sonin.mn
 Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар өчигдөр орой гаргажээ.
 
"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга, Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй билээ.
 
Улмаар тэднийг цагдан хориулахаар прокурорын газраас  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд саналаа гаргасан ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар “Тус шүүхийн шүүгч нараас татгалзаж байна” хэмээснээр прокурорын саналыг шийдвэрлэж чадалгүй өчигдрийг хүрээд байсан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар Д.Эрдэнэбилэгийг мөрдөн байцаалтанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр албадан саатуулах шийдвэр гаргасан байна.
Харин О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарыг цагдан хорих, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх аж.
 
П.Мандах