Амьдын зол, үхсэний хохь гэж үг бий. Эсрэгээр нь үхсэний зол, амьдын хохь ч гэж хэлж болно. Чухамдаа аливаа луйврын ард дээр хохирогч байх нь зүй ёсны хэрэг. Харин хэд хичнээн байна гэдэг тоо, чанар нь онц биш.
 
 
Сүүлийн хэдэн cap хурцаар яригдаад байгаа "Хэнтий Хангай" ХХК-ийн асуудлаар иргэд үнэн худал нь үл мэдэгдэм цуурах боллоо. Манай сонины редакц энэ талаар оны өмнөх дугаартаа \№38,39-д\ "Авилга хээл хахууль аалзны тор шиг сүлжилджээ" гэсэн гарчигтай нийтлэлийг цувралаар гаргаж, түүний дараагаар Ц.Оюунтуяа гэгч эмэгтэй манай редакцийн өрөөнд орж ирэн "нэр төрөө сэргээлгэнэ" хэмээн хуруу гараа чичлэн дайрч гарч явсан удаатай.
 
 
Бид "Тус компанийн захирал Ц.Амгалан нь 2012 оны 05 сарын 19-нд зуурдаар нас барсаны дараагаар 60 ажилчин нь ажилгүй болж, компанийн таван тендер нь буцаагдаж, талийгчийн гэр бүлийнхэн дарамтанд амьдарч байгаа талаар болон тэдний хувьд " Үнэн" гэдэг зүйл өссөн төрсөн нутагт нь үйлчлэхгүй болсныг эх сурвалж, баримт тайлбартай нь дурьдаад "Бурхангүй газар бумба галзуурна гэгчээр Ц.Амгалан агсаныг өнгөрснөөс хойш тус компанийн ня-бо Д.Оюунтуяа нь хэрээс хэтэрсэн эрх мэдэл гаргах болсон талаарх "үнэн" мэдээллийг сониндоо нийтэлсэн юм.
 
 
Учир нь энэ эмэгтэй аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан Х.Энхцэцэг, мөн тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч У.Мөнхцэцэгээс авахуулаад төрийн хэд хэдэн алба xaaгчдыг  Авилгалын торон сүлжээндээ татан opуулж, хуулийг гууль болгож, гуулийг лууль болгон завхруулсан нь илчлэгдсээр байхад үүний ардах хохирогчдыг төр засаг, удирдлагууд "хар нүднээс хөмсөг гадуур" гэдэг шиг харах болсонд л хамгийн гол учир байгаа юм хэмээн "Хэнтий Хангай" Х,ХК ийн захирал Ц.Амгалан агсны гэр бүлийнхэн хандсаныг дамжуулсан нь тэр.
 
 
Харин энэ удаад редакцийнхаа зүгээс дээрх хэргийн талаар хэрхэн шийдэгдсэнийг уншигчиддаа нэхэн  сурвалжилж уншигчиддаа үнэнийг хүргэхийг зорилоо.
"Ц.Оюунтуяаг "Хэнтий Хангай" ХХК-ийн хувь эзэмшигч болсных нь төлөө ар гэр нь заргалдсаар байгаад ял оногдуулжээ, Ц.Оюунтуяа гэм буруугүй атлаа хоригджээ" гэхчилэн явган яриа гадуур хуурай өвс шатаж буй мэт тархаад байгаа.
 
 
Үүнд албан ёсны, үнэн бодит мэдээлэл авахаар саяхан Шүүхээр орсон юм. Үйл ажиллагаандаа шинэчлэл хийн ажиллаж байгаа тус байгууллагаас хувь хүний болоод төрийн нууцад хамааралгүй л бол шийдэгдсэн хэргийн талаарх мэдээллийг авах бүрэн боломжтой байдаг юм байна.
 
 
Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас авсан мэдээллээр "Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Оюунтуяад холбогдох 21121394 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэж, Цэрэндэндэвийн Оюунтуяаг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар хувьд оногдох эд хөрөнгөөс 1 000 000 (нэг сая) төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ялыг хэрэглэн, 6 (зургаан) жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол гаргалаа.
 
 
Мөн тогтоолоор Ц.Оюунтуяагаас 27,944.394 төгрөгийг гаргуулж "Хэнтий Хангай" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн" гэжээ. Өнөөдрийн байдлаар уг шийтгэх тогтоолд Ц.Оюунтуяа болон түүний өмгөөлөгч нараас Хэнтий аймгийн шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаад байгаа юм байна.
 
 
Хэдхэн жилийн өмнө хүүхэд гаргаад ажилгүй гэртээ сууж байсан холын хамаатнаа ажилд авч, байгууллагынхаа мөнгөний судсыг итгэж бариулсан эгэл даруухан эрхэм зуурдаар тэнгэрт хальж эцэс сүүлд нь "ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гэгчээр байгууллагаасаа сэм хумсалсан нөгөө нь хэрэгтэн болж торны цаана сууна гэдгийг хэн нь ч төсөөлөөгүй байсан нь мэдээж.
 
 
Гэвч үнэн хэзээд ялдагаас хойно Ц.Оюунтуяа үнэхээр "Хэнтий Хангай" ХХК-иас мөнгө завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдлоо. Дээр дурьдсан энэ компанийн талаарх иргэдийн үнэн худал нь үл мэдэгдэм цуурхал ийнхүү албаны мэдээллээр нэг мөр боллоо.
 
 
Хэнтий аймгийн барилгын салбарын түүхийг бичилцэж, бүтээн байгуулалтаас нь босголцож явсан "Хэнтий Хангай" ХХК-ийн талаар мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүх сөхөхөд тус компанийн суурь анх аймгийн барилга трестийн 2-р бригадаас эхлэлтэй аж.
 
 
Тухайн үед тус бригадыг МУ-ын аварга барилгачин Ц.Намжил ахалж байгаад талбайн инженерээр ажиллаж байсан Ц.Амгаланд ажлаа өгчээ. Түүний дараагаар 1992 он хүртэл Хан Хэнтий пүүсийн 10-р түрээсийн бригад болон ажиллаж байгаад тарж, Хангай ХК болон өргөжих үедээ Ц.Амгалан агсан пүүс тарахад ажилгүй хоцорсон хэсэг хүмүүсийг ажилд авсны дотор Ц.Оюунтуяа багтжээ.
 
 
Ингээд 1996 оноос "Хэнтий Хангай" ХХК болон улам өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байхдаа ч талийгаач Ц.Оюунтуяагаас нүүр буруулаагүй харин ч зовох цагт нь туслаж дэмжиж байсныг ажилчид нь гэрчилнэ.
 
 
Гэсэн ч даварсаар даварсаар давгын оронд гэгчээр Ц.Оюунтуяа өөрөө харин хамт олноосоо нүүр буруулсан, компаниасаа мөнгө завшсан. Талийгчийг амьд ахуй цагт нь нэг бус удаа ажилчдын  цалинг тавихааргүй компанийн мөнгийг хоосруулж өөр зүйлд зарцуулж байсан тухай тэд ярьцгаах юм билээ.
 
 
Гэхдээ хүн л болсон хойно нэгэн цагт хамт олон болж зүтгэж явсны хувьд Ц.Оюунтуяаг өрөвдөх хүн нь ч олон. Аргагүй биз ээ. Эмэгтэй хүн шүү дээ. Энэ л амьдралын жаргал зовлонг ханьтайгаа хуваалцаж, халуун дулаан гэр бүлдээ өмөг түшиг нь болж үр ачаа тэврэн жарган суух насан дээрээ өргөст торны цаана зургаан жилийг өнгөрүүлнэ гэдэг харамсалтайяа. Гэсэн ч энэ бол түүний хийсэн гэмийн гэсгээл. Яалтай ч билээ...
 
 
Сэтгүүлч нарыг зарим хүмүүс хүний муу үзсэн амьтад гэж ярьдаг, ойлгодог. Үнэн хэрэгтээ нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаатай тэмцэж, хоточ нохойн үүргийг гүйцэтгэдэг нь тэдний хийх ёстой ажил нь юм. Энэ удаад ч мөн ялгаагүй.
 
 
Хэн нэгнийг нь зөвтгөж буруутгах гэсэндээ бус зөвхөн үнэн мэдээллийг уншигчиддаа хүргэж байгаа нь энэ. Хавар боллоо. Хаа сайгүй бүтээн байгуулалтууд өрнөж байна. Энэ их бүтээн байгуулалтын ажилд "Хэнтий Хангай" ХХК хэмээх их айлын орон зай үгүйлэгдэж байна...
 
 
Д.Одонтунгалаг
 
Эх сурвалж: “Хэнтийн мэдээ” сонин