sonin.mn
2018 оныг хүртэл надтай тохиолдсон, холбогдсон үйл явдлууд, миний оролдсон ажил үйлс болон бусад хам мэдээлэлд үндэслэн энэхүү том сэдвийг хөндөж байна. Суурь түшиц мэдээлэл маань энэ чиглэлээр ОХУ-ын Мосхвагийн Их Сургуулиас гаргасан баримт бичгийн ноорог байлаа. Тэдний боловсруулсан үзэл баримтлалаас миний хувьд оновчтой гэж үзсэн байр суурийг үлдээж, өөрийн орны онцлогийг миний өөрийн харах өнцгаөр тусгахыг хичээв.
Энэхүү үзэл баримтлалыг 3 үндсэн хэсэгт хувааж болно.
Эхний хэсэгт хувь хүн, нийгэм, шинжлэх ухаан, төр болон дэлхийн соёл иргэншлийн төлөвшил, дэвшилд математик боловсрол тэргүүн зэргийн ач холбогдолтойг өгүүлнэ.
Удаахи хэсэгт математик боловсролын Монгол Улсад нэгэнт тогтсон бүтэц, түүний хэлбэр, агуулгыг авч үзэх юм.
Үүнд сургуулийн өмнөх, сургуулийн, дугуйлангийн, олимлиадын, дээд сургуулийн бүтцээр олгодог математик боловсрол багтана.
Сүүлийн хэсэгт Монголын математик боловсролыг үндсэн 6 чиглэлээр хөгжүүлэх иж бүрэн хөтөлбөрийг санал болгох юм:
-хууль-эрхзүй суурь орчин;
-судалгаа-аргазүйн бааз суурь;
-математикийн дунд болон дээд сургуулийн багш нарыг бэлтгэх үйлс;
-санхүүжилтийн тусгай бодлого;
-хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцан уялдаатай хамтын ажиллагаа;
-үйл ажиллагааг хэрэгжүүлэх цогц тогтолцоо
 
I. МАТЕМАТИК БОЛОВСРОЛЫН ҮНЭТ ЧАНАР
 
Улс орны тусгаар, бие даасан хөгжлийн хэтийн төлөв нь соёл, шинжлэх ухаан, боловсролоор тодорхойлогддог. Математик боловсрол нь ерөнхий болон мэргэшсэн боловсролын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг төдийгүй байгалийн шинжлэл, техникийн мэдлэгийг олж авах үндсэн арга хэрэгсэл, шийдвэрлэх хөрс суурь болж байдаг. Математикийн мэдлэг, боловсролгүйгээр санхүү, эдийн засаг, социологи, хэл шинжлэл гэх зэрэг хүмүүнлэгийн олон чиг салбарт жинхэнэ мэргэжилтэн байж чадахгүй юм. Компьютерийн ухааныг математикийн мэдлэггүйгээр ухамсартайгаар эзэмших ямар ч боломжгүй.
А. Хувь хүний хөгжилд үзүүлэх математикийн нөлөөлөл. Математикийн боловсрол нь хувь хүний бүрэлдэл, түүний оюун ухаан,бүтээгч чадварыг бий болгодог амин чухал хүчин зүйл мөн. Хүний үйл ажиллагааны аливаа талбарт тухайн мэргэшсэн мэдлэгээс гадна логик дэс дараалалтай, цэгцтэй сэтгэх, учир шалтгааныг зөв, уялдаа холбоотойгоор томъёолох, өөрийн үзэл бодол, санаагаа тод, ойлгомжтой илэрхийлэх чадвар; нэгэнт тохиолдсон үйл явдлыг нягтлан дэнсэлж үнэлэх, нөхцөл байдлыг задлан шинжлэх, ач холбогдол багатайг  чухалаас ялгах, гадаад байдлаараа бие биенээсээ холбогдолгүй юмс, нөхцөл байдлын уялдаа холбоог илрүүлэх чадвар; -аливаа юмс, үзэгдлийг цаас, самбар, дэлгэц төдийгүй орон зайд төвөггүй дүрслэх ур дүй гарцаагүй шаардлагатай байдаг.
Хамгийн гол нь, энэ бүх чадварууд болон өөр бусад ач тустай чанарууд математикт суралцах явцад л төлөвшиж суурьшдаг юм.
Б. Математикийн нийгмийн нөлөөлөл. Хүн бүрийн өдөр тутмын амьдралын хэмнэлд математикийн наад захын мэдлэг, чадварууд зайлшгүй хэрэг болж байдаг. Эдгээргүйгээр бусад хүмүүстэй бүрэн дүүрэн харилцах, тэр тусмаа, тэдэнтэй бодитойгоор хамтран ажиллах ямар ч боломжгүй шүү.
В. Математик-шинжлэх ухааны судалгааны салбар, арга хэрэгсэл. Хүн төрөлхтний түүхийн бүхий л үе шатанд математик хүрээлэн буй орчныг танин мэдэх арга хэрэгсэл, байгаль шинжлэлийн бүх ухаан, хүмүүнлэгийн ухааны нижгээд салбарын судалгаа, тооцооны үндсэн багаж зэмсэг нь болсоор байгаа билээ.Математик нь нөгөө талаас, өөрийн хөгжлийн хуулиудтай, судлах ухагдахуунуудтай тусгаар орших шинжлэх ухаан юм. Математикийн өөрийнх нь дотоод хөгжил математикийн арга хэрэгслийг ашигладаг шинжлэх ухааны бүх судалгаанд дэвшил авчирдгийг хүний нийгмийн түүх харуулсаар л байна.
Г. Төр улс ба математикийн боловсрол. Улс орны аюулгүй байдлыг шууд хангахад математикийн үүргийг үнэлж баршгүй. Цэрэг дайны болон мэдээлэл боловсруулах технологид  математик гайхамшигтай үүргийг гүйцэтгэдэг. Үр ашигтай, өндөр ончтой зэвсэг, цэргийн нисэх хэрэгслүүд, холбоо, байлдааны удирдлагын иж бүрдлүүдийг математикгүйгээр хэзээ ч бий болгож чадахгүй юм. Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийг хадгалах, боловсруулах, хамгаалах ажлыг математик аргуудгүйгээр шийдэх боломжгүй. Математикийн аргуудыг улс орны үйл ажиллагааны бүх салбарт ашигладаг үсрэнгүй технологи, байгаль шинжлэлийн төслүүд, эдийн засаг, биологи, анагаах ухаан, хэрэглээний хэл шинжлэл, байгалийн үзэгдэл болон хүний нийгмийн үйл явцын таамнал гээд нилээд тоочиж болно. Өндөр зэрэглэлийн инженер, эдийн засагч, байгаль шинжлэл, анагаах ухаан, хууль, хүмүүнлигийн чиглэлийн мэргэжилтнүүд аль ч цаг үед эрэлт ихтэй байдаг бөгөөд тэднийг математикийн зохих хэмжээний болон тухайн мэргэшлийн боловсролын тогтолцоогоор бэлтгэдэг. Математик боловсрол  хүн бүр хүртэх эрхтэй эрхэм баялаг бөгөөд төр энэ эрхийг хангуулах үүргээ заавал биелүүлэх учиртай. Боловсрол олгох үйл явцад оролцогч этгээдүүд нь зөвхөн багш, сурагч, эцэг эх биш бөгөөд төр боловсролын салбараас хөндийрөх учиргүй. Боловсролыг, ялангуяа түүний математикийн хэсгийг аж ахуйн нүдээр, өөрөө босоод ирдэг мэтээр хандаж огт болохгүй бөгөөд ингэвээс иргэн бүрийн төдийгүй улс орны эрх ашигг ноцтой харшлах болно.
Д.Математик дэлхийн соёлын бүрэлдэхүүн хэсэг. Дэлхийн хамтын нийгэмлэгт сүүлийн жилүүдэд зарим нэгэн тодорхой өөрчлөлтүүд гарч, шинэ үзэгдэл, үйл явцууд үүсэн хөгжиж байна: -аль нэг улс орноос нөгөө рүү чиглэсэн шилдэг мэргэжилтнүүдийн нүүдэл, ялангуяа шилдэг математикчдын дүрвэлт; -олон улс орнуудын математикчдын онол болон хэрэглээний чухал асуудлыг шийдэхийн тулд үүссэн, эрдэм шинжилгээний хамтрал, судалгааны багуудын хамтын ажиллагаа; -оюутан, докторант, залуу эрдэмтдийн гадаад, дотоодын бусад их, дээд сургуулиуд дахь сургалт-судалгааны чиглэлээрх тэтгэлэг, оюутан-солилцоо; -дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын чансааг тогтоох янз бүрийн тогтолцоо. Математик боловсролын Монголын тогтолцоо энэ бүх хандлагыг анзаарч тооцоондоо авах учиртай бөгөөд дэлхийн математик соёлд амжилттай нэгдэх чадвартай байх ёстой.
 
II.МАТЕМАТИК БОЛОВСРОЛЫН БҮТЭЦ
 
Ерөнхийдөө хүний боловсрол, тэр дотроо математикийн боловсрол, бүр нялх балчир наснаас, хүүхэд  дөнгөж явж эхлэх, ажиглах, ярих, зурах, бодох, тоопох, бичиж сурах үеэс эхэлдэг. Ихэнх хүмүүс дунд сургуулиа төгссөнөөр өөрийн математик боловсролыг нэмэгдүүлэхийг зогсоодог, гэвч цөөнгүй хэсэг нь энэ боловсролыг цаашид багагүй хугацаанд тасралгүй үргэлжлүүлдэг, заримынх нь хувьд насан туршийн үйл хэрэг болох нь бий.
А. Сургуулийн өмнөх математик боловсрол. Сургуулийн өмнөх насны хүүхдийн (3-6 нас) математик боловсролын үндсэн зорилго нь математик соёлын анхдагч ухагдахуунуудтай танилцах, энэ соёлын элементүүдийг хэрэглэн хүрээлэн буй орчлонг танин мэдэх сонирхлыг төрүүлэх байдаг. Энэ үед сургах арга нь энгийн байх бөгөөд голчлон энгийн ярилцлага, эцэг эх, хүмүүжүүлэгчтэй ганцаарчлан хичээллэх юм. Сургалтын видео материал, ном, сурах бичгүүдийн тусламжтайгаар ийм насны хүүхдүүдэд зориулан байгуулсан дугуйлан, бүлгэмд хичээллэх тал бас бий.
 
Б.СУРГУУЛИЙН МАТЕМАТИК БОЛОВСРОЛ.
 
1. Бага сургууль. 1-5-р анги. Энэ цаг үеийн математик сургалт бүгдийн хувьд зайлшгүй үйл явц төдийгүй сайтар жигдэлсэн, нийтлэг хөтөлбөртэй байх ёстой. Сургалтын бүтээлч зорилтуудын зэрэгцээ албархаг шаардлагууд нэмэгддэг: бага сургуулийн төгсгөлд сурагч тоонуудын арифметик үйлдлүүдийг бүрэн хийх, геометрийн үндсэн дүрсүүдийг таньж мэдэх, өргөн тархмал хэмжигдэхүүнүүдийн хэмжих нэгжийг нэрлэж сурах гэх мэт.
Бага сургууль нь сурагчийн цаашид суралцах үндэс суурийг тавьдаг. Цаашдын бүх амжилт нь сурагч арифметик үйлдлүүдийн мөн чанарыг зөв ойлгодог, тэдгээрийн дотоод болон хэрэглээний утга учрыг хэр ухаарсан, геометрийн дүрсүүдийг хэр ялгадаг, илт харагдах шинж чанаруудыг мэддэг эсэхээс бүрэн хамаарах болно. Бага сургуульд гоц хүүхдүүдэд зориулсан тусгай ангиудыг байгуулах шаардлагагүй боловч хөтөлбөрийг ялимгүй баяжуулсан хувилбарууд байж болох юм. "Бүгдэд зориулсан" бодлогуудын эмхэтгэлд нэмэлт эргэцүүлэл хийх шаардлагатай, сэтгэхүй, эв дүйг нэхсэн уран гоёмсог, хурц, илүү хүнд бодлогууд тусгагдсан байвал зүгээр, тусах ч ёстой байх. Бага сургуулийн 5-р ангид орох математик, байгаль шинжлэлийн хичээлүүдийг мэргэжлийн багш нараар тогтсон хөтөлбөр, сурах бичгийн дагуу анги удирдсан багштай нь зэрэгцэн заах нь сурагчийн төлөвшил, хөгжилд гойд үр дүнг авчрах нь дамжиггүй.
2. Дунд сургууль.- 6-7-р анги. Бодит байдал дээр яг энэ цаг үед суралцагчийг математикт сургах хамгийн хүнд байдаг. Энэ үеийн сургалтын зорилт тухайн сурагчийн чадавхи, математикт сонирхолтой эсэхээс хамааран янз бүр болж эхэлдэг. Математикт маш дуртай суралцагчид илүү түвэгтэй зүй тогтлуудыг цаашид гүнзгийрүүлэн судлах үндэс суурийг олж авахын тулд бодлого, даалгавруудыг нэг бүрчлэн биелүүлдэг байх ёстой. Гэхдээ эдгээр суралцагчдад л төвлөрсөн хандлагыг гаргаж үл болно. Логик сэтгэлгээ, хөдөлгөөн болон ажил, бүхэл тоонуудын тухай, геометрийн бодлогууд зэрэг сонирхолтой, бодитой, практик бодлогууд дээр бүх суралцагчдыг оролцуулан ажиллахад ихээхэн цагийг зарцуулах хэрэгтэй. Ингэхдээ геометрийн анхан шатны сургалтыг бүр 6-р ангиас эхлүүлж бодит амьдралын жишээтэй уялдсан бодлогуудыг сонгож шууд төсөөлөх чадварт түшиглэн явуулах нь зохимжтой. Математик ба бодит амьдралын нягт холбоог тод харуулах замаар сурагчийн сонирхлыг өдөех. түүнийг эргэцүүлж, өөрийн санаагаа илэрхийлэхэд сургах учиртай.
3. Дунд сургууль. 8-9-р анги. 8-р ангиас  эхлэн тухайн сургуулийн хүрээнд математикийн Гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг нээх боломжтой төдийгүй зохимжтой зохицуулалт юм. Ийм ангиудад математикийг цаашид илүү суурьтай судлах хүсэлтэй суралцагчид элсэх учиртай ба бусад ангиудад нь ирээдүйн мэргэжилд нь математикийг гүнзгий судлах шаардлагагүй сурагчид суралцана. Гэхдээ сургалтын явцад ангиудын ийм ангилал дор бүрээ өөрчлөгдөх боломжийг урьдчилан зөвшөөрсөн байх нь зүйтэй. Түүнчлэн, тухайн ангид дотроо олон хувилбартай, шатлалтай, илүү нарийн зохион байгуулалттай сургалтын хөтөлбөрийг ч хэрэгжүүлэх боломжтой юм. Математикийг судлах зорцлгууд нэгэнт өөр тул сургалтын төлөвлөгөөнүүд нь ч өер байх ёстой. Математикийн ангиудын математикийн хөтөлбөр нь онолын асуудлуудыг багтаасан олон тооны хүндэвтэр бодлогуудыг  агуулсан байвал зохино. Харин өрдийн ангиудын сургалт нь сэтгэлгээний болон бодит амьдралтай уялдсан бодлогуудад суурилсан байх нь үр дүнг авчирна. Шинэ санаа. аргууд, өгүүлэмжийн үнэнийг тогтоох баталгааны нягт байдалд онцгой анхаарал тавих учиртай. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудад их, дээд сургуулийн багш нарыг идэвхитэй ашиглан сургалтыг явуулах шаардлагатай төдийгүй зайны болон онлайн сургалтуудын хөтөлбөрийг хөгжүүлэх нь зүйтэй. Ахлах сургуулийн 10-р ангийн сурагчдын хувьд ч сургалтыг ийм байдлаар зохион байгуулах хэрэгтэй.
4.Ахлах сургууль.10-12-р анги.
Энэ үеийн сургалтын зорилт хангалттай тодорхой юм. Их, дээд сургуульд математик үргэлжлүүлэн судлах, магадгүй, ЭЕШ-аа математикаар суурилан өгөхийг зорьж байгаа сурагчид хичээнгүй, шийдэмгий, суралцах сонирхолтой байдаг. Ийм ангийг дотор нь 2 хэсэгт хувааж болох талтай: математик цаашид суралцах үндсэн хичээл нь байх хэсэг, математик ирээдуйн мэргэжлээ эзэмших арга хэрэгсэл нь болох хэсэг. Тэднийг амжилттай сургахын тулд маш сайн боловсруулсан сургалтын төлөвлөгөө өндөр зэрэглэлийн багш шаардлагатай байх болно. Магадгүй. математикийн хэсгийг зохион байгуулахад нэг сургуулийн хүрээнээс халих шаардлага үүсч математикийг гүнзгийрүүлэн судлахад чиглэсэн тусгай төвүүдийг байгуулах шаардлагатай болж мэднэ. Тусгай сургалтын ийм төвүүд болон математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд их, дээд сургуулийн, эсвэл дунд сургуулиуд дахь мэргэжлийн нэмэлт бэлтгэлийг хангасан багш нар багшлах боломжтой юм. Математикийг цаашид идэвхтэй судлахыг төлөвлөөгүй ахлах ангийн сурагчдын хувьд сүүлийн 2 жил онцгой чухал байдаг. Тэдний ихэнхи нь  энэ үе шатаар өөрсдийн математик боловсролыг төгсгөх хандлагатай байдаг хэдий ч орчин цагийн математикийн соёлтой бүрэн хэмжээгээр танилцах зайлшгүй шаардлага үүсдэг. Иймээс математикийн хүнд бодлогуудыг бодох, олон тооны онолын томъёоллуудыг судлахын оронд математикийн үндсэн ухагдахуунуудыг мэдэж, тэднийг эгэл тохиолдолд хэрэглэж сурах нь илүү үр ашигтай. Түгээмэл теоремуудыг томъёолж. баталгааг нь сэргээн санах замаар логикийн чанд сэтгэлгээг хийж сургах нь илүү зөв юм.
 
В. Математикийн дугуйлан, олимпиад, уралдаанууд. Сурагчдыг математикт дуртай,  сонирхолтой болгон хөгжүүлэхэд математикийн олимпиад болон математикийн элдэв  уралдаанууд чухал үүрэгтэй. Олимпиадад бэлтгэх явцдаа, бодолт хийх, дараа нь дэвшигдсэн бодлогуудыг хэлэлцэн ярилцах үедээ суралцагч математикийн маш ганган, ашиг тустай санаануудтай танилцаж үетэнгийнхэнтэйгээ зөв харилцаж, шударга өрсөлдөж сурах төдийгүй олимпиадад олсон амжилт нь түүнийг өөрийнхөө  бүтээлч чадварт итгэж эхлүүлдэг. Олимпиадад оролцсон олон авьяаслаг сурагчид өөрийнхөө боловсролын ирээдүйн чиглэлийг ихэнхидээ маш зөв тодорхойлж чаддаг нь цаг хугацаагаар нотлогдсон зүйл л дээ.
Сурагчдыг математиктай амжилттай танилцуулах тун урй ашигтай өөр нэгэн хэлбэр бол сургууль болон бусад их, дээд сургууль, сургалтын төвүүдийн дэргэдэх математихийн дугуйлан, семинарууд юм. Дугуйлангийн төрх байдал нь сургуулийн ердийн хичээлээс эрс ялгардаг бөгөөд тэнд ноёлдог эрчтэй, чөлеөтэй, бүтээлч уур амьсгал нь суралцагчдын өрсөлдөх чадвар, оюуны хурц, эрэмгий байдлыг бэхжүүлдэг билээ, Цахим хэрэгслүүдийн хэрэглээ өргөжсөнөөр сурагчдад зориулсан зайн болон эчнээ сургалтын хэлбэрүуд олширч улам бүр чухал үргийг гүйцэтгэх болжээ.
Г. Их, дээд сургуудиудын математикийн боловсрол. Манай их, дээд сургуулиудад дээд боловсролыг бакалаврын, магистрийн, докторын, мэргэжил дээшлүүлэх сургалтаар олгож байна. Оюутнуудын математик боловсрол нь доор дурьдсан зорилгуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дээд математикийн тодорхой тооны хичээлүүдийг судлахад суурилдаг: -олж авсан мэдлэг, дадлуудаа сонгосон мэргэжлээрээ цаашид ажиллахдаа хэрэглэхийн тулд математикийн ерөнхий соёлоо хөгжүулэх энэ зорилго байгалийн шинжлэл, техник, технологи, эдийн засгийн г.м. чиглэлийн их, дээд сургуулиудад их ажиглагдана; -математикийн тодорхой салбар болон түүнд их ойрхон хэрэглээний ухааныг шинжлэх ухааны дараагийн судалгааныхаа суурь гэж узэн гүнзгий, ул суурьтай судлах ийм дур зураг математик-механик болон компьютерийн салбарт элбэг. Улс орны хэмжээнд бакалаврын хөтөлбөр хангалттай хэмжээнд нэгэн төрлийн болж тогтворжих ёстой бол магистрийн болон тууний дараахи шатны боловсрол нь оюутны хүсэл, чадавхиас хамааран олон янз хоорондоо эрс ялгаатай байж болно. Түүнчлэн оюутнуудын сонгосон мэргэжлийнхээ хүрээнд мэргэшлээрээ өөр өөр байх боломжийг хичээлээ сонгох эрх чөлөөгөөр хангаж болно: -тусгай курс, дадлагын янз бүрийн багц: -шинжлэх ухааны тодорхой чиглэлийн болон салбар дундын судалгаа; -гадаадын болон өөр бусад сургалт-судалгааны байгуулагад дадлага хийх мэргэжил дээшлүүлэх сургалт; -шинжлэх ухааны төрөлжсөн сургалт, хурал, бага хурлуудад оролцох г.м. Оюутнуудын математикийн олимпиад болон өөр бусад математикийн уралдаануудад амжилт гаргах, тусгай тэтгэлэг авах, шинжлэх ухааны судалгааны төсөлд оролцох зэрэг нь их, дээд сургуульд суралцагчийн математикийн боловсролд ихээхэн үүрэгтэй юм.
Д.Математик боловсролын агуулга. Мэдлэг бол сурах үйлийн хамгийн чухал үр дүн юм. Энэ мэдлэг математик болон байгалийн шинжлэх ухааны янз бүрийн салбаруудын уялдаа холбоог тооцсон, сайтар системчилсэн хэлбэрээр олгогдох ёстой, Өнөө цагт Монголд хэрэгжүүлж буй ерөнхий 6оловсролын стандартууд буюу цөм хөтөлбөрүүд нь маш ноцтой дутагдалтай: тэдгээрт "мэдлэг" гэсэн ухагдахуун гээгджээ, эдгээр стандартуудад тусгасан чадвар сурах арга барил суулгах хандлага нь тодорхой мэдлэгүүдийг голчлохгүй ба сургалтын агуулга боловсролын тогтолцоог зохицуулдаг төрийн баримт бичгээс хасагджээ, Ерөнхий боловсрол олгодог сургалтын байгууллагыг төгсгөсөн суралцагч чухамхүу юуг судалж мэдсэн байх шаардлагатайг улсын хэмжээнд баталгаажуулж зарласан байх нь онц чухал нөхцөл юм. Сурах үйлийн хоёр дахь чухал ү дүн бол сурсан мэдсэнээ ашиглах, янз бүрийн нөхцөл байдалд хэрэглэх чадвар мөн. Мэдлэг идэвхитэй байх ёстой. Бодлого бодох нь судалгааны ажлын хамгийн сайн дуурайл юм. Тархиа байнга ачаалах нь тархины ур чадварыг дасгалжуулж хөгжүүлдэг. Бодлого бодсоноор онолын өгөгдлүүдийг сайтар ухаарч, тэдгээрийг хэрэглэж сургадаг. Бодолтыг нямбай сийрүүлж сурвал логик сэтгэлгээний хөгжилд тун нэмэртэй өөрийн санаа бодлоо уялдаатай, цэгцтэй илэрхийлэх дадлыг бий болгодот. Бодох, тоолох, бичих, өгүүлэх дасгалууд нь оюуны болон бүтээлч чадварыг хөгжүүлэх үндсэн аргууд юм. Математик боловсролын тухайн үеийн агуулгыг цаг үеийн хөөрөлд автагдан гэнэт өөрчилж огт болдоггүй агаад түүний аливаа шинэчлэл бүр математикийн шинжлэх ухааны өнцгөөс сайтар  төлөвлөгдсөн.
-сургах арга, сэтгэл зүйн бэлтгэл сайтар хангагдсан.
-улс оронд нэгэнт бий болсон боловсролын тогтолцооны нийгмийн түүхэн уламжлалын зэрэг онцлогуудыг тооцсон байх шаардлагатай. Бүтлийг сайн олмооргүй байгаа аваас нэгэнт амжилттай нь нотлогдсон, цагийг давж гарсан хуучнаа даруй сэргээхэд ичих шаардлагагүй юм. Сүүлийн жилүүдэд сурагчдын математикийн түвшин эрс доошилж буй нь илэрхий байгаа тул бага ангиудад элдэв арга, санаа болон хийсвэр ухагдахуунуудаар ачаалахыг багасгаж өгүүлбэртэй болон бодит агуулга, үйл хөдлөлтэй бодлогуудыг бодуулахад цаг гаргах нь илүү оновчтой санагдаж байна.
Бодлогын агуулга нь бодитой, бодолт нь алгебрийн аргуудаас зайлсхийсзн, арифметикийн тооцоог түлхүү ашиглаж байвал суралцагчдын логик сэтгэлгээний суурь дадлуудын хөгжилд нэмэртэй байх болно. Дунд болон ахлах ангиудад алгебрийн, иррациональ, триго-нометрлогарифм, илтгэгчтэй тэгшитгэл, тэнцэтгэл бишийг бодох бодлогуудыг хадгалан үлдээх нь зөв юм. Ийм бодлогууд функцтэй ажиллаж сургадаг. Эдгээр сэдвүүдийг дунд сургуульд судпах боломжтой бөгөөд гагцхуу алгебрийн хувиргалтуудыг гуйцэтгэх тодорхой дэг, соёлыг шаардах билээ. Яг ийм соёл их, дээд сургуульд элсэгчдэд тун дутмаг байх болсон ба их, дээд сургуульд интеграл, уламжлал тооцоолох, функцийн экстремумыг шинжлэх, дифференциал тэгшитгэл бодох зэрэг илүү нийлмэл зүйлүүдийг гүйцэтгэж чаддаг болоход зайлшгүй хэрэг болно. Математик боловсролд давтагдашгүй үүрэг, орон зайг эзэлдэг геометрийг дунд сургуупийн сургалтанд буцаан сэргээх, сурагчид түүнд сонирхолтой болох, багш нар түүнийг бөөцийлөн хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой. Математикийн суурь боловсролын агуулгаас магадлалын онол, математик статистик, комбинаторик, олонлогийн онол, лотиктой холбоотой бух сэдвийг хасвал их сайн шийдэл болох юм. Түүнчлэн дифференциал, интеграл тооллын онолжсон хэсгүүдийг ч хасвал таатай. Үгүй ядаж, энэ бухнийг нилээд хожим үзэж танилцахаар зохицуулбал арай дөнгүүр шийдэл юм. Сургуулийн математик хэтэрхий онолжсон байж огт болохгүй ямар ч бодитой хэрэглээ байхгүй хэтэрхий ерөнхий ухагдахуун, байгуулалтуудыг агуулах ёсгүй. Учир утгагүй, хоосон өгүүлбэрүүд цээжлэхэд л хүргэнэ. Төсөрхөн баталгаа бүхий, суралцагчид хүлээж авахуйц сэтгэлгээнд суурилсан байх ёстой. Бодлого бодох цагийг нэмэгдүүлснээр математикийг илүү сайн хүлээж авах нөхцөл бүрдэнэ.
 
III. МОНГОЛД МАТЕМАТИК БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ
 
1. Монголын математик боповсролын нэр хүнд, түвшинг дээшлүүлэх, мэргэжлийн математикчдыг шинжлэх ухаан, үйлдвэрлэл багшлах үйлст ашиглахад бүрэн чиглэсэн арга хэмжээнүүдийн нийлбэрийг цогц арга хэмжээ гэж болно.
2. Математик боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр нь дараахи суурь зарчмууд дээр үндэслэнэ: -хүртээмжтэй ба нээлттэй; 
-өндөр түвшний мэргэжилтнүүд боловсролын шилдэг байгууллагууд, сургалтын шилдэг аргачлалд тулгуурлана;
 -нийгмийн ба мэргэжлийн хараа хяналт; -төр болон нийгмийн санаачлага, нөөц бололцооны хослол.
3.Математик боловсролыг хөгжүүлэх үндсэн зорилтууд: -математик боловсрол, математик соёлын нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх: -оршин суугаа газар нийгмийн байдал, гэр бүлийн санхүүгийн байдлаас үл хамааран бүх хүүхэд, залуучууд чанартай, үнэ төлбөргүй математик боловсролыг олж авах нөхцлийг бий болгох; -боловсролын байгууллагууд  дахь математикийн багш нарыг тусгайлан дэмжих, тэдний ажлын шилдэг туршлага сургалтын тэргүүний арга барилыг  түгээн дэлгэрүүлэх: -математикийн суурь судалгааг дэмжих таатай нөхцлийг бүрдүүлэх.
 
ЧИГЛЭЛ 1. Боловсролын салбарын хууль-эрхзүйн суурь орчныг сайжруулан хөгжүүлэх.
 
Ерөнхий боловсролын үндэсний стандарт -цөм хөтөлбөр нь стратегийн алдаа, цаашид нэвтрүүлж хэрэгжүүлэх шаардлагагүй баримт бичиг, чиг хандлага болохыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна. Уламжлал, шинэчлэлийг хослуулж үндэсний хэмжээнд мөрдөгдөх сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа дунд сургуулийн 1-10-р ангид нэгэн жигд хөтөлбөрөөр тэгэхдээ 8-10-р ангиудад математик болон бусад чиглэлээр гүнзгийрсэн сургалт хэрэгжүүлэх боломжтой байхыг тусгах хэрэгтэй юм. Харин 11-12-р ангид нийгмийн ухаан, байгаль шинжлэл, техник мэргэжлийн чиглэлээр гүнзгийрэн суралцах боломжийг хангасан хөтөлбөрүуд шаардлагатай байна.
2. Дээд боловсролын үндэсний стандартыг шинэчлэн боловсруулахдаа математикийн бус дээд боловсролын, ялангуяа техник, эдийн засгийн бакалаврийн сургалтанд математикийн цагийг нэмэгдүүлсэн байхыг онцгой анхаарах учиртай. Математикийн чиглэлийн дээд боловсролын стандартуудыг шинэчлэн тогтоох шаардлагатай байна. Хичээлийн жилийн нийт цагийн 60-аас, доошгүй хувь нь мэргэжлийн хичээлүүдэд ноогддог байвал зохино.
3. Хичээлийн жилийн  төлөвлөлт  эхлэх дуусах хугацааг, эргэж харах шаардлагатай байна. Хичээлийн жилийг жил бүрийн 8-р сарын 15-наас оройтохгүй эхлүүлж, 12-р сарын 15-наас 2-р сарын 1-нийг хуртэл урт амралтыг зохион байгуулах нь өнөөгийн Монголын нөхцөл байдал тогтоод байгаа уламжлалд ихээхэн зохицохоор байна. Түүнчлэн 2-р сарын 1-нээс 7 сарын 1 хүртэл хичээллэж дараагийн амралтаа эдэлбэл сургалтын үйл явцыг зөв зохион байгуулахад хэрэггэй төдийгүй эдийн засгийн утгаараа ч, ард иргэд урин дулаан цагт улс орноо хөгжүүлэхэд цаг хожин зүтгэх сайхан боломжийг нээх юм. Боловсролын байгууллагуудын сунжирсан урт амралтанд захирагдан урин дулааны богинохон цаг хугацаааг монголчууд бид амралт зугаалга, хэсүүчлэн тэнэхэд зарцуулж байгаа нь юутай харамсалтай вэ! Монгол орны цаг уурын онцлог байдлыг харгапзсан хичээлийн жилийн төлөвлөлтийг гарган мөрдүүлэх цаг иржээ.
4. Нэг дор үзэх хичээлийн тоог 10-аас хэтрэхгүй байлгавал зохино. Үүний тулд зарим хичээлийг эрт дуусгах, хожуу эхлэх зэргээр зохицуулах боломжийг орон нутгийн засаг захиргаа, боловсролын байгууллагуудад өгөх замаар шийдвэрлэх боломжийг нээвэл зохино.
 
ЧИГЛЭЛ 2.  Шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын судалгаа, аргазүйн номлол, үндэс суурийг төгөлдөржүүлэн хөгжүүлэх.
 
1. Дунд болон их, дээд сургуулиудын математикийн хөтөлбөрүүдийг цаашид улам төгөлдөржүүлэхийн тулд нарийн задлан шинжилгээ хийх шаардлагатай. Ялангуяа салбар хоорондын уялдаа мэдлэгийг үнэлэх аргазүйн хөгжүүлэлтэд анхаарах учиртай.
2. Дунд сургуулийн математикийн сурах бичгүүдэд хөндлөнгийн нарийвчилсан дүн шинжилгээг мэргэжлийн математикчдын тусламжтайгаар хийлгэж, зайлшгүй тохиолдолд шинэ сурах бичгийг бичүүлэх, эсвэл он жил, цаг хугацаагаар шалгарсан хуучны ном сурах бичгүүдийг сэргээн хэрэглэвэл эохино. Онцгой сайн суралцагч цаашид бие даан үзэж улам гүнзгий мэдлэг авах боломжтой олон талт зориулалттай. маш сайн сурах бичиг, гарын авлагуудыг боловсруулан гаргах шаардлагатай байна. Математих, механик  мэдээлэлзүйн ухааны соён гэгээрүүлэх баримтат сайн видео материалуудыг монгол хэл рүү орчуулах, ашиглах эрхийг олж авах үндэсний эрдэмтэд мэргэжилтнүүдээр ийм төрлийн материалыг бэлдүүлэх ажлыг төр зохион байгуулбал зохино.
3. Монгол улсын их сургуульд математикч болон матөматикийн онолын гүнзгий боловсролгүйгээр эзэмших боломжгүй мэдээллийн технологи, хэрэглээний математик зэрэг улс орны хувьд амин чухал мэргэжлийн бакалавруудыг бэлтгэдэг байх ёстой. Математикийн сургуулийг сэргээн байгуулж улстөрийн түр зуурын бодлого, томилгооноос ангид мэргэжлийн зөвлөлийн ивээлд авч югтвортой хөгжүүлэх шаардлагатай байна. Шинжлэх Ухааны Академийн бүрэлдэхүүнд Математикийн хүрээлэнг сэргээн байгуулж 20 жилийн өмнө гаргасан алдааг яаралтай засах түүний харъяалалд байсан барилга байгууламж, материаллаг бус баялагийн хэмжээг тооцон туүнтэй дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг төрөөс нөхөн төлбөр байдлаар яаралтай хийх ёстой.
5. Төрийн өмчийн их сургуулиуд болон суурь шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн хажууд математик, байгалийн шинжлэл, инженер технихийн боловсрол олохыг хүсдэг хүүхэд багачуудад зориулсан сургалтын төвүүдийг байгуулан төсвөөс санхүүжүүлэх нөхцлийг бүрдүүлбэл зохино. Суралцагчдыг шинжлэх ухаан танин мэдэхүйн цахим номын санд чөлөөтэй хандах, шинжлэх ухааны бүтээлүүд цахим хэлбэрээр чөлөөтэй тардаг байх нөхцлүүдийг бүрдүүлсэн тусгай гарцыг байгуулах ёстой.
6. Их. дээд сургуулиуд болон шилдэг мэргэжилтнуүд дунд сургуулийн боловсролын салбар руу татагдан оролцох нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай:
-хамтарсан төслүүдийг зохион байгуулах; -сурагчдын мэдлэгийг үнэлэх ажилд оролцох (төгсөх шалгалтууд болон ЭЕШ); -гүнзгийрүүлсэн сургалттай анги, сургуулиудад багшлахыг дэмжих.
7. Улсын төсвийн хөрөнгөөр доорхи үйл ажиллагаануудыг  тогтвортой санхүүжүүлэх шаардлагатай байна:
-номын сангуудыг математикийн гадаад, дотоодын сурах бичиг, номуудын цахим хувилбаруудаар хангах, математикийн олон улсын шилдэг цахим сангуудад багш нар чөлөөтэй хандах боломжийг онцгойлон дэмжих: -математикийн сонгодог эх зохиолууд болон гадаадын эрдэмтдийн шилдэг номыг цаас болон цахим хэлбэрээр хэвлэх, хэвлүүлэх эрхүүдийг олж авах ажлыг зохион байгуулах; -орчин цагийн математикийн үндсэн салбаруудад гарч байгаа шинэ ур дүнгүүдийг нэгтгэсэн тогтмол тойм бэлтгэх хөтөлбөрийг өөрийн болон гадаадын судлаачаар захиалан хийлгэх; -математик тооцоолол, загварчлалын ухааны программ хангамжийн нэн шаардлагатай багцуудыг шинэчлэх худалдан авах.
Чанартай магистр, докторуудыг бэлтгэн гаргахын тулд шилдэг их, дээд сургуулиуд, судалгааны хүрээлэн, төв болон лабораториудыг хангалттай хэмжээгээр санхүүжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах нь төрийн үүрэг юм.
 
9.Ирээдүйн мэргэжлийн математикчдыг 2 үе шаттайгаар сургах шаардлагатай байна. 3-4 жил үргэлжлэх эхний шатанд бух оюутнуудын хувьд нэгэн ижил заавал үзэх суурь хичээлүүдийг нэгдсэн хөтөлбөрийн дагуу судална. Гол анхаарал сэтгэлгээний онч, бүх өгүүлэмжийн батапгаанд төвлөрөх учиртай. Хоёрдугаар үе шатанд янз бүрийн чиглэлийн тусгай хичээлүүдийн арвин багцаас сонгох боломжийг оюутнуудад олгох нь зөв юм. Эдгээрийн хөрс суурь нь эхний үе шатанд олсон мэдлэгүүд байх бөгөөд компьютерийн технологи, математикийн мэдлэгүүдийн бодит хэрэглээг харуулсан хичээлүүд байвал зохино. Энэ тусгай хичээлүүдийг янз бүрээр хослуулан сонгох замаар оюутнуудыг боловсролжуулах ганцаарчилсан замналуудыг үүсгэх юм.
 
ЧИГЛЭЛ 3. Математикийн дунд болон дээд сургуулийн багш нарыг бэлтгэх үйлсийг өндөр түвшинд гаргах.
 
1. Боловсролын Их Сургуульд элсэгчдийг бодлогоор дэмжих шаардлага бодитоор үүсчээ: математикт амжилттай суралцсан сурагчдыг ЭЕШ-аас өмнө тодорхой нөхцөл болзлын дагуу шалгаруулж суралцах урилга өгөх сурлагандаа амжилт гаргасан оюутнуудад нэрэмжит тэтгэлгүүдийг харамгүй олгох, оюутнуудыг суралцах хугацаанд нь ажил олгогчидтой хэлцэл хийж ирээдүйн ажлын байрных нь чиг баримжааг гаргах г.м.
2. МУИС. ШУТИС зэрэг шилдэг их сургуулиудын дэргэд математикийн багшийн ангийг нээх, түүний элсэлтийн бодлогыг оновчтой болгох нь зүйтэй.
3. Дунд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг хамгийн шилдэг их сургууль математикийн тэнхим, профессорын багийн дэргэд зохион байгуулж аттестатчиллыг тогтмолжуулах нь чухал байна. Дунд сургуулийн математикийн багш бүр 5 жил тутамд аттестатчилалд ордог байж болох юм. Аттестатчиллын комиссыг 4 жил тутам шинэчлэн томилж ч болно. Дунд болон их, дээд сургуупийн багш нар, захирлууд болон хуульчдын багаас энэ комиссыг бурдуүлэх хэрэгтэй. Аттестатчилпыг явуулах дэг, үнэлгээний журмыг урьдчилан зарлаж тогтсон байх нь шударга ёсонд нийцнэ.
4. Опимпиадад сурагчдыг бэлтгэдэг, дугуйлан, семинар удирддаг, математикийн яриа, лекц бэлтгэж уншдаг, чадварлаг багш нарыг тусгайлан дэмждэг хөтөлбөр, санхүүжилт хэрэгтэй байна.
5. Математикийн бүх багш нарыг интернетэд нэвтрэх боломжтой техник технологиор тоноглогдсон ажлын байраар хангахыг хуульчлах шаардлагатай юм.
 
ЧИГЛЭЛ 4.Математикийн боловсролыг хөгжүүлэх санхүүжилтийн тусгай бодлогыг хэрэгжүүлэх
 
1. Математикийн суурь судалгаа, математик загварчлалын төслүүдийг шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлд оруулан санхүүжүүлэх шаардлагатай.
2. Математик боловсролыг үндэсний болон олон улсын хөтөлбөр, сан, тэтгэлгийн системүүдийг ашиглан дэмжих нь зүйтэй:
-математик, физик, мэдээлэлзүйн багш нарын цалингийн хэмжээг өсгөх;
-математикийн ангийн оюутан докторантуудын тэтгэлгийн хэмжээг эрс нэмэгдүүлэх;
-залуу багш нарыг дэмжих тусгай хөтөлбөрийг боловсруулж ажил хэрэг болгох.
3. Математикийн чиглэлээр зээлээр суралцах хөтөлбөрийн хүрээнд зээлд шуурхай хамрагдах, зээлээс чөлөөлөгдөх нөхцлүүдийг сайтар бодож тооцох шаардлагатай байна. Магистр болон докторын диссертаци хамгаалсан нөхцөлд зээлээс чөлөөлөх нь сайн арга зам болох юм.
4. Математикийн суурь судалгааг улс орондоо хөгжүүлэн хийх хетөлбөрийг ерөнхийлөгч, ерөнхий сайдын ивээлд оруулан зарлаж 10-20 төрлийн томоохон тус бүр нь дор хаяж 5 тэрбум төгрөгийн төсөвтэй төслийн захиалгат судалгаануудыг монгол математикчдаар хийлгэдэг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Захиалгат судалгааны төслүүдийг өрсөлдүүлэн зарлаж хэрэглээний утгаараа ирээдүйтэй байж мэдэх онолын  чиглэлээр шавь сургуулиудыг үүсгэн байгуулахад анхаарвал өгөөжтэй байх болно. Төслийн удирдагч төслийн хөрөнгийг хувийн хэрэгцээндээ ашиглахыг хатуу хорьж, харин ирээдүйтэй залуу математикчдад орон сууцны ипотекийн зээл авах урьдчилгааг олгох, нийгмийн дотор сэтгэл хангалуун, өнгөтэй зүстэй явахад зарцуулбал зохино. Заавал гадаад улс оронд очиж энэ бүгдийг эдлэх албагүйг энэ теслуүд харуулах ёстой. Эцсийн дүндээ авъяаслаг залуу математикчид олноор тодрон төрж эх орондоо ажиллах юунаас чухал байна. Өөрсдөө өсч бойжсон шавь сургуулиа тэд улам тордон торниулах ергөн боломж эндээс л нээгдэнэ. Шинжлэх ухааны орчинд таатай уур амьсгал тогтнож залуус улс орныхоо телөө чин сэтгэпээсээ зүтгэх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
5. Улсын төсвийн хөрөнгөөр хангамжийн дараахи асуудлуудыг нэн даруй шийдвэл зохино: -улс орноороо зорчиж хичээл заах лекц унших гадаад улс оронд хурал, семинарт оролцоход томилолт замын зардлыг гаргах замаар шинжлэх ухаан-аргазүйн бүрэлдэхүүний шинжлэх ухааны зориулалттай хөдөлгөөнийг идэвхижүүлэх; -сурагч, оюутан, докторант, залуу эрдэмтэд эрдэм шинжилгээний хурал олимпиадад оролцох, мэргэжил дээшлүүлэх үйлсийг санхүүжүүлэх;
-хагас жилээс бүтэн жил хүртэлх хугацаагаар суралцах оюутан-солилцооны хөтөлбөрийг өргөн дэлгэрүүлэх.
6. Гадаад улс орнуудад тэтгэлгээр суралцах оюутан, докторантуудад тавих болзол, шалгаруулах журмыг ил тодорхой, болгож санхүужилтын хэмжээг зарладаг байх шаардлагатай.
7. Санхүүгийн дэмжлэг үзүүлбэл зохино: -олон улсын тувшний амжилтуудыг удаа дараа, тогтмол үзүүлж математикийн чиглэлийн сургуулиудад; -математикийн онцгой авьяастай хүүхдүүдийг илүү сайн сургуулиудад суралцахад; -өнчин, бага орлоготой гэр бүлд өсч буй болон алслагдмал газар оронд амьдарч буй хүүхдүүд уралдаан, олимпиадад оролцоход.
 
ЧИГЛЭЛ 5. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцан уялдаатай хамтран ажиллах.
 
1. Соён гэгээрүүлэх зорилгод нийцүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглахыг  зохион байгуулах шаардлагатай байна. Хүн бүр аав ээж болно, харин математикч болох албагүй гэсэн бурангуй суртлыг арилгахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шийдвэрлэх үүрэгтэй.
2. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн улс орон даяар болон орон нутагт гүйцэтгэх гол үүрэг, чиглэлийг тодорхой болгох шаардлагатай юм: -шинжлэх ухааны мэдлэг, боловсролын тогтолцоонд буй болсон эерэг амжилт, туршлагуудыг сурталчлах; -шинжпэх ухааны мэдлэг, энэ салбарт гарсан амжилтанд хүндэтгэлтэй ханддаг уур амьсгалыг бий болгох.
3. Телевизийн танин мэдэхүйн хөтөлбөрүүдийг боловсрол мэдлэгийн агуулгыг дамжуулах үр ашигтай хэрэгсэл болгох шаардлагатай байна. Боловсрол олгох зорилготой цуврал нэвтрүүлгүүдийг тогтмол нэвтрүүлэх, шинжлэх үхаан-танин мэдэхүйн баримтат кинонуудыг шинээр бүтээх, сайн найруулга агууламжтай ТВ-олимпиад, тэмцээн болон интернетээр олимпиад, тэмцээнүүдийг зохион байгуупах нь тун чухал арга хэмжээ байх болно.
4. Математик боловсролын сурталчилгааны урт хугацааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлцгээе.
 
ЧИГЛЭЛ 6. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх цогц тогтолцоо бүрдүүлэх.
 
1. Математик, техникийн салбарын терийн мэдлийн томоохон бүтцүүдийн дэргэд энэ бүх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх ёстой.
2. Математик, байгаль шинжлэлийн мэргэжилтнүүдэд зориулсан, эдийн засгийн хувьд ухаалаг шийдэлтэй ажлын байрыг олноор бий болгох тусгай хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлбэл зохино.
3. Татвар болон бусад хөнгөлөлтийг эдлэх болзолтойгоор хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийг шинжлэх ухааны суурь судалгааг санхүүжүүлэн зохион байгуулахыг сайшаан дэмжвэл үр дүнтэй.
Математикийн санаанд оромгүй бүтээгч чадварыг хүлээн зөвшөөрч Монголоо математикжуулах үйлсийг бултаараа, сэтгэлээсээ дэмжигтүн.
 
БОДОЖ ЯРЬ, УХААРЧ УНШ, СЭТГЭЖ БИЧ.
Б.БАЯСГАЛАН (Олонлог сургууль)