Нар бараадаж хааяа ажлынхаа цонхоор хардаг. Худалч хүнд бараг харах бүрт л төв зам дагуу авто осол гарчихсан цагдаа нар шалгаад зогсож байх. Өнгөрөгч 20-ны өдөр Биндэр суманд авто ослын улмаас гурван хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг мөн гарчээ.
 
 
Энэ мэтчилэн автомашины аваар осол эрдэнэт хүний амь насыг авч одсон тохиолдол өдий төдий бий. Манай улсын нийт автомашины 80 орчим хувь нь 7-с дээш жил ашиглагдсан байгаль, экологи хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагаар стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, ашиглалтын зардал өндөртэй, тухайн улсдаа хэрэглэгдэхээ больсон хямд үнээр худалдаалагдаж буй импортын машинууд.
 
 
Тэгвэл 2010 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тооллогоор нийт 327874 авто тээврийн хэрэгсэл тоологдсны 58 хувь буюу 190421 нь суудлын автомашин байна гэсэн судалгаа гарсан. 2010 оны тооллогоос үзэхэд автомашины сүүлийн жилүүдийн дундаж өсөлт 25 орчим хувьтай гарч байна.
 
 
Энэ хэмжээгээр жигд өснө гэж тооцвол 2015 онд улсын хэмжээнд 560,0 мянга орчим болж өсөх хандлагатай байна. Эдгээр насжилт нь дуусч тэтгэвэртээ гарсан машинууд хямдхан жолооны сургууль төгссөн жолоочдын гар дээр хүрээд юу болов оо.
 
 
Монгол улсын хэмжээнд осол гэмтлээр нас барсан хүмүүсийн тоо 1990 онд 792 байсан бол 2008 онд энэ тоо 5 дахин өсч 3500 болсон. 2008 оны статистикаар нас барагсдын 18,9 хувь нь зам тээврийн ослоор нас барсан байдаг аж.
 
 
Гэтэл өнөөдөр аваар ослоор нас барж буй хүмүүсийн 40 хувийг зам тээврийн ослоор нас барсан хүмүүс эзлэж байна. Эх сурвалжаас үзэхэд өнгөрсөн 2012 онд 46 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага Замын цагдаагийн газарт бүртгэгдэж, дээрх ослуудтай холбогдуулан 2000 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
 
 
Зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 541 хүн нас барж, 6214 хүн гэмтэл авчээ. Өмнөх жилийн үзүүлэлтийг 2011 оныхтой харьцуулахад амь насаа алдсан хүний тoo 1,9 хувиар өсч, гэмтсэн хүн 1,5 хувиар буурсан байна.
 
 
Үүн дотроо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал авдиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 369 хүн нас барж мянга гаруй хүн гэмтсэн бол орон нутагт 255 хүн амь насаа алдсан байна. Зам тээврийн ослоор улсын хэмжээнд 8 тэрбум 118,9 сая төгрөгийн хохирол учирсны ная орчим хувийг нь нөхөн төлүүлсэн аж.
 
 
Жил бүр л 500 иргэнээ нөгөө ертөнц рүү илгээж, 6000 хүнээ бэртээж гэмтээгээд байвал Монгол улсын цөөхөн хүн амаас өрөөл татанги тахир дутуу хэдхэн хувь нь л үлдэнэ. Зам тээврийн осол Хэнтийд хэр байгааг холбогдох хүмүүсээс мөн дууллаа. Өнгөрсөн жил Хэнтий аймагт зам тээврийн ослоор 29 хүн өнгөрсөн.
 
 
2012 оны эхний хагас жил гэхэд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 20, осол 49 гарч 17 хүн нас барж, 32 хүн гэмтэн иргэд байгууллагад 42,112,5 мянган төгрөгний хохирол учирч нийт хохирлын 38932,5 мянгийг төлүүлсэн байв.
 
 
Мөн хугацааг хүртэл аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгаас 3587 зөрчил илрүүлснээс согтуугаар тээвэр жолоодсон 256, түр саатуулсан тээврийн хэрэгсэл 524, жолооны үнэмлэхгүй жолоодсон 179, улсын дугаар, гэрчилгээ, үзлэгт ороогүй 166, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон 493, бусад зөрчил 1969 гарчээ.
 
 
Зөвхөн хагас жилийн зөрчил илрүүлэлт, аваар ослын дүн л энэ. Цаашлаад тооны мэдлэг дулимагхан хүний толгойноос томрох нь дамжиггүй. Аймгийн хувьд урд хөршөөс оруулж ирдэг хужаа дугуйны аваар осол, бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэлээдгүй хувийг эзэлдэг гэнэ.
 
 
Хүлэг, Арслан, Ирвэс гээд аль хүчтэй, хурдтай, бэлэг тэмдэг болсон амьтдын нэрээр нэрлэсэн уул дугуйнаас болж хөлгүй, доголон, сохор, тахир дутуучуудын тоо үлэмж нэмэгддэг нь анзаарагддаг. Манайх шиг хүн ам нь өсч буй аймагт авто зам, жолооч нарын сургалт, тэмдэг тэмдэглэгээ, тээврийн хэрэгсэл дээрээ бодууштай.
 
 
Сaрдaa дунджаар 500 орчим зөрчил илрүүлдэг гэхээр зам тээврийн осол руу төрийн бодлогыг зайлшгүй хандуулах болсныг илтгэж байна. Үүнчлэн Өндөрхаан хотыг удахгүй камержуулна. Тэр үед жолооч нараас жолооны шалгалт үнэн зөвөөр авч л таараа.
 
 
Харин бэртэгсдийг яах вэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг ямар шатанд зохион байгуулах вэ. Авто тээврийн осол амь дагуулсаар байна. Аваар осолтой, согтуу жолооч нартай, зөрчил гэмтэлтэй зөвхөн ЦГ-ын Замын цагдаагийн жижигхэн тасаг тэмцэх үү, аймаг орон нутгаараа тэмцэх үү гэдгийг бодож үзмээр.
 
 
С.Ган-Эрдэнэ
 
Эх сурвалж “Хэнтийн мэдээ” сонин