Өнгөрсөн гучин жилийн дотор нийгмийн үнэт зүйлс үндсээрээ өөрчлөгдөж, шударга ёсны тухай иргэд, олон нийтийн санаа бодол ч шинэчлэгджээ. Хүмүүс өөр хоорондоо харилцаж байж, бие биенийгээ дэмжиж байж шударага ёсыг тогтооно. Өнөөдөр Монголд 500 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, 3 сая иргэд маань түүгээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлж, үг хэлээ олж байна. Тэдгээрээс 300 шахам нь орон даяар нэвтрүүлгээ цацдагаас зөвхөн Улаанбаатар хотод телевизийн 70 гаруй суваг ажиллаж байна.
Энэ бол монголчууд бидний оюун санааны амьдралд гарсан асар том боломж, давуу тал юм. Шинээр үүсч хөгжсөн мэдээллийн технологийн ачаар манай орны иргэд хот, хөдөө ялгаагүй хаана ч байсан орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан харилцааны хэв маягт шилжиж байна. Монголчуудын чөлөөт сэтгэлгээг задалж, олон ургальч үзэл, ил тод байдлыг хангасан энэ түүхэн үйл явц нэлээд бэрхшээлтэй 4 үе шатыг дамжин өрнөж өнөөдөртэй золгожээ гэж дүгнэж болохоор байна.
1.Төрийн мэдээллийн ноёрхлын үе. Энэ нь1990-1998 оныг хамарч байна. Төр төвтэй улс төрийн тогтолцоо бүрдэж бэхэжсэнтэй холбоотойгоор төр, засгийн төв хэвлэлийн нийтлэлийн бодлого энэ цаг үед ноёрхож, эрх зүйт төрийг дээдэлсэн бүхнийг шударга ёсонд хамруулан ойлгохыг номлож байлаа. Төр, засгийн төв хэвлэл “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонины мэдээллийн агуулгад зах зээлийн харилцааг зохицуулсан шударга ёсны шинэ ойлголт давамгайлж эхэлсэнээр ”нийтийн төлөө, хамт олныхоо төлөө” уламжлалт ойлголт “чи, би” хэмээх либерал агуулгаар баяжиж сэлбэгдсэн байна.
2.Шар хэвлэлийн ноёрхлын үе. 1998-2008 оныг хамарна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр хэвлэл мэдээлэлд тавих цензурыг бүрмөсөн халж, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үгүй болов. Хувийн болон олон нийтийн статустай ХМХ олноор байгуулагдаж, эмх цэгцгүй хаос байдал улам дэлгэрч, мэдээллийн орон зайд шар хэвлэл ноёрхож эхэлжээ. Энэ үед хэвлэлийн эрх чөлөөг юу хүссэнээ нийтэлж, нэвтрүүлдэг эрх чөлөө хэмээн туйлшран ойлгож, нийгмийн сэтгэл зүй сайн, муугийн хоёр туйлд савлаж, сэтгэл хөөрөлд бүрэн автсан үе байлаа. ХМХ өөрөө шударга ёсны ойлголтод төөрч, цаг үеийн урсгалыг дагасан шинж давамгайлжээ. Тухайлбал, ерээд оны сүүлийн хагасаас гал гаргадаг Өнөрөө, бурханаар бөөлждөг бүсгүй, харь гаригийнхантай уулзсан үзмэрч, мөнгө дуудаж, түрүүвч түнтийлгэдэг хатагтай гээд олон авьяастан тодорч гарч ирсэн. Ийнхүү ХМХ хувийн өмчид шилжсэн цагаас дуулиан, шуугиантай, хачирхалтай мэдээлэл давамгайлж, улмаар шударга ёс алдагдаж, ид шидийн “дохиур” дэлгэрч эхэлсэн нь хаалттай нийгмээс оюун санааны нээлттэй орчинд шилжих явцад тохиолддог жам ёсны түр зуурын үзэгдэл байлаа.
3.Цахим мэдээллийн ноёрхлын үе. 2008-2017 онд чөлөөт хэвлэлийг төлөвшүүлэх үйл явц эрчимжтэй явагдахын хамт тоон технологийн хөгжил, цахим хэрэгслийн давалгаа хүмүүсийн харилцаанд чанарын өөрчлөлт авчирлаа. Сүүлийн зургаан жилд онлайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо хоёроос гурав дахин нэмэгдсэн байна.
Монголын нийгэмд иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, олон ургальч үзэл, ил тод байдал цэцэглэн хөгжихийн хэрээр нийгмийн бухимдал цахим мэдээллийн сувгаар гадагшилж эхэлжээ. Энэхүү сөрөг үзэгдэл хэн нэгнийг шүүмжлэх, гүтгэх доромжлох, хувь хүний үзэл бодолд халдах, цаашлаад хүний мууд дурлах, наанадаж найз нөхөддөө хорсож атаархах хэмжээнд хүртлээ даамжирч, нийгмийн сэтгэл зүйг итгэхийн аргагүй бохирдуулжээ. Цахим ертөнцийн сэтгэгдлүүд хараал, бухимдлаар дүүрч, бүхнийг харлуулж үзэн ядсан үзэл давамгайлж, шударга ёсыг хаа сайгүй үгүйсгэх болсон нь энэ үеийн онцлог байв.
4.Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн төлөвшлийн үе. Энэ үйл явц 2017 оноос эрчимжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн ёс зүйг дээдэлж, хариуцлагатай сэтгүүл зүйг эрхэмлэх хандлага, тэмүүлэл мэдээллийн ертөнцөд илт ажиглагдах болсон нь санамсаргүй, тохиолдлын үзэгдэл биш юм. Монголын нийгмийг ардчилж шинэчилсэн үйл явцын эхэн үед худал хуурмаг мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж, нийгэмд хохирол учруулдаг явдал оргилдоо хүрч, аажим буурдаг зүй тогтлынхоо дагуу шударга ёсыг тэр үеэс үгүйлж эхэлсэн билээ.
Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээн дэх дарамтлах, барьцаалах, хуурч мэхлэх, залилах зэрэг цахим гэмт хэргүүдийг илрүүлэх ажил идэвхжиж, ийм төрлийн хэрэг аажмаар хумигдаж эхэллээ. Нөгөө талаар манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэргэжлийн байгууллагууд ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлд зоригтой алхмуудыг хэдийнэ хийж, үр дүнд хүрч байна.
Монголын хэвлэлийн зөвлөл, ёс зүйн хороо байгуулагдаж, сэтгүүлчид өөрсдийгөө өөрчилж шинэчлэх хөдөлгөөнд зохион байгуулалттайгаар орж эхэллээ. Чөлөөт хэвлэлийн нэр төр дээшилж, амьдралд хэрэгтэй мэдээллийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, ёс зүйтэй сэтгүүлчийн нэр хүнд өсч байна. Хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй төлөвших үйл явц эрчимжиж, бие даасан хөгжлийн гольдиролдоо орлоо.
Орчин үеийн монголын нийгмийн сэтгэл зүйг шинэчлэн төлөвшүүлэхэд шууд нөлөөлж ирсэн мэдээллийн үйл явцыг дээр дурдсан 4 үе шатаар системчилж авч үзсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэж буй эерэг, сөрөг талыг тодруулахад чухал ач холбогдолтой. Судалгааны энэхүү арга зүйн хүрээнд доктор Б.Галаарид, доктор Т.Батзориг нарын мэргэшсэн судлаачид монголын чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн чиг хандлагыг судалж тодорхойлсон нь миний хийсэн үечлэлтэй дүйж байгаа юм. Цаашид шударга ёсыг төлөвшүүлэхэд шууд нөлөөлж буй бусад хүчин зүйлсийнх нь дунд иргэдийн санаа бодол өөрчлөгдөж хувьсах зүй тогтлыг тодруулж гаргах шаардлага ийнхүү зүй ёсоор урган гарч ирж байна.
Нэг.Эрх зүйн орчин, түүний нөлөө
Шударга ёсыг нийгэмд төлөвшүүлэх нь төрийн үндсэн үүргийн нэг юм. Төр энэ үүргээ хуулийн хүчээр хэрэгжүүлнэ. Харин олон түмнийг дотроос нь гэгээрүүлж, нийгэмд шударга ёсыг хэвшүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал нөлөө үзүүлнэ. Энэ утгаараа төр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиг сонирхол давхцаж, нэг цэг дээр огтлолцдог тул хамтарч ажиллах боломж, давуу тал байгааг судалгааны дүн харуулна.
Гэтэл өнөөдрийг хүртэл төр, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хооронд нь сөргөлдүүлэн тавьж ирсэн нь өрөөсгөл юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хориглосон гэх хоёр заалт нь төр, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны боломжийг үгүйсгэсэн, түүнд ямар нэг хориг саад тавьсан утга агуулаагүй. Тухайлж хэлэхэд, хориглосон гээд байгаа уг хуулийн 4 дүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.” гэсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэсан болохоос биш, хамтарч ажиллахад ямар нэг хязгаар тавьсан зүйл алга байна. Энэ утгаараа монголын парламент төр, чөлөөт хэвлэл хоёул ижил түвшинд хөгжих эрх зүйн орчин бүрдүүлэхэд шаардлагатай зохицуулалтыг хийж өгчээ. Тиймээс дөрөв дэх засаглал хэмээн нэрийдсэн хэвлэл мэдээллийн салбарынханд нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад төр, засагтай хамтарч ажиллах өргөн боломж байгааг харуулж байна.
Миний энэ дүгнэлттэй зарим судлаач санал нийлэхгүй, дан ганц сөрөг хүчний байрь суурьнаас авч үзэж болох ч нөгөө талаас нийгмийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах бас нэгэн боломж байгааг дурдах нь зүйтэй.
Хоёр. Улс төрийн орчин, түүний нөлөө. Шударга ёсыг улс төрчид өөр өөрийн өнцөгөөс харж сэтгэж иржээ. Тухайлбал, өнөөгийн нийгэмд монголын баялгийг хүн бүр тэгш бус хүртэж байгаа нь шударга бус гэж шүүмжлэлтэй хандаж байхад нөгөө хэсэг нь өөрт тохирсон хувь хүртэх нь шударга хэрэг болно гэж үзнэ. Учир нь хүн бүр эрх тэгш байх боломжгүй, авьяас билэг, ур чадвар, гадаад байдал, дуртай зүйл зэрэг ихэнх шинжээрээ хэзээ ч яг адил байдаггүй. Тиймээс бүх иргэнд гарааны тэгш нөхцлийг бүрдүүлсэн нөхцөлд шударга ёс жинхэнэ ёсоор хэрэгжиж эхэлнэ. Шударга ёс бол “үнэнч шударгаар амьдрах, хэнийг ч үл гомдоох, өөрсдийн үйл ажиллагааны үр шимийг хүртэх” явдал юм. Тиймээс иргэний үйлдэл, хүсэл зоригоос хамаарч ялгавартай байна гэсэн санаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зонхилж байна.
Сонин хэвлэлийн нийтлэлийн агуулгад хийсэн судалгаанаас үзэхэд ёс зүйн асуудлыг хөндсөн нийт материалын 90 гаруй хувьд улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл, тэдний ашиг сонирхлын зөрчлийг шүүмжилсэн материал голлон нийтэлжээ.
Албан тушаалтаны тухай сөрөг мэдээлэлд тухай бүрт нь няцаалт, тайлбар өгдөггүй, цөөн тохиолдолд тодруулга, мэдэгдэл, ярилцлага нийтлэгдэж байна. Төрийн улс төрийн албан хаагчид буюу УИХ-ын гишүүд, бүх шатны Засаг дарга нар, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гаргасан зөрчил, дутагдлын талаар бичсэн нийтлэл нэлээд гардаг боловч төрийн байгууллага, улс төрийн намаас үнэлж дүгнэсэн, эсвэл няцаах юмуу хүлээн зөвшөөрсөн, хүлцэл өчиж зөрчил дутагдлыг арилгасан тухай мэдээлдэг соёл манай улс төрийн амьдралд огт төлөвшөөгүй байна.
Нөлөө бүхий мэдээллийн хэрэгслүүдийг далдуур эзэмших, өмчлөх, сонин, сэтгүүлийг гартаа оруулах гэсэн хувь сонирхол сүүлийн жилүүдэд нэлээд идэвхжсэн байдал ажиглагдаж байна. Хэвлэл мэдээллийн эзэмшил, харьяалал нь компани, хувь хүмүүсийн өөр өөр нэр дээр бүртгэгдсэн тул жинхэнэ эзэмшигчид нь ил тод бус байна. Хэвлэл мэдээллийн өмчлөл нууцлагдмал, нэг гарт төвлөрөх нь редакцийн цензурыг өөгшүүлж, хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж, хэвлэлийн чанарт сөргөөр нөлөөлнө. Тиймээс аливаа зөрчил дутагдалд хариуцлага тооцож, түүнийгээ олон нийтэд ил тод мэдээлдэг байх зарчмыг мөрдлөг болгон хэвшүүлэх нь чухал байна.
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг доромжилж гүтгэх явдал хэрээс хэтэрч, улмаар үзэн ядалтыг дэвэргэсэн, хүчирхийлэлд турхирсан, хууль журмыг уландаа гишгэсэн улайрсан тэмцэл болж хувирсан. Төр, хувь хүний нууц гэж байхгүй болсон. Эрүүл бус ийм өрсөлдөөний хамаг бурууг цахим мэдээллийн нийгмийн сүлжээнд чихээд өнгөрсөн. Энэ бүхэн нь ёс зүйт, хариуцлагатай сэтгүүл зүйн суурь, гол зарчмыг эвдэж бусниулсан төдийгүй хэвлэлийн эрх чөлөөг боймилсон гашуун сургамж болж үлдсэн.
Ард түмний итгэлийн галыг байнга бадрааж байдаг шударга ёсны тухай ойлголтод жижиг зүйл гэж байхгүй. Иргэдийнхээ итгэл, үнэмшлийг дааж чадахгүй төр, улс төрийн хүчин ямар ч гоё сайхан зүйл яриад нэмэргүй, тийм институт оршин тогтнох боломжгүй болжээ. Тийм болохоор ард түмний итгэл нь улс төрийн намын амьдрах гол нөхцөл, эх булаг нь болон хувирчээ. Ард түмний тийм итгэлийг гагцхүү шударга ёс л төрүүлнэ.
Гурав. Сэтгүүлчийн ёс зүй буюу өөрийн зохицуулалт. Сэтгүүлчид мэргэжлийн ёс зvйн зарчмаа дээдэлж мөрдөх хvсэл эрмэлзэлтэй боловч хөндлөнгийн дарамт шахалт хүчтэй байдаг нь судалгаанаас харагдаж байна. Глоб интернешнл төвөөс хийсэн мониторингд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 140 сэтгүүлч, ХМХ-д холбогдох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийн 182 тохиолдол бүртгэгджээ. Ийгль телевизийн сурвалжлагч Батцэцэг сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэж яваад хамгаалалтын албаны ажилтанд шанаадуулсан тохиолдол гарчээ. Сэтгүүлч, уран бүтээлчид мэдээлэл олж авч байвал ёвруулж цохиулах, техник хэрэгслээ гэмтээж эвдүүлэх зөрчлийг байдаг л зүйл мэтээр ойлгож, хандаж хэвшжээ.
Сэтгүүлчид амьжиргаандаа хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс авдаггүй, эрхээ хамгаалах завгүй, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж байна. Зарим ХМХ сэтгүүлчидтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, үйл ажиллагааны үр ашиг хязгаарлагдмал байна. Нийтлэлийн бодлогын тархи нь болсон редакцийн төлөвшил, хөгжил тогтвортой бус байна.
Глоб интернэшнл төвд бүртгэж авсан нээлттэй асуулгаар монголын хэвлэл мэдээллийн салбарт далд нуугдсан олон асуудлыг илрүүлж гаргасны нэг нь редакцийн цензур байв. “Таны ажилладаг редакцид бичихыг хориглосон сэдвийн хар жагсаалт бий юу” гэж асуухад нийт оролцогчдын 40 хувь нь “тийм” гэж хариулжээ. Тэрчлэн 2017-2018 онд гарсан хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийг ангилж үзвэл, нийт зөрчлийн 14,7 хувьд сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, 5,1 хувьд ажлын багаж хэрэгсэлд нь халдсан, 60,6 хувьд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан “дарамт” эзэлж байна. Тиймээс захиалгат, төлбөрт нийтлэл, нэвтрүүлэг олширч, улмаар ёс зүйн үнэт зүйлс гээгдэж, алдагдаж иржээ.
Энэ бүхнийг эргэцүүлэхэд хүн амыг үнэн бодит мэдээллээр шуурхай хангах, нийгмийг соён гэгээрүүлэх, олон нийтийн санаа бодлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн хэвлэл мэдээллийн салбар нь өнөөгийн шаардлагаас зарим талаар хоцорчээ. Нийтлэл, нэвтрүүлгийн бодлогогүй, урсгал байдлыг зохицуулсан хэвлэл мэдээллийн ерөнхий хууль үгүйлэгдсэн хэвээр байна.
МСНЭ гишүүдээ хамгаалж хааяа дуугарахаас биш мэргэжлийн сэтгүүлчдэд, тэдний эздэд нөлөөлөх механизм одоо хэр зүгшрээгүй байна. Сэтгүүлчдийн байгууллага цаг хугацааны хувьд эрийн цээнд хүрсэн ч сүүн шүдтэйгээ хэвээр байна. Харин хариуцлагагүй, сэтгэлгүй сэтгүүлчээс салж, мэдээллийн салбарыг нэн даруй цэвэрлэхийг цаг үе өөрөө шаардаж эхэллээ. Тиймээс энэ салбарынхан Монголын хэвлэлийн зөвлөлийг санаачлан байгуулж, өөрийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлснээр сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар сайжирч, ёс зүйн төлөвшилд бага ч гэсэн дэвшил гарч байна.
Бүгдэд тэгш боломж олгосон нөхцөлд шударга ёс хэрэгжинэ гэсэн зарчим хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгт давамгайлж эхэлжээ. Энэ бол мэдээллийг ямар нэгэн нэмэлт хачиргүй, бодит байдлыг байгаагаар нь цаг алдалгүй шуурхай мэдээлж, тухайн үйл явдлын талаар өөрийн гэсэн дүгнэлт хийх боломжийг сэтгүүлчдийн зүгээс олон түмэнд олгож буй хэрэг юм. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрэн гүйцэт бүрдээгүй ч гэлээ манай сэтгүүлчид өөрсдөө санаачилж, өөрсдөө хөдөлж эхэлсэн нь хамгийн том ололт болов уу.
Доктор/PhD/, профессор Д.БАТМӨНХ
Сэтгэгдэл0
Чөлөөт хэвлэл гэж байхгүй. Эзэн баячуудынхаа бууны нохой болсоэ.
Сэтгүүлчид өөрчлөгдөж, шударга талдаа орж байгаад баяр хүргэхээс яахав. Амжил
Битгий шaa, миний хvv ее!
4 дэх засаглал хөгжвөл чөлөөт хэвлэл хөгжинө Бидэнд бичих сэдэв их байна.. Сайн зүйл муугаасаа их олон бий. Хэвлэлээр муудалцахаас сайн зүйлээ дэлгэрүүлдэг болохсон. Монголчууд бид хийморьтой шүү
4 дэх засаглал хөгжвөл чөлөөт хэвлэл хөгжинө Бидэнд бичих сэдэв их байна.. Сайн зүйл муугаасаа их олон бий. Хэвлэлээр муудалцахаас сайн зүйлээ дэлгэрүүлдэг болохсон. Монголчууд бид хийморьтой шүү
Хэвлэл мэдээлэл тэр чигтээ худалдагдсан байгааг чи харахгүй байна уу? Хаана ханд гээд байгаа юм бэ? Үнэхээр бидний бичсэн зүйлийг нийтлэх газар байвал утсыг нь өгөөч. Ард түмний дуу хоолойг нухчин дарах гэж олигархиудын угаадас долоодог ганхуяг, баатаруxйяа, уянга мэтийн сэтгэцийн гүн өөрчлөлттэй орк чацгууд хүртэл нет-д жижүүрлээд сууж байгааг олж харахгүй байна уу?
Ёс төртэй сэтгүүлч олширвол нийгэм цэвэршинэ. Шударга сэтгүүлч мандтугай
Зөв сэдэв хөнджээ. Зохиогчид баяр хүргэе. Сэтгүүлчид сэтгэлээсээ ажилласаар өнөөг хүрлээ. Сэтгүүлзүйн салбар мандтугай.
Mongol helnii nairuulga medehgui, mongol helnii bichgiin durem medehgui, mongol ugiig aldaagui bichij chadahgui bas mongol heleeree zuv yarij chadahgui setguulchid mongol ulsiig suiruulehed ih huvi nemer bolj baigaa. Mongol heleer zuv bichij zuv yaridag setguulchid barag alga bna.