sonin.mn
"Мөрөөдлийн театр"-ынхан намар цагийн нээлтээ "Дундын бүсгүй" шоу драмаар эхлүүлэхэд бэлэн болжээ. Шинэ уран бүтээлийнх нь талаар тус театрын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.ЭРХЭМБАЯРААС тодрууллаа.
 
-Намар цагийн уран бүтээлийн нээлтэд толилуулахаар зэхэж буй шинэ драмын сурталчилгаа олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. Шоу драм хэмээх төрлөөр анх удаа бүтээл хийж байна уу?
 
-Бид театраа үүсгэн байгуулахдаа шоу драм гэсэн шинэ урсгалаар уран бүтээл хийсэн. Үүнээс гадна сонгодог жүжиг, хошин шоу ч тоглосон. Харин энэ жилийн намар цагийн тоглолтоо "Дундын бүсгүй" хэмээх шоу драмаар нээхэд бэлэн болоод байна.
 
-Шинэ бүтээлд урилгаар тоглох жүжигчин бий юү?
 
-Урилгаар жүжигчин Ц.Алдармаа, А.Туяа нар тоглоно. Шоу драм хоёр үзэгдэлтэй. Өөрөөр хэлбэл, үзэгчдийг хоёр өөр ертөнцөөр аялуулна гэсэн үг. Эхний хэсэгт детектив зохиолоос сэдэвлэсэн "Дундын бүсгүй" шоу драмыг үзэгчдэдээ хүргэнэ. Энэ бүтээл орчин үеийн залуучуудын амьдралыг харуулснаараа онцлогтой. Хоёрдугаар хэсэгт Оросын алдартай зохиолчийн уран бүтээл бий.
 
-Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар драмын найруулагчаар урилгаар ажиллаж байна уу.  Эсвэл өмнө нь шинэ бүтээл хамтран хийхээр ярилцаж байв уу?
 
 – Н.Наранбаатар найруулагч манай театрынхантай байнга хамтран ажилладаг. Шоу драм хэмээх шинэ урсгалыг бид хамтдаа гаргасан. 
 
-"Дундын бүсгүй" насанд хүрэгчдэд зориулсан бүтээл үү?
 
-18-аас дээш насныханд зориулсан бүтээл л дээ. Бидний тоглолт 19.00 цагаас эхэлнэ. Тоглолт үзэхээр ирсэн эцэг эхчүүд хүүхдүүдээ аваад ирдэг. Тэгээд дараа нь "Хүүхэд үзэхэд зохисгүй" гэсэн яриа гардаг тал бий. Тиймээс насны хязгаар заасан юм.
 
-"Мөрөөдлийн театр"-ынханд шинэ бүтээлээс гадна энэ онд багтаан хийхээр төлөвлөсөн ямар тоглолт байна вэ?
 
-"Дундын бүсгүй" шоу драмын нээлт есдүгээр сарын 7-нд болно. Үүний дараа бид орон нутгийн үзэгчдэдээ уран бүтээлээ толилуулна. Мөн энэ ондоо багтаан Европт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байна.
 
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин