sonin.mn
1993 он Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмээс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан үе. Нийгэм бүхэлдээ үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, тэр тусмаа боловсролын системийн шинэчлэлт явагдаж дээд боловсролын тогтолцоонд ч өөрчлөлт орж байсан юм. 1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн Цэргийн их сургуулийг шаталсан тасралтгүй сургалтын хөтөлбөрт шилжүүлж бүрэлдэхүүн сургуулиудыг шинээр байгуулахад Офицерын сургууль бий болсон юм. Тэр үед цэргийн дээд командлалаас Зэвсэгт хүчин болон бусад цэрэгт мэргэшсэн, тал бүрийн мэдлэгтэй, орчин үеийн цэргийн хэрэгт гарч буй өөрчлөлтийг мэдэрч ажилладаг боловсон хүчин шаардлагатай болов. Ирэх зуунд монгол цэргийн дүр төрх, нүүр царай ямар байхыг цэргийн сургуулийг төгсөж байгаа офицер, ахлагч нар л шийдвэрлэнэ гэж үзэж байлаа. Энэ зорилтыг бүрэн хангах үүднээс Офицерын сургуулийг шинээр бий болгож 1993 оноос эхлэн төрөл мэргэжлийн ангиудад элссэн сонсогчдыг тус сургуульд хүлээн авч анхан шатны бэлтгэл сургалт, цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн хариуцуулахаар болсон билээ. 
Шинэ тутам байгуулагдсан Офицерын сургуулийн удирдлага, рот, дамжааны захирагч нар сонсогчиддоо цэргийн хүмүүжлийн эрхэм чанарууд ялангуяа сахилга хариуцлага, захирах захирагдах ёс, цэрэг-эх оронч үзэл, дүрэмч, жагсаалч, биеийн тамирч, цэргийн эрдмийг төгс эзэмшсэн төрийн тусгай албан хаагчид, Зэвсэгт хүчний төрөл мэргэжлийн цэргийн шилдэг офицерууд болон бэлтгэгдэх ёстой гэдгийг хатуу ойлгуулахын төлөө цаг наргүй бүхий л хүч оюунаа дайчлан ажиллаж байлаа. Энэ ажилд тухайн үеийн Офицерын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Пүрэвдорж, дэд хурандаа Б.Жуваа, хошууч З.Баярмагнай, Ж.Батхүү, А.Баатар, ахлах дэслэгч Ч.Цогнэмэх, ахмад Б.Чинбат, ахлах дэслэгч А.Энхболд, В.Даваадорж, ахмад С.Буян-Өлзий, Д.Эрдэнэдалай, Ч.Эрдэнэсайхан, Б.Жигдэн, ахмад Б.Дорждамба, М.Болд, ахлах дэслэгч Б.Дэнзэнболд, дэслэгч Д.Амарсанаа, дэд хурандаа Б.Ганбат, хошууч Л.Жаргалсайхан, ахмад Г.Мандах нарын зэрэг олон офицер удирдсан сонсогчидтойгоо цаг наргүй, нэг бүрчлэн байнгын тасралтгүй ажиллаж ирсэн. 
Нэг зуны сар, хоёр зуны сар, гурван зуны сар нэг л мэдэхэд 25 зуны сар өнгөрчээ. Цаг хугацаа гэж ийм л хурдан юм санж. 1993 онд Цэргийн их сургуулийн төрөл мэргэжлийн ангиудад элсэн суралцахаар Офицерын сургуулийн цэргийн анхан шатны бэлтгэл сургалтын төвд сонсогчоор бүртгүүлэн Цэргийн тангараг өргөж цэргийн албанд зүтгэсэн залуус маань 25 жилийг ардаа үджээ. Тэд цэргийн их сургуульд сонсогч гэхээс илүүтэйгээр өглөөнөөс орой хүртэл тогтсон хуваарийн дагуу явагддаг хатуу дэглэмтэй цэргийн албыг хааж байв. Дөнгөж 17, 18 настай хүүхдүүдэд эр цэргийн албаны дэг журам, оюутны хөдөлмөр 2 амаргүй ачаа байсан нь мэдээж. Гэхдээ тэр үед цэргийн сургуульд суралцаж ирээдүйд Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбохоор зориг шулуудан сэтгэлээрээ элсэн орсон сонсогчид буцаж, няцаж, шантрах нь тун ховорхон байв. Гэхдээ зарим нэгэн төрөлхийн бие султай, тэвчээр хатуужилгүй, эрх танхи дураараа өссөн хүүхдүүд замын дундаас буцаж л байсан санагдана.
Цаг наргүй цэргийн албыг хашиж, эрдэм оюуныг хослуулан эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа цэргийн алба хаагчид 25 жилийн өмнөх өдрүүдээ дурсан оны цэрэг, рот, салааныхаа сонсогч нэг бүрийнхээ нэрийг дурдан хэн, хаана, хэрхэн ажиллаж байгаа тухай ам уралдан бахархалтай нь аргагүй дурсан ярьсаар л байна. Өдгөө тэд төрийн албаныхаа нэр хүндийг өргөсөн эрхмүүд болжээ. Өнөөдрийн байдлаар 1993-1997 оны төгсөгчдөөс 60 гаруй хувь нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад ажиллаж байна. Энэ хамт олноос хурандаа Д.Баасандамба бүх шатны цэргийн сургууль, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөөд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирлаар томилогдон ажиллаж, хурандаа С.Ганбямба мөн ОХУ-ын Жанжин штабын академид амжилттай суралцаж явна. Хурандаа А.Уламбаяр, С.Баяр-Очир, Ц.Буяндэлгэр нар ЗХЖШ-т хэлтсийн даргаар, хурандаа Ц.Жавхланбаатар, Д.Батзориг, Г.Отгонбаяр нар ХЗЦК-д хариуцлагатай алба хашиж байна. Хурандаа Н.Гантөмөр, О.Банди, дэд хурандаа П.Чинзориг, Ч.Бат-Эрдэнэ нар ЗХЖШ-т, хурандаа Ж.Молорболд АНУ-д, хурандаа Х.Амарбаясгалан УИХ-д хариуцлагатай алба хашиж байна. Хурандаа Т.Лодойдамба, Б.Баатар, М.Болдбаатар, Ж.Өсөхбаяр, С.Болдбаатар, О.Баянжаргал, Ц.Батсайхан, Г.Чулуунзагд нар Зэвсэгт хүчний ангиудын захирагчаар, хурандаа Б.Энхбаатар, Н.Энхбат, С.Батхуяг, Л.Мөнхбат нар нийслэлийн дүүрэг болон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар, хурандаа Н.Анхбаяр Тагнуулын Ерөнхий газарт тус тус ажиллаж байна. Дэд хурандаа Х.Батбилэг, А.Чинбат, С.Мөнхжаргал, С.Энхмөнх, Д.Эрдэнэбилэг, Д.Мягмарсүрэн, П.Түмэнжаргал, Д.Баасанням, Б.Одхүү, С.Чинбаяр, Д.Ганбат, Ш.Гочоосүрэн, Ц.Эрднэбаяр, хошууч Д.Алтанбаяр нарын олон офицер Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, байгууллагад ажиллаж байна. Ийм олуулаа удирдах алба хашиж, цэргийн өндөр цолонд хүрч хариуцлагатай албанд ажиллана гэдэг аргагүй л бахархал юм аа. 
1993 оны зун, намар тэдний хувьд хүүхэд насны гэгээн дурсамжуудаар дүүрэн үе байв. Бага насны дурсамж бүр гэгээхэн байдаг. Хүүхэд болсон хойно нэгнийгээ шоглох, цаашлуулах явдал бишгүй л байж таарна. Гэхдээ тэр бүгдэд нэг нэгэндээ өс санаж, гомдож, туниад байдаггүй нь хамгийн сайхан. 1994 оны намрын өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Налгар” хэмээх газар сургуулийнхаа хэрэгцээт төмс, хүнсний ногоог хураахаар үүрийн 5 жингээр цэргийн командаар босож үдшийн бүрий хүртэл тариа ногооны талбай дээр ажиллаж байсан үеийг эргэн санахад залуу нас, сонсогч ахуй цагаа гэж бодол оюун нь сэргэг, булчин шөрмөс нь чанга нас юм даа гэж бодогддог. Амьдралд мартагдахааргүй олон дурсамж байдаг ч сонсогч цагийнх нь хамгийн гэгээнээр сэтгэлд үлддэг. Эдний хэнтэй нь ч уулзаж ярилцахад намрын ургац хураалт, сургуулийнхаа хашаанд 330 метрийн тойрогтой 500 гаруй хүний суудалтай стадионыг барих гэж Оросын цэргийн ангийн хуучин барилгын суурийн блокийг ухаж гаргах, сургуулийн хуучин хашааны чулууг үүрч зөөх. сургуулийнхаа орчныг зүлэгжүүлэх зэрэг ажлыг хийж байснаа дурсдаг. 1993 онд элссэн сонсогчид маань төрийн албанд зүтгээд 25 жил өнгөрч байгаа ч эргэх холбоо сайтай хамт олон ажээ. Орчин цагт онлайнаар тогтмол уулзаж сонин сайхнаа хуваалцаж байдаг. Удахгүй энэ ондоо багтан уулзалдаж залуу насныхаа дурсамжийг сэргээхээр төлөвлөж байгаа гэнэ.
Сонсогч насны дурсамж гэдэг хүний сэтгэл дотор гэнэн цайлган цагаахнаараа үүрд оршиж байдаг болов уу. Цаг хугацаа өнгөрсөн ч гэлээ нэг оныхоо нөхдийг яг л хүүхэд насных нь ааш зан дүр төрхөөр нь хүлээн авдаг хүмүүс бол яах аргагүй цэрэгт нэг онд ирсэн онжавууд билээ. Цэргийн их сургуулийн Офицерын сургуулийн удирдлага, дарга, захирагч нараас сонсогчдод эрдэм боловсролоос гадна эрийн жудаг, эрэмбэ зиндаа, эх оронч үзэл, эвсэг нөхөрсөг хамт олныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, ирээдүйн цэргийн шилдэг дарга нар болгох тал дээр байнга анхаарч олон зүйлийг зааж сургасан билээ. Цэрэг хүний цэгцтэй, журамтай, үнэн агаад цөөн үг, үхлээс ч айхгүй эр зориг, зүрх сэтгэл улс, эх орноо батлан хамгаалахад үеийн үед хэрэгтэй гэдгийг сонсогч бүрт ойлгуулахын төлөө ажилласны үр дүнд өнөөдөр олон шилдэг дарга, захирагч нар төрөн гарч Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд нэр төртэй хөдөлмөрлөж явна. 
Энэ богинохон дурсамжийг бичих үед өөрийн эрхгүй л та нарыгаа үгүйлж та бүхнийгээ удирдан зохион байгуулж, буруу зүйлд нь хатуу байж, зөв зүйлийг нь дэмжин урмын үг, ухаан сэтгэлээ зориулж явсан захирагч, дарга нарынхаа өмнөөс талархаж бахархан дараах мөртийг зориулав. 
Эх орноо хамгаалахад
Эрдэм оюунаа дайчилсаар
Энхийн төлөө үйлсэд
Эрэмгий чадвараараа шалгарсаар
Офицерын сургуулийнхан одтой явна
Олны дунд нэртэй явна.
Сайн үйлс бүхэн дэлгэрч, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.
Бэлтгэл хурандаа Б.Жуваа
 
БИД ОНЖАВУУД
“Онжав”-Сонсоход их энгийн мөртлөө мэддэг, ойлгодог хүнд өөрийн эрхгүй дотно сэтгэгдэл төрүүлнэ. Олон хүнийг энэ ганц үг хэн хэнээс илүү ойртон дотносуулж, хүний хорвоогийн жаргал зовлонг хуваалцах түлхүүр болдог ч юм шиг. Сонсогч ахуй цагтаа ээнэгшин дасаж, насан туршийн нөхөрлөл үүсгэсэн нөхдийнхөө тухай дурсахад энэхүү үгний утга учир бүр ч тодрох. Шинэхэн сонсогч болж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, ээжийн өврөөс гарч эх орны хүү болох гарааг хамтдаа баяр гуниг, хөгжил баясал, алдаа оноо бүхэнтэйгээр эхлүүлж байсан үе саяхан мэт санагдавч хэдийнээ 25 жил өнгөрчээ. 
Цэргийн сургуулийн өндөр босгыг алхан орсон 1993 он. Цэргийн Их сургууль нэртэйгээр зохион байгуулалт, бүтцийн хувьд шинэчлэгдээд тун удаагүй байсан үе юм. Сонсогчид бүгдээр тэрхүү бүтцийн дагуу Офицерын сургуульд харьяалагдаж сурах эрдэмд шамдаж, уг шинэ байгууллагын түүхийг хамт бичилцэж эхэлсэн билээ. Тэр жил мөн Цэргийн Их сургуулийн Ахлагчийн сургууль анхны элсэлтээ авч өнөөгийн мэргэжлийн Зэвсэгт хүчний үндэс суурь болсон ахлагч нарыг бэлтгэж эхэлснээрээ бас нэгэн онцлогтой байсан болов уу. 
Офицерын сургуулийн захирлаар дэд хурандаа Д.Пүрэвдорж, орлогч нараар дэд хурандаа Б.Жуваа, З.Баярмагнай, ротын даргаар ахмад Б.Чинбат, хошууч А.Баатар, Ж.Батхүү, курсын даргаар Н.Ганзориг, Б.Дэнзэнболд, Цог-Эрдэнэ, М.Болд, Д.Эрдэнэдалай, А.Энхболд, Нармандах нар ажиллаж бидний нөхдүүдийн аавын оронд аав, ахын оронд ах болж цэргийн анхан шатны болон цэргийн хэргийн мэдлэгтэй болгож, Зэвсэгт хүчинд цаашлаад эх орны төлөө зүтгэх зорилготой, хүсэлтэй, тэмүүлэлтэй нэгэн болж төлөвших үндсийг тавьсныг дурсан санахад таатай байна. 
Нэгдүгээр рот буюу Командын ротод ерөнхий цэргийн “А”, “Б”, артиллер, ар талын курсууд харьяалагдаж байсан бол Инженерийн хоёрдугаар ротын бүрэлдэхүүнд зэвсэг, радио техник, зенитийн курсын онжавууд, Инженерийн гуравдугаар ротын бүрэлдэхүүнд авто, холбоо, танкын курсын сонсогчид багтаж Офицерын сургуулийн цөм болж байлаа. Тэр жил 200 гаруй хүүхэд ЦИС-д элсэн орж, дээр дурдсан 9 мэргэжлээр суралцахаар хуваагдан цэргийн анхан шатны бэлтгэл буюу карантиныг эхлүүлж байсан юм. Дөрвөн жил сурах хугацаанд хөгжилтэй зүйл олон тохиолдож байснаас бидний сэтгэлд хээрийн гаралт, намрын ургац хураалт, кино зураг авалт, цэргийн хэргийн дадлагууд тод томруун үлджээ. Одоог хүртэл бидний уулзаад ярьдаг сэдвүүдийн дунд сонсогч үеийн маань энэхүү хөгжөөнтэй, хоржоонтой, сэтгэлд дотно үйл явдлууд хүндтэй байр суурийг эзэлдэг.
Мэргэжлийн тэнхимийн үүрэг, оролцоог энд бас тодотгох нь зүйтэй болов уу. Тухайн үеийн тэнхимийн дарга нар маань ЦИС-ийн захирлын зөвлөлд ордог, мэргэжлийн талаасаа тэргүүлэх зэргийн дарга нар байсан. Жишээ нь хошууч генерал М.Борбаатар, хурандаа Ж.Намнан, хурандаа Довчинбавуу, хурандаа Санжсүрэн, хурандаа Сумъяа хурандаа нар гээд маш олон нэр хөврөх нь. Түүнчлэн тэр үеийн багш нараа дурдахгүй өнгөрч болохгүй бөгөөд нэр, албан тушаал, цолыг нь бичих гэвэл нэг биш нэжгээд бичгийн цаас хэрэг болох бөлгөө.
Өнөөдөр бид Зэвсэгт хүчинд тодорхой байр суурийг эзэлж дээд болон дунд шатны удирдах түвшинд амжилттай ажиллаж байгаа нь сургуулийн удирдлага, багш нар, ажилтан алба хаагчид хийх ёстой зүйлээ өндөр түвшинд гүйцэтгэсний тод илрэл юм. Бидний дундаас ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга, ууган сургуулийнхаа Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хэлтсийн дарга нар, Цэргийн зэвсэглэлийн болон Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ХЗЦК-ын хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний 015, 016, 123, 150, 310, 325, 327, 330 дугаар захирагч, Баянгол, Налайх дүүрэг болон Говь-Алтай, Хөвсгөл аймгийн цэргийн штабын дарга зэрэг албан тушаалд ажиллаж байна. Үүний зэрэгцээ энгийн салбарт Д.Туруунбаатар, С.Батдорж, Э.Батгэрэл, Ц.Уламбаяр, Ц.Баярсайхан, Б.Батсайхан, У.Ууганбаяр, Д.Баярболд, Б.Баянбат, Д.Урантулга, Н.Түмэнбаяр зэрэг олон онжавууд маань компани байгуулан удирдаж, төрийн болон бусад албанд өндөр албан тушаал хашиж, хувиараа хөдөлмөр эрхэлж, амжилт бүтээлээр дүүрэн явааг дурдахдаа таатай байна. 
Ингээд 1993 онд ЦИС-д элсэн орж цэргийн тогооноос хамт хооллон, цэргийн байранд хамт амьдарч, “марина” чирэн шал өнгөлөн, хээр окоп хамт ухан хонож ижилдэн дассан онжавууддаа Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбож, эх орныхоо төлөө тангараг өргөсний 25 жилийн ойн баярын мэнд хүргээд, цаашдынх нь ажил хөдөлмөрт нь их амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөж, энэхүү богинохон дурсамжаа өндөрлөе. 
ЗХЖШ-ын АТГ-ын МХТХХ-ийн дарга, хурандаа С.БАЯР-ОЧИР
 
ЧАНГА, ХАТУУ ШААРДЛАГА БИДНИЙГ ЖИНХЭНЭ ЦЭРГИЙН ХҮН БОЛГОСОН
 
Дархан хотод дунд сургууль төгсөөд Цэргийн их сургуульд тэнцэж, Цэргийн хэлтсийн даргаас гардаж авсан суралцах эрхийн бичиг нь миний амьдралын томилолтын хуудас байжээ. Эхэн үедээ бэрхшээл бишгүй байсан ч 1993 онд 1 дүгээр курст хамт элссэн 100 гаруй үе тэнгийн нөхөд, курсын 25 сонсогчтой дотносч, цэрэг хүний нөхөрлөлийн шижим, дэмжлэгээр 4 жилийг ардаа орхиж, Зэвсэгт хүчний эгнээнд шилжээд даруй 25 жил улиран одсон байна.
Манай оныхны хувьд сурлагын амжилтаар нь 3 дугаар курсээс салааны захирагчаар дэслэгч цолтой, 4 дүгээр курсээс нь ахлах дэслэгч цолтой төгсгөж, ротын захирагч, түүнтэй адилтгах албан тушаалд томилдог байсан цэргийн боловсролын “шаталсан” тогтолцооны өөрчлөлтийг биеэрээ туулж, 3 курс төгсөхөд 40 хувь нь цэргийн дипломын боловсролтойгоор анги, салбарт томилогдож байлаа. Энэ тогтолцоо зөвхөн манай оныхонд л хэрэгжээд дууссан болов уу. Хожим эдгээр залууc маань ЦИС-даа дахин 1 жил суралцаж, олонх нь бакалаврын боловсролын зэргээ хамгаалж чадсан юм. 
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааны эрчимтэй хөгжлийн гараа биднийг салаа, салбар, ангийн штабт ажиллах хугацаанд тохиосон бөгөөд 1993 онд Цэргийн тангараг өргөсөн онжавууд дундаас дэлхийн 10 гаруй улсын янз бүрийн шатны, төрөл мэргэжлийн цэргийн академи, сургууль, Үндэсний Батлан хамгаалах удирдлагын академийн төгсөгчид төрөн гарсан нь тоо, чанарын хувьд бусад оныхноосоо тохой илүү явах бас нэгэн үндэс юм.
Өнөөдрийн офицер бэлтгэх тогтолцоотой харьцуулахад цалингаа ч тавьж хүчрэхгүй тийм төсөв, санхүүтэй байсан атлаа БХЯ, ЗХЖШ-аас сонсогчдыг жилд 4-өөс доошгүй удаа Шархад, Таван толгойн Сургалтын төвд хээрийн дадлага, буудлага, жолоодлого хийлгэж, жил бүрийн хавар ЦИС-ийн батальоны байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зохион байгуулж, мэргэжлийн анги, байгууллагуудад засвар, үйлдвэрлэлийн дадлагад тогтмол хамруулах зардал, хөрөнгийг харамгүй гаргаж байсан нь сургалтын чанар, төгсөгчдийн чадавхад үзүүлсэн үр нөлөө нь өндөр түвшинд байсны илрэл. 
Бидний ЦИС-д суралцаж, төгссөн цаг хугацаа нь ардчилсан Монгол Улсын шинэ цагийн Зэвсэгт хүчнийг байгуулж, бэхжүүлэх их ажлын эхлэлтэй таарч, армийн анги, нэгтгэлүүдийг олноор татан буулгасан, офицерууд зах зээл хөөж, олноороо иргэний салбарт шилжсэн, боловсон хүчний нөхөн хангалтын хувьд ээдрээтэй цаг үетэй давхацсан билээ. Иймээс манай оныхноос Элитийн батальоны анхдагч олноор төрж, олонх онжавууд маань салаа, салбар, ангийн удирдлагын түвшинд хурдан өсөн дэвшиж, энхийг дэмжих ажиллагаа, англи хэл, барууны цэргийн сургуулиуд гэсэн шинэ шинэ боломжуудыг алдалгүй ашигласан гэж боддог.
Тухайн үеийн ЦИС-ийн удирдлага, багш нарын мэргэжлийн ур чадвар, сурган хүмүүжүүлэх ухаан, офицеруудын чанга, хатуу шаардлага, дээд курсын ах нарын нөлөөлөл, үлгэр дуурайл, онжавуудын нөхөрлөл гээд энэ бүхэн нь Офицерын сургуулийн цэгцэрсэн жагсаалаас Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд томилогдон өнөөг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнчээр, нэр төртэй ажиллах их үйлсэд хөтөлсөн гэдэгтэй бид санал нэг явдаг. 
Сурган хүмүүжүүлэх, мэргэжил эзэмшүүлэх явц дахь чанга, хатуу шаардлага, байнгын дасгал, сургуулилт нь манай үеийхнийг хүмүүжүүлсэн гол арга, хэрэгсэл байжээ гэдгийг онцлон тэмдэглэе.
 
 
ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Д.БААСАНДАМБА
Эх сурвалж: "Соёмбо" сонин