sonin.mn
Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл нэртэй жагсаал оны өмнөхөн  төв талбай дээр зохион байгуулагдлаа. Та энэ жагсаалд оролцсон уу. Жагсаалын талаарх өөрт төрсөн бодлоосоо хуваалцахгүй юу?
 
-Энэ жагсаал бол дан ганц М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас буулгахын төлөөх тэмцэл биш. 29 жил ард түмнийг доройтуулж эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, амьдрах эрх чөлөөг боомилсон боссизмын эсрэг, бүлэглэлүүдийн эсрэг жагсаал гэж харж байгаа. Иргэнийхээ хувьд, залуу хүний хувьд жагсаалд очсон. Одоо бидэнд зүгээр хараад суух, интернетийн араас сэтгэгдэл бичээд гэртээ суух эрх байхгүй. Далийсан ардчиллаа аврах, алдагдсан боломжоо эргүүлэн авах, хулгайлагдсан өмч, хөрөнгөө буцаан олж авахын төлөө эрслэн тэмцэх хэрэгтэй. Олон ч үнэ цэнэтэй зүйлээ бид алдлаа. Энэ бүхнээ эргүүлэн авахын тулд жирийн иргэн нь байна уу, гишүүн нь байна уу нэгдэж тэмцэх шаардлагатай байна. Саруул ухаантай үр хүүхэд, эх орноо, гишгэх шороогоо хайрладаг санаа зовинож байгаа бол цааш цаашдын энэ мэт жагсаалд нэгдэж тэмцэх хэрэгтэй. Миний хувьд цаашдаа ч олон жагсаал оролцоно.
 
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын нэгдлийг та хэрхэн харж байна. Зарим нь эдгээр хүмүүсийг хуучин МАНАН-г түлхэж унагаад шинэ МАНАН үүсгэхээр санаархаж байна хэмээн ярьж байна?
 
-Асуудал саяны хоёр залууд байгаа юм биш. Энэ хоёр шиг мянга мянган зоригтой залуучууд бий. Үнэхээр ашиг сонирхлын зөрчилгүй нэгдэл бол улам л  эрчимжих байх. Ардчилсан нийгэмд нууц зүйл гэж байхгүй шүү дээ. Одоогоор шинэ МАНАН гэж харахгүй байна. Хэрвээ тийм далд бөгөөд явцуу бодол тээсэн бол энэ нь удахгүй ил болно. 
 
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарын зөрчлийг хэрхэн харж байна вэ. Одоогийн нөхцөлд М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзах нь хэр зөв зүйтэй алхам бэ?
 
-Бүлэглэл, фракц далд оршин тогтнож байгааг хангалттай ил болгосон сайн зөрчил гэж харж байгаа. Харин энэ зөрчилдөө төрийн хоёр том институтийг ашиглаж байгаа нь үнэхээр харамсалтай. УИХ-ын даргаа ёс суртахуунаараа албан тушаалаа өгөөд ард түмнээсээ уучлалт гуйгаад явахаас өөр гарцаагүй байдалд орчихлоо. Хууль тайлбарлаад суувал цаашдаа өөрийгөө улам л эвгүй байдалд оруулна. Нийгмийн бухимдал, эсэргүүцлийг зогсоож чадахгүй. 
 
-2012-2016 онд Ардчилсан нам ард түмний хүссэн хэмжээнд төрийн эрхийг барьж чадаагүй учраас 2016 оны УИХ-ын сонгуулиар иргэд МАН-д итгэж саналаа өгсөн. Гэсэн хэдий ч эрх баригч нам энэ итгэлийг нь хөсөрдүүллээ гэдэг зүйлийг судлаачдын зүгээс илэрхийлж байна. Үүнтэй та санал нэгдэж байна уу?
 
-АН, МАН хоёр төр барихаараа самуурдаг болоод удаж байна. Тэд төрийн эрхэнд гарсан даруйдаа бодлогын баримжаагаа алдаж, амлалт, мөрийн хөтөлбөрөө мартдаг. Ард түмний өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлыг орхигдуулж хувиа бодох, бүлгээ бодохыг урдаа тавьдаг. Улмаар авилгад дур сонирхолтой болж татвар төлөгчдийн мөнгөөр туйлж эхэлдэг. Ийм ёс суртахуунгүй байдал үргэлжилсээр байгаа учраас улс орноо бодлогын гацаанд оруулж байна. Энэ гацаанаас болж иргэдийн амьдрал уруудан доройтож, улс орон эдийн засгийн хямрал руу живээд удаж байна.
 
-АН, МАН хоёрыг татан буулгах хэрэгтэй хэмээн ярих болж. Зарим хуульчдын зүгээс МАН-ыг татан буулгах тухай гомдлоо дээд шүүхэд хүргүүлээд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна.
 
-Монгол оронд нүүрлээд байгаа одоогийн энэ хүнд хэцүү нөхцөл байдалд МАН, АН хоёр хоёулаа буруутай. Хэдэн сонгууль, хэдэн засаг дамжсан эдийн засгийн дээрэм, эмх цэгцгүй бодлого одоо хүртэл үргэлжилж хөгжлийн баримжаагаа алдаад байна. АН, МАН хоёр сайн засаглал явуулж чадахгүй гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа.
 
Нийгмийн амьдралын өнгөөс харж дүгнэлт хийх хэрэгтэй. Мөнгө, хөрөнгө оруулалт, тусгай зөвшөөрлөөс эхлээд бүх шатанд авилга амь бөхтэй оршсоор байна. Тэд авилгатай бүрэн эвлэрсэн. Аль ч засаг барьсан тоодоггүй болжээ. Энэ бол эмгэнэл шүү. Монгол Улсын хуулинд намуудыг татан буулгах заалт хоёрхон бий. Тиймээс олон улсын хуулийг мөрдлөг болгох хэрэгтэй. Эдийн засгаараа гадаадаас дэмжлэг авч болсон юм чинь авигачидаа цэвэрлэхдээ бас гаднаас дэмжлэг авч болно шдээ. Тэдний үүр уурхай болсон МАН, АН хоёрыг яагаад олон улсын шүүхээр шийдүүлж болохгүй гэж. Санал худалдан авах, худал амлалтаар хууран мэхлэх, 60 тэрбумаар төрийн албыг зарж төрийн эрхийг авах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй  байх, ард түмний мөнгийг дундаас нь завших, Ордны хуйвалдаанаар хөнгөлөлттэй зээл авах, орд газар лицензүүдийг авилгаар зарах, газрыг хувийн эрх ашиг олох зорилгоор зарах чинь ард түмнийхээ эсрэг хийж буй гэмт хэрэг мөн биз дээ.  Бүгд авилгатай холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл. Ийм л шударга бус зүйлийг шүүж, шийтгэх гэж шүүх засаглал, олон улсын шүүх үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. 
 
-2020 оны сонгуульд иргэд аль намд итгэж саналаа өгөх бол?
 
-Тэрийг мэдэхгүй. Ард түмний сонголтын асуудал. Сонгох эрх чөлөөгөө өөрөөр харах цаг  болжээ гэдгийг л мэдэж байна. Сонгогчид  олон жил  хууртагдсан. Одоо хашир суусан байх. АН, МАН хоёрын аль нь ч сайн засаглал явуулж чадахгүй байгааг сүүлийн үеийн судалгаанууд хангалттай харуулж байна. Ард түмний хүсэл, тэмүүллийг ойлгохгүй болтлоо нэр хүнд нь унажээ.
 
-Монголын улс төрд гуравдагч хүчин байгаа юу. Улс төрд суудалтай болон суудалгүй намууд бүгд л дор бүрдээ өөрсдийгөө гуравдагч хүчин хэмээн нэрлэх болж.
 
-Одоо гуравдагч хүчин хайх цаг биш. Төрийн эрх барих чадвартай үндэсний хэмжээний нам харгалзахгүй нэгдлийг ард түмэн хүсэж байна. Сайн засаглалыг хэрэгжүүлж чадах, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ил тод үйл ажиллагаатай, иргэдийн жилийн орлогыг багадаа 20 сая төгрөгт хүргэж чадах,  өрх бүрийн худалдан авах чадварыг дээшлүүлж чадах, хөгжлийн цогц бодлоготой улстөрийн нам эвслийг олон нийтийн зүгээс хүсэмжилж  байна.  
 
-Үндэсний хэмжээний нам харгалзахгүй нэгдлийг ард түмэн хүсэж байна хэмээн та сая ярилаа. Энэ нэгдэл үүсэн гарч ирэх боломж байгаа юу.
 
-Сая хэлсэн, ард түмэн үүнийг үнэхээр хүсэн хүлээж байна. Тамын тогооны үлгэрээ хувь хүн, улс төрийн нам, хөдөлгөөнүүд мартаж үндэсний хэмжээний нэгдлийг үүсгэх хэрэгтэй. Энэ цаг үе бол сүүлийн 29 жилд гараагүй боломжит үе. Тийм боломж бүрэн бий. Тэр боломжийг хэн нэг нь санаачлах шаардлагатай болжээ. Одоо нам гэдэг тамын тогооноосоо саруул сэтгэхүйтнүүд нь гарч ирэх хэрэгтэй. Муухай намаасаа хагацаж чаддаг, муу хүмүүсээсээ холдож чаддаг, Монголоо бодож чаддаг байх нь улс төрч хүний ёс суртахууны том хэмжүүр юм даа. 
 
 
Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих