sonin.mn
ЦЕГ, ХЗДХЯ, МХЕГ-аас байгаль орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, “Байгалиа хамгаалъя” нэг сарын аян эхлүүлж байгааг мэдэгдлээ. Уг аяны хүрээнд байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог сайжруулах нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Мөрдөн байцаах албаны Хүрэээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг энэ үеэр : “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 1.4 хувийг эзэлж байна. Энэ бага үзүүлэлт мэт боловч энэ төрлийн гэмт хэргийн хохирол асар их. 2019 оны эхний улирлын байдлаар, байгаль орчны эсрэг нийт 140 хэрэг шалгаснаас 42-ыг нь хаах саналтай прокурорт, 1 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 71-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, 76-г нь шүүхэд шилжүүлсэн. Дээрх зөрчлүүдээс үүдэн нийт 509 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд 59.3 хувийг нь нөхөн төлүүлж, 263 сая төгрөгийн хууль бус эд хөрөнгийг битүүмжилсэн.  
 
Яргуй гармагц иргэд гөрөөс агнаж, цусыг нь уухаар хууль бус ан хийдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай . Өнгөрсөн жил гөрөөсний цус ууснаас болж нэг хүн амиа алдсан. 
 
Мөн  жил бүрийн хаврын улиралд хууль бус уул уурхайн олборлолт эхэлдэг. Энэ сарын хоёрдугаар долоо хоногт 74.8 кг мөнгөн ус борлуулахыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Тухайн этгээдийн хэлснээр, 52 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх мөнгөн ус байсан . Үүнд эрүүгийн хуулийн 24.2-т зааснаар химийн хорт бодисыг хууль бус эргэлтэд оруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэнэ. 
Мөн хаврын улиралд хуурайшил ихтэй байгаа тул түймэр ихээр гарах боллоо. Энэ онд 17 удаагийн түймэр гарсны 12 түймрийн шалтгааныг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоосон. Одоогоор хохирол тогтоох, үнэлэх ажиллагаа үргэлжилж байна.  Иргэдийн хайхрамжгүй үйлдлээс болж хохирол ихтэй томоохон түймэр гардаг. Тухайлбал, Гоодойн аманд гарсан түймрийн улмаас 23 байшин, нэг амбаар, нэг гэр шатсан. Эл түймрийг гаргасан этгээдийг олж тогтоосон байгаа" хэмээсэн юм.