sonin.mn
-ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 100 ГАРУЙ УДААГИЙН ОНГОЦНЫ ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ БҮРТГЭГДЖЭЭ-
 
Муу ёрлож байгаа юм биш шүү. Бодит байдлыг шууд хэлж байна. ИНЕГ-ын Л.Бямбасүрэнгийн баг хамт олон энэ байдлаараа цаашид ажлаа үргэлжүүлэн хийгээд байвал олон хүний амь нас эрсдэлд орох, хохирох гээд байна. Нисэх онгоцны аюулгүй байдал гэх цусаар бичигдсэн алтан дүрэм ИНЕГ-т тэдний үед алдагдчихаад байна. Осол аваарууд ар араасаа цувран гарч байна. Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд агаарт нисчихсэн байхад нь онгоцын аль нэг мотор унтарч аюул болох шахсан зөрчил гурван ч удаа гарсан байна. Мөн хүний амь эрсдэх дөхсөн осол нэг удаа, агаарын хөлгүүдийн ойртолттой холбоотой гурван ч зөрчил бүртгэгдсэн байна. Бүр агаарын замын зорчих хэсэгт онгоцнууд хоорондоо мөргөлдчих шахаж байжээ. Үүнээс гадна нисэхийн агаарын замын хяналтынхан ажлаа хийгээгүй, зам гажсан гэх мэт зөрчлүүд багтаж байгаа гэнэ. Мөн онгоцны хөлгийн дугуйны түгжээг авалгүй хөөрсөн тохиолдол, хойд тулгуураараа газар хүрсэн, дугуйны резин хэсэг салж унасан тохиолдол ч бий гэдгийг эх сурвалж онцолж байна. Агаарын хөлөг шувуутай 43 удаа мөргөлдсөн, олон улсын нислэгт агаарын зайн зөрчил хоёр гарсан байна. Хамгийн олон удаа давтагдсан нь нислэгт бэлэн гэх агаарын хөлгүүд техникийн шалтгаанаар буцсан тохиолдол 76 удаа гарчээ. Онгоцнууд дугуй эвхэгдэхгүй, цахилгааны масс гарах, хянах самбар нь ажиллахаа болих гэх мэтээр олон ноцтой асуудал үүсчээ.
 
 
 
2018 оны тавдугаар 26-ны шөнө “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хориотой бүс рүү автомашинтай залуус дайран орсон асуудал гарсан гэнэ. Залуусын нэг нь амиа алдаж, онгоц хөөрөх цэг орчимд нөгөө залуу нь, гүйсэн ноцтой хэрэг гарч байв. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн дуудлагын дагуу хэргийн газарт үзлэг хийгээд дуусч байхад нисэх онгоцны буудлын харуул хамгаалалтын албаныхан нь энэ тухай мэдсэн гэдэг. Гадны хүн орж болохгүй хэсэг рүү хоёр залуу орчихсон явааг харуул хамгаалалтынхан огт харалгүй сууж байсан гэх мэдээлэл ч байдаг юм билээ. Гэвч эл байдал огт өөрчлөгдөхгүй, ИНЕГ-ынхан онгоц осолдуулж тоглодог болсон юм шиг л дүр зураг өнөө хүртэл үргэлжилсээр байгаа ажээ.
 
 
 
Ар араасаа цувран гарсан 100 гаруй удаагийн осол зөрчлүүдийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн албаныхан хийгээд хэвлэлийнхнээс нуугаад өнгөрүүлдэг гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Үүнийг нь, Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанынхан илрүүлчихсэн байна. Тэд “Осол юунаас болж гарав”, “Хэн хаана ямар алдаа гаргаснаас болж ийм байдал бий болов” гэдгийг судлан илрүүлж, Л.Бямбасүрэнд олон удаа аюулгүй байдлын зөвлөмж хүргүүлсэн байна. Гэтэл Л.Бямбасүрэн гаргасан зөрчлөө арилгах нь битгий хэл бүр бичиг баримт хүртэл нуун дарагдуулсан ноцтой асуудал гаргах болжээ. Энэ талаар тус газрын нэгэн эх сурвалж бидэнд ноцтой баримтуудыг өгсөн юм. Тус нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенцын хавсралт 13, документ 9756, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн есдүгээр бүлгийн дагуу иргэний агаарын хөлөг, түүнтэй холбогдсон осол, зөрчлийг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх үйл ажиллагааг явуулдаг. Шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой бүтэц гэнэ. Дээрх алба хийсэн хяналт шалгалтын ажлаа Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулдаг байна.
 
70 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ОНГОЦ ЭВДСЭН Ё.ЭНХТӨРИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН ХААЦАЙЛЖ БАЙНА
 
Дүрмийн боловсруулалтын хэлтсийн дарга Ё.Энхтөр улсад 70 сая ам.доллар буюу /өнөөдрийн ханшаар/ 197 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан ноцтой зөрчил дутагдал гарчээ. 70 сая ам.долларын үнэ бүхий онгоцын дугуйг шалгаж угсрах гэж байхдаа тэрбээр алдаа гаргажээ. Засварын ажлын үед ивээс нь мултарч онгоцны далавч газарт савагдаж, хугарсан гэнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр авсан онгоцны далавч хугарч, өөр олон тоног төхөөрөмж эвдэрч дахин ашиглах боломжгүй болжээ. Монгол Улс татвар төлөгчдийн мөнгөөр авсан /өнөөдрийн ханшаар/ 197 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг Ё.Энхтөр гэх даргаас болж амсаад сууж байна. Түүний дээрх хэргийг хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгаагүй байгаа гэсэн.
 
АГААР ДЭЭР ОНГОЦНЫ МОТОРОО УНТРААЖ, 20 ГАРУЙ ХҮН АМЬ НАСАА АЛДАХ ШАХЖЭЭ
 
2018 оны наймдугаар сарын 18-нд “Фоккер-50” загварын агаарын хөлөг Өмнөговийн “Овоот” нисэх буудлаас зорчигчдоо суулган Улаанбаатарыг зорьж, агаарт гарсан үедээ баруун хөдөлгүүрээ унтраасан байна. Онгоцны хөдөлгүүрийнх нь нэг үзүүлэлт унаснаас нисгэгчцд нь агаарт ийм арга хэмжээ авсан гэдгээ тайлбарласан гэнэ. Хөдөлгүүрээ асаах оролдлого хийсэн ч амжилтгүй болсон тул дээрх буудалд эргэж буусан байна. Тэгэхэд нисэх багийн тав, нийслэлийг зорьсон 14 зорчигч онгоцонд байжээ. Тухайн онгоцны аюулгүй байдлыг хангаж, нисэх зөвшөөрөл өгсөн ажилтан дарга нарын шахаагаар орж ирсэн нэгэн байсан гэдгийг эх сурвалж хэллээ.
Монголын иргэний агаарын тээврийн 90 гаруй жилийн түүхэнд гурван жилийн дотор 100 гаруй удаагийн осол зөрчил дутагдал аваар гарсан тохиолдол байхгүй гэнэ. Онгоц ямар нэгэн байдлаар осол гаргалаа гэхэд холбогдох албан тушаалтнууд шууд албан тушаал буурдаг байна. Гэтэл нисэх хүчний түүхэнд хамгийн их осол гаргасан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Дүрмийн боловсруулалтын хэлтсийн дарга Ё.Энхтөр нар л ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа гэнэ. Дээрх хоёр эрхэм онгоц осолдуулж “тоглодог”, багийнхныгаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаагаас болж олон осол гарсныг салбарынхан нь хэлж буй. Тиймээс Монголын нисэх хүчний түүхэнд 100 гаруй удаагийн осол зөрчил дутагдал гаргасан Л.Бямбасүрэн, Ё:Энхтөр гэх хараар бичигдэх түүх үлдэх нь. Түүх хар цагаан байдаг. Тэгвэл тэд ингэж л хараар бичигдэх үлдэх хувь тохиолтой байжээ.
 
ТЭР ҮНЭХЭЭР ТОМ БАЙНА. БАС ААРХАЖ, ДАНАЛЗАЖ ЯВНА
 
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн үнэхээр том байна. Бас улсын мөнгөөр найрлаж, албан тушаалдаа аархаж, мөнгөн бороо оруулж явна. “Хэн ч надад юу ч хэлж чадахгүй” гэдэгтээ бат итгэчихсэн даналзаж байна. Монголын хуулийг улан доороо гишгэж, хууль хяналтынхныг дорд үзэн басамжлах ажээ. Тэр улстөрчдийн хамгаалалтад үүрд байх юм шиг ойлгочихоод ИНЕГ-т өөрийн Вант улсыг бий болгоод цөөнгүй жил болжээ. Татвар төлөгчдийн мөнгийг хууль бус тушаал гаргаж, ойр тойрны хүмүүстээ урамшуулал нэрээр өгч салхинд хийсгэж байгаа. Л.Бямбасүрэн улсад тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулаад байгаа юм билээ.
 
 
 
Тодруулбал, тэрбээр “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах” тендерийн үнэлгээний хороо байгуулсан байдаг. 2017 оны тавдугаар сарын 10- нд А/295 тоот тушаал гаргасан тушаалын дагуу үнэлгээний хороо хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, 640 сая төгрөг шилжүүлсэн байдаг. “Баян сагсай аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр 2017 оны наймдугаар сарын 1-нд ИНЕГ/УЗ/ ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан гэдэг нь тогтоогджээ. 
 
 
АТГ-аас Л.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 17.4- 2.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүрггэлтийн 180200021 дугаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Дээрх хэргээс гадна түүний тендерийн хэргүүд ч ил гарч, хууль хяналтын байгууллагад удахгүй шалгагдаж эхлэх бололтой. Өөр улсын мөнгө хулгайлсан хууль зөрчсөн үйлдлүүд маш олон байгаа тул үргэлжлэлээр баримттай бичих болно.
 
Үргэлжлэл бий...
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин