sonin.mn
Монголын тайз, дэлгэцийн урлагийн түүхийг бичилцсэн эрхмүүдийн нэг Монгол Улсын гавьяат жүжигчин З.Жарантавтай ярилцлаа.
 
-Хүмүүс таныг Цэргийн хүү" гэдэг юм билээ. Энэ таны кино урлагт бүтээсэн анхны дүр үү?
 
-Анх 1965 онд "Өглөө" киноны "Сэлэм" Тогмидын дүрд тоглодог Цэрэндорж дипломын ажлаа "Цэргийн хүү" киногоор хамгаалах болж, намайг ямар ч шалгаруулалтгүй эмчийн дүр бүтээлгэхээр болсон. Кино урлагт хөтөлсөн энэ аугаа хүнийг би багш хэмээн хүндэлдэг. Мөн миний анхны уран бүтээлийн аав, ээж хоёр болох, Монгол Улсын гавьяат жүжигчин кино найруулагч Хишигт, Ховдын театрын жүжигчин Догмид гуайг би хайрлаж хүндэлж явдаг. "Цэргийн хүү" кинонд эмчийн дүр бүтээснээс хойш хүмүүс "Цэргийн хүү явж байна" гээд, хүүхнүүд захиа өгч, хүүхдүүд хойноос дагаж гүйдэг байлаа. "Цэргийн хүү"-гээ үзэхээр залуу нас гэдэг ямар сайхан юм бэ гэж өөрийн эрхгүй бодогддог. Би 25 настайдаа энэ кинонд тоглосон юм. Заримдаа толинд хараад "Жарантав аа, чи хөгширч дээ. Хүний нас гэдэг богинохон юм байна" гэж боддог. Тухайн үед Кино үйлдвэрээс шинэ уран бүтээлд тоглуулах санал их ирнэ. Театр тэр бүр зөвшөөрдөггүй байсан. Сонирхуулж хэлэхэд, Эрүүл мэндийн яамны сайд Нямдаваа гуай 1990 онд эмчийн дүрд тоглосон жүжигчдийг хүлээн авч уулзсан юм. Намайг орчин үеийн эмчийн дүрийг, С.Зориг агсны ээж Г.Доржпалам гуайг мэргэжилтэн эмчийн дүрийг, Л.Жамсранжавыг ардын эмчийн дүрийг бүтээсэн гэж тавин мянган төгрөгөөр шагнаж байлаа.
 
-Та ихэвчлэн эсрэг дүр бүтээсэн байдаг. Тухайлбал, "Сухомленский гэдэг чинь кино жүжигчин бил үү" гэж хээв нэг асуудаг зальжин эрийн дүрээрээ алдартай. Бүтээсэн дүрээрээ ард түмнийхээ дунд мөнхөрнө гэдэг ховор тохиох аз. Та бүтээсэн дүрээрээ дуудуулах дуртай л биз дээ?
 
-Би 30 гаруй кино, 150 орчим жүжигт гол болон туслах дүр бүтээсэн. "Уулзалт" киноноос эхлээд айлын авгай салгаж, хүүхэд өнчрүүлсэн зэрэг эсрэг талын дүрд тоглож эхэлсэн. "Хатанбаатар Магсаржав" киноны үхсэн хүний алтан шүд сугалж авдаг гамин цэргийн дүр байна. Энэ киноны дараахан Дарханд амьдардаг дүү рүү минь найз нь утасдаж "Танай ах чинь гамин цэрэг болчихсон хүн алж байна. Чи тэр гамин ахыгаа харсан уу" гэж хэлсэн гэдэг. Дүү түүнд нь эмзэглэж "Жарантав ах аа, яагаад гамин болж байгаа юм бэ" гээд уйлж байж билээ. Дараа нь "Мандухай сэцэн хатан" кинонд  Далай гэдэг хятадын дүр бүтээсэн. Монголын талд үйлчилсэн учраас намайг цаазаар авдаг хэсгийг Ж.Батмөнх дарга үзээд "БНХАУ-ын харилцаа наашилж байхад хятадыг хятадаар нь цаазлуулж болохгүй" гээд тэр хэсгийг хасуулсан юм.
Гол дүрээс дутахгүй үүрэг, хариуцлагатай дүр байсан юм. Тэгээд Б.Балжинням найруулагч "Хулгар чихт" гэдэг жижиг дүрд намайг тоглуулсан түүхтэй. Дараа нь "Би чамд хайртай" киноны Баяраагийн аав, "Үлгэр дууссан хойно" киноны зээрийн цус уудаг даргын дүр гээд нэрлэвэл олон. Нэг хэсэг Б.Балжиннямын жүжигчин нэртэй байлаа. Гэхдээ би эсрэг дүрд тоглох дуртай. Эсрэг талын дүр хүний дутагдлыг хэлж өгдөг. Яг үнэндээ би их зөөлөн хүн шүү дээ. "Би чамд хайртай" кинонд Баяраагийн аав Самбуу гэж нэг их зангиа зүүсэн даргын дүрийг бүтээсэн. Гэртээ номын сан дүүрэн номтой, зальжин, хээл хахуулиар баяжсан. Ном харахаараа зөвхөн эрүүгийн хуулийг нь харчихдаг. Сурган хүмүүжүүлэх ухаанд тэгж заасан байдаг гээд л их мэдэгчийн дүр эсгэнэ. Хичээлийн эрхлэгч "Сухомленский хэлэхдээ "Хүн бүр математикч болох албагүй. Гэхдээ аав, ээж болдог" гэхэд нь "Сухомленский гэдэг чинь кино жүжигчин билүү” гэж асуудаг. Иймхэн юман дээр мэдлэггүй, дүр эсгэгч гэдгээ харуулж байгаа юм. Урлаг гэдэг ийм л хүчтэй. Бүтээсэн дүрээрээ дуудуулна гэдэг уран бүтээлийн минь нэг хэсэг хүмүүсийн сэтгэлд хүрсний илрэл. Нэрт жүжигчин Цагааны Цэгмид гуай "Ямар ч дүрийг бүтээхэд судалгаа хамгийн чухал" гэж хэлснийг санаж явдаг.
 
-Нэгэн тайзнаа амьдарч явсан алтан үеийнхнээ санаж, ганцаардах үе гардаг уу?
 
-Алтан үеийнхнийхээ сургаалыг сонсон, тэдний дунд өсч өндийсөн азтай хүн шүү би. Би 1967 онд Улсын багшийн дээд сургуулийг төгсөөд Драмын театрт жүжигчнээр орсон. Театрт ирээд Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Рэнцэнноров, Ц.Раднаа гэдэг хоёр аугаа хүний шавь болсон. Ер нь театрын маань ахмад буурлууд, алтан үеийнхэн биднийг зэмлэхдээ зэмлэж, аргадаж, өөд нь татаж сайн жүжигчин болгохын төлөө зүтгэж явсан. Театрын амьд архив гэвэл одоо би л байна. Манай театрын тулгын гурван чулуу гэгддэг Э.Оюун, Л.Ванган, С.Гэндэц гэж гурван хүн байлаа. Дараа нь Ардын жүжигчин Цагааны Цэгмид, Д.Ичинхорлоо, Т.Хандсүрэн, Г.Мижиддорж, Д.Бат-Очир, Д.Чимэд-Осор, Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Б.Дашдаваа нарын эрхмүүд Монголын урлагийг авч явлаа шүү дээ. Тэр хүмүүс агуу их авьяастай хэрнээ ямар даруухан хүмүүс байсан. Би эдгээр аугаа хүний ясыг барьсан. "Үер" киноны Болд өвгөний дүрийг бүтээсэн С.Гэндэн багш өөрийгөө их чамладаг. "Багш нь Монголын кино урлагийн түүхэнд гологдол юм хийчихлээ" гэж халаглаж байсан нь "Сэрэлт" кино. Кино зохиолыг нь Л.Ванган багш бичиж, С.Гэндэн багш найруулагчаар нь ажилласан. С.Гэндэн багш "Би киног монтажилж чаддаггүй юм байна. Дахиж кино найруулахгүй ээ" гэж өөрийгөө голж байсан юм. Гэхдээ "Сэрэлт" бол сайн кино. Одоо театрын хаалгаар ороход алтан үеийнхний минь, найз нөхдийн минь дуу хоолой сонсогдох шиг болдог. Үнэнийг хэлэхэд надад их хэцүү байдаг. Цаг үеэсээ түрүүлж төрсөн, цаг үедээ ойшоогдоогүй, ойлгогдоогүй дэлхийн сонгодог бүтээлчид яаж зовж байсан бол гэж би хааяа боддог юм. Надад давчдах үе олон байдаг. Наад зах нь л бидний үед нэг жүжгийг гурав, дөрвөн сар нухаж байж гаргадаг байсан. Одоо бол долоо хоногийн дотор нэг жүжиг "үйлдвэрлэж" байна.
 
-Таныг тэтгэвэрт гарахдаа соёлын тэргүүний ажилтан болсон гэдэг. Гавьяат жүжигчин хэмээх цолыг хэдэн онд хүртсэн юм бэ?
 
-Р.Гончигдорж Бага хурлын дарга болонгуут 25 жил ажилласан хүмүүсийг тэтгэвэрт нь гаргах шийдвэр баталсан. Тэгээд 1990 онд Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай бид хоёр тэтгэвэрт гарч билээ. Би театрт байхдаа шилдэг дүрийн шагналыг дөрвөн удаа хүртсэн, төрийн концерт хөтөлдөг лут амьтан байлаа. Гэхдээ энгэртээ зүүх ойн медальгүй байсан. Тэгээд 29 жил ажиллаад тэтгэвэрт гарахад минь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол олгосон. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин цолоо хожим 2001 онд авсан.
 
-Та төрөлх театраараа орж, залуу үеийнхэнтэйгээ уулзаж байна уу?
 
-Академик театртаа жилд хоёр удаа ордог болжээ. Цагаан сар, ахмадын баяраар биднийг хүлээж авдаг юм. Тэр бүрт залуу жүжигчидтэйгээ уулзаж амждаггүй.
 
-Та урлагт нэгэн жарныг зориулж, авьяас тэтгэвэрт гардаггүйг баталсан уран бүтээлч. Урлагийн дэг соёлоос баримталдаг зарчим тань юу вэ?
 
-Урлаг хүнд мэдрэмж, гоо зүйн мэдлэг өгдөг. Хүнийг олны өмнө соёлтой байлгадаг. Урлагийн хүн болно гэдэг ард түмэнд танил болж буй хэрэг. Н.Рэнцэнноров, Ш.Долгор багш нарынхаа "Жарантав минь чи хаана ч явсан үргэлж тайзан дээр байна гэж бодоорой" гэж хэлсэн үгийг мартдаггүй. Би урлагийн хүн учраас ард түмний өмнө гарч байгаа нь тайз л гэсэн үг. Тиймээс үргэлж тайзтайгаа явж байдаг. Урлагийн соёл, ухааныг хүнтэй ярих, харилцах бүртээ анхаарах ёстой. Тэр бол жинхэнэ ард түмнээ хүндэлж байгаа хэрэг. Ард түмэн байхгүй бол бид юу юм бэ. Жүжигчид, театр оршин тогтнохгүй шүү дээ. Тийм учраас урлаг хүний дотоод сэтгэлийг нээж, гаргадаг шинжлэх ухаан. Би одоо тэтгэврийн өвгөн ч урлагийн буянаар хоёр идэж, хоосон хонохгүй амьдарч байна. Миний бие залуудаа зовж явсны хүчээр энэ авьяас, чадварыг бий болгосон. Би хөгжим сурах, бүжиглэх, дуулах гэж өөрийгөө зовоосон. Надад 12.00 цагт арван хуудас шүлэг өгөхөд, орой 17.00 цагийн Төрийн концертод цээжлээд уншчихдаг байлаа.
 
-Таныг төрийн концертын хөтлөгч байсан гэж ярьдаг. Тухайн үеийн хамгийн шилдэг уран бүтээлчид л Төрийн концертод оролцдог байсан шүү дээ. Энэ хүндтэй арга хэмжээг хөтөлнө гэдэг амаргүй ажил байв уу?
 
-Би 1965-1988 оны төрийн концертыг хөтөлсөн. Мөн Монголд зохион байгуулсан гадаадын концертуудыг хөтөлдөг байлаа. Тухайлбал, Молдавын үндэсний чуулга, ЗХУ-ын Улаан тугийн одонт, Борис Александровын нэрэмжит цэргийн дуу, бүжгийн чуулгын тоглолтыг хөтлөх нэр хүндтэй үүргийг хүлээсэн ом. Борис Александровын нэрэмжит цэргийн дуу, жүжгийн чуулга Монгол ирэхэд хөтлүүлэх жүжигчин олдоогүй ом. Маш их хэмнэлтэй, өргөж хөтлөх ёстой байв. Монголын талын хөтлөгчийг шалгаруулах гэж бүхэл бүтэн оркестр, вокалистуудтайгаа цаг гаруй сууж, Б.Александров генерал хувцсаа өмсчихсөн, хөмсгөө зангидаад Ю.Цэдэнбал дарга руу ярьж "Танайд жүжигчин байдаггүй юм уу" гэж асуужээ. Тэгээд дарга Д.Лхасүрэн гуай руу ярьж "Төрийн концерт хөтлөөд байдаг З.Жарантав хаана байна. Шалгаж үзсэн үү. Түүнийг дууд" гэж тушаажээ. Тэгээд намайг дуудаж, би очсон. Тайзнаа гарахын өмнө Д.Лхасүрэн гуай "За миний хүү. Монгол Улсынхаа төлөө чиний зүтгэх цаг ирж, хичээгээрэй" гэв. Миний дотор пал гээд л явчихсан. Тэгээд тайзан дээр гарлаа. Оросын талаас ЗХУ-ын гавьяат жүжигчин Леонов гэж залуу хөтөлсөн юм Тэр залууг зарлахаар нь дуурайгаад өндөр дуугаар, өргөлттэй зарласан чинь Борис Аександров гуайн царай сэргэж намайг хөтлөгчөөр авч билээ. Би тэр тоглолтоос хөтлөгч ямар байх ёстойг сурсан. Гэтэл одооны хөтлөгч нар нэг их юм яриад л зогсоод байдаг. Дундуур нь шүлэг уншаад тоглолтын утгыг алдуулдаг. Үзэгчид дунд суугаа гадаадын хүмүүст хөтлөгчийн яриа сонин биш. Дууг ямар алдартай хэн гэдэг хүн зохиосон нь ч чухал биш. Дуу л чухал. Үнэхээр сайн бүтээл, сайн дуучин гэдгийг мэдрэхэд хэл усны ялгаа хамаагүй шүү дээ.
 
-Сэдвээсээ бага зэрэг хазайя. Таны үеийнхнээсээ залуу, толиотой харагддагийн нууц юу вэ?
 
-Би архи, тамхи хэрэглэдэггүй. Өдөр тутмын хэрэглээгээ зохицуулж сурсан. Хөнгөн, шингэн байдаг минь явган явдгийн л үр дүн. Бас хобби болсон баянхуур хөгжим минь жингээ барихад нөлөөлдөг. Хөгжмөө тоглохоор хоёр гар, цээжний булчин янзтай ажиллана шүү дээ. Тэгээд ч дуртай хөгжмийн ая эгшиглэхээр тархи толгой аяндаа сэргэдэг. Хүн хөгширч биш хөшиж үхдэг. Миний аав 102 насалсан. 101 настайдаа торохгүй алхдаг хөнгөн шингэн хүн байж билээ. 
 
-Нийслэлчүуд анх удаа 2001 онд Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон барьж, төв талбайдаа шинэ оноо угтсан. Тэгэхэд та өвлийн өвгөн болсон байх аа?
 
-Тэр жилийн он солигдох мөч их сайхан болсон. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир зэрэг төрийн дээд албан тушаалтнууд ард түмэнтэйгээ шинэ оноо угтсан. Хотол түмнээрээ цуглаад сайхан тэмдэглэж билээ. Тэгэхэд надад "XXI зууны анхны өвлийн өвгөн" гэсэн өргөмжлөлийг хотын захиргаанаас өгч байсан юм. Дараа нь XXI зууны анхны Санта Клаус болсон.
 
-Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон өвлийн өвгөний дүрийг Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай бүтээсэн. Та өвлийн өвгөн болохдоо ямар зарчим баримталдаг вэ?
 
-Сонирхуулж хэлэхэд, Г.Гомбосүрэн гуай 1988 онд Монголын хүүхдийн ордны өвлийн өвгөн болж, надад "Үйлдвэрчний соёлын ордны өвлийн өвгөнд би амжихгүй боллоо. Миний хүү тэнд очоод өвлийн өвгөн болоод өг" гэв. Би ч зөвшөөрсөн. Г.Гомбосүрэн гуай "За хүү минь салганасан, өвчтэй юм битгий хийгээрэй дээ. Хойд мөсөн далай, цас мөсний орноос цана чаргаар ирж байгаа тийм чийрэг хүн болох хэрэгтэй. Сонгодог өвлийн өвгөн болно шүү" гэж захисан юм. Эхлэл үг, төгсгөлийн үгийг нь би өөрөө хэлнэ. Их бодно оо. Үгний сайныг олох хэрэгтэй, хүнд их сургамжтай байх ёстой. Манайхны зарим нь өвлийн өвгөн болж халтуур хийнэ гээд таяг тулчихсан, салганасан, өвчтэй өвгөн болдог. Тийм өвгөн бол ямарваа нэг баяр ёслолд ороод хэмнэл унагана. Дээд зэргийн сайхан баяр цэнгэлтэй, цоглог, сүр жавхаатай байх ёстой. 
 
-Монголд хошин урлаг хөгжихөд та багагүй үүрэг гүйцэтгэсэн. Театрын дэргэд хошин урлагийн хамтлаг байгуулсан түүхээсээ хуваалцана уу?
 
-Театрын дэргэд хошин урлагийн хамтлагийг анх байгуулж, 1978 онд Монгол Улсын гавьяат жүжигчин З.Пүрэв, Б.Цэрэнпагма, Д.Цэрэндарьзав, Д.Сосор-барам, Б.Туяа зэрэг авьяастныг нэгтгэн бригадаар явж сум нэгдэлгүй тоглолт хийн театрын орлогыг хүртэл нэмэгдүүлж явсан. Би "Хасар" Б.Жаргалсайханыг урлагт хөтөлсөн. Д.Сосорбарам, Б.Туяа хоёрын дуулах авьяасыг нээж, Нийслэл хүүд төгөлдөр хуур анх заасан хүн нь би. "Ямар гоё юм бэ, алив би суръя" гэж Ж.Бүрэнбэх их сонирхсон. Сүүлдээ ноот сураад, цаашлаад Хөгжмийн дээд сургууль дүүргэсэн. Одоо дуурийн мундаг удирдаач болсон байна. Урлагийн бид хөдөөгүүр их явдаг байлаа. Би хөгжимдөнө, дуулна, илбэ үзүүлнэ. Хүмүүс намайг сайхан хүлээж авдаг.
 
 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин