарч байж. Сурвалжлагч "Та нарын зохиосон мэдээ таарахгүй бол яадаг юм бэ?" гэхэд Гаадмаа хэнэг ч үгүй "Шатдаг юм" гэжээ. "Шатах" гэдэг нь бидний дунд л хэвшсэн хэллэг байлаа. Цаг агаарын байдлыг эрс муутгадаг нэг зүйл бол агаар мандлын "фронт" буюу эрс халуун, эрс хүйтэн хоёр агаарын зааг юм. Түүнийг цаг уурчид газрын зураг дээр дулааныг нь улаанаар, хүйтнийг нь хөхөөр тэмдэглэнэ. Нэг өдөр хүйтэн фронт Улаанбаатарт орж ирэх хугацаа нэн ойртсон үед На цонхоор харчихаад "Хүүе тэр хүйтэн фронт харагдаж байна" гэж хэлсэн гэдэг. Сэтгэлд нь яг л хөх будгийн харандаагаар зурсан фронтын шугам тэнгэрт харагдсан хэрэг. Дугажийн Мягмардорж жижүүртэй хоноод өглөө урьдчилсан мэдээ зохиохдоо Улаанбаатарт бороо орно гэж бичжээ. (бид түүнийгээ тунадас өгөх гэж ярьдаг юм). Жижүүрийн ажлаа хүлээлгэж өгөөд гарахдаа "За их борооноос өмнө эртхэн харья" гээд явтал өдөржингөө халуун нар шаржээ. Үүнээс хойш манайхан "Их борооноос урьтаж харих" гэж наргиантай болж билээ. Бидний ажиллаж байх үед ажиглалтын сүлжээ нягтраагүй байснаас тодорхой цэг дээр прогноз гаргах нь маш түвэгтэй. Түүний нэг нь Улаанбаатар, Ялангуяа зуны цагт Улаанбаатарыг алдах буюу Гаадмаагийн хэлснээр "шатах" нь их. Манай ангийн оюутан, хожим Байгаль орчны сайд байсан Цохиогийн Адъяасүрэн Улаанбаатарын прогноз дээр тун од муутай нэгэн байж. Нэг удаа ажлаа дүгнүүлж байгаад "Энэ муу Улаанбаатар хүний мууд дуртай" гэж гоморхсон гэдэг юм.
Синоптикчдын ажлын онцлогтой холбоотой иймэрхүү наргиа зөндөө бий. Тэгэхдээ бид орчин үеийн компьютерийн техник манайд нэвтрэх нь байтугай дэлхийд бий болоогүй байхад агаар мандлын орчил урсгалын хувирал, хандлагыг агаар мандлын физикийн мэдлэг, Монголын хийгээд дэлхийн газар зүйн мэдлэгээрээ гайхалтай дүгнэж чаддаг С.Мэнд, Ч.Цэдэвдулам, Б.Жигмэддорж, Бу.Цэвэлмаа, Ха.Цэвэлмаа, Ч.Сайзмаа, манай ахмад дарга Элбэгийн Найдан, ахмад захирал Лувсангийн Нацагдорж, Ринчингийн Мижиддорж гээд олон сайхан хүмүүстэй цуг ажиллаж явжээ. Эдний дотор На маань инээдээ түгээсээр, эрч хүчтэй, элч нөмөртэй ажиллаж явсан ахмад цаг уурч билээ. Манай На хүний өөрийн бүхэнд алагчлалгүй хайр энэрлээ түгээж явдаг эгэл монгол бүсгүй. Олон сайхан хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн алдарт эх. Алдарт эхийн одон, "Алтан гадас" хоёроо энгэртээ гялалзуулчихсан нутгийнхаа төлөө, бусдын төлөө энэрэл сэтгэл тавьсаар л яваа. Хишиг-Өндөрт явж байхдаа нэг малчныд буугаад "Нацагийн Даваасүрэн гэж авгайг мэдэх үү, дүү нь Ойдов гэж нэг өвгөн байх ёстой юмсан хаагуур нутаглаж байгаа бол?" гэвэл "Өө, манай нутгийн ганц цаг уурч Даваасүрэн гуай юу. Мэдэлгүй яахав" гэж билээ. Нутаг усныхандаа мэргэжлээрээ дуудуулна гэдэг бидний үеийнхэнд бол том хүндлэл шүү.
 
Цаг уурч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Дамбын ШАГДАРСҮРЭН