ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор, Монгол Улсын гавьяат багш Ж.Баясахтай ярилцлаа.
 
-Сүүлийн үед дэлхийн эдийн засгийг тодорхойлдог их гүрнүүдийн хоорондох "худалдааны дайн" гэж их ярьдаг боллоо. АНУ-ын зүгээс ОХУ-д тавьж буй зарим хоригт таагүй хандаж байгаагаа Ерөнхий сайд В.Медведев илэрхийлж, "Бидэнд хохирох зүйл алга. Харин АНУ болон Европын холбоо өөрсдөө хүнд байдалд орно" гэсэн байр суурь хэлсэн байна билээ. Энэ нь ЗХУ задрахаас өмнө ч гардаг байсан тухай дурджээ. Энэ талаар та судлаачийн хувьд ямар үзэл бодолтой байна вэ?
 
-Дэлхий дахины "хүйтэн дайны үе" 1990 онд Берлиний ханыг нурааж, ЗХУ задарснаар дуусгавар болж, олон улсын байдал шал өөр хандлагад шилжсэн. АНУ зэрэг капиталист, ОХУ-ын тэргүүлсэн социалист системийн хагарал, тэмцэл хумигдаж, дэлхий ертөнц нэг туйлтай болох чиглэлтэй болж иржээ. Энэ нь АНУ-д бух хамаарал төвлөрнө гэсэн үг. Гэвч тэр үйл явц удаан үргэлжилсэнгүй, 10 орчим жилийн дараа эсрэгээр өөрчлөгдсөн. 2000 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн хоёр байшинг онгоцоор мөргөснөөр Америкийн ноёрхол ганхаж эхэлсэн байна. Үүнийг лалын ертөнцтэй холбож, олон улсын терроризмтой тэмцэхээр болж их гүрнүүд  /ОХУ, Хятад, АНУ/ нэг талдаа гарчээ. Түүнээс хойш Орос нийгмийн шилжилтийг амжилттай хийж, эдийн засгийн талаар хөл дээрээ босохын хамт Хятадтай ойртон нөхөрлөөд ирэхээр АНУ гадаад бодлогодоо нэг шинэ юм гаргаж ирсэн нь "Хятадын аюул занал" гэх нэр томьёо байлаа. "Аюултай" гэж тодорхойлогдсон Хятад найдвартай түнш эрэлхийлж, Оросыг сонгосон байдаг. Тэд "Дэлхий нэг биш олон туйлтай байх ёстой" гэсэн үзлийг баримталж ирсэн бөгөөд хятадууд Украины асуудлаар ОХУ-тай адил бодолтой байгаагаа илэрхийлж байлаа. Үүнтэй холбогдуулан АНУ "Их 20"-ын бүлгээс ОХУ-ыг шахах санал оруулж, санасандаа ч хүрсэн.
 
-ОХУ-ыг "Их 20"-ын бүлгээс хасах саналыг АНУ гаргасан болж таарав уу?
 
-Тийм. Үүнд оросууд гоморхож, "Их 20" гэдэг хэдэн улсын нийлж байгуулсан клуб шахуу юм байдаг. Тэдэнтэй байсан, байгаагүй Орос улс болно" гэж хэлээд хаалга саван гарч одсон. Улмаар гадаад бодлогоо хатууруулж Сирид цэргээ оруулсан нь нэмэр болсонгүй. АНУ ч бууж өгсөнгүй. ОХУ сая дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг багагүй хөрөнгө зарцуулж, сайтар зохион байгуулсан нь ч тус болж чадсангүй, харилцааг улам л хүйтэн хөндий болж байна. Оросуудад тавьсан хориг хэвээр үргэлжилж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп барьцаа ахиулж "Европын холбоо болон НАТО-д бид практинист /тэтгэж дэмжих/ бодлого баримтлахаа болино" гэж мэдэгдсэн. Улмаар Английн Ерөнхий сайд Тереза Мей, Германы канцлер Ангела Меркель нартай тун таарамжгүй боллоо. Энэ бүхний сөрөг дагавраар АНУ-тай хамтрах сайн хөрш, сайхан түнш ч гэж байхаа больж эхэлсэн. Тиймээс "АНУ дэлхийн тэргүүлэх гүрний байр сууриа алдлаа. Эдийн засгийн өсөлт дэвшлээр Хятадын ард орох нь" гэж олон улсын шинжээч, ажиглагчид дүгнэж ярьдаг, бичдэг боллоо.
 
-Д.Трамп бизнесмэн хүн болохоор гадаад бодлогын уян хатан чанарыг баримтлахгүй, эдийн засгийн хатуу чанга бодлогод хэт найдаад байгаа юм болов уу?
 
-Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Д.Трамп "Америк нэгдүгээрт" гэсэн уриа, зорилго тавьсан төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтыг цэгцэлснээр 80 тэрбум ам.долларын алдагдалд орсон. Түүний ихэнх нь Европын холбоо болон Хятадын хөрөнгө оруулалтаас хамааралтай. Үүний эсрэг Хятад улс сөрж, АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнээс 250 тэрбум ам.долларын татвар авах талаар мэдэгдсэн. Хятад хэдийгээр том гүрэн боловч дээрх байдал эдийн засагт нь муугаар нөлөөлж, сүүлийн гурван сард ам.доллартай харьцах юанийн ханш суларлаа. Энэ байдал манай улсад ч нөлөөлж, Хятад импортын нүүрсээ багасгах төлөвтэй байна. Саяхан АНУ, Япон хамтран Өмнөд Хятадын тэнгист усан флотоо илгээсэн нь Хятадын ард түмнийг түгшээсэн явдал боллоо. Энэ бүхнээс үзэхэд олон улсын практинист бодлогын улмаас "худалдааны дайн" явагдаж, дэлхий ертөнц буцаад "хүйтэн дайн"-ы үе рүүгээ явж байна гэх дохиог өгөөд байна.
 
-Буруутанг хайдаг монгол зангаар бол үүсээд байгаа "худалдааны дайн"-д АНУ голлох үүрэг гүйцэтгээд байна гэж ойлгож болох уу? 
 
-АНУ аливаа улс орон, НАТО мэтийн олон улсын байгууллагыг дэмжиж тэтгэхээ болихоор тэдэнд хохиролтой болж таарна. Том эдийн засгийн засагтай Хятадаас эхлээд Турк хүртэл "бид хохирч байна" гээд байгаа шүү дээ. Сирид гэхэд 54 мянган лир /үндэсний мөнгөн тэмдэгт/ нь ганцхан ам.доллартай тэнцэж байна .
 
-Венесуэлийг бодвол ч чанга байгаа юм биш үү? 
 
-Түүнтэй ярих юм байхгүй л дээ. Энэ оны төгсгөл гэхэд Венесуэлийн инфляц нэг сая хувьд хүрэх тооцоог олон улсын санхүугийн байгууллагууд гаргаж байгаа юм. Туркэд ардчиллыг устгаж, Ерөнхийлөгчийн засаглалтай болсны дараа Эрдоган сонгуульд ялалт байгуулсан. Тэрбээр "Курдуудыг нухчин дарна" гэж мэдэгдсэн нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх Д.Трампын бодлоготой зөрчилдөж эхэллээ. Ер нь дэлхийн олон улсад шашны эрх чөлөө, шүтэн бишрэх эрх гэж их ярьдаг болсон. Энэ бүхэн нь их гүрнүүдийн зөрчил, таатай бус уур амьсгалыг улам дэврээж байна.
 
-АНУ-ын засаг захиргаа ОХУ-д хориг тогтоох, худалдаа хамтын ажиллагааг хязгаарлахдаа БНАСАУ-ыг давхар ашиглаад байна уу, үгүй юү. Саяхан тус улсын хууль бус тээвэрлэлтэд тусалсан гэж ОХУ-ын "Профинет" компани болон захирал В.Колчановт нь хориг тавьсан байсан?
 
-Д.Трамп бусад улстай зөрчилдөөд ирэхийн цагт нэр хүндээ өргөх шаардлагатай болсон. Үүний тулд Ардчилсан Солонгостой харилцах харилцаандаа өөрчлөлт оруулах бодлого барьж байна. Тэрбээр удахгүй болох хоёр Солонгосын уулзалтад нэлээд ач холбогдол өгч, энэ уулзалтаар Солонгосын хойгийн "хүйтэн дайн"-ы байдал үгүй болно гэж үнэлж байгаагаа мэдэгдсэн. Солонгосын удирдагч Ким Чен Ун холбооны улс байгуулахад бэлэн байна гэдгээ хэллээ. Гэхдээ энэ нь мэдэгдэл төдий байгаагаас гадна Сингапурт хоёр тал уулзахдаа ерөнхий тунхаг гаргасан. Саяхан Солонгосын энхтайвны корпусын захиралтай бид уулзлаа. "Цөмийн зэвсгээр хөөцөлдөх, "хүйтэн дайн"-ы асуудал зэрэг яваад байна. Энэ байдал хаана, хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй" гэж тэр хэлсэн. Үнэндээ ч тийм харагдаж байна. Харин хоёр Солонгос эдийн засгийн талаар хамтран ажиллаж, төмөр замын нэгдсэн сүлжээтэй болох тухай энэ есдүгээр сард уулзахдаа ярилцахаар тохирсон. Бас автозамын найдвартай дэд бүтэцтэй болчихвол Америкийн томоохон сүлжээний үйлчилгээг үнэ төлбөргүй оруулахаа Д.Трамп амлаад байна. Ингэж Солонгостой харьцах бодлогодоо уян хатан байж, хурдан хугацаанд өөрчлөлт хийж чадаж байгаа ч АНУ, ОХУ-ын харилцаа мөд сайжрахгүй, "хүйтэн дайн"-ы үеийнх шиг болох төлөв ажиглагдаад байгаа юм.
 
-АНУ 2019 оныхоо төсвийн төслийг боловсруулахдаа батлан хамгаалах салбарт 716 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж, Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурсан нь ийм төлөв байдлыг илүү баталгаатай харагдуулаад байгаа юм биш үү?
 
-АНУ гадаад ертөнцөд яаж харагдахаас илүүтэй гол тоглогч Д.Трамп гэж "тодорхойгүй" хүн байна. Үүнээс гадна цагаан арьстнуудын Бүгд найрамдах намын бодлого, хөтөлбөр нь хуучныг баримталсан чиг хандлагатай байдаг. Нөгөө талаар дэлхийн ДНБ-ий 60 хувийг атгадаг АНУ гэдэг өөрөө яалт ч үгүй том гүрэн учраас байр сууриа алдах сонирхолгүй нь мэдээж хэрэг. "Хятад дэлхийн том улс, бас агуу эдийн засаг нь үнэн. Гэвч хэзээ ч дэлхийн лидер, нэг номерын улс болж чадахгүй" гэж би мэргэжил нэгтэнтэйгээ маргалаа л даа. "Яагаад" гэж асуухад нь "Дэлхийн хүн амын тал нь хятад хэлээр ярьдаг болсон цагт л тийм юм болно" гэж хэлсэн. Наад зах нь нэрээ гаргасан, дэлхийн хэмжээний нээлт хийсэн ямар хүн байна вэ гэхэд Күнзээс өөрийг нэрлэж чадахгүй байх. Гэтэл Америк, Орост өдий тедий л байдаг. Энэ бол их гүрэн байхын бас л нэг шалгуур.
 
-Дэлхийн эдийн засаг, хөгжлийг түүчээлдэг их гүрнүүдийн бодлого, чиглэл цаашид ямар байх бол?
 
 -Өнөөдөр Хятад улс төрийн зөөлөн бодлого баримталдаг ч 10 жилийн дараа Орос шиг хатуу бодлогод шилжвэл байдал ямар болохыг таашгүй юм. Гэхдээ л манай нэг зохиолчийн хэлсэнчлэн хятадууд ханын үдээрээр ахиж, хойморт гарах зөөлөн бодлогоо нэг хэсэгтээ л барина. Тухайлбал, "Нэг бүс нэг зам" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Торгоны зам"-ын бодлого байна. Үүнд тив дамнасан 67 улс орныг нэгтгэж байгаа юм. Түүний дотор Монгол Улс ч багтаж байна.
 
-Манай улс импорт, экспортынхоо 80-90 хувийг хоёр хөрштэйгөө л хийдэг мөртлөө дэд бүтэц маш муутай юм. Хөгжлийн энэ бодлогыг хэрхэн өөрчлөх ёстой юм бэ. Та өөрийн санал бодлоо хуваалцана уу?
 
-Бидний хувьд төмөр зам болон хурдны автозамаа төв хэсгээрээ явуулж, зүүн талаараа аялал жуулчлал, хөдөө аж ахуйг хөгжүулж, баруун талдаа Ховд, Увс, Баян-Өлгийг хамарсан эдийн засгийн онцгой бүс байгуулах шаардлагатай. Эдийн засгийн коридор гэдгийг бид ингэж харж байна. Манай хүрээлэнгээс ийм бодлогыг тайлбарласан "Нэг бүс-нэг зам" хөтөлбөрт тусгасан Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын талаарх Монголын эрдэмтдийн үзэл баримтлал" гэсэн ном гаргахаар бэлтгэж байгаа юм. Бид бусдын зааснаар бус өөрсдийн толгой, төлөвлөлтөөр хөгжих алсын хараатай болмоор байна. Гэхдээ Монгол Улс хоёр хөрш, бусад улс орон, олон улсын байгууллагын тусламж дэмжлэггүйгээр хол явахгүй. Өнөөдөр хэрэгжүүлж байгаа ОУВС, АХБ, Дэлхийн банкны хөтөлбөрүүдийг хар. Саяхан Мянганы сорилын сангийн хөтөлбөр цааш үргэлжлэхээр боллоо. Энэ сайн хэрэг.
 
-Манай улсын гадаад харилцааны бодлого хэр зөв явж байна гэж та үнэлж дүгнэдэг вэ?
 
-Аль ч нам засгийн эрхийг авсан үед Монгол Улсын гадаад харилцааны бодлого маш тогтвортой байдаг нь сайшаалтай. Энэ нь монгол хүний философитой ч холбоотой байх. Тулгын гурван чулуу гэж бид ярьдаг. Тийм ч учраас мөнхийн хоёр хөршөөс гадна гадаад харилцаагаа тэнцвэржүүлэхийн тулд АНУ-ыг "гуравдагч хөрш" гэж зарласан. Ц.Элбэгдоржийн гаргаж ирсэн "Төвийг сахих бодлого" зөв алхам байсан ч түрүүчийн УИХ-аар батлуулж чадаагүй учраас хууль зүйн үндэслэлгүй болсон. Мөн гурван улсын Ерөнхийлөгч ойрын хугацаанд дөрвөн ч удаа уулзлаа. Хамгийн сүүлд Х.Баттулга Ерөнхийлөгч оролцсон. Гадаад харилцааны залгамж чанар ийм л байх нь чухал. Манай улсыг Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт элсүүлэхийн тулд Орос гурван тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхээ амлаж байгаа бол энхийг сахиулах ажиллагаанд оролцдог 10 шилдэг орны нэгэнд Монгол Улс багтаж байдаг нь бас л нэр төрийн хэрэг болж байна. Ер нь манай улсын гадаад харилцаа үр дүнтэй, зөв чиг баримжаатай явж байна гэж хэлж болно. 
 
Д.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин