sonin.mn
Миний бие амьдралын богино биш /бүтэн хагас жаран/ хугацаанд үзэж харсан, туулж өнгөрүүлснээ эргэн харж, ажил, мэргэжлийн чиглэлээр ахмад буурлуудтай ярилцаж, архивын сан хөмрөгийн материалд хараа чилээж байлаа. Манай ус нутаг урьдын Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу /1924 оноос Богд хан уулын Дэлгэрхангай уулын хошуу/ одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций, Цогт-Овоо зэрэг суманд Манж чин улс, Богд хаант Монгол Улс, Ардын засаг-гурван төрийн үед хүчин зүтгэж ард олны дунд нэр алдар нь түгсэн тийм лут хүн цөөнгүй. Тэдний дотроос цөөн хүний талаар энд өгүүлье.
 
БҮТЭМЖ ХАВАН-ХУУЧИН ЦАГИЙН СЭХЭЭТЭН, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ
 
Би бага залуугаасаа Бүтэмж хаван гэдэг эрдэм номтой, түүнийгээ хүн ард, хүүхэд багачуудад зааж сургадаг, тохитой томоотой хүн байсан тухай ахмад настнуудын амнаас бишгүй сонсож байсан юм. Сүүлд өндөр насны тэтгэвэрт гарч өдөр тутмын цаг наргүй ажлаас жаахан хөндийрч үүх түүх судалж, хэд гурван жижиг ном бичих болсон. Чухам энэ үеэс эртээс санаанд байсан тэр хүний тухай судалсан юм.
Хошууны тамгын газарт хиа, хиа нарын ахлагч, бичээчээр ажиллаж байсан үеэс Бүтэмж хаван /ноёдын хиа нарыг даргалагч, харуулын өртөөний дарга/ нэрээр алдаршжээ. Уул овог нэр нь Сэнгэдоржийн Бүтэмж. Улс аймгийн архиваас түүний тухай олон зүйл олж мэдсэн. Улсын архивт байгаа Дэлгэрхангай уулын хошууны Цогт сумын /одоогийн Өмнөговь аймгийн Цогт-Овоо/ 1926 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолд түүнийг сумын даргаар сонгосон тухай бичсэн байдаг. Үүнээс үзвэл хошуу тамгын газраас 1920-иод оны эхээр хөдөө ирж сумын дарга болсон байна. Мөн хурлын тогтоолд багуудаас хүүхэд ирүүлэх, түр сургууль хийлгэх, нас үл заах хүмүүсийг зохисоор ирүүлж сургагчаар Бүтэмжийг томилон суулгахаар тогтоосон байдаг. Тэрбээр үнэхээр хуучин цагийн сэхээтэн, соён гэгээрүүлэгч байлаа.
Аймгийн улсын архивын 1935 оны материалд Сэнгэдоржийн Бүтэмж 55 настай, монгол бичгийг энгийн сурсан, бичих, уншихад сайн, сумын дарга байсан гэж бичжээ. 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд Бүтэмж 53, эх Цэрэнпил 71, эхнэр Дарьсүрэн 47 настай гэжээ. Харамсалтай нь С.Бүтэмж жар хүрч жаргаж суух насандаа 1938 онд баривчлагдан хэлмэгдэж, 1993 онд цагаатгагдсан. Миний бие түүний нэрэмжит газар бий болгох, хөшөө дурсгал босгох зэргээр алдар нэрийг мөнхжүүлэх саналаа Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газарт тавьж байгаа.
Цогт сумын 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд хүү Балдандорж 18 настай, охин Цэвэгдулам 14 настай гэсэн байна. Бусад материал ахмад хүмүүсийн яриагаар өөрийн үр хүүхдүүдээс гадна Баатар, Маам нарыг өргөж авсан байжээ. Эдний үр хүүхэд ажилч хөдөлмөрч, эрдэм номтой хүмүүс байдаг. Хүү Б.Баатар Улсын сайн малчдын зөвлөгөөнд шалгаран оролцож Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Эсэргүү гэдэг нэр, элдэв хавчлагын улмаас Бүтэмжээр овоглож байснаа гэргий Дарьсүрэн, эцэст нь төрсөн эх Гүнсэнгээр сольж байсан Маам нь хошууны танхимд сууж, хавангаар монгол бичиг заалгаж 1930-аад оны эхнээс худалдагч, багийн даргаас эхлээд багш, захирал, аймгийн намын хорооны даргын туслахаар ажиллаж байжээ. Бүүр 1945 оны VI сард түүний зургаан жил багшилж ирсэн ажилд дүгнэлт өгсөн аймгийн гэгээрлийн хэлтсийн тодорхойлолт байдаг. Тэнд жил бүр сурагчдын элсэлтийг 100 хувь хангасан, сургуулиа аймгийн хэмжээнд хамгийн түрүүнд барилгатай болгосон, ард түмэн түүнд үнэхээр хайртай гэхчлэн бичжээ. Г.Маам ХАА нэгдлийн дарга нарын курсэд сураад 15 жил ажиллахдаа Ардын ИХ- д хурлын депутатаар хоёр удаа сонгогдсон, Хөдөлмөрийн гавьяа, Алтан гадас /хоёр удаа/ одонгоор шагнуулсан хүн байв. Олноо алдаршсанаар Дорж мэйрэн буюу Буньбазарын Дорж /1878-1943 он/ бол айл зэргэлдээ Баян-Овоо сумын харьяат цогт эх оронч, төр,  нийгмийн зүтгэлтэн, зохиолч  зэрэг тал талын их авьяас билигтэн байсныг бид мэднэ. Сумынх нь дунд сургууль түүний нэрэмжит болсон.
Дорж мэйрэн Ардын хувьсгалаар хиар цохигдон нутаг буцахдаа аллага таллага үйлдэж байсан хятад гамин цэргүүдтэй баг цэрэг зохион байгуулан тэмцэж, олон гамин устгаж, булаан авсан мал хөрөнгийг ард түмэнд эргүүлэн өгч байснаас эхлээд манай сумтай амьдрал тэмцэл нь холбогджээ. Түүний тэмцэлд тус сумынхан ч оролцож туслалцаж явсан байдаг. Дараа нь эх нутгаараа удаа дараа ирж, нэг үе манай суманд гэр бүлээрээ амьдарч мал аж ахуй эрхэлж байжээ. Тус сумын Хацрын хэц, Найз, Шинэ ус зэргийн газраар нутаглаж, монгол хүн малынхаа буянаар өег цатгалан амьдарч болно гэж үздэг, тэгээд мал сүргээ өсгөн олшруулж байжээ. Гэвч 1930-аад онд олон малтай хүмүүсийг феодал хөрөнгөтөн гэж хурааж хумьж байсан нь Мэйрэнг тойрч гараагүй бөгөөд дараа нь эсэргүү гэж баривчлан хэлмэгдүүлжээ. Малд, тэр дундаа адуу, моринд хайртай, уяач, уургач, дууч, хуурч хүн байсан. Мэйрэнгийн хээр гэдэг зартай хурдан морь байв. Бид Мэйрэнгийн гэргий, зарим үр хүүхэд, зээ нартай нь нилээд эртнээс танил байсан юм. Гомбожаагийн гурван хүүхэн гэж байсны нэг Мэйрэнгийн гэргий Чимэдрэгзэн буюу олны авгайлдгаар Додго нас ахисан үедээ манай сумын төвд охин Д.Цэенпил, хүргэн Б. Ёндонжамцын хамт амьдарч байсан. Ээж минь түүнтэй танил байснаас тэднийхээр очдог, яриа хөөрөө өрүүлдэг, би хамт очиж, хөгшний хишиг, бэлэг хүртдэг байснаа санаж байна. Сүүлд ээж намайг Аж үйлдвэрийн комбинатад ажиллаж байхад эргэж очихдоо охин Цэрэнхандынхаар очсон. Хорь ч хүрээгүй насандаа Д.Намдаг, Л.Намхайцэрэн, Б.Доржсүрэн нарын ирээдүйн алдартай хүмүүсийн хамт Герман улсад явж сураад Номын сангийн ажилтан байсан тэр сайхан эмэгтэй надад ном их уншиж, кино үзэж байгаарай гэж сургаж байсан.
 
ТӨP, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН
 
Жирийн ядуу малчны хүү Тогоочийн Гэндэн манай шинэ цагийн сэхээтэн, төр, нийгмийн зүтгэлтэн том хүн байлаа. Бурхан ухаантай дархан, уран хүмүүсээс ажлын дөр олж, артелийн ажилчин болсон тэрбээр удалгүй Улаанбаатарт худалдааны дунд сургуулийн түргэвчилсэн сургалттай ангид сурч нягтлан бодогч, шатахуун түгээгүүрийн станцын эрхлэгчийн хос мэргэжлийн үнэмлэх гарджээ. Эндээс эхлэн угийн ухаалаг сэргэлэн, авхаалжтай тэр ёстой ногоон гэрлээр дэвшиж аймгийн банкны нягтлан бодогч, төлөвлөгөөний комиссын дарга, улмаар аймгийн дарга, Засгийн газрын зохион зааварлах хэлтсийн дарга болжээ.
Ажил зохион байгуулах авьяастай, улс төр, эдийн засгийн мэдлэг, санаачилгатай, өсөх ирээдүйтэй, төлөв томоотой гэж үнэлэгддэг Гэндэн Намын хянан шалгах хорооны даргын өндөр албанд томилогджээ. Энэ үед улсын аюулаас хамгаалах газрын улс төрийн хэргийг мөрдөн байцааж, таслан шийтгэх үйл ажиллагааг шалгах ажлыг түүний толгойлсон комисс, явуулжээ. Шалгагдсан 20 жилийн хугацаанд /1933-1953 он/ хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэсэн улс төрийн хилс хэрэгт 29 мянга гаруй хүнийг баривчлан 21 мянга гаруйг буудан алсны дотор нам төрийн удирдагчид, үүсгэн байгуулагчид, ардын хувьсгалын партизан, энгийн номхон олон эмэгтэйчүүд, тэр ч байтугай хэд хэдэн жирэмсэн эмэгтэй байжээ. Сүүлд Румын Улсад суух Элчин сайдаар 10 жил, Нийтийн аж ахуйн Яамны нэгдүгээр орлогч сайдаар 15 жил ажиллаж улс нийгмийнхээ үйлст хүч чадал, эрдэм мэдлэгээ харамгүй зориулж Румын улсын тусламжтайгаар Мебелийн үйлдвэр, Улсын цирк байгуулах, Тавантолгойн нүүрсний орд газрыг өргөтгөн хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр их гэдэг. Миний хувьд нэг нутгийн Гэндэн гуайтай Намын дээд сургуульд сурч байсан /1949-1954 он/ үеэс танилцан, нэг бус уулзаж байсны дотор 2002 онд ярилцсан нь сүүлчийнх байж дээ. Өндөр нуруутай, өргөн магнайтай, дөлгөөн тайван, том алаг нүдтэй сайхан хүн байлаа.
 
ЗОЛИГ ДАМБА-ЭМЧ ДАМБА
 
"Золиг" Дамба гэх хоч, нэрийг нь дуудахад таатай биш санагдаж болох авч намтар түүх арвин, сонирхолтой энэхүү ахмадын тухай өгүүлмээр! Урьдын цагт сүм хийдийн том лам хувраг ч юм уу хошууны ноёд, хатадын бие чилээрхэхэд гай барцдыг зайлуулна гэж хүний дүрс байтугай амьд хүнийг золигт гаргах гэдэг харгис бүдүүлэг зан үйл байдаг байжээ. Тийнхүү золиослогдсон хүн хэнийд ч орохгүй, хэнтэй ч ойр байх ёсгүй, ёсыг дагахгүй бол гай түйтгэр, өвчин зовлон дэлгэрнэ гэж хөөж туудаг байжээ. Шанхай уулын өвөр Хээрийн булагт байнга нутагладгаас хээрийн гэж нэрлэгдсэн Хандын хүү ийнхүү хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан ч олны газар, гүрний нийслэлд хүрч ажил, амьдралын замд оржээ. Эхлээд Аж үйлдвэрийн комбинатад, дараа нь эх орны умард хилийн Аптанбулагийн Булигарын заводад ажилчин болж явав. Тэгээд зогссонгүй, хилийн чанадад хуучин нэрээр Зөвлөлт Холбоот Улсад цэргийн эмнэлгийн сургуульд явж төгсгөжээ. Захан дээр нь ВМУ /Военное медицинское училише/ гэсэн таних тэмдэг бүхий гимнастёрк цамцтай залуухан эрийн зургийг нутгийнхан нь харсан бол 10 гаруй жилийн өмнө золигт гарч сураггүй болсон Дамба гэдгийг лав танихгүй байсан биз. Энэ үеэс тэрбээр хэрэн тэнэгч биш, эх орны хязгаар нутгаар хүн ардын эрүүл энхийн үйлсэд хүчин зүтгэгч болжээ.
 
Хэвлэл,мэдээллийн байгууллагын ахмад ажилтан, сэтгүүлч Б.АМГАЛАН