Намрын сэрүү орж өглөө, оройдоо хүйтэн байдаг болжээ. Энэ үед хэрхэн хувцаслаж, ямар хоол, хүнс хэрэглэх талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сэргээн засахын их эмч П.Уянгабилэгээс тодрууллаа.
 
-Улирал солигдоход хүүхэд, хөгшид өвдөх магадлалтай байдаг. Ялангуяа намрын улиралд даарах нь өвөл ханиад хүрэхгүй, өвчин бага тусдаг. Харин хавар даарч болохгүй гэдэг. Энэ талаар тайлбарлахгүй юу?
 
-Улирлаас улиралд шилжих явцад хүмүүс гам, дэглэм алдсантай холбоотойгоор өвчлөл их гарах магадлалтай байдаг. Учир нь дулаанаас хүйтэн, хүйтнээс дулаан улирал руу шилжих явцад хувцаслах, хоол хүнсний байдлаас хамаарч дэглэм алддаг. Уламжлалт анагаах ухааны үүднээс тайлбарлавал өвлийн улирлаас дулааны улирал руу шилжих явцад cap гаруйн хугацаанд хий, бадгана, махбодь арвиддаг учраас ханиад томуу хүрэх, биеийн дархлаа муудах магадлалтай байдаг.
 
-Энэ хоёр улиралд ямар өвчин их гардаг юм бэ. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
 
-Намар биеийн дархлаа сулрахад ханиад томуу, ядаргаа, бөөр нуруу, үе мөчний өвчлөл ихсэх хандлагатай байдаг. Хавар халдварт өвчин ихээр дэгдэх магадлалтай. Хаврын улиралд хувцаслахдаа анхаарах нь чухал. Ялангуяа, хүзүү хэсгээрээ сайн дулаалж ороолт зүүх нь толгой өвдөх, эргэх, нойргүй болох, ханиад хүрэхээс сэргийлж чадна. Учир нь хүзүүний араас хүйтэн ширүүн салхинд цохиулах нь толгойд цочрол өгч улмаар төв мэдрэлийн системийг өөрчилж толгой эргэх, өвдөх, ханиад хүрдэг. Мөн хоол хүнсээ тохируулах хэрэгтэй.
 
-Хавар, намар ямар хоол, хүнс хэрэглэх ёстой вэ?
 
-Намрын улиралд сэрүүн махбодь дэлгэрдэг учраас витаминлаг, халуун бүлээн чанарын хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь зохистой. Үүнд есөөс арванхоёрдугаар сард хонь, адууны мах, сармис, аарц, чацарганыг түлхүү хэрэглэх нь ханиад томуунаас урьдчилан сэргийлэх болоод биеийн махбодийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх сайн талтай. Хаврын улиралд жимс, хүнсний ногоо, хонины махыг түлхүү хэрэглэх нь ядаргаанаас сэргийлнэ.
 
 
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин