sonin.mn
Сүлдэнд л үлдсэн хоёр арслан
 
Сьерра Леон улсад зургаан сар амьдрахдаа энэ орны ард зоны ёс заншил, аж амьдралтай бага боловч танилцаж, усыг нь ууж байгаа юм чинь ёсыг нь дагаж л явлаа. Сьерра Леон гэсэн нэр Уулын арслан гэж орчуулагдаж болох ажээ. Сьерра гэдэг нь нутгийн керри хэлээр уул гэсэн үг. Леон гэдэг нь англиар арслан. Долоон зуун жилийн тэртээ Африкийн баруун эргийг англи, франц, протугаличууд эзэмшилдээ авч, боолчлолын эрин үе эхэлсэн түүхтэй. Атлантын далайн баруун эргийн хөвөөний ширэнгэ ногоон ойтой, уулархаг нутагт юу элбэг вэ гэвэл арслан л элбэг байж. Уулс тэр аяараа арслангийн өлгий гэсэн үг. Анхны колоничлогчдоос арсланд бариулж амь насаа алдаж байсан аж. Энэ үеэс Европт арслангийн арьс мөрөн дээгүүрээ тохоогүй хүүхэн ховорхон болоод ирсэн ч гэдэг. Английн том хөрөнгөтнүүд ханан зуухныхаа өмнө арслан хэвтүүлж гайхуулдаг ч байж.
Хамт эргүүлд гарч явсан Сьерра Леоны хошуучаас
-Танайд арслан их үү? хэмээн асуувал:
-Би арслан хараагүй ш дээ гэдэг байгаа
-Танайх чинь арслангийн орон гээ биз дээ гэхэд:
-Тийм байсаан, одоо хоёр арслан л үлдсэн дээ гэж байна
-Хаана тэр вэ, зоопоаркт уу гэвэл:
-Манайд зоопарк байдаггүй юм аа, сүлдэнд л хоёр арслан үлдсэн гэж гунигтайхан хэлэв.
 
МӨН САЙХАН НАСАЛЖ  БАЙНА АА 
 
Хар тив гэгдэх Африкт ядуу орон олон. Нэн ядуу улсын нэг нь Сьерра Леон. Хорь гаруй жил үргэлжилсэн иргэний дайны уршиг энэ орны эдийн засгийг мөчөөр нь биш элгээр нь хэвтүүлсэн аж. Энэ ядуурлаас гадна Африкийн булангийн цаг уурын хүндрэлдтэй байдал, халуун бүсийн өвчин, удамшил гээд олон талын шалтгаанаар хүн амынх нь дундаж наслалт нь итгэмгүй дөнгөж 35-40 гэсэн үзүүлэлттэй байгаа нь гайхшрал төрүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд энэ үзүүлэлт сүүл мушгиж бүртгэгдсэнээс харахад үнэн болж таараад байгаа юм. Үүнээс урт наслах гэж ховорхон, нэгэнт заяасан хувь тавилангаас хэрхэн зугтаж болохсон билээ. Хот, тосгон, гудамж талбайгаар явахад буурал толгойтой хөгшид, таяг тулсан өвөө, эмээ үнэхээр харагдахгүй нь дээрх дундаж наслалтын тоо багцаатай гэдгийг батална. Шинэ жилийн баяраар 50 нас хүрсэн хүнд ерөнхийлөгч нь таяг гардуулдаг юм гэнэлээ. Тэдний хувьд 100 наслана гэдэг хүндэтгэл ажээ.
Тус улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж буй НҮБ-ын цэргийнхний олон улсын нэгэн хэвлэлийн бага хурлын завсарлагаар нийслэл Фрийтаун хотын радиогийн сурвалжлагч гэх намхан хар залуу надаас
-Та хэдэн настай вэ гэж асуув. Ингэж асуух шалтгаан нь санчигны хэдэн буурал үс маань намайг хөгшин харагдуулсан хэрэг биз! 
-Дөчин зургаан настай гэвэл өнөөх залуу толгой сэгсэрч:
-Аяа, яа мөн сайхан насалж байна аа гээд эргэж билээ.
 
ТОЛГОЙ ДЭРЭЭ ТАВИАД ЯВ!
 
Африкт нүдэнд содон тусах нь мэдээж хаа сайгүй харагдах далдуу мод. Тэртээ оройдоо цуулсан салбагар даавуу өлгөсөн юм шиг унжсан цөөхөн навчтай далдуу мод хэдэн навчаа анаашны зууш болгочихгүйн тулд орой дээрээ л авч үлдсэн гэлцэнэ. Далдуу модтойгоо адилхан харагдах дүр зураг африкаар дүүрэн. Энэ нь толгой дээрээ юм тавьж явах. Дөчийн бидонтой ус, диван, шуудайтай ногоо, зарах бараа гээд өргөж зөөх бүхнийг хар арьстнууд толгой дээрээ л тавьчихна. Фрийтаун хотын төв гудамжаар ганган хүүхнүүд нь могойн арьсан түрийвч, матрын арьсан гар цүнхээ толгой дээрээ тавьчихсан тун чиг донжтой алхаж харагдах. Хүний толгой дээр байгаа юманд гар хүрэх харин хориотой, бичигдээгүй хуультай юм билээ.
“Нарлаг” баазын хашаанд би компьютер тэвэрчихсэн явж байтал нэг хар нөхөр хуруугаа гозолзуулан болохгүй гэж байгаа бололтой над руу дохилоо шүү. Би зогстол өнөөх хар нөхөр дэргэд ирж:
-Гараараа өргөж яваад алдаж, эвдэлбэл яана! Толгой дээрээ тавиад яв гэлээ. Би хөхрөв. Элгэндээ тэврээд тэвдэж яваа би толгой дээрээ тавиад явбал ёстой нөгөө будаа гэгч л болох биз! Гартаа ачаа тээш элдэв юм барьдаггүй, аливааг толгой дээрээ тавьж явдаг нь африкчуудын нэн сонин уламжлал, дадал юм. Би толгой дээрээ ачаатай хүмүүсийг гайхан харсаар байгаад нэг сүрхий дүгнэлтэд хүрч билээ. Хар арьстнуудын өгзөг арагшаа оцгор байдаг нь бүр багаасаа толгой дээрээ хүнд ачаа тавьж, нуруунд хэт их ачаалал өгснөөс болсон байж мэдэх юм.
 
ЗУРААСАН ХИЛ 
 
Дэлхийг явганаар тойрч яваа анхны монгол хүн, дуучин Амай (Золжаргал) Африкийн далайн эргийн улсуудаар явсаар Либери улсад ирээд манай цэргийн багтай холбоо барилаа. Түүнийг тосохоор Либер явсан цэргийн багийн орлогч, дэд хурандаа Л.Онцгойбаяр, ажиллагааны офицер, ахмад Р.Энхболд нар хоосон ирэв. Амай яасан бэ гэсэн чинь паспортных нь хугацаа дууссан гээд хил гаргахгүй байна, өөртэй нь уулзлаа гэж байна. Тэгээд бид арга сэдэж, цэргийн багийг сурвалжлахаар яваа сэтгүүлч гэсэн бичгийг НҮБ-ын холбогдох газраас гаргуулж, Амай хэд хоногийн дараа Либериэс НҮБ-ын ажилтнуудын хамт Сьерра Леон улсад нисдэг тэргээр залардаг байгаа. Сахал үсэндээ баригдаж, хоёр ч удаа хумхаа өвчин тусч эцэж ядарсан Амайг цэргийн багийн эмнэлэгт хэвтүүлж, сүүтэй цай, борцтой хоолоор тордож авлаа. Монголоос ирэх шинэ паспортаа хүлээсэн Амай цэргийн багт 29 хонож, 29 насныхаа төрсөн өдрийг элэг нэгт монгол энхийг сахиулагчдын дунд дуу хууртай тэмдэглэж, Либерийг зорих боллоо. Цэргийн багийнхан Амайд хоол хүнс, 1000 доллар бэлэглэж, хил хүртэл үдэж өгөх зөвшөөрөл ч авлаа. Ширэнгэн ойн зах, армаг тармаг модтой халцгайд сүрлэн дээвэртэй овоохойноос буутай цэрэг гарч ирлээ. Хилийн боомт бололтой юм. Амай очоод өнөөх цэрэгтэй ярьж, паспортаа шалгуулах зуурт би морь харахаар арваадхан алхмын цаадах модны араар ортол өөр нэг цэрэг “Зогс!” гэж байна. Намайг эргэн хараад зогсож байтал өнөө цэрэг миний дэргэд ирж:
-Та манай улсын хил рүү орчихлоо гэхэд нь би:
-Хилийн зурвас хаана байгаа юм бэ гэвэл тэр цэрэг нарийнхан саваа модоор газар зурж нэлээд хэд алхаад:
-Энэ зураас бол хил, та буц гэлээ. Бүхэл бүтэн улсын хил зөрчсөн би эргээд алхав. Зураасаар зааглагдсан хилийн харуулууд Амайг түвэггүй хил нэвтрүүлсэн бөгөөд үүргэвчтэй, мод тулан цааш алхах Амай маань биднийг эргэн эргэн харж, нулимсаа арчсаар явсан даа. 
 
ХАР ШИВЭЭС 
 
Биеийнхээ аль нэг хэсэгт шивээс хийлгэх нь гангараа бус урлаг болсон өнөө үед шивээс Африк тивд ч их дэлгэрчээ. Голдуу хүчирхэг амьтны дүрс эсвэл үндэсний онцлогтой шивээсүүд Африкийн залуусын цээж, нуруу, дал мөр, шууг чимж байна. Тэгтэл хар арьсан дээрх шивээс өнгө ялгарахдаа тааруу байдаг золиг юм. Тод өнгийн будгууд хар арьсан дээр өнгө нь уусч голдуухан хар бараан болдог юм байна. Хар дээр хараар зурсантай адил гэлээ ч урлаг бол урлаг юм хойно би хар арьстай гээд хоцорсонгүй, хар арьстай, хар шивээстэй залуусын гангарах, урлагаас хоцрохгүй гэсэн сэтгэл нь цагаан юм гэж тайтгарахаас өөр яахав.
 
АНХНЫ ХУУЛЬ
 
Африкт гаднынхан буюу колоничлогчид ирж суурьшсан цагаас омог аймгаараа онгон дагшин байгальд амьдарч байсан зэрлэгдүү хар арьстнууд зарцлагдах, нухлагдахын түмэн зовлонг эдлэхийн зэрэгцээ цагаан арьстнуудаас зарим нэг соёлд суралцаж эхэлсэн байна.
Сьерра Леон улс Африкийн баруун эргийн цүлхэнд орших уулын бүсийн арслангаар дүүрсэн зэлүүд нутаг байхад анх англичууд ирж, 600 жилийн дарамтат колоничлолыг эхлүүлжээ. Гэрэл цахилгаангүй, олон омог аймгийн зэрлэг шахам хүмүүсийг боолчлоход хялбар байсан ч эхэн үед нь нэгэн лут бэрхшээл гарч байжээ.
Үдэш орой цагаан арьстнууд зүгээр алхаж яваад л хар арьстнуудтай мөргөлдөж, бүр бэртэж гэмтэх нь их болж гэнэ. Пад хар хүмүүс тас харанхуйд огт ялгарч харагдахгүйгээс ийм мөргөлдөөн гарч байсан тул англичууд энэ нутагт хэрэгжих анхны хууль гаргажээ. Тэр хууль нь ердөө ганцхан заалттай, нутгийн иргэд заавал дагаж мөрдөх зарчимтай. Ганц заалт нь “Харанхуй болмогц нутгийн иргэд заавал цагаан цамц өмсөх”.
 
ОРОН НУТГИЙН ЧӨТГӨР
 
Африкт цагаан арьстнууд мэдээж тод ялгарна. Тэгтэл Африкийн унаган иргэд дунд тун цөөн ч гэсэн цагаан арьстан байдаг аж. Эд нь эрлийз, хурлийзууд огтоос биш. Тас хар арьстай нутгийн хоёр иргэний дундаас төрсөн цагаан арьстнууд мэр сэр үзэгддэг байжээ. Сүүл үе рүүгээ тэдний тоо өсөөд байгаа гэх.
Гудамжинд миний өмнө хамаг биеэ даавуугаар битүү ороосон эмэгтэй бололтой хүн алхаж явлаа. Би өнөө олон шашны аль нэг урсгалынх нь өмсгөл хувцас л ийм байдаг юм байх гэж бодсон юм. Тэр хүн дэлгүүр рүү орохоор нүүрнийхээ унжлагыг сөхөж, хаалганы бариулаас атгахад нь би тун их гайхаж билээ. Ямар нэг өнгөргүй цагаан арьстан байсан бөгөөд хөмсөг, сормуус нь ч цав цагаан байлаа. Энэхүү цагаан арьстны учрыг би нутгийн хүнээр яриулж мэдсэн бөгөөд халуун орны өвчин, бусад шалтгаанаар арьс өнгөө алдаж зэвхий цагаан болох үзэгдэл Африкт ихсэж байгаа аж. Манайд арьсны өвчтэй гэх гарных нь зарим хэсэг бүдэг ягаан туяа бүхий цагаан болчихсон хүмүүс хааяа харагддаг. Африкт харсан тэр цагаан арьстан бүх бие нь тийм гээд бодохоор сонин байгаа биз. Өвчин л бол өвчин байдаг хойно яана гэх вэ. Ингэж арьсны өнгө нь өөрчлөгдөн зэвхий цагаан болсон хүмүүсийг Африкт “орон нутгийн чөтгөр” гэх юм билээ.
 
Явдаг “ТҮЦ” 
 
Хаа хол, ойрын хамгийн сонирхол татсан газар мэдээж арилжаа наймааны зах байдаг. Фрийтаун хотод хэд хэдэн зах бий. Манай залуучууд тэдгээр захыг хүний хөл хөдөлгөөн, эд барааны олдоц, багтаамжаар нь Нарантуул, Хархорин гэхчлэн нэрлэсэн байж билээ. Хотын гудамжинд хэдэн бургас ёрдойлгоод өвс ногоогоор бүтээсэн “тҮц” маягийн шомбогор юмнууд элбэг.
Хар хүмүүс ер нь суурьшиж чадаагүй бололтой юм билээ. Нэг байрандаа байна гэдэг ёстой хол доо. Халуунд нэг газраа хэвтээд, зогсоод байх хэцүүхэн нь үнэн л дээ. Эндээс нэгэн сонин зүйлийг хаа сайгүй харж болно. Идэж уух болон гарын дор аар саархан зүйлээр наймаа хийгчид элбэг. Энэ нь өдрийн орлогыг нь бүрдүүлдэг амин зуулга нь гэсэн үг. Чихэр жимс, тамхи гээд өргөн хэрэглээний зүйлсийг том дугуй царан дээр өрж, толгой дээрээ тавьчихсан алхаж явах хүмүүс энд тэнд зөрнө. Тамхи авахаар мөнгө өгөхөд хуруугаараа толгой руугаа л заана. Ийм наймаачдыг явдаг “ТҮЦ” гэж нэрлэх нь элбэг.
 
ИЖИЛ ЧАНАР 
 
Африкт амьдарвал баяжиж болох үндэслэл байна аа. Ядуу мөртлөө дөрвөн улиралтай гэж манай орныг хэлсэн үгийг би гаднын хүний амнаас сонсож байсан удаатай. Өвлийн хувцас, нүүрс түлээ гээд зардал их байдаг шүү дээ. Тэгтэл халуун оронд богино өмд, улавчтай л бол яваад л байна. Газар доогуур дулааны шугам сүлжээ гэж байхгүй. Айл өрх аль болох сэрүүн сууц барих шаардлагатай, тиймдээ ч шатаачихгүй бол сүрлэн овоохой л хамгийн сэрүүн өргөө. Ингээд тооцоод байвал Африкт амьдрахад мөнгө бага зарцуулагдах үндэслэл байна аа. Хувцас хунар, орон байр гэж мөнгө зарцуулдаггүй хэрнээ африкчууд яагаад ядуу байна вэ? Монгол хүн Африкт очиж амьдарвал мөн л ядуу байх юм шиг санагдсан юм. Африкт согтуу хүн их. Архи хэмээх гайхалтай рашааныг хаана ч юухан хээхнээр нэрээд гаргачихдаг аж. Африкийнхан согтоод унахад хөлдөж үхнэ гэсэн ойлголт огтоос байхгүй. Бүдүүн модны ёроолд согтуу хар хүмүүс хэвтэж л байх. Ор дэр, гэр сууц ер шаардлагагүй. Тэгээд бас асар залхуу. Монголчууд Африкт очвол яг л тэдний адил амьдрах болно. Учир нь ижил нэгэн чанар байна, тэр нь залхуу.
 
АФРИК СЭТГЭЛГЭЭ
 
Колоничлогдсоны давуу тал гэж байдаг л байх. Ухаан нь гаднынхан байшин барилга барьдаг, үйлдвэрлэл явуулдаг энэ тэр гэж бичсэн л байдаг. Тийм ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. Колоничлогдсоны сөрөг тал мэдээж их бий, тоочоод барахгүй. Гэхдээ нэг сөрөг талыг олж харснаа хэлэхээс аргагүй гэж үзлээ. Олон зуун жилээр бусдын дарлал, мөлжлөг дор байж, удам дамжсан ч гэж хэлж болох нэг өвчин байдаг аж. Тэр нь цусанд нь шингээд үр удмаар нь дамжин өнөө хэр үргэлжилсээр л байна. Энэ нэг өвчний л гайгаар африкийнхан ядуу зүдүү амьдарч байж ч мэдэх юм шүү. Тэр өвчин нь юу вэ гэвэл хэн нэгэн хий л гэж хэлэхгүй бол зүгээр л хараад зогсоод байх өвчин. Өөрөөр хэлбэл хэн нэгнээр хэлүүлж, зандруулж, зүхүүлж байж хөдөлдөг чанар. Үүнийг нь гаднынхан боолын сэтгэлгээ гэдэг юм билээ.
 
Цэргийн мэргэжлийн сэтгүүлч П.Батнайрамдал, 2008 он