sonin.mn
Саруул талын сүмбэр оргил
Санбэйсийн онгон сахиус
Сайхан буурал Хан уул минь
Санаа сэтгэлд мөнхөрнө
 
Түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн нь.
Сэцэн хан аймгийн (Санбэйсийн) Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн суманд Данриг Данжайлин буюу урд хүрээ оршиж байжээ. 1919 онд Богд хаант Монгол Улсын Дотоод хэргийг Бүгд захиран Шийтгэх яамны захирамжаар Монгол Улсын шаштир зохиох газарт цугласан "Өргөх Цэс" бичигт: "Чин улсын Төр гэрэлтийн тэргүүн (1821) онд манай хошууны урьд тушаалын засаг Минжүүрдорж тус хошууны шар хар олон нийтээр өглөгийн эзэд болж, Түмэн-Өлзийт овооны өвөрт өдөр бүр Чогчин, жил тутам Хайлан хурал хурах болжээ. Аравдугаар (1830) онд Цаннид  дацанг анх байгуулж, уг дацангийн номын сургуулийг үйлдүүлжээ. Арван тавдугаар (1835) онд жил бүр мянган зул мандааж, их хурал хурж эхэлжээ. Арван долоодугаар (1837) онд шунхаар бүтээсэн Ганжуур, Данжуур хурж, маань мэгзмийн бүтээлийг ээлжилж, Ерөөл хангал хурж эхлэв. Үүнээс хойш хурал номын дуган сүмүүд Түмэн- Өлзийт овооны өвөрт сууж, мөн онд Чин улсын хаанаас "Шашин ухаант" нэр шагнажээ. Бас Төр Гэрэлтийн хорин хоёрдугаар (1842) онд засаг бэйс Минжүүрдоржийн үед Манба дацанг анх байгуулж, мөн дацангийн номын хурал сургуулийг үүсгэн үйлдүүлжээ..." хэмээн Ачит вангийн хүрээг анх үүсгэн байгуулсан түүхийг 1919 оны "Өргөх цэс" бичгийн эхний хэсэгт ийнхүү тэмдэглэсэн байна. Үүнээс үзэхэд 1821 онд тавьсан Ачит вангийн хүрээний суурийг одоогийн Чойбалсан хотын суурь хэмээн үзэх бүрэн үндэстэй байна. "Ачит ван Тогтохын хүрээ хийд"-түүхэнд тэмдэглэснээр: Хошуу-захирагч Минжүүрдорж (Мин бэйс) XIV жарны арвантавдугаар оны төмөр могой жил Чин улсын Төр Гэрэлтийн тэргүүн (1821) онд хошуу нутгийн ард олны буяны өргөл болон тэдний дэмжлэгээр Түмэн-Өлзийт овооны энгэрт хурлын дуган бариулж, тэр цагаас эхлэн өдөр бүр Чогчин, жил бүр Хайпан хуруулж эхэлснээс тус хошууны хүрээ, тамгын газрын суурь тавигджээ. Энэ нь түүхийн үүднээс авч үзвэл, одоогийн Чойбалсан хотын захиргааны тамгын газрын анхны эх суурь болох бөгөөд хотын түүхийг энэ үеэс тооцон тэмдэглэж байх нь зохистой хэмээн үзэж байна. Нутгийн олон түмэн хошууныхаа төв хэсэгт хүрээ хийдтэй болж байгаад машид талархан тусалж дэмжиж байсан гэдэг.
Хошуу захирагч Минжүүрдорж бол Ачит вангийн хүрээ-Чойбалсан хотын суурийг тавьж, үүсгэн байгуулж, хөгжил дэвшлийн ирээдүйн замыг нь нээж өгсен үлэмжийн их ач буянтай хүн юм. Мин бэйсийн байгуулсан энэ хүрээг Ачит вангийн хүрээ, Санбэйсийн хүрээ гэж нэрлэж байсан бөгөөд Санбэйсийн хүрээ нь нийт долоон дацан, 11 сүм, 10 гаруй хуралтай, 1000 орчим ламтай байв. Энэ хүрээг 1923 оноос Баянтүмэн-Хан уулын хошууны төв, 1931 оноос Баянтүмэн (хот) аймгийн төв гэх зэргээр нэрлэж байв. 1938 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гаргажээ. Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1940 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 44 тоот тогтоолоор 1921 оны Ардын хувьсгалын анхны удирдагчийн нэг- Хошой баатар маршал Чойбалсангийн нэрэмжит хот болгожээ. Одоогийн Чойбалсан хотын суурь анх 1821 онд тавигдсан тэр цагаас хойш 2019 он гэхэд тус хот байгуулагдсаны 198 жилийн ой тохиож, 2021 онд энэ хотын 200 жилийн түүхт ойг ёслол хүндэтгэлтэй тэмдэглэвэл зохино. Өнгөрсөн хугацаанд Чойбалсан хот нь Монгол Улсын соёл боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэр удалдаа, олон улсын зам тээвэр, харилцаа өндөр хөгжсөн эртний түүхтэй дорно дахины том хотуудын нэгэн болжээ. Чойбалсан хот бол наяхан жилийн түүхтэй тосгон биш. Улаанбаатар хотын суурь тавигдсан цаг үеийг харьцуулж үзүүлбэл: Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутугтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар өргөө нэртэй орд барьснаар Улаанбаатарын суурийг үндэслэжээ. Энэ өргөө Орхон, Тамир, Туул голын хөндий дагуу 140 шахам жил 29 удаа нүүдэл хийсний эцэст 1778 онд Туул голын Алтан тэвшийн хөндийд ирж суурьшин Их хүрээ нэртэй болсон аж. 1911 оны арванхоёрдугаар сард Богд хааны зарлигаар Их хүрээг сэргэн мандсан Монгол Улсын Нийслэл хүрээ хэмээн нэрлэх болжээ. Монгол Улсын анхдугаар Их хурлын 1924 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн (Билгийн XIV оны аравдугаар сарын 29) XIV хуралдаанаар улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж, хотын нэрийг Улаанбаатар гэж өөрчилсөн байна. Суурь тавьсан анхны он цагийг өөрчлөөгүй. Өдгөө Улаанбаатар хотын суурийг анх тавьсан 1639 оноос тооцож нийслэл хот 2019 онд 380 жилийн ойгоо ёслон тэмдэглэнэ. Чойбалсан хот 200 шахам жилийн түүхэндээ нэг ч удаа нутаг сэлгэж нүүлгүй Түмэн-Өлзийт овооныхоо энгэрт тогтвортой суурьшин хөгжсөн онцлогтой. Түүхийн тулгуур баримт бичгүүд болон ахмад хүмүүсийн дуртгал бусад бичиг зохиолд тэмдэглэсэн зэргээс үзэхэд Чойбалсан хот үүсэн байгуулагдсан он цаг, газар нутаг, анх байгуулсан хүний нэр хаяг тодорхой байгаа тул энэхүү хотын үүсэл хөгжлийг 1821 оноос тооцож жил бүр тэмдэглэж байх нь зохистой байна. Аливаа нэг хотын ойг тэмдэглэхдээ цаг үеийн зарлиг, тогтоол шийдвэрийг баримтлах бус, анх суурийг тавьсан үеэс нь тооцоолж тэмдэглэдэг олон улсын жишиг байдаг. Иймд Ачит бэйс Минжуурдоржийг Чойбалсан хотын суурийг анх Түмэн-Өлзийт овооны энгэрт тавьсан хүн хэмээн үзэж болно. Хотын уүсэл хөгжлийн эртний түүхийг үгүйсгэж болохгүй. Хошууны засаг, улсын түшээ гүн, бэйсийн тайж Цэрэндоржийн Минжүүрдорж (1778-1866) Ачит вангийн хүрээг анх үндэслэн байгуулагч төдийгүй, тус хошууны захирагчаар хамгийн олон жил (1806-1866) үр бүтээлтэй ажиллаж, хүрээ хийд хошуу хотлоо хөгжүүлэх хүн зон, хүүхэд залуусыг ажилд сургахад онцгой анхаарч байжээ. Мин бэйс ноёнтон олон түмэндээ их нэр хүндтэй хүн байсан тул хошуу хотлоороо дээдлэн тахиж шүтэж ирсэн Хан уулынхаа өвөрт бунхлан нутаглуулсан бөлгөө. Эрхэм ноёнтон Минжүүрдорж хошуу найрын хурдан морины уралдаан үзэж яваад мориноос унаж бэртэл авсны улмаас 88 насандаа өөд болсон гэдэг. (Энэхүү мэдээллийн эх сурвалжийг өвгөн ах гавж Данзансамбуу, Аранжамба Даваадагва агсны аман дурсамжаас сэдэвлэн бичив.) Миний бие 1948 онд аймгийн наадмаар лам ах Данзансамбуу, Даваадагва, Санданжамц нарын 5-6 хүний хамт Хан ууланд гарч ёслол үйлдэж, өвгөн ноёныг онголсон газар очиж, хүндэтгэл үзүүлж байхыг харсан учир тэр үеэс би Мин ноёныг оршуулсан газрыг мэддэг болсон юм. Ах Данзансамбуу жил бүрийн цагаан сарын шинийн 8-нд шарилын газар хэдэн ламын хамт ирж ерөөл уншдаг байснаа дурсан ярьж билээ. Би аймагтаа хааяа ирж Хан ууланд гарах бүртээ өвгөн ноёны шарил дээр хадаг тавьдаг. Нэг очиход оршуулгын чулууны завсраас төвд бичигтэй судрын хуудас цухуйж байв. Энд ном судар дарагдсан бололтой. Ноёныг онголж оршуулсан газар жил тутам бүдгэрч байгаа тул мартагдахаас нь өмнө шарилын дээд хэсэгт суварга буюу чулуун дээр дүр, овог нэр, цол хэргэм, он зэргийг нь сийлж дурсгалын тэмдэг тавих нь нэн чухал байна. Ноёныг оршуулсан газар Хан уулын овооны өмнө зүг хошуурсан далангийн үзүүрт, наран ургах зүг рүү хэлтгийдүү хэсэгт байдаг. Миний чулуугаар дарж тавьсан цэнхэр хадаг ил тод харагдаж байна билээ. Өргөн барих санал 1821 онд Чойбалсан хот үүсч суурийг нь тавьсны 200 жилийн ой 2021 онд болох тул энэ түүхт ойг угтаж Минжүүрдорж ноёнтны морьтой буюу босоо суугаа сүрлэг хөшеөг орон нутгийг хөгжүүлэх сан, олны хандив тусламжийн үндсэн дээр хотынхоо төв хэсэгт гадна дотнын хүн үзэж харах боломжийн газрыг сонгон бүтээн босговол хотын түүх, соёл, өнгө үзэмж, нэр алдарт үлэмж их ач холбогдолтой болохыг "Аптан нутаг" Дорнодынхондоо хичээнгүйлэн айлтгая! Энэ их хүний алдар нэрийг мөнхжүүлэх хөшөө дурсгал босгох нь олон түмний санаа сэтгэлийг баясган сэргээх буяны дээд мөн болой.
Жич: 2021 онд Ачит вангийн өргөө-Чойбалсан хотын суурь-шав тавьж үүсч хөгжсөний 200 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 90 жипийн түүхт их ой тохиох болно.
 
Дорнод аймгийн уугуул Монгол Улсын гавьяат багш Тугчин овогт Дарьжавын ГОМБОЖАВ