sonin.mn
Улсын хэмжээнд 2018 оны мал тооллогын  дүн 25-нд гаргана. Мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өслөө. Энэ жил  80 саяад хүрэх болов уу гэсэн таамаглалыг салбарынхан хэлж байх юм. Тэдний  энэ таамаглал хол зөрөхгүй биз.
Малын ашиг шимийг хүртэх талаар уламжлалт аарц шүүх, ааруул тавих, бяслаг шахах, ээзгий ширгээх гээд цааш үргэлжлэнэ. Саалийн үнээ, чөдрийн морьгүй айл гэж байгаагүй. Тэр цагт өрх бүр үйлдвэрлэгч байжээ. Ийм цаг саяхан байсан талаар ахмадууд ярьдаг. Мал аж ахуй хот суурин газар төрж өссөн 60-аас доош насныханд   тийм ч хамаатай зүйл биш. Тэдний хувьд тус салбар хөдөө, эмээ, өвөөтэй нь зэрэгцэн төсөөлөгддөг  болов уу даа. Тэдний үр сад болох одоогийн нийслэлийн залуус малаас их л хөндийрсөн дөө. Гэхдээ хүнийхээ тоотой харьцуулах юм бол хотод цагаан хоолтон дэндүү цөөхөн дөө.  Тэнгэхээр хотын залуус махыг бол маш сайн мэдэх биз. Нүүдэлчдийн амьдарал сууриин байдал руу  шилжиж байгааг шинэ хэв маягийг  дагаад мах боловсруулах үйлдвэрийн салбарт эргэлт  гарчээ.
Мах комбинат (мах импекс)-ийг  байгуулагдахаас өмнө малыг  хөлөөр нь улсын хил давуулж байсан гэдэг. Тэгвэл одоогоор улсын хэмжээнд123 мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр цех ажиллаж байна. Задалж авч үзвэл нийслэлд 79 хөдөө орон нутагт 44 үйлдвэр байгаа гэсэн тоо баримт бий. Эдгээрээс давхардсан тоогоор найм нь мах ангилах,115 нь дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн (хиам, нөөшилсөн мах) үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрүүд  хоногт 128 тонн  бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай.  
Махыг инпортлогч орны магадлан итгэмжлэлд  хамрагдсан үйлдвэр, тухайн улсаас тусгай  зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж экспортолдог онцлогтой гэнэ. Одоогоор БНХАУ-д адууны мах  болон хонь, ямаа, үхрийн махыг бэлтгэн тусгай зөвшөөрөлөөр экспортолдог аж ахуйн нэгж байна. Түүнээс гадна дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортолдог. Мөн ОХУ мах, махан бүтээгдэхүүнийг  29  аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлөөр экспортолдог байх жишээтэй. Хоёр хөршөөс гадна Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн махыг дөрвөн аж ахуйн нэгж экспортолдог байх юм. Киргиз, Казкастан, Япон улсад инпортлогч улсын хорио цээрийн шаардлага, аж ахуйн нэгж хоорондын гэрээ хэлэлцээрт үндэслэн мах махан бүтээгдэхүүн экспортолж байна.
Тус салбарынхан  2018 оны эхний 11 сарын байдлаар 43,2 мянган тн  мах экспортолжээ. Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мах, махан бүтээгдэхүүний экспортыг 50 мянган тн-д хүргэх зорилт тавьжээ . Энэ зорилтын хэрэгжилт оны эхний 11 сарын байдлаар 88 хувьтай байна. Харин 2018 оны эцэст бүрэн биелэх боломжтой гэж ХХААХҮЯ мэдээллээ. Махны экспортын орлого 104 сая ам.долларт хүрчээ. Махны экспортийн  хэмжээ өсч тавьсан зорилтод хүрэх нь. Энэ бол сайн мэдээ.
Махны  гадаад зах зээлээ тэлэхийн тулд БНХАУ, ОХУ Вьетнам, Казакстан улсын өөр өөр бүс нутгуудтай  хэлцэл хийж хамрах хүрээг нь өргөжүүлэх  гэнэ Харин шинэ зах зээлд нэвтэрхийн тулд Саудын Араб, Хонконг, Узбекистан, Кувейт улстай яриа хэлэлцээр эхлүүлсэн гэж энэ салбарынхан ярьлаа. Энэ бол махны экспортын өнөөдрийн болон маргаашийн дүр төрх билээ.
Харин махны зах зээлийн дотоод дүр төрх  өөрчлөгдөх суурь тавигдаж эхлэв бололтой. Тэдгээрээс энд  саяхан зарлагдсан ганцхан жишээг онцлох нь зөв гэж үзлээ.  ХААН Банк санаачлан   “Эрээн бухт” ХХК, “Эрдэнэт мах маркет” ХХК, “Дархан минж” ХХК-ний оролцоотой дөрвөн  талт сүлжээ байгуулсан гэж мэдээллээ. Сүлжээнд оролцогсод өөр өөрийн хүлээсэн үүрэгтэй гэнэ. Тодруулж хэлбэл “Эрээн бухт” компани тодорхой заасан бүс нутгийн малчдаас шаардлага хангасан мал худалдан авч 2-3 сар бордоно. Түүнийг “Эрдэнэт мах маркет” компани үйлдвэрийн аргаар нядалж, махыг ангилан савлаж хэрэглэгчдэд хүргэнэ. Тэгвэл “Дархан минж” компани арьс ширийг нь тус үйлдвэрээс худалдан авч нэмүү өртөг шингэсэн бэлэн хувцас болгож экспортлоно. Санаачлагч банк оролцогч аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөлөөр санхүүгийн дэмжлэг үзүүлж тэднийг холбогч гүүр болон ажиллах аж. Энэ бол мал аж ахуй түүн дотор  мах, арьс ширний салбарт гарах  шинэ өнгө төрх,нүүр царай болох нь лавтай. Эдгээрийг манай улсын махны салбарт гарч байгаа  эерэг дүр төрх гэж хэлж болно.
Ер нь махны эспортод  нэмэгднэ гэдэг нь  малчны орлого нэмэгдэх сайн талтай. Гэхдээ экспортолж байгаа  махны хэмжээтэй тэнцэх махыг  манай улс ипортолдог (50 тн) юм байна. Малын тоо толгой өсч байгаа энэ цаг үед  мах, тэр дотор хонины мах их хэмжээгээр инпортолох боломжийг хязгаарлан зах зээлээ хамгаалах шаардлага урган гарч ирэв. Хүнсний ногооны инпортод хязгаарлалт тавж чадаагүйн улмаас ногоочдийн амьдралыг хүнд цохиотод оруулсан  гашуун тушлага бидэнд бий. Түүнийг махан дээр дахин давтах шаардлага бидэнд байхгүй болов уу. 
 
 
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг