“Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонинд иргэн Ц.Энхзаяа хандсан юм. Тэрээр “Монгол Улсын Дээд шүүх 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр 1803006580364 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хурлыг хохирогчдод мэдэгдэлгүй, зөвхөн шүүгдэгчийн хоёр өмгөөлөгчтэй хуралдаж шүүгдэгчийн ялыг багасгасан. Энэ хуралд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Ч.Хосбаяр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа, Д.Цэрэнханд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нар оролцжээ. 2018 оны наймдугаар сарын 3-ны 18:00 цагийн орчим нэгэн эмэгтэй, өндөр настай ээж, охин хүүгийн хамт зуслан руу явах замд согтуу жолооч /Г.Ариунболд/ урсгал сөрснөөс энэ гэр бүл өнөөдрийг хүртэл амь нас, эрүүл мэнд, эдийн засаг, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч явна.
 
Ослын газрын зураг, цусны шинжилгээгээр шинжээчид Г.Ариунболдын буруутайг тогтоож, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ариунболдыг “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм” гэв.
 
Хохирогч эмэгтэй ослоос хойш шүүгдэгчийг нэг ч удаа хараагүй бөгөөд анхан шатны шүүх хурал дээр нүүр тулсан байна. Шүүгдэгч 38 настай, уучлалт гуйх нь бүү хэл утсаар ч биеийн байдлыг нь асуух сэтгэлгүй. Түүгээр ч барахгүй шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа анхан шатны шүүх хурлын үеэр “Энэ хөгшний тавилан нь энэ” гэсэн тохуурхлын үгэнд хохирогчид их гомдолтой байгаа юм. Хохирогчид нь шүүгдэгч Г.Ариунболдын гэм буруутай үйлдлээс зөвхөн өндөр настны биед учирсан хүнд гэмглийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нэхэмжилсэн ба Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 828 дугаартай шийтгэх тогтоолын зургаад заасан 36.412.920 төгрөгийн хохирол барагдуулахаас өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Харин ч С.Намжилмаа, Д .Цэрэнханд гэсэн хоёр өмгөөлөгчгэйгөөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шагны шүүх болон дээд шүүхэд давж заалдан гомдолложээ. Харин дээд шүүх хохирогчдыг үл ойшоож шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлжээ.
 
Дээд шүүхийн хурлын протоколд: Шүүгч Ч.Хосбаяр ”Хохирогч настны биеийн байдал ямар байгаа” талаар асуухад нэг ч удаа утсаар мэнд мэдэж байгаагүй шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа “Ярихгүй ч орчинтойгоо харьцаатай байгаа” хэмээн хариулжээ. Гэтэл бодит байдал дээр осолд орсон настай эмэгтэй ярьж хөдөлж чадахгүй, хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалдаг, гуурсаар хооллодог, байнгын хэвтрийн улмаас турж, уушгины хаттаа, харшил гэсэн хүндрэл үүссэн.
 
Мөн гэмтлийн эмнэлгийн сэхээнд байхад нуруу, зүүн ташаанд цоорол үүссэн учраас өнөөг хүртэл сувилагчаар боолт хийлгэж байгаа аж. Жолоо барьж явсан хохирогч эмэгтэй нь ослын улмаас хүндэвтэр гэсэн шинжээч эмчийн дүгнэлттэй. Зүүн өвдөг, нурууны хагалгаанд орох заалттай ч ээжийгээ асарч байгаа тул байнгын өвчин намдаах тариа, лаа хэрэглэж явна. Мөн 10 настай охин нь ослын улмаас аарцагны яс, баруун гарын шууны яс хугарсан хүндэвтэр гэсэн шинжээч эмчийн дүгнэлттэй. Бүжгийн спортоор хичээллээд таван жил болохдоо олон улсын болон эх орондоо зохиодог улс, хот, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө хүрэл медальтай. Гэтэл одоо бүжиглэх боломжгүй, сэтгэл санаа нь хүнд, байнгын асран хамгаалагчтай явах болжээ. Харин 16 настай хүү нь тухайн үед хөнгөн гэсэн ч энэ оны тавдугаар сарын 6-наас уналт өгч байгаа аж. Эмчид хандахад “Ослын дараах мэдрэлийн өвчин” гэж оношилсон байна. Гэмтлийн хожуу хоруу байдал илэрч байна. Иймд мэргэн оновчтой шийдвэрээр нийгмийн буруу булхайг зөв гольдролд оруулах үүргээ Монгол Улсын дээд шүүх умартвал цөөхөн монголчууд авто ослоор тахир дутуу болж, нас баралтын тоо өссөөр, ард иргэдийнх нь тоолдог цөөн бор төгрөг нь импортын эм тариа, живхэнд урссаар байна.
 
 
Иргэн Ц.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин