Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг ХЗДХЯ-наас өчигдөр зохион байгууллаа. Зөрчлийн тухай хуулийг 2015 онд баталж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 5.2 сая зөрчил бүртгэж, шийдсэн байна. Тухайн хуулийг боловсронгуй болгох шаардлагад үндэслэн хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг оруулахаар зорьж буй аж. Энэ талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.САЙНЗОРИГТОЙ ярилцлаа.
 
 
-Иргэдийн шүүмжлэлтэй хандаж, өөрчлөх талаар удаа дараа хөндөж байсан Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж буйд олон нийт талархалтай хандаж байна. Гол нь ямар бодлого, зарчим барьж байна вэ?
 
-Монгол Улсын нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулдаг 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Үүнийг хууль зүйн техникийн хувьд нэгдсэн байдлаар өөрчилж, шинэчлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.
Хуулийг батлах явцдаа хаа хамаагүй зүйлийг хуульчилдаг. Эргээд нийгмийн болон төрийн хяналт шалгалтын харилцааг, гэмт хэрэг байсан зүйлийг торгодог. Энэ бүх зүйлээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийг дагаж, мөрдөх, хууль зүйн тогтолцоондоо итгэх итгэл нь алдрах, төрийн зарим албан хаагч буруугаар ашиглах, ашиг сонирхол үүсгэх зэрэг асуудал гардаг. Тиймээс үүднээс ХЗДХЯ-наас нэгдсэн бодлоюир Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлт хийх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулийг анх боловсруулах явцад салбарын хуулиудад тусгасан зүйлийг хасаж чадаагүй зэрэг олон асуудал бий.Иймд гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй давхардаж байгааг, мөн салбарын хууль, тогтоомжид нь тусгасан зарим төрлийн зөрчлийг нэгтгэж, давхардлыг арилгаж байна.
 
 
 
Тухайлбал, тухайн салбарын хуульд эс үйлдэл, харилцааг хориглосон байвал түүнийг хууль зүйн хариуцлагатай нь үлдээнэ.Харин үүрэг болгосон, тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоосон чиглэлтэйг нь Зөрчлийн тухай хуулиас хасах бодлого, зарчим барьж байгаа.
 
 
 
-Одоо мөрдөж буй хуульд зааснаар хэчнээн төрлийн зөрчилд торгууль ногдуулж байна вэ. Тухайн зөрчлийг хэд болгон багасгаж байна вэ?
 
-Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид 2300 үйлдэл, эс үйлдлийг зөрчил гэж үзэн хариуцлага хүлээлгэдэг. Үүнээс урьдчилсан байдлаар боловсруулсан хуулийн төсөлд одоогоор 300 үйлдэл, эс үйдлийг хасаад байна.Төрийн байгууллагынхан аливаа асуудлыг шийдвэрлэхдээ зохицуулах шинжээсээ илүү хориглох, хязгаарлахыг илүүд үзэж байна.Цаашид төрийн байгууллагын чиг үүрэг, хэрэгжүүлэх эрх үүргийн тухайд үүрэг нь 60-70, бүрэх эрх нь 30-40, энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн хувьд эсрэг байхаар салбарын хуулиудыг боловсруулах шаардлагатай.
 
-Урьдчилсан байдлаар шинэчлэн найруулсан төсөлд онцлох ямар заалт байна вэ?
 
-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж буй хамгийн том өөрчлөлт бол дийлэнх зөрчилд сануулах явдал. Хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахааргүй зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд хугацаатай шаардлага өгч, сануулдаг байх юм. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол зөрчлийн харилцаа үүсэж, торгууль шийтгэлийг ногдуулна. Дараагийн онцлох зохицуулалт бол зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд ногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон буюу 14 хоногийн хугацаанд биелүүлсэн тохиолдолд хэмжээг нь хоёр дахин бууруулж төлөх эрхийг олгохоор тусгаж байгаа. Одоо мөрдөж буй хуулиар хамгийн доод шийтгэл арван мянган төгрөг. Ийм хэмжээний торгууль авсан иргэн үүнийгээ 14 хоногийн дотор барагдуулсан тохиолдолд таван мянган төгрөг л төлнө гэсэн үг. Энэ бол бусад улс орнуудын хэрэгжүүлдэг эрхзүйн хөшүүрэг. ОХУ-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, торгуулийн тасалбар хүлээж авсан хүн түүнийгээ долоо хоногийн дотор төлбөл 50 хувь бага төлдөг. Харин зарим улс оронд зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгддэг.
 
 
 
Манай улсын хувьд үүнийг хэрэгжүүлэх боломжгүй учир үүнийг эсрэг буюу төлөлтийг нь урамшуулах байдлаар нэвтрүүлэх нь зүйтэй. Яагаад гэвэл, Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж, эхэлснээс хойш улсын хэмжээнд торгох шийтгэлийн биелэлт 45 хувьтай байна.
 
 
 
-Торгуулийн хэмжээний хувьд өөрчлөлт оруулж байгаа юу. Торгуулийн доод хэмжээ хамгийн анх 20 мянган төгрөг байсныг сүүлд арван мянган төгрөг болгож байсан?
 
-Зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгууль ногдуулна. Торгууль дээд, доод хязгаартай байх юм.Нийт зөрчлийн 90 орчим хувийг эзэлдэг 49 үйлдэл, эс үйлдэлд интервалтай байя гэсэн зарчим барьж байна. Тухайлбал, замын хөдөлгөөний журмын эсрэг зөрчил үүнд багтаж байгаа. Аль, аль талын эрсдэлээ тооцоолж, торгуулийн хэмжээг холимог байдлаар хадгалах нь зүйтэй гэж үзсэн. Мөн тодорхой нэр бүхий зөрчлийг анх удаа үйлдсэн бол 14 хоногийн хугацаатай албан даалгавар өгч, энэ хугацаанд засч залруулсан тохиолдолд торгох шийтгэлээс нь чөлөөлөх заалтыг оруулсан. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид багтдаг буюу хүрээлэн буй орчны, хүүхдийн эрхийн, гэр бүлийн хүчирхийлэл, банк санхүүгийн тодорхой болон хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хохироох, баривчлах шийтгэл ногдуулах найман төрлийн зөрчлийг дээрх чөлөөлөлтөд хамааруулахгүй.
 
-Хөөн хэлэлцэх хугацааны асуудал нэлээд маргаан дагуулдаг. Үүнд ямар шийдэл гаргаж байна вэ?
 
-Зөрчлийн Тухай хуупийн 1.2.1 дэх хэсэгт тодорхой, дараах хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэчихээд тухайн гомдол мэдээллийг шалгаад хөөн хэлэлцэх хугацаа нь үнэхээр өнгөрсөн юм уу гэдэг асуудлыг тогтоож болох уу гэдэг маргаан гардаг. Үүнийг засаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан техниктэй адил, хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд шийтгэл ногдуулахгүй гэдэг зарчмыг барьж байгаа.
 
-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь дүгнэж, базаж хэлбэл өмнөхөөсөө ямар давуу талтай байх бол?
 
-2017 оны хуулийг батлах явцад хандлагын асуудал нэлээд гарч байсан.Тухайн үед ХЗДХЯ нэгдсэн тогтолцоогоо бүрдүүлэх зорилготой байсан бол тухайлсан салбарын байгууллагуудын төлөөлөл бүх зүйлийг л торгуультай холбож, хуульд тусгах зарчмыг баримталж байсан. Шударга хэлэхэд улсын байцаагчид өөртөө яаж эрх мэдэл авах вэ гэдэг хандлагаар л ханддаг. Үүнээс болоод Зөрчлийн тухай хууль буюу Монгол Улсын хариуцлагын болон хууль хэрэгжүүлэхийн тогтолцоо ромбо хэлбэртэй болчихоод байна. Дээд талын үзүүрийн хэсэг нь Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж, гэмт хэрэгт тооцсон үйлдэл, эс үйлдэл. Дунд талын цүлхийсэн том хэсэг нь зөрчил. Доод талын жижиг хэсэг нь төрийн хяналт шалгалтын ажил. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бухимдаж, төрийн албан хаагчдын ажлын ачаалал ч нэмэгдэж, үүнээс бүх асуудал үүсдэг. Тиймээс ХЗДХЯ болон шинэ сайдын барьж буй бодлого, зарчим бол дээрх дүр зургийг пирамид хэлбэр рүү оруулах явдал юм. Өөрөөр хэлбэл, суурь нь буюу төрийн хяналт шалгалт өргөн байх ёстой. Харин дунд хэсэгт нь буюу хуулийг зөрчиж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сануулдаг, зөвлөдөг, тодорхой хугацаа өгч засч залруулах боломж бололцоог нь олгодог байх хэрэгтэй. Хуулийг жижиг үйлдэл ч байсан хамаагүй бүгдийг нь торгодог байдлаар өмнө боловсруулж, баталсан учраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулах байдалтай байна.
 
-Иргэдийн зарим нь Зөрчлийн тухай хуульгүй байх ёстой гэж үзэж, одоо мөрдөж буй хуулийг хүчингүй болгох асуудлыг хөнддөг. Үүнд та товчхон хариулт өгнө үү. Хуулийн ач холбогдлын тухайд?
 
-Гэмт хэрэгтэй тэмцэхэд хийж хэрэгжүүлэх ажлын хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх явдал.
 
 
 
Хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа давтаад байвал нийгмийн бугшсан үзэгдэл болж хувирдаг. Тиймээс хууль тогтоогчид болон төрийн байгуулагынхан хандлагаа өөрчилж, аливаа зүйлийн нийгэм дэх хэв журмыг бага хүрээнд нь сануулж, засч залруулахгүй бол хүрээгээ тэлсэн үед нь түүнийг арилгаж, өөрчлөхөд илүү хатуу арга, ихээхэн зардал мөнгө шаардлагатай болдог. Зөрчлийн тухай хуулийн ач холбогдлыг энэ өнцгөөс ойлгох нь зүйтэй.
 
 
 
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүнд оруулсан нэг том өөрчлөлт бол Монгол Улсад анх удаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тухайлсан зөрчлийг хариуцаж байгаа байгууллагууд өөрсдөө хариуцаж, урьдчилан сэргийлэх ажлыг хийхээр болсон.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин