sonin.mn
Шинэ тоглогчид. Сүүлийн жилүүдэд Африкт нэг талаас Америк, Франц, нөгөө талаас Хятад, Энэтхэгийн хооронд өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Энэтхэг, Хятадын хувьд Африкийн зах зээлийг эзэмших явцад цэргийн хүч хэрэглээгүй нь том давуу тал болдог. Тиймээс зарим судлаач тэдний нөлөөг "шинэ үеийн колоничлол"-ын жишээ болгох нь зүйтэй эсэхэд эргэлздэг. Африкийн зарим улс төрч Хятадын эдийн засгийн түрэмгийллийг ноцтой аюул занал мөн гэж үзэж байгаа. Тухайлбал, Замбийн дэд ерөнхийлөгч Скотт "...Цагаан арьстнууд угаасаа муу, Энэтхэгчүүд тэд нараас ч өөдгүй, харин Хятадууд хамгийн муу нь юм..." гэж хэлсэн удаатай. Өнгөрсөн зууны 2 дугаар хагаст Хятад улс Африкийн орнуудтай голчлон цэрэг-улс төрийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтын хүчээр империализмтэй тэмцэх уриа дэвшүүлж байсан. 1990-ээд оны үеэсхамтын ажиллагаа эдийн засгийн салбар руу шилжиж, ирээдүйд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан. Үүний үр дүнд 2008 онд худалдааны эргэлт 108 тэрбум ам.долларт хүрч 2009 оноос Европтой хийж байгаа худалдааны дараа 2 дугаар байрт орох болсон. 
Хятад-Африкийн худалдааны эргэлт сүүлийн 5 жилд жил тутам 30 хувиар нэмэгдэж байжээ. Хятад 2000-2003 онд Африкийн 30 орны 1,5 тэрбум ам.долларын хэмжээтэй өрийг бүрэн буюу хэсэгчлэн тэглэсэн юм.
БНХАУ: 1970-аад оны үед Африкийн зарим орон маоист үзэл бодол тархахаас сэргийлж Москвагийн дэмжлэгтэйгээр Хятадтай тогтоосон харилцаагаа тасалж байсан. Хятад улс 2007 оны хавраас Африкт эдийн засгийн тусгай бүс байгуулах төслийг хэрэгжүүлж, түүндээ 1980-1990 онд дотооддоо эдийн засгийн онцгой бүс байгуулж байсан туршлагыг ашигласан юм. Хятадууд энэ жишгээр 6 улсад тусгай бүс байгуулсан. Тухайлбал, Замби улсын Лусакад байгуулсан худалдаа-эдийн засгийн бүсэд 700 сая ам.долларын хөрөнгө оруулж орон нутгийн иргэдэд зориулж З500 ажлын байр гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл эхний тусгай бүс Замбийн "Зэсийн бүс"-т, 2 дахь нь Маврикид худалдааны төвийн хэлбэрээр байгуулагдсан. Эдгээр төв Хятадын бизнесийг Африкийн зүүн болон өмнөд хэсгийн улсуудад нэвтрэх үүд хаалга болох ажээ.
Маврикийн арлууд нь Энэтхэгийн далай, Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрэх гол үүд хаалга юм. Гурав дахь бүс нь Танзанийн нийслэл Дар-Эс-Саламд байгуулагдаж, далайн боомтын зориулалтаар ашиглагдана. Баруун Африкт Хятадууд эдийн засгийн 2 бүс байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд Либери, Нигери, Ногоон хошууны арлууд энэ эрхийн төлөө өрсөлдөж байсан. 2009 онд Бээжинд Африкийн 48 орны дээд хэмжээний уулзалт болох үед БНХАУ-ын дарга асан Ху Жиньтао Барууны орнуудын бодлогыг шүүмжилж, Африкт үзүүлж байгаа тусламжийг 2 дахин нэмэгдүүлэхээр амлаж байсан. Үүнийгээ ч биелүүлж, олон тэрбумын хөрөнгө оруулалтын сан байгуулж, Анголд 2 тэрбум ам.долларын зээл олгосноор Олон улсын валютын сангийн зээлээс татгалзах боломжийг бүрдүүлж байжээ. Хятадууд Африкийн орнуудтай хамтарч ажиллахдаа ганцхан шаардлага тавьдаг нь Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал юм. Мөн өөрөө ч бас Африкийн улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх бодлого баримталдаг. Одоо Африкаас 4 улс л Тайваньтай улс төрийн харилцаатай байдаг нь Буркина-Фасо, Гамби, Свазилэнд, Сан-Томе ба Принсипи юм. Эдийн засгийн харилцааг Хятадууд "түүхий эдийн оронд дэд бүтэц" гэсэн загвараар хөгжүүлж байгаа. Борлуулалтын зах зээл ч бас Хятадуудын сонирхлыг татаж байна. Хятадын корпорациуд Африкийн эдийн засагт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх бодолтой байгаа нь үр ашгийг нь тэр даруй хүртэх зорилготой, Барууны өрсөлдөгчдөөс илүү давуу байдалтай болоход нөлөөлж байгаа юм. Хятадууд зээлийг чөлөөтэй олгосны хариуд ашигт малтмалын ордуудыг эзэмших эрхтэй болохыг зорьдог. Тухайн улсын эдийн засагт нэвтрэх эхний үе шатанд, уугуул иргэдийг нь ашигт малтмалын олборлолтод оролцуулдаггүй бөгөөд ажиллах хүч, тоног төхөөрөмжийг Хятадаас зөөдөг. Олборлосон ашигт малтмалыг Хятад руу тээвэрлэж боловсруулдаг бөгөөд 2 дахь үе шатанд Хятадын бусад төрлийн аж ахуйн нэгжийг оруулж худалдаа, үйлчилгээ эрхлүүлдэг. Хятадын бараа бусад орныхоос хямд үнэтэй байдаг нь нутгийн оршин суугчдын сэтгэлд нийцэж байна. Төрийн байгууллагууд нь Хятадын тоног төхөөрөмж, технологийг улам ихээр худалдан авах болсон. Хятадын олгосон зээл хятад барааны төлбөрт явж, Африкийн бус өөрийнх нь эдийн засгийг тэтгэж байгааг судлаачид онцлон тэмдэглэж байна.
 
2017 оны 7 дугаар сард ХАЧА-ийн ТЦХ-ний командлагч, хурандаа генерал Шэнь Жиньлун Гуандун мужийн Жаньзян боомтод Африкийн исламын шашинт Жибүти улсад цэргийн бааз байгуулж байгаа тухай мэдэгдэл хийсэн. Энэ нь хилийн чанадад буй Хятадын анхны иж бүрэн цэргийн объект юм. Хятадууд энэ баазад десантын олон зориулалтын "Jingganshan" хөлөг онгоцыг "Donghai Island” хөлгийн хамт илгээсэн байна. " Donghai Island" хөлөг нь тур ашиглагдах зогсоолын үүргийг гүйцэтгэж, задгай далайд хөлөг онгоцны материал, техникийн хангалтыг хийх (logistics support base) зориулалттай. Баазыг 2016 оны 1 дүгээр сараас байгуулж эхэлсэн бөгөөд 1 жилийн дотор барьж дуусгасан. Бээжингийн энэ алхам олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгаа. Энэ баазыг ямар зорилгоор байгуулав? Хилийн чанадад цэргийн нөлөөгөө тэлэхийн эхлэл үү? гэсэн асуултын хариуг олохоор шинжээчид бүх талаас нь судалж байна.
Хятадууд бааз байгуулсан 3 үндэслэлийн тухай ярьж байгаа юм.
Эдгээр нь:
-далайн дээрэмчидтэй тэмцэх;
-хүмүүнлэгийн тусламжийг осол эндэгдэлгүй хүргэх;
-Африкийн энх тайвныг хамгаалах явдал аж. Хятадуудын үзэж байгаагаар энэ объект нь Жибүтийн хөгжилд асар их хувь нэмэр оруулах ёстой ажээ. Энх тайванч хөгжлийн бодлого, өөрийгөө хориглон хамгаалах зорилготой бодлогоос ухрахгүй гэдгээ Хятадын удирдлага байнга тунхагладаг. Тээврийн зангилаа болсон Жибүтид цэргийн бааз байгуулснаар далайн тээврийн замуудыг хяналтад авна гэж тооцоолсон бололтой. Ер нь одоохондоо энэ баазыг иж бүрэн цэргийн бааз гэхээсээ илүү ар талын дэмжлэгийн баазын зориулалттай гэж үзэж болно. Томоохон хээрийн сургууль явуулах, байлдааны нисэх хүчний техник хэрэгслийг байрлуулах боломжгүй объект юм. Барууны судлаачид хятадууд Африкт бааз байгуулсныг, дотооддоо хүчээ хуримтлуулах бодлогыг орхиж, геополитикийн болон эдийн засгийн ашиг сонирхол бүхий бүс нутагт ирээдүйд хэрэг болох, аюулгүй байдлыг хангах төвүүдийг байгуулах үе рүү шилжиж байна гэж тайлбарладаг. Ингэснээр Хятад нь Америкийг хазаарлах, тэнцвэржүүлэхийн зэрэгцээ шаардлагатай болбол Энэтхэгийг сөрж зогсох зорилгоор уг баазыг ашиглаж болзошгүй бөгөөд цаашдаа Пакистан, Бангладеш, Мьянмар, Шри Ланк, Африкийн зүүн хэсгийн орнуудад цэргийн бааз байгуулах замаар гол өрсөлдөгч Энэтхэгийг бүслэлтэд оруулахыг зорих төлөвтэй байна гэж үзжээ. Үүнээс болоод Танзани, Кени, Нигери, Ангол, Мозамбикт бааз байгуулах оролдлогыг орхихгүй байгаа. Эндээс дүгнэхэд Жибүтид бааз байгуулсан нь дараах зорилготой байна. Үүнд:
1. Жибүти нь нутаг дэвсгэр, хун амын тооны (1 саяас цөөн хүнтэй) хувьд бага буурай, Европ, Ази, Африкийг холбосон Баб-аль-Мандебийн хоолойд оршдогоороо чухал ач холбогдолтой. Улаан болон Арабын тэнгисийн тээврийн аюулгүй байдлыг хангах нь дэлхийн худалдаанд угаасаа чухал. Дээрээс нь Жибүтийн ойролцоо Сомали, Йемен гээд дотоодын байдал нь тогтворгүй улс орнууд байдаг. Далайн тээврийн замыг хамгаалахад Хятадууд асар их ач холбогдол өгдөг нь 2008 оноос хойш өнөөг хүртэл гадаадын 3 мянган хөлөг онгоцыг дагалдаж эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэснээс харагдаж байгаа юм.
2. Африкийн зүүн хойд хэсэг худалдаа, эдийн засгийн хувьд Хятадын сонирхлыг маш их татдаг. Судан, Өмнөд Суданаас их хэмжээний газрын тос худалдаж авч орд газрын тандан судалгаа хийдэг ба Суданы газрын тос олборлох аж үйлдвэрт оруулсан гадаадын хөрөнгийн 75 хувийг Хятадууд эзэмшиж байна. Порт-Судан боомтоос газрын тос тээвэрлэж байгаа танкерууд Улаан тэнгисээр дамжиж Хятадад хүрдэг. Мөн Жибүтиэр дамжиж, эдийн засагт нь 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан Этиоп руу нэвтрэх боломжтой. Этиопийн нийслэлийг Жибүтитэй холбосон төмөр замыг Хятадууд өөрийн хөрөнгө, технологиор тавьсан. Тиймээс ч Хятадын удирдпага Жибүтийг "XXI зууны далайн торгоны зам" байгуулах төлөвлөгөөний гол зангилаа болох ёстой гэж үздэг юм.
3. Жибүтийн цэрэг-стратегийн ач холбогдлыг Европчууд эртнээс мэдэж байсан. Франц энэ улсыг эзэмшиж байхдаа "Саmp Lemmonier" хэмээх цэргийн баазыг байгуулсан бөгөөд энэ зууны эхээр өөрийн цэргийн салбарыг үлдээх эрхтэйгээр Америкчуудад шилжүүлсэн. Одоо тэнд хэвлэлд мэдээлж байгаагаар Америкийн 4 мянган цэргийн алба хаагч болон "Р-16" сөнөөгч онгоц, "Р-ЗС" эргүүлийн катер үүрэг гүйцэтгэж байна. Энэ баазыг Африк тивийг бүхэлд нь хянах, зэргэлдээ оршиж байгаа Арабын хойг дахь терроризмын аюулаас хамгаалах, тагнуулын болон тусгай ажиллагаа явуулахад ашиглах юм. Мөн Жибүтийн "Chabelley" буух талбайг нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хөөргөх зорилгоор ашиглаж байна. "Саmp Lemmonier" баазад Герман, Италийн цэргийн алба хаагчид ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Мөн ойрын үед өргөжүүлэхээр төлөвлөж байгаа Японы цэргийн жижиг бааз бий.
4. Баазыг энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчдаа дэмжих, Африкийн улс орнуудын цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэхэд ашиглах төлөвтэй байна. 2015 онд Си Жиньпин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцох бодолтой байгаагаа илэрхийлж, 8 мянган цэргийн алба хаагч илгээх, Африкийн байнгын бэлэн байдалтай хүчнийг байгуулахад 60 сая ам.доллар гаргахаа амласан. Одоогоор Хятадын 1000 энхийг дэмжигч Өмнөд Суданд, 650 нь Либерид, 400 нь Малид үүрэг гүйцэтгэж байна.
5. Өнөөгийн байдлаар Африкт 1 сая гаруй Хятад иргэн ажиллаж, амьдарч байгаа. Тэдний тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул Хятад улс онцгой байдлын үед иргэдээ татан гаргах төлөвлөгөөг боловсруулахаас өөр аргагүй болж байна. Тухайлбал, 2011 оны Ливийн мөргөлдөөний үед ганц хөлөг онгоцоор 35 мянган хүнийг, 2015 онд Йеменээс 700 хүнийг татан гаргаж байсан. Жибүтийн бааз энэ зорилгод нь нийцэж байгаа бололтой.
6. Жибүти эдийн засгийн ихээхэн ашиг хүртэнэ. Хятад төмөр зам, боомтыг хөгжүүлэхэд 3-3,5 тэрбум ам.доллар зарцуулсан, оронд нь банкуудаа оруулах, компаниуддаа давуу эрх эзэмшүүлэхээр тохиролцсон. Жибүти бааз байрлуулах зөвшөөрлийн хариуд Франц, Японоос жил тутам тус бүр 30 сая, АНУ-аас 63 сая, Хятадаас 200 сая ам.долларын төлбөр авах юм. Нөхцөл байдлаас шалтгаалж баазын зориулалтыг дээр дурдсанаас ч илүү нэмэгдүүлж болох юм.
 
Хятадаас Африкийн орнуудад НҮБ-ын шинэчлэл, олон улсын худалдааг эрх тэгш, шударга болгох, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд туслах чиглэлээр улс төрийн дэмжлэг үзүүлдэг.  
 
Тивийн улс хоорондын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Өрийг тэглэх, техник, эрүүл мэнд болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсон хүчний сургалтын чиглэлээр ихээхэн тусламж үзүүлж байгаа боловч бодит тоо баримтыг нийтлэхгүй байгаа. Жил бүр 1-2 тэрбум ам.долларын тусламж үзүүлдэг гэсэн тооцоо бий. Ихэвчлэн байгалийн баялаг ихтэй ӨАБНУ, Ангол, Замби, Судан мэтийн улсад хөрөнгө оруулж байна. Боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар ирээдүйд Африкийн улс төр, бизнесийн элитийг Хятадын талыг баримтлагчдаар дүүргэхийг чармайж байгаа. Хятадын компаниудын эрсдэлээс айдаггүй чанар нь өөрсдөд нь ихээхэн давуу талыг олгож байна. Уламжлалт өрсөлдөгчид нь Хятадаас ихээхэн болгоомжилж, нэр хүндийг нь унагахыг чармайж байгаа тал бий. Африкийн орнууд түүхий эдийн хавсарга болж байгаа, импортын хямд бараа үндэсний аж үйлдвэрийг сэргээхэд саад болж байгаа, мэргэжилтнүүдийн ихэнхийг Хятадаас авчирч байгаа зэрэгт дургүйцлээ илэрхийлдэг. Хятадын компаниуд шүүмжлэлийг хүлээн авч мэргэжилтнүүдээ Африкийн орнуудад бэлтгэж эхэлжээ. Тухайлбал, "Huawei Technologies" компани Египет, Тунис, Кени, Нигери, ӨАБНУ-д сургалтын 5 төв нээсэн байна. Хятадаас хууль бус цагаачид ирж тусгай хороолол байгуулж амьдардаг нь Африкчуудад таалагддаггүй. Гэхдээ Хятадын нөлөөг дандаа сөрөг талаас нь харж болохгүй байна. Эерэг тал нь гэвэл худалдаа, хөрөнгө оруулалтын уламжлалт тогтолцоог эвдэж чадсанд байгаа юм. Мөн Африкийн эдийн засагт шинэ боломж бололцоог нээж өгсөн. Энэ тивийн улс орнуудын эдийн засаг өсч байгаа нь Хятад болон бусад улсын нөлөө, хөрөнгө оруулалттай салшгүй холбоотой.
Япон улс: Хятадтай Африкт өрсөлдөж байгаа бас нэг улс бол Япон юм. Жибүтид Хятадын цэргийн бааз байгуулагдах сургаар тэнд байгаа цэргийн багаа хүч нэмэгдүүлэх саналыг Япончууд Жибүтид тавьж байсан. Хэдийгээр Хятадаас худалдааны хэмжээний хувьд 7-8 дахин хоцорч яваа ч гэсэн нөлөөгөө тэлэх талаар хүчин чармайлт гаргаж 2016 оны 8 дугаар сард Кенийн нийслэл Найробид Япон-Африкийн чуулга уулзалтыг зохион байгуулсан.
Япон 1990- ээд оны үед худалдааны салбарт Хятадаас хамаагүй илүү ахицтай байсан боловч одоо энэ салбарт Африк нэвтрээд удаагүй байгаа Туркийн хэмжээнд л дөхөж очиж байна. 2011 онд Фукушимагийн атомын цахилгаан станцад осол гарсны дараа Япончууд эрчим хүчний уламжлалт түүхий эдийг сонирхож эхэлсэн. Энэ зорилгоор Африктаа байгалийн хийн нөөцөөр тэргүүлдэг Мозамбикийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж 700 сая ам.доллар олгохоор амласан байна. Хятадууд Японы төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагийн нэг илэрхийлэл 2014 онд Ерөнхий сайд Ш.Абэг Этиопт айлчлахад тэнд амьдардаг Хятад иргэдээр "Сенкаку арал бол Хятадынх" гэсэн лоозон бариулж Японы ЭСЯ-ны урд талд жагсаал зохион байгуулсан үйл явдал юм. Африкт нэвтэрч чадсан Хятадын туршлагыг анхааралтай судалж байгаагаа япончууд нуухгүй байгаа. Ирэх 3 жилд Африкийн 10 сая мэргэжилтэнг сургах, зээл, тусламж олгохоор шийдвэрлэсэн нь энэ тивийн томоохон хандивлагч улсын 1 гэдгийг харуулав. Мөн 2023 оноос өмнө Африкийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр элсүүлэх саналыг оруулах замаар тус байгууллагыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн. Чанарын стандартыг дээшлүүлэх Япон арга барилаас суралцах уриалга дэвшүүлсэн нь цаад утгаараа Хятадын чанаргүй бараа, үйлчилгээг шүүмжилсэн өнгө аястай байв. Энэ нь эргээд Хятадуудыг эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэсэн бөгөөд Хятадын удирдлага Найробийн чуулга уулзалтыг хэт улс төржсөн, "олон зүйл амладаг боловч биелүүлдэггүй" арга хэмжээний нэг гэж дүгнэсэн байна.
Энэ бүхнээс дүгнэхэд хэдийгээр 2 тал зөрчилдөхгүйгээр хамтарч ажиллах нь чухал гэж харилцан мэдэгдэж байгаа боловч 1 нь нөгөөгөө дээш гаргахгүйг чармайж байгаа нь тодорхой байна. Хятадтай өрсөлдөхөд улам хүнд болж байгаа учраас Япон өөртэйгөө ижил бэрхшээл туулж байгаа түнш улсыг хайж байгаа юм. Энэ зорилгоор 2017 оны 2 дугаар сард Японы гадаад худалдааны байгууллага “JETRO" Энэтхэгтэй Африк дахь бизнесийн салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсан.
 
(Үргэлжлэл нь дараагийн дугаарт) Дэд хурандаа Л.ДАВААНЯМ
Эх сурвалж: "Соёмбо" сонин