sonin.mn
Хөрсний битүү нянгийн хороор үүсдэг бүлэг өвчнийг малчид ногооны хор хэмээн, мөн цовхрого, дэвхрэг, шиншээ, татуу, цохилуур, таанын хор, хөмүүлийн хор, шүдэн цагааны хор гэх мэтээр нэрлэдэг. 
 
 
Баруун аймгуудад 1954 онд ногооны хордлогын шалтгааныг тогтоох судлагаа хийж, брадзот, дотрын халдварт хордогын (ДХХ), говийн аймгуудад 1982–1984 онд энтеробактериозын мэргэжлийн онош тогтоож, 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр брадзот, ДХХ-ын вакциныг хэрэглэж эхэлжээ. 
 
 
Ногооны хордлогод гол төлөв хонь өртдөг. Хонин сүргийн өвчлөлийн хувь бага (10% хүртэл), үхлийн хувь өндөр (90 – 100%), өвчний явц түргэн, өвчилсөн амьтан ер нь л үхэх нигууртай, эдгэрсэн тохиолдол нэн ховор. Зундаа мах бага хэрэглэдэг байсан 1940 – 50-иад оны малчны хүүхдүүд махсаад, хонь ногоотож үхэхийг дотроо хүлээдэг, хүсэхэд хясдаг байсныг дурсдаг. Нэг хотны 200–300 хоньноос ганц нэг нь л ногоотож үхдэг байж. Олноороо үхдэг байсан бол хэн үүнийг хүсэх билээ. Арваад жил тутамд зарим жил өвчлөл ихтэй, олон айлын олон хонь ногоотож үхнэ, 2 – 3 жил дараална, 4 – 5 жил өвчлөл багатай, 2 – 3 жил өвчлөл илрэхгүй. Ногооны хордлогын дэгдэлт, өртсөн, үхсэн малын тоо 1950 – 1960-аад, 1990-ээд, 2010-аад оны чийглэг арав, хорин жилд нэмэгдсэн, 1970 – 1980-аад, 2000-аад оны гандуу жилүүдэд бага байлаа. Ногоо эрт гарсан, эрт зуншсан, бороо хур элбэг, зуншлага сайтай, ган тайлагдсан жилүүдэд өвчлөл, үхэл нэмэгддэг, жил дараалдаг, гандуу жилүүдэд багасдаг, зарим жил илрэхгүй. Нэгдэл, сангийн аж ахуйн хонийг нас, хүйсээр нь төрөлжүүлэн олноор суурилдаг байсан 1960 – 1970-аад оны үед нэг хотонд өвчлөх, үхэх амьтны тоо олширч, нийт өвчлөл, үхэл ихэссэн мэт харагддаг байлаа.  
 
Клостридиум төрлийн хордуулагч нянгууд хүн, амьтны биед орж гарч байдаг, гэдэсний байнгын оршин суугчид болой. Борог өвсөнд цадаагүй амьтан шинэ ногоог гэнэт их идсэнээс, шүүслэг ургамалтай болон ногоо хэнзэлсэн бэлчээрт гэнэт шилжих үед гэдэсний орчин огцом өөрчлөгдөж, хордуулагч нян хэт олширч, их хэмжээний хор ялгаруулж, хордлого үүсгэнэ. Ногооны хордлого борог өвснөөс шинэ ногоонд шилжих үед 4, 5, 6-р сард илэрч, нэг хотонд амьтны тооноос хамааран 7 – 14 хоног, зун, намарт ган тайлах, ногоо хэнзлэх, таана, хөмүүл ихтэй бэлчээрт шилжих үед 3 – 5 хоног үргэлжилдэг, уул, тал, говийн хуурай болон цөлөрхөг хээрийн талхлагдсан бэлчээрийн өвчин.   Хордуулагч нянгууд нэг амьтнаас бусад амьтанд шууд халдахгүй тул брадзот, ДХХ нь гоц халдварт өвчин биш, нэг сүргээс бусад сүрэгт хавьтлаар халдахгүй тул хил зөрчдөг өвчин биш, хөрснөөс идэш ууштай халддаг, гэдэснээс баастай гадагшилдаг нутгийн орогномол халдвар болой. Амьтнаас хүнд ногооны хорын нян халдсан, өвчлүүлсэн, үхүүлсэн тохиолдол одоо хир бүртгэгдээгүй, хүн ба амьтны нийтлэг өвчний (зооноз) шалгуур болзлыг хангадаггүй өвчин. 
 
Ногооны хороор өвчлөхөөс болон үхэхээс хонийг авран хамгаалах дархлаажуулалтыг хэрэглэдэг. Өөрийн гэдэсний нянгийн хороор хордох, хордож үхэх амьтан байгаа сүргийг олж дархлаажуулна. Орогномол бүс нутгийн нийт хот айлын ногоотох нөхцөл бүрдсэн арав хүртэл хувьд буюу цөөхөн хот айлын хонийг хамгаалах хэрэгцээ байна. Олон жилийн тахал зүйн үзүүлэлт, дөрвөн улирлын цаг агаарын байдал, бэлчээрийн төлөв байдал, талхлагдлыг харгалзан товлож дархлаажуулах боломжтой. Хавар мал ногоонд цадахыг угтуулж, 4-р сард ДХХ-ын вакциныг 14 – 21 хоногийн завсартай 2 удаа тариад 4-р сарын сүүлээс 9 сар хүртэл үүсэх хордлогоос хамгаалдаг. Аль хот айлын сүрэгт ногооны хордлого илрэхийг урьдчилан төсөөлж болно. Бүх хот айлын сүргийг дархлаажуулах шаардлагагүй. Тухайн сүргийн аль хонь хордохыг урьдчилан ялгаж таних боломжийг судлаагүй байна, ялгаа байж л таарна, энэ ялгааг судлаачид олох буй за. Хордлогод өртөх магадлалтай сүргийн бүх амьтныг дархлаажуулдаг. Нэг амьтны амь аврахын төлөөнөө хордохгүй ерэн амьтан вакцины халдварт өртөж өвчилдөг. 
 
 
Хордлогод өртөхгүй маш олон сүргийг вакцинжуулж, үргүй зардал гаргадаг явдал 1970-аад оноос эхэлсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр вакцины үнэ, тарилгын хөлсийг төлнө, үүнийгээ “үнэгүй үйлчилгээ” гэж тайлбарлана. Цөөхөн айлын цөөхөн хонь ногоотохуйн төлөөнөө сумын бүх айлын бүх хонийг вакцинжуулдаг цамаан ажиллагаа 60 шахам жил үргэлжилж байна. 
 
 
Нэг ууланд юмуу хонхорт нутагтай хэдэн хот айлын зарим нь хонио 40 – 50 жил вакцинжуулсан байхад, зарим нь огт хэрэглээгүй байдаг. Байгалийн адил нөхцөлд байгаа буюу ногооны хордлогод өртөх адилхан эрсдэлтэй боловч вакцин хэрэглэдэг, хэрэглэдэггүй хот айлуудад хонины өвчлөл, хорогдол, үхлийн ялгаа нэн бага буюу байхгүй. 
Ногооны хордлогоор хонь үхэж эхлэхэд вакцин тарьдаг, дархлаа тогтож амжаагүй байхад дэгдэлт аяндаа зогсдог явдал хаа сайгүй хэвшжээ. Өвчлөл, үхэл зогссоны дараа мал тариад, ногооны хорыг вакцинаар “нам дарлаа” гэдэг. Нэг айлын ганц хоёр хонь ногоотсоны төлөө тэр хавийн бүх л малыг “ниргэсэн хойно” вакцинжуулдаг. Улс, аймаг, сумын мал эмнэлгийн албаны “ерөнхий” хийгээд “тархварын” эмч нарын мэрэг, засал нэг иймэрхүү байна. 
Олонхи малчид малдаа хэрэгцээгүй вакцин тариулах дургүй. Нэгдлийн малчдыг үхсэн малын актаар барьцаалж хонийг нь албадан таридаг байлаа. Зарим малчид чухам ямар өвчнөөс хамгаалж малыг нь тарьж буйг мэдэхгүй. Мал хувьчилсны дараа вакцинжуулсан малын тоо эрс цөөрсөн, амьтан тарихгүй, тоо тарьдаг явдал газар авсан, хэвшсэн, амьтны анагаах ухааны практик, амьтны эмчийн нэр хүндийг гутаасан. 
 
Өвчлөх эрсдэлгүй, маш бага эрсдэлтэй, эзэн нь хүсээгүй сүргийг вакцинжуулж, ногоон бүтээгдэхүүний зиндаанаас хасч, үйлдвэрлэгчийн чансаа, нэр хүнд, өрсөлдөх чадварыг бууруулж, давуу талыг устгах нь нэг удаа үйлдэхэд мэргэжлийн ёс зүйн алдаа, давтвал зөрчил, гурав үйлдвээс гэмт хэрэг болой. Малчид өвчлөх эрсдэлгүй мал сүргээ, ус, бэлчээрээ вакцинаар бузарлуулсаны, үүний улмаас бүтээгдэхүүний нэр хүнд унаж, чансаа буурч, үнэгүйдсэний алдагдлыг буруутнаар төлүүлдэг болох цаг айсуй, наашлуулах хэрэгтэй байна. 
 
Бараг бүх суманд 40 – 50 жил дараалан ногооны хордлогоос хамгаалах вакцин хэрэглэсэн баримт сайн үзүүлэлт бишээ. Өөрөөр хэлбэл 40 – 50 жил, тэр бүү хэл 10 – 20 жил дараалж, бүх суманд бүх сүрэгт хэдэн мянгаараа хонь өвчлөх, үхэх эрсдэл хаана ч, хэзээ ч байхгүй. Вакцин хэрэглэдэггүй байсан 1940 – 50-иад оны үеийн мал сүргийн өвчлөл, хорогдлыг 1970, 1980-аад оны хоморголсон, 1990-ээд оноос хойших хонины тоо вакцинжуулалтын үетэй харьцуулахад хонин сүргийн өвчлөл, хорогдол, үхлийн ялгаа байдаггүй. Нэг уулын, нэг талын, нэг хонхорын зэрэгцээ сумуудын малын өвчлөл, хорогдол, вакцины хэрэглээг харьцуулахад 40 – 50 жил хэрэглэсэн, огт хэрэглээгүй, их хэрэглэсэн, бага хэрэглэсний ялгаа харагдахгүй байна. Шүлхий, цэцэг, мялзангийн вакцины мөнгийг тэрбумаар нь хүртдэг аймгуудын малын эмч нар ногооны хорын мөнгийг тоохоо больж, ногооны хорын вакциныг бараг мартжээ. 
 
 
Үндэсний хэмжээнд ногооны хордлогын вакцинаар хамгийн цамаанаар сая 600 мянган  хонь тарьж, 80 мянгыг нь авран хамгаалах бодит хэрэгцээтэй. Улсын хэмжээнд жил бүр ногооны хороор халхавчлан 10 гаруй сая малын тоог вакцинжуулж, хэдэн арван тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс хулгайлж байна. Сүүлийн 30 жилд хонины тоо 2 дахин олширсон ч ногооны хордлогын вакцин тарьсан гэх малын тоо тогтвортой байгаа нь сүүлийн 50 шахам жил бодит хэрэгцээнээс 12 дахин олон малын тоог вакцинжуулсаны нотолгоо болой. “Шинэ гэр бүлд 500 мянга” гэдэг шиг “ногооны хорын мөнгө” хуурамч малын эмч нарын малчдын малын тоог барьцаалж хүртдэг халамж болжээ. Энэ олон тэрбум төгрөгийг малчдын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд зориулж зарцуулбал олон мянган гэр бүлд тус болохсон. Ногооны хордлогын вакцины үнэ, хонь тарих хөлсийг амьтан эзэмшигч өөрөө төлдөг болоход вакцины хэрэгцээ, хэрэглээ хоёр нийцэж, шахаа, албадлага, хулгай, дээрэм байхгүй болох цагийн уншигч нарт хандаж үүнийг бичив, хамтдаа унших ажаамуу. 
Малчид аа, “малын өвчнөөр мөнгө бузарлах хууль” (Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль) – ийн дагуу малын тоо вакцинжуулдаг хулгайч бүлэглэлээс малынхаа тоо, гарын үсэг, тэмдгээ нуугаарай. 
 
 
О. Уламбаяр 
Архангай аймаг, Цэнхэр сум, Бор талын рашаан