"Нарантуул" Олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсаны улмаас олон иргэд хохирол амссан нь үнэн. Гэхдээ хүнсний зах яагаад шатах болов гэдэг нь оньсого мэт байна. "Нарантуул" зах шатсан нь гадны нөлөөтэй гэх нэгэн байхад галын аюулгүй байдлыг хангаагүйгээс ингэж хохирол амссан гэх хэсэг ч бий.
 
Ямартай ч олны дунд таамаг мэт дүрэлзсэн эл галын шалтгааныг албаныхан тогтоочих биз. Харин түрээслэгчдийн хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг эргэлзээтэй асуудал болоод байна. "Нарантуул"-ын босс гэх УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн амласнаар бол гурван сарын дотор түрээслэгчид гомдолгүй болох юм гэнэ.
 
Гэтэл бодит байдал дээр галд өртөөд гартаа зоосгүй хоцорсон САПУ-гийн түрээслэгчид хэдэн жилийн турш гомдол нэхэж явлаа даа. Ингээд бодохоор эргэлзээтэй зүйл олон байна. "Нарантуул" захыг шатах явцад хүний амь үрэгдсэн нь тогтоогдсон. Тэгвэл 53 настай О гэгч хэн байв.
 
Тэрээр гал гарах үед хүнсний захад юу хийж байсан болоод өдийд хохирогч болов. Түүнийг захын түрээслэгч биш, харин дотоод ажилчин нь байж болзошгүй гэх таамаг ч бий. Харин талийгаач хүнсний захын дотор үйл ажиллагаа явуулж байсан нэгэн аж.
 
Эх сурвалжийн мэдээллээр "Нарантуул" зах шатсан асуудал хуулийнхныг байтугай УИХ-ын гишүүдийг хагаралдуулахад хүрчээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ш.Сайхансамбуу нарын дунд хорт могой шиг сүлбэлдэх хар пиарчид нь элдэв янзын мэдээлэл цацаж, иргэдийг төөрөгдүүлэх болсон гэх.
 
Харин бодит байдал дээр гал гарсан асуудлыг албаныхан хэрхэн шалгаж буйг өгүүлье. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганбаатар эрүүгийн 201301022504 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
 
Мөн хяналтын прокурор Л.Батгэрэл, Д.Дамдинсүрэн нар хяналт тавин ажиллаж буй юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга захирамжаар "Нарантуул" Олон улсын худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс,
 
Нийслэлийн онцгой байдлын газрын, дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр зургаан өдрийн турш ажиллаж байна.
 
Хэдийгээр хэргийн газарт үзлэг явуулж буй ч галд өртсөн объектын талбай том, агуулахад их хэмжээний бараа, бүтээгдэхүүн байгаа учраас хугацаа шаардлагатай аж. Одоогийн байдлаар бараа бүтээгдэхүүнийг тоолох, хохирлыг тогтоох, худалдааны төвийн дээврийг хуулах ажиллагаа явагдаж байгаа.
 
Энэ нь хэргийн газарт хийгдэх үзлэг дуусаагүй гэсэн үг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатсан объектоос 3-4 хүний цогцос олдсон гэх мэдээлэл гарсан. Үүнийг албаныхан няцааж нэг хүний цогцос олдсон болохыг онцолсон.
 
Хүний амь эрсэдсэн эл хэрэгт хуулийнхан эрүүгийн хэрэг үүсгээд зогсохгүй хэд хэдэн хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьжээ. Тодруулбал, долоон хүн энэ хэргийн сэжигтэн болсон байна.
 
Мөн 16 хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч, гал гарч байсныг харсан болон "Нарантуул" Олон улсын худалдааны төвийн удирдлага менежер, зохион байгуулагч, ажилчид зэрэг гэрчүүдийг байцаах зэрэг мөрдөн байцаалтын шаардлагатай ажиллагаануудыг цаг алдалгүй шуурхай явуулж эхэлжээ.
 
Бидэнд ирсэн мэдээллээр Улсын мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүхийн тушаалаар хэргийн газрын үзлэг хийх 20 мөрдөн байцаагч, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I, II дугаар хэлтсийн дарга нарын тогтоолоор томилогдсон 21 мөрдөн байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг "Нарантуул" Олон улсын худалдааны төвийн Цагдаагийн тасгийн байранд уг хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн аж ахуйн нэгж, түрээслэгч нарыг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоох, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг авах зэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.
 
Түүнчлэн дээрх хэргийн газрын үзлэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал, Д.Мөнх-цэцэг, Э.Оюунтунгалаг, Л.Батгэрэл, Д.Дамдинсүрэн, Сонгинохайрхан дүүргээс хяналтын прокурор Х.Эрдэнэчимэг, Г.Магнайжав, Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор А.Мягмарсүрэн, Ц.Отгонноров,
 
Баянгол дүүргээс хяналтын прокурор Р.Машлай, Г.Мижиддорж , Сүхбаатар дүүргээс хяналтын прокурор Э.Одхүү, Ж.Бат-Эрдэнэ, Хан-Уул дүүргээс хяналтын прокурор Б.Батмөнх, И.Энхтуяа нар хэргийн газрын үзлэгт оролцжээ.
 
Эх сурвалж: