Хичээлийн шинэ жилийн нээлт буюу есдүгээр сарын 1-н хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхийн баяр болдог байлаа. Энэ баярт өдрөө тэсч ядан хүлээцгээдэг байж билээ. Өнөө жил тэгтэл?!
Багш нар ажил хаячихсан, хичээлийн танхим нь цоожтой, захирлууд нь маасайтал инээчихсэн, хүүхэд нь уйлчихсан, эцэг эх нь бухимдчихсан, хичээлийн шинэ жил эхэлж байх юм. Багш нар цалингаа нэмүүлэх гэж, нэмсэн цалинг нь голоод ажил хаяж байгаа нь энэ гэнэ. Ичвэл яанаа. Монголд цалин нэмсэн салбар өөр хаана ч байхгүй.
Нийслэлд л гэхэд бүх сургуулийн багш нар ингэж давраагүй. Олон сургуулийн багш, захирлууд хүлээцтэй хандаж, төрийн сүлдэндээ залбираад сууж байгаа.
Олон мянган эцэг эх уужуу тайван сэтгэлээр хандаж байгаа. Улс төрийн зарим хүчнийхэн, тэдний дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажил хаялтыг дуртайяа шүүрэн авч, дэвэргэн цацаж эзнээсээ алгаа тосоод сууцгааж байгаа нь нууц биш.
 
Есдүгээр сарын “хар өдрүүд”-ийн ард хэн байна, хэн зохион байгуулаад байна гэдэг эрүүл ухаантай хүн бүхэнд ойлгомжтой, ил байгаа. Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн сургууль, багш нар хошуучилж байгаа. Өнөөх намаа ялагдуулаад, хэсэг бүлэглэлийн хүчээр байр сууриа алдаагүй байгаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, түүний үнэнч зүтгэлтэн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, энэ намыг далдуур дэмжиж ашиг хонжоо горилогч МҮЭ-үүдийн холбооны удирдлагууд байгаа гэж хүмүүс ам амандаа шуугиж байна. Юунаас үүдэлтэйг ойлгож цөхөх юм байхгүй.
 
2016 оны сонгуулиар УИХ болон шинэ Засгийн газарт хэсэг шударга залуучууд мөнгөөр биш олны итгэлээр ороод ирсэн. Монголын эд хөрөнгийг хорин хэдэн жил “гишүүн”, “сайд” нэрээр гадныхантай хамжин дээрэмдэж идсэн эрх баригч намуудын удирдлагад энэ нь таалагдаагүй. Шинэ үе гарч ирэхээс үхтлээ айж байдаг МАН, АН-ын бүлэглэлүүд ямар ч үнээр хамаагүй энэ залуучуудыг дарж авах, нэр төрийг нь гутаах, УИХ, засгийн газраас зайлуулахын төлөө “чөтгөртэй” ч эвсэхэд бэлэн болоод байгаагийн нэг тод илрэл нь есдүгээр сарын “хар өдрүүд”.
Ардчилсан намын удирдлагууд нас барсан хүнээр улс төр хийж, Зам тээврийн хөгжлийн яаманд болсон аймшигт аллагын бурууг У.Хүрэлсүх рүү, түүний Засгийн газар руу чихэж, огцруулна гэж орлилдоод бараагүй. Дараагийн сонгон авсан арга нь сургуулиудын нээлт буюу есдүгээр сарын 3-наас эхэлсэн багш нарын ажил хаялт. Өнөөдөр “ажил хаяна”, “цалин нэм”, “ЗасгийН газар огцор” гэж хашгиралдаад байгаа хүмүүс чинь түрүүчийн УИХ, Засгийн газрын үед бүлх залгичихсан юм шиг дуугүй байсан хүмүүс. Сайндаа л гурван талт хэлэлцээрт орлоо гэж биднийгээ хуураад, цаашаа харж, инээж тэврэлддэг байсан хүмүүс. Өнөөдөр л У.Хүрэлсүхийн залуучууд голдуухан Засгийн газар гарч ирээд, овоо далайцтай ажиллах гэхээр нь огцор гэж хашгиралдаад байгаа юм.
 
У.Хүрэлсүхийн Засгийн газар юу нь болохгүй байгаа юм. Түрүүчийн эрх баригчдын гадна, дотноос зээл, бонд нэрээр босгоод хуваагаад идчихсэн их өрийн хүү торгуулиудыг бүгдийг дараад, их бүтээн байгуулалт өрнүүлж байна. Хотын доторх болон гадагш гарсан зам гүүрүүдийг хар. Дарханы зам л гэхэд дөрвөн урсгалтай болон баригдах гэж байна. Цэвэрлэх байгууламж, газрын тос боловсруулах үйлдвэр, усан болон салхин цахилгаан станцуудын асар их ажил хийгдэж байна. Түрүүчийн Засгийн газруудын “гурилдсан” зам гүүрийг олон тэрбум төгрөгөөр заслаа. Биднээс илүү их ажил хийчихлээ гэхдээ атаархаад, хорсоод байгаа юм уу. Хариуцлагын тогтолцоо бий болгож, алдаа гаргасан яамны удирдлагуудыг сайдаас нь эхлээд мулталлаа.
 
Оюутолгойн гэрээнүүдийг өөртөө ашигтай, улсад алдагдалтай байдлаар хийж Монголын хөрөнгөөр баяжсан Ерөнхий сайд нар, тэдний хань хамсаатнуудыг баривчилж хорих, ял тулгах асуудлыг шийдье гэтэл Монголын мафийнхан урьдаас найруулсан “эмгэнэлт жүжиг” болгоод өнгөрөөх гэж байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ мафийн сүлжээний өмнө хүчин мөхөсдөж байна.
“Хонзогногчид” есдүгээр сарын “хар өдрүүд”-ийг эртнээс бэлтгэж, их хүчин зүтгэл гаргасан юм байна. Би холоос баримт эрэхгүй. Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгүүд ажил хаялтыг хошуучилж байгаа. Би энэ дүүргийн ахмад иргэнийхээ хувьд хангалттай баримт мэдээлэлтэй байдаг юм. Бид, хоёр том бүлэглэлийн зөрчил дунд олон жил амьдарлаа. Нэг нь “С.Эрдэнийн вант улс” ч гэдэг, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарын удирдсан орон нутгийн эрх баригч бүлэглэл. Нөгөө нь УИХ-ын гишүүн “Оргил” худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатар нарын удирдсан МАН-ын бүлэглэл. Энэ хоёрын тэмцэл дунд жирийн иргэд яаж хохирдгийн жишээг Баянгол дүүргээс харж болно.
Миний хувьд Баянгол дүүрэгт олон жил амьдарсны хувьд хүмүүсээ, тэр дундаа сургууль, багш нараа гайгүй сайн мэднэ. Яагаад гэвэл манай дүүргийн сургуулиуд намайг урьж багш сурагчидтайгаа уулзалт хийлгэдэг юм. Зарим сургууль есдүгээр сарын 1-нд, өнөөх Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэн ядаад байгаа “Хүний эрхийн тухай” лекц уншуулдаг. Энд нэг зүйлийг тодруулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга өнөө жилийн хичээлийн нээлтэд “Хүний эрхийн тухай” хичээл орохыг хориглож үүрэг өгсөн байна билээ.
Монгол Улс бол хүний эрх хамгийн их зөрчигдсөн дэлхийн цөөн хэдэн орны нэг. Ингээд улс төрийн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдүүд олон жил төр засагтаа тавьж байж хоёр зүйл шийдүүлсний нэг нь хичээлийн жилийн анхны хичээлийг хүний эрхийг хамгаалах хичээл болгох, нөгөө нь есдүгээр сарын 10-нд улс төрийн хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэж байхаар болсон явдал юм. Тэгтэл Ерөнхийлөгчөөсөө эхлээд бидний энэ санал санаачилгын эсрэг нударга далайх болов. Гэхдээ өнөө жилийн хувьд юун хүний эрхийн хичээл манатай, багш нар нь ажлаа хаячихсан, эзэнгүй сургууль шавь нараа угтав бололтой. Манай Баянгол дүүргийн багш, захирлууд над руу утсаар ярьж, зарим нь ирж уулзсан.
Ахмад багш Н манайд ирж “Хэцүү юм болоод байна. Багш нарын ажил хаялтад заавал оролц гэж Ардчилсан намын хэдэн залуу багш шахаад байдаг. Би чинь учраа олохоо болилоо. Миний адил учир утгаа олохоо больсон олон багш байх шиг байна. Ажил хаяад сууж байтал хэн нэг нь зураг дараад өнөөх цахим сүлжээндээ тавьчихвал яанаа. Дараа нь шавь нар, эцэг эхийн нүүрийг яаж харна. Бидний нэр хүндийг хүүхэд, эцэг эхийн дунд унагаах нь байна шүү дээ. Учраа олохоо байлаа” гээд хоолой нь цахиртана билээ. Миний танил нэг захирал утсаар ярьж байсан “Дээрээс багш нараа ажил хаяулахгүй бол хална гэж загнаад байх юм. Яах нь зөв бэ” гэнэ билээ. Би “Өөрийгөө бодвол ажил хаяж л таарна. Мянга мянган шавь нарынхаа хувь заяаг бодвол хичээлээ хийх л хэрэгтэй шүү дээ. Хэдэн халтар төгрөгний төлөө шавь нарынхаа хувь заяагаар тоглож болохгүй” гэсэн. Тэдний сургууль ажил хаясан сургуулиудын жагсаалтад явна билээ. Захирал маань ажилтайгаа л хоцорсон байх. Баримт өөр олон бий.
 
Ийм байдлаар есдүгээр сарын “хар өдрүүд” үргэлжилсэн. Түрүү түрүүчийн Засгийн газруудын үед бүх хүний цалин ийм л байсан. Нэмээ ч үгүй, хасаа ч үгүй. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар багш нарын цалинг боломжийнхоо хэрээр нэмсэн. Ёстой л “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн” дээ. Тэгтэл турхирагчид ханаж цадсангүй гэнэ. Хугацаагүй ажил хаяулж цэцэрлэгүүдийг хүртэл турхирч бах таваа хангалаа. Цалинг нь нэмээд байхад “Дахиад нэмүүлнэ. Огцруулна” гэж загнаад байгаагийн цаана огт өөр, улс төрийн зорилго хадгалагдаж байгаа нь илт байгаа биз.
Ардчилсан намынхан, Ардын намын 32-ын бүлгийн “хонзогногчид”, тэдний гар хөл болсон үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд хүний үхлээр улс төр хийж, хүүхэд барьцаалан улстөр хийгээд дараагийн сонгуульд ялна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Энэ чинь та нарыг улам муухай харагдуулж байна. Шударга залуу үеийнхнийг улстөрийн тайзнаас зайлуулах гэж хаа хаагуураа сүлбэлдэж, хичнээн муухай үйл ажиллагаа явууллаа ч дараагийн үе өсөн өндийж байгааг мартмааргүй л юм даа. Та нар хараарай! Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр, одоогийн Шадар сайд байгаа Ө.Энхтүвшин залуу үеийнхнийг гутаан доромжилсон хэдэн нүүр материал сонинд нийтэлж байсныг!
Өнөөдрийн УИХ-д гишүүн байгаа Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийг өөрчлөх шинэ төсөл” гэгчдээ ард түмний нэрийг бариад залуучуудын УИХ-д сонгогдох насны хязгаар тогтоон хавчин гадуурхаж байгааг! Өнөөх Үндсэн хуулиараа олгогдсон сонгох, сонгогдох эрхийг ингэж хязгаарлаж болдог юм бол УИХ-д сонгогдох насны дээд хэмжээг тогтоолдоо. Эрэгтэй нь 56, эмэгтэй нь 51 нас хүртэл сонгогдож болдог. Тэгээд тэтгэврийн насандаа суудлаа тавьж өгдөг, насны дээд хязгаар байж болно биз дээ. Залуучуудыг хяхан хавчсан хэрнээ хэл ам нь орооцолдсон хөгшид өвгөдийг УИХ-д “туршлагатай парламентч” гээд суулгаад байж таарахгүй. Энэ үеэ өнгөрөөсөн, үлгэн салган нөхдөөс чинь болоод Монголын парламет ажил нь явдаггүй, гэмт этгээдүүдийн үүр уурхай.боллоо. Хэзээ ийм парламент байлаа. Би ёс зүйтэй, өндөр хариуцлагатай, жинхэнэ ардчилсан парламентын үед арван жил парламентын сурвалжлагчаар ажилласан. Өнөөдрийн УИХ-ыг хараад даанч яав даа гэсэн сэтгэл төрдөг боллоо. Ингээд парламент руу, Засгийн газар руу ажил хэрэгч, шударга дайчин залуус орж ирэхээр ил далд хуйвалдаанаар зайлуулах бүхий л арга залийг хэрэглэж байгаад үнэхээр харамсах юм.
 
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бүлэг хүмүүсийн нүүрэнд яваа хүн бол Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Энэ хүн өөрийнхөө Засгийн газрыг ч огцруулдаг хүн. Өрөөлийн засгийн газрыг ч огцруулдаг хүн. Аманд нь “Огцор!” гэсэн үг уяатай явдаг. 2016 оны сонгуульд намаа ялагдуулсан хүний нэг бол яах аргагүй Д.Эрдэнэбат. Энэ хүний “нүгэл” асар их. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухагдаж гарч ирдэг боловч, дорхноо дарагддаг. Ямар сайн хүн, төрийн ордонд УИХ-ын шударга гишүүнийг “оронд чинь алж чадна шүү” гэж Б.Хурц заналхийлж байхад гишүүнээ биш, заналхийлсэн тагнуулчийг өмөөрөөд гадаад оронд элчин сайдаар явахыг дэмжиж байхав дээ. Ийм л хүн сөрөг хүчнийг удирдаад явж байгаа.
Манай ард түмэн чинь ухаантай, хэн хэний талд үйлчлээд ард түмнээ хохироогоод байна гэдгийг ойлгохтой болсон. Хөөрхий нэгэн нас барсан хүнээр улстөр хийсэн, хүүхдүүдийг барьцаалан ажил хаяулж ашиг хонжоо харж байгаа хүмүүсийг мэдэж байгаа.
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар ажил хаягчдын “туг болон намирч” яваа. Энэ хоёр хүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагын тогтолцоог нэхээд ирэхлээр айж хулчийж байгаа байх л даа. Монголдоо хамгийн баян гэгдэж байсан Үйлдвэрчний эвлэлийн хөрөнгөөр тоглосон хүмүүс бол энэ хоёр л доо. Над хангалттай баримт бий учраас ингэж хэлж байгаа юм.
Ажил хаялтын бурууг ард түмэн тунгаах цаг ирнэ. Ажил хаясан багш нар, шавь нар нь, эцэг эхчүүд, яаж нүүр нүүрээ харах юм! Энэ чинь боловсролын системийг бүхэд нь итгэл үнэмшилгүй болгож, харлуулаад хаячихлаа шүү дээ.
Хонзогногчид оо, та нар хүний үхлээр, бас хүүхдүүдийг барьцаалж улстөр хийгээд ард түмнээс их оноо авна, ялна гэж бодож байна уу? Нам чинь, холбоо чинь, сургууль чинь улам л “харлаж” харагдаж байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайдаа, цалинг нь бололцооныхоо хэрээр нэмсээр байтал олон хоног ажил хаяж иргэд, тэр дундаа хүүхдүүдийг барьцаалж, хохироосон ажил хаягчид, хаяулагчдад хатуу хариуцлага тооцмоор байна. Хүн ард маань сэтгэл санааны болон эд материалын их хохирол амсав даа. Сурагчдын хичээл сурлага олон хоногоор хоцорлоо. Эцэг эхчүүд хүүхдээ гэртээ харж хичнээн хоногийн ажил таслав, багш нар ажилгүй хэд хонов, тэр бүгдийг нарийн тооцож буруутай этгээдүүдээр төлүүлэхийг олон түмэн шаардсаар байгаа юм.
Аль нэгэн нам, улстөрийн хүчинд үйлчилдэг үйлдвэрчний эвлэл, холбоодууд энэ хэвээрээ байгаад байх юм уу, удирдлагын хэдэн хүн нь “дархлагдаад” сэтгэлдээ нийлээгүй хүмүүсийн эсрэг “ажил хаяна”, “огцор” гэж хашгиралдаад сууж байх юм уу. Энэ бүхнийг тунгаан болох цаг болсон байна.
 
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч  Г.Жамъян