sonin.mn
Бэнчин тэмтэрсэн дэнчин ба бие даагчдын өгсөн “салаавч”
 
Зуун саяас эхэлж 400 саяд хүрсэн нэр дэвших хандив, дэнчин нэртэй тойрог зарах наймаанаасаа болж С.Эрдэнийн нэр хүнд шороотой хутгалдав. УИХ-д нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж, гишүүддээ зарсан энэ үйлдлээрээ тэрбээр хэд хэдэн хуулийн хил хязгаарыг давж гишгэсэн байж магадгүй. Хуульчид энэ талаарх үндэслэл, нотолгоог хангалттай ярьж, бичсэн. Хууль хяналтын байгууллага үнэн мөнийг нь удахгүй тогтоох биз. Юутай ч тэрбээр геометрийн прогрессоор өсөх мөнгөний схемээр сонгуулийн тойргуудыг үнэлснээрээ намаа хөлдөө чирээд байна. Тухайлбал, С.Эрдэнэ даргадаа атгуулсан 100 сая төгрөгөө хаанаас босгосноо тайлбарлах гэж АН-ын горилогчид АТГ-т дуудагдаж, юм юм л болж байна.
 
 
 
Ардчиллаар овоглосон энэ намын олон арван лидер бие даан нэр дэвшихээр болсноо зарласан нь ардчилал, ил тод байдлынх нь илрэл гэхээсээ илүү асар том сануулга, дохио. Үндсэндээ АН тарж, бутарсны илрэл. 
 
 
 
“Намын лидерүүд өрх тусгаарлаж, бие даан нэр дэвшихээ зарласан нь намаас тогтоосон 100 саяын дэнчинтэй холбоотой гэж  харж байгаа. Мөнгө төлж намаас нэр дэвших үү, эсвэл бие дааж тэр мөнгөөрөө сонгууль хийх үү гэдэг нь хувь хүний сонголт” хэмээн АН-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийлжээ. Үнэхээр АН-ын гишүүн олон хүний хэлж байгаагаар тус намаас урьд өмнөх сонгуулиудад тохиолдож байгаагүй олон хүн бие даан нэр дэвшихээр болсон нь С.Эрдэнийн 100 саяд өгсөн хамгийн том хариулт билээ. Үндсэн хуулиар олгогдсон саадгүй эдлэх эрхэд нь аманд багтахгүй тоогоор илэрхийлэгдэх асар өндөр мөнгөний босго тавиад байхаар ямар ч хүн салаавч гаргах нь зүйн хэрэг. АН-ын даргын аман дээр тавьсан тэр олон “салаавч” бүдүүлэг, ёс зүйгүй байдлын илрэл бус харин ч хууль, дүрэм, ёс суртахуун нэхсэн сануулга юм. 
Энэ жилийн сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүсийн нэрсийг шүүрдээд харахад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд асан П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, дэд сайд асан Д.Доржпүрэв, УИХ-ын гишүүн асан Л.Гансүх, АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв гээд олны танил улстөрчид, шинэ үеийн залуус гээд бүх үеийн төлөөлөл багтжээ. Тэгэхээр С.Эрдэнийн 100 сая АН-ыг үндэс суурь, үе мөчрөөр нь ганхуулж байгаа гэсэн үг. Харин суусан мөчрөө хөрөөдөж, зуусан мөнгөө халаасалж буй С.Эрдэнэ үүнийг мэдэрсэнгүй. Мэдэрсэн ч тоосонгүй. Наймаачин хүнд угаасаа мөнгө л чухал гэдгийг тэр олон үйлдлээрээ харуулж байгаа. Мөнгөний  төлөө тэр намаа зарж, сүнсээ худалдахаас буцахгүй болжээ. Нэгэн цагт хонь, чоно болж явсан З.Энхболдыг ахлах зөвлөхөөрөө тавьж, АН-ын амыг бариулах гэж байгаагаас үүнийг нь харж болно.           
 
Ширхэгийн бараа шиг АН-ын мандат 
 
АН бараа ширхэглэн зардаг ТҮЦ шиг, бэлэн мөнгөний АТМ шиг, хуучин эдлэлийн ломбард шиг болжээ. Болжээ гэхээс илүү болгожээ гэвэл оновчтой байх. Болгосон хүмүүс нь ч тодорхой. Загас толгойноосоо юу яадаг гэдэг билээ. АН тэгж. Уг нь энэ намын лидерүүд юу яахаас нь өмнө намын даргадаа сануулан хэлж, салгалтал нь шүүмжилж байсан л даа. Одоо бол нэгэнт өнгөрч. Баабар нийтлэлчийн хэлснээр АН ёроолдоо унав уу гэтэл бүр ёроол ч үгүй байсан юм санж. Ёроолоосоо доошоо унаж яваа АН-ыг ийм ангал рүү түлхсэн хүн нь С.Эрдэнэ. С.Эрдэнийг ийм алхам руу түлхсэн буруутан нь мөнгө. Мөнгийг ингэж намынхаа үнэт зүйлийн хэмжээнд тавьсан хүн нь С.Эрдэнэ. Ийм чөтгөрийн тойрогт АН орчихжээ. Хууль, дүрэм, ёс зүй, бодлого энэ намд үнэгүйдэж мөнгө, наймаа, зээл, барьцаа, дэнчин гэдэг үгс л хамгийн их хандалттай, эрэлт хэрэгцээтэй болсон аж. 
Арга ч үгүй биз. С.Эрдэнэ АН-ын дарга болоод намдаа мөнгөний реформ хийчихсэн юм чинь. Тухайн үед С.Эрдэнээс шинэчлэл хүлээх хэрэггүй гэдгийг АН-ын цөөн бус лидер хэлж байсан. Судлаачид ч сануулж байсан. “С.Эрдэнэ намын дарга болсноор Ардчилсан нам мөхөж сөнөнө гэдгийг таамаглахад Ванга шиг их зөнч байх ямар ч хэрэггүй. С.Эрдэнэ хэзээ ч бодлого ярьж, үзэл баримтлал боловсруулж байгаагүй, тийм чадварыг түүнд байгаль эх заяагаагүй.Тэр дарангуйлагч, худалдан авагч болохоос удирдагч менежер огтхон ч биш. С.Эрдэнэ орос бүдүүлэг хараалыг дураар сүнгэнүүлж, шүлсээ үсэргэн хэрэлдэх, гараа салаавчлан дайрахдаа гарамгай ч улс төрийн бодлого бодож хэзээ ч чадах хүн биш. Ийм л бүдүүлэг, түнэр харанхуй хүч Ардчилсан намыг нөмрөн авлаа” хэмээн нийтлэлч Д.Ганхуяг тэсгэл алдахдаа бичсэн байх. Тэрбээр бас “С.Эрдэнийг дарга болгох гэж намаараа хөөрцөглөөд эцэст нь Ардчилсан нам ямар ч нэр нүүргүй болж хоцрох нь шинэчлэл юм уу? Ер нь С.Эрдэнээс шинэчлэл хүлээж байдаг ямар хүн байх юм бэ?” хэмээн дуу алдсан. Одоо энэ үг олон хүний орой руу орж байгаа байх. Хүн тавлах муухай ч АН-ынхнаас ам асуумаар л санагддаг. Тухайн үед намын даргынхаа сунгааг хийхээсээ эхлээд л нэр дэвшигчдээсээ 250 сая төгрөгийн дэнчин авснаар АН-ынхан өөрсдөө өөрсдийгөө мөнгөний ангал руу түлхсэн. “Таван сумтай” нэр дэвшигчид нь энэ дэнчинг эсэргүүцэж л байсан. 
 
 
 
Мөнгөний энэ схем нь сүүлийн гурван жилд төгөлдөршин төгсөрчээ. Намынхаа бүх шатны дотоод сонгуульд нэгбүрчлэн мөнгөний босго тавьж, намын сонгуульт албан тушаал бүхнээ хэдэн арав, хэдэн зуун саяар үнэлснээр энэ “төгөлдөршил” эхэлсэн аж. АН-ыг айл гэр гэж бодвол гэрийн эзэн нь хамаг эд хогшлоо жижиглэн үнэлээд, жинлэж хэмжээд зарчихсан гэсэн үг.
 
 
 
Одоо намд нь зарах юм үлдээгүй учир төрийг, төрийн албан тушаалыг ТҮЦ-ндээ тавьж борлуулахаар шийджээ. Энэ шунал, хүслийн илрэл нь УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн гишүүдээсээ 400 сая хүртэлх төгрөгийн дэнчин  хурааж байгаа явдал юм. Тиймээс АН-ын нэр дээр УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатыг ширхэгийн бараа шиг зарж сууна. 
  
С.Эрдэнийг хууль, шүүх дуудах уу? 
 
Энэ бол зүй ёсны асуулт. АН-ын дарга С.Эрдэнэ бол шударга хууль, шүүхийн өмнө очих л ёстой хүмүүсийн нэг. Түүнийг АН-ын даргаар сонгогдоход гишүүд дэмжигчид нь ч, сөрөг хүчнийхэн нь  ч АН эрүүгийнхнээр удирдууллаа гэж шүүмжилж байсан юм. Нэрт нийтлэлч Баабар С.Эрдэнийн улаан нүүрэн дээр, намынхаа ҮЗХ-ны нөхдийн өмнө “Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэх гэж үү?” хэмээн хэлсэн билээ. Түүнээс ч өмнө УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар С.Эрдэнийг “эрүүгийн элемент” хэмээн зарлаж байв. 
Мөн УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “1984 онд С.Эрдэнэ хүний аминд халдаад шоронд явж байхад хэргийг нь уншиж байсан прокурор хүн” хэмээн хэлсэн юм.  
АН-ын дарга С.Эрдэнэ мөн 2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын хөрөнгийг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт татагдан шалгагдаж Баянгол дүүргийн шүүхээс зургаан жил хорих ял сонсч, гурван сар шоронд суугаад гарсан билээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг дампуурах гэж буй “Капитал” банканд шилжүүлэн үрэн таран хийсэн хэрэг нь С.Эрдэнийн чихийг одоо болтол халууцуулсаар байгаа. Эдүгээгээс яг нэг жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 16-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Капитал” банкны асуудалд С.Эрдэнийг холбогдуулан шалгаж өгнө үү хэмээн АТГ-т хүсэлт гаргасан юм. Тэрбээр “Энэ гомдлыг гаргах болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банканд байршуулахад эрсдэл үүсэж байна гэж 2-3 жил ярьсан. Гэвч ажил хэрэг болоогүй. Энэ бүхнийг хараад энэ асуудал дээр эд нар огт ажиллахгүй юм байна аа гээд АТГ-т хандаж байгаа юм. Хоёрдугаарт, С.Эрдэнэ улаан цайм худал ярьж байна. Банканд мөнгө байршуулж байгаа асуудал надтай ямар ч хамаагүй гэсэн. Гэтэл С.Эрдэнэ сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог болсон. Тэр байгууллага нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэр журамд аль банканд байршуулахыг заавал С.Эрдэнээс асууж зөвшөөрөл авна гээд заачихсан. Өөрөө хийсэн үйлдлээ надад хамаагүй гэж байгаа нь их муухай юм. Тиймээс бичиг цаасыг нь нягтлаад үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. 
 
 
 
240 тэрбум гэдэг бол маш их мөнгө. Арилжааны банканд байршуулах бол боломжтой банканд байршуулах ёстой байсан. Гэтэл чадал муутай, хэзээ ч дампуурч мэдэх банканд тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг байршуулж, иргэдийн мөнгийг гарзанд гаргаад, тухайн банкийг аврах оролдлого хийсэн. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс энэ асуудалд холбогдсон, бараг зохион байгуулсан байж болох С.Эрдэнийн талаар АТГ-т гомдол гаргаж байгаа юм” хэмээн мэдэгдэж байв. 
 
 
 
С.Эрдэнийг кабинетдаа авч ажиллуулсан Ерөнхий сайд нь ийм тодорхой үндэслэл гаргаж тавиад байхад хууль, хяналтын байгууллага түүний хэргийг яагаад сөхөхгүй байна вэ. Энэ мэт олон ноцтой хэргээс гадна намын гишүүдээсээ Сонгуулийн тухай хуульд зааснаас хэдэн арав дахин өндөр хандивыг дэнчин нэрээр авсан нь түүнийг буруутгах хангалттай үндэслэл болж буй. Ард Аюуш “Та есөн ембүүгээ бариад, би есөн эрүүгээ үүрээд эрлэгийн үүдэнд нэг уулзана аа” гэдэг шиг С.Эрдэнэ 240 тэрбум, 100 саяын хэргээ “үүрээд”, шударга ёсны дэнсэн дээр очих цаг нь болжээ.     
  
 
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин