sonin.mn
Шахмал түлшний гол түүхий эд нь угаасан нүүрс учир хэдий агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулах ч энгийн нүүрснээс хэд дахин илүү үнсний хаягдал үүсгэж байгаа нь ирэх хаврын асуудал болох вий гэсэн сурвалжлагыг бид өмнө нь хүргэсэн. Агаарыг бохирдуулагч нүдэнд үл үзэгдэгч хамгийн аюултай зүйл болох тоосонцор нь үнсний хаягдал салхинд хийсч агаар орчинд тархах үед хүний биед нэвтрэх эрсдэлтэйг эрдэмтэд сануулж байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг түлэхэд хамгийн хортой хэсэг нь буюу хүхэрт нэгдэл нь үнсэнд нь шингэж үлддэг талаарх баримтууд байгаа юм. Энэ талаар эргэн сануулахад  “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан “Ердийн температурт үйлдвэрлэсэн шахмал болон дулааны боловсруулалт хийгдээгүй нүүрсээр хийсэн шахмал нь хүхэрт нэгдэл харьцангуй ихээр агуулдаг. Ийм учраас түлэх үед утаагаараа дамжуулан агаар орчныг бохирдуулах нэг эх үүсвэр болдог. Үүнийг багасгах нэг арга бол шахмал түлшийг үйлдвэрлэхдээ түүхий эдэд тодорхой хэмжээгээр шохой хольж шатаалтаар үүсэх SO2-ыг гипс буюу CaSO4-т хувирган шахмалын үнсэнд нь барьж үлдээх явдал болно” гэж хэлж байсан нь “Тавантолгой түлш” компанийнхан шахмал түлшний хорыг үнсэнд нь “шахаж” үлдээсэн үү гэсэн асуултыг асуухад хүргэсэн билээ. Тэгэхээр өнөөдрийн утаанаас илүү үнсний хаягдал толгойны өвчин болж мэдэхээр нөхцөл үүсээд байна.
 
 
Нэг айл өрх жилд дунджаар 3-5 тонн нүүрс түлдэг ба шаталтын үлдэгдэл болж 100-160 мянган тонн үнс хаягдал болон гардаг байна. Харин энэ жил үүнээс илүү хэмжээний үнсний хаягдалтай нүүр тулахаас аргагүй болжээ.
 
 
Сайжруулсан түлшний үнс хүнд жинтэй байна
 
Баянзүрх дүүргийн XVII хорооны айлуудаар долоо хоногт нэг удаа хогны машин явдаг бөгөөд нэг айлаас дунджаар 6-7 шуудай үнс ачиж байна. Хогны машиныг дагаж сурвалжлахад Дарь эхийн дөрөв таван гудамжны айлуудын хог, үнсийг ачихад тэвш нь хэдийнэ дүүрсэн байв. Баянзүрх дүүрэг, “НҮГ-1” хог тээврийн компанийн жолооч Х.Баярмагнай хэлэхдээ “Гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлш түлж эхэлснээс хойш долоо хоногт нэг удаа хог ачдаг байсан бол одоо хоёр удаа болж эргэлт нэмэгдсэн. Ачааг харахад хог дүүрээгүй юм шиг хэрнээ цагаан давааны жин пүүнд жинлүүлэхээр тогтоосон стандартын жингээсээ хэд дахин давсан байдаг. Бодвол энэ үнсний жин нэлээд их байх шиг байна. Одоо цас орчихсон болохоор үнс, тоос бужигнах нь харьцангуй гайгүй байна. Тэрнээс биш ёстой л саарал хот гэдэг шиг л байдаг” гэсээр бид Цагаан давааны хогийн цэг рүү хөдөллөө.
 
Нийслэлийн хэмжээнд томоохон гурван хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа. Энд Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хогийг асгадаг. Өдөрт том оврын 350-400 орчим машин цагаан давааны энэ цэгийг зорьж 1000 тонн, сардаа 30 мянган тонн орчим хогийг хотоос авчирдаг байна. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3000 орчим тонн гардгаас Цагаан даваанд авчирдаг 1000 тонн хогны 10 орчим хувийг нь  ландфилл буюу дарж булах технологиор устгадаг юм байна. Хогийн цэг дээр ирсэн хогийн машинууд чиргүүлээ босгон яах ийхийн зуургүй аль чөлөөтэй газраа үнсээ хогоо асгаж байна. Харагдах байдлаар нийт хог хаягдлын 70 орчим хувийг сайжруулсан шахмал түлшний шуудайтай үнс эзэлж байв. Тэнд цагаан саарлаараа эргэлдэн бужигнаж амьд амьтан амьсгалах аргагүй хоолой зурж, 30 метрийн цаадах орчин ч харагдахааргүй болтлоо үнс, шороо тоос бужигнаж байсан юм.
 
 
Өвөл, тэр тусмаа цас орчихсон байхад ингэж байгаа юм чинь хаврын хавсарга, шуурганаар яах бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Шахмал түлшийг айл бүр хэрэглээд гуравхан сар болоход Цагаан даваа хогийн цэг бус, үнсний цэг болсон харагдана.
 
 
“Үнсийг шингээгч материал болгох арга бий”
 
Уг нь Засгийн газраас баталсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн 4.2.9.-д “Гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэг болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх машин механизмын тоог нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хог хаягдлыг ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих” гэсэн заалт орсон байгаа. Агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас шийдмэг алхам хийж, түүхий нүүрс түлэхийг хориглож нүүрсний хаягдлаар хийсэн шахмал түлш хэрэглэснээр ялгарах хорт утааны хэмжээ ч төдий чинээ буурна гэж тооцоолсон байдаг. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулахад өөр олон арга хэмжээнүүд хэрэгтэй байгаа бөгөөд наад зах нь үнсийг агаарт дэгдэхээс нь сэргийлэх битүүмжлэлтэй сав, цаашилбал үнсийг дахин боловсруулах ажлыг инженер, эрдэмтдийн тусламжтайгаар явуулж эхэлбэл ирэх хавар дэгдэх их тоосонцроос сэргийлэх боломж байна.
 
Энэ талаар эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжин “Үнс нь хаягдал төдийгүй хөрс, агаар, орчны бохирдлыг үүсгэдэг гол зүйл. Ингэж их хэмжээгээр хаягдал болон гарч байгаа  үнсийг шингээгч материал болгон ашигласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хямд өртөг бүхий бүтээгдэхүүн бий болгох боломж бидэнд байгаа. Манай улсад үйлдвэрлэж буй цемент нэг кг нь дунджаар 200 төгрөг байдаг. Харин нэг тонн үнсээр шингээгч материал гарган авахад 70 кг цемент буюу 14 мянган  төгрөг зарцуулна. Улмаар гаргаж авсан материалаа “Харгиа” ус цэвэрлэх байгууламжийн хаягдал усан дээр туршиж үзсэн нь амжилттай болсон.  Өөрөөр хэлбэл, химийн гаралтай шингээгч материалаас хавьгүй хямд буюу нэг тонн шингээгчийн түүхий эдийн зардал нь зургаан ам.долларт багтаж байгаа юм. Их хэмжээний валют хэмнэх боломж байна. Тиймээс хаягдал үнсийг ашиглах нь байгаль орчиндоо ч, эдийн засагтаа ч олон талын ач тустай хэмээн үзэж байна”  гэв.
 
Нарийн ширхэгтэй хаягдал үнсийг дахин ашиглаж, бохир ус шингээсний дараа ширхэглэгийн хэмжээ томордог тул агаарт дэгдэх тоосжилтын хэмжээг нэмэгдүүлдэггүй ажээ. Эрдэмтэн, судлаачдын баг дээрх аргыг ашиглаж  гэр хорооллын хаягдал үнсийг тодорхой хэмжээний барьцалдуулагч нэмэн үрэлжүүлж, хаягдал уснаас бохирдлыг нь шүүх шингээгч материал болгох аргыг нь олчихсон, туршчихсан байна. Энэ санааг нь шийдвэр гаргагчид өлгөж аваад хэрэгжүүлээсэй. Ер нь хэрэгжүүлэх арга хэлбэрийн хувьд ямар ч байж болно, гол нь үр дүн гаргах хэрэгтэй байна.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин