sonin.mn

БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан автобуснуудыг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр авч байгаа нь хууль бус талаар мэдээлэл хийлээ.

 

 

 

Гомдол гаргах тухай

Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага билээ. Иймд танай байгууллага нь дээрх хуулийн 7.2.3.ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх;
Мөн хуулийн 8-З.Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно. гэж заасны дагуу ийнхүү өргөдөл, гомдлыг өгч байна.
Улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний аж үйлдвэр, шинэ технологи, инновацийн салбараа хөгжүүлэх замаар ард иргэдээ тогтвортой ажлын байр, орлоготой болгох зорилгоор УИХ-аас
 
-Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого-2010
- Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-2012
- Ногоон хөгжлийн бодлого-2014
-Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-2016
-Монгол улсын Засгийн Газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүд батлан гаргаж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газруудад өгч ирсэн.
Энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Инновацийг хөгжүүлэх тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын 2019 оны 214 тоот тогтоолоор батлагдсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр” Засгийн газрын 2019 оны 59 тоот тогтоолоор баталсан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” зэрэг олон хууль эрх зүйн актуудыг гаргасан хэдий ч төрийн бодлогын эсрэг, хууль эрх зүйн олон актуудыг зөрчиж “Сити павлик транспорт корперэйшн” ХХК-ийн захиалгаар 1200 цахилгаан автобус 250 ширхэг сургуулийн хүүхдийн автобус худалдан авах концессын гэрээг БНХАУ-ын Ying Long  компанитай байгуулан, Монгол улсыг 322.9 сая ам доллар буюу 936.4 тэрбум төгрөгний өрөнд оруулах эдийн засгийн онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж байна.
 
Дотоодын зах зээлийн эрэлт дээр үндэсний шинэ технологи, инновацийн кластерт орсон машин байгууламжийн цоо шинэ салбараа хөгжүүлж, ард иргэдээ тогтвортой ажлын байр, орлоготой болгох талаар санаачлагатай ажиллахын оронд гадаад улс орны аж үйлдвэрийн салбарыг Монгол улсын төсвийн худалдан авалтаар дэмжиж, улс орныхоо эдийн засаг, санхүүгийн чадавхийг суларуулж, Хятад улсын өрийн барьцаанд лав оруулж, өрийн таазийг 1.0 их наяад төгрөгөөр нэмэгдүүлж буй нь Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулиудыг зөрчиж байна.
 
2016 оны УИХ, НИТХ-ын сонгуульд оролцсон МАН-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн Газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Үндэсний үйлдвэрлэгчдийн 400 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэх” заалтын хэрэгжилтийг хангаж, дотоодын үйлдвэрлэгчдийн өсөн бойжиж, хөгжих бизнесийн орон зайг дэмжиж, ард иргэдээ тогтвортой ажлын байр орлоготой болгохын төлөө ажиллахын оронд импортын шахааны барааг дэмжиж БНХАУ-ын Ying Long компанийн өндөр үнэтэй цахилгаан автобусаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэхээр улайран зүтгэж байгаа төр, захиргааны байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нь авлигалд идэгдэж, ашиг сонирхлыг зөрчил гаргаж байгаа нь илт байна.
Төрийн албаны тухай хууль-ийн 7.1.1-д ард түмэнд үйлчлэх, 7.1.6-д ил тод байх, 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, мөн, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс гаргасан Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх, аль нэг улсын бизнесийн монополийг нийгэм эдийн засгийн салбарууд дээр бий болгохгүй байх зэрэг төрийн бодлого, шийдвэрийн эсрэг ажиллаж байгаа нэр бүхий албан тушаалтнуудыг буруутган дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. УИХ-аас баталсан Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах талаар ямар ч ажил хийхгүй мөртлөө төрийн албаны ёс зүйг умартан, импортыг дэмжсэн хэт өндөр үнэтэй цахилгаан автобус худалдан авалтыг зохион байгуулж байгаа төр захиргааны байгууллага, албан тушаалтнуудыг шалгаж өгнө үү.
 
2. Монгол улсад ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус “Сити павлик транспорт корперэйшн” ХХК-д 1450 цахилгаан болон сургуулийн хүүхдийн авто бус худалдан авах концессыг зохион байгуулалттайгаар өгөх ажлыг төрийн захиргааны байгууллагын ажилтнууд үгсэн хуйвалдаж шийдсэн тул энэ асуудлуудыг шалгаж өгнө үү.
 
3. БНХАУ-аас худалдан авч буй цахилгаан автобуснууд нь 222.0 мянгаас 242.5 мянган америк долларын үнэтэй байгаа ба Монгол улсад ажлын байр бий болгож, бүх төрлийн татвараа төлөөд угсарч үйлдвэрлэж буй цахилгаан автобус нь 195.0 мянган ам долларын үнэтэй байна. Импортын Хятад цахилгаан автобус нь Монгол улсад үйлдвэрлэсэн автобуснаас даруй 47.0 мянган ам доллараар үнэтэй байна.
 
1200 цахилгаан автобус х 47.000$=56.4 сая ам долларын илүү үнэ өртөгийг ард түмний татвар, төсвийн хөрөнгөөр төлүүлэх зохион байгуулалттай луйвар явж буйг таслан зогсоох шаардлагатай байх тул шалгаж өгнө үү.
 
4. 250 ширхэг сургуулийн хүүхдийн автобусыг нэг бүрийн 130.0 мянган ам доллараар үнэлж худалдан авалт хийж байгаа нь дотоодын үйлдвэрлэгч компаниудын 55.0 мянган ам доллараар нийлүүлдэг сургуулийн автобуснаас 75.000 ам доллараар үнэтэй байна.
250 ширхэг сургуулийн Х75.000$ = 18.750.000 ам доллар үнэ өртөг бүхий худалдан авалтыг ард түмний татварын мөнгөөр хийлж буй нь эдийн засгийн онц ноцтой гэмт хэрэг тул шалгаж өгнө үү.
5. Цахилгаан автобусны цэнэглэгчийг үндэсний үйлдвэрлэгч компаниуд 16.0 мянган ам доллараар нийлүүлж байхад төр захиргааны байгууллагын албан тушаалтнууд 24.0 мянган ам доллараар худалдан авалт хийж байгаа 1 цэнэглэгч дээр 8.0 мянган ам долларын илүү төлөлт зардлыг улс, нийслэлийн төсөв дээр зохиомлоор бий болгож байгааг мөн шалгаж өгнө үү.
6. БНХАУ-аас концессын гэрээгээр худалдан авч буй цахилгаан автобусын урьдчилгаа төлбөрийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкны 21.0 тэрбум төгрөгний зээлийн санхүүжилтээр тендер зарлахгүйгээр хийхээр төлөвлөж байгаа нь Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг зөрчиж, өөрсдийн ашиг сонирхол шингэсэн импортын барааг дэмжсэн төслөө луйврын аргаар явуулахаар улайран зүтгэж байна.
 
Иймд Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркыг БНХАУ-ын Ying Long компаниас шууд худалдан авах ажлыг зохион байгуулж буй Үндэсний Хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн дэд бүтэц хариуцсан дэд дарга Б.Отгонсүх, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж ёстой.
 
ХАВСАРГАСАН БАРИМТ: 
1. Үндэсний хөгжпийн газрын даргын 2019 оны 06 сарын 07 өдрийн А-103 тоот тушаалын хуулбар,
2. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг дарга болон бусад албан тушаалтнуудад хүргүүлж байсан хамтран ажиллах тухай санал хүргүүлсэн албан тоот,
3. БНХАУ-аас худалдан авч буй цахилгаан автобусны үнийн судалгаа,
4. МАН-н 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуульд ард түмэндээ амалсан сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тус тус хавсралтаар хүргүүлэв.