Аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, хурд хэтрүүлэн, мөн санамсар болгоомжгүйгээсээ болж зам тээврийн осол гаргасан тохиолдлууд өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлтгэй байгаа нь айдас дагуулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд өрдөө тавхан хоногийн дотор гурван ч удаагийн зам тээврийн осол гарч гурван хүүхэд нас барж, таван хүн хүнд гэмтэл авчээ. 
 
Тодруулбал өнгөрөгч 19-ний өдөр Мөрөн сумын төвөөс баруун тийш 10 км-т Тоёота Спринтер маркийн автомашины жолооч М нь хурд хэтрүүлэн явснаас онхолдож, гурван сартай нялх хүүхэд эндэж жолоочийн биеийн байдал нэлээд хүнд байгаа бол маргааш нь буюу 09 дүгээр сарын 20-нд мөн Мөрөн сумын төвөөс баруун тийш 15 км-т Тоёота королла маркийн автомашины эмэгтэй жолооч Э нь хурд хэтрүүлэн явснаас онхолдож, 13 настай эмэгтэй хүүхэд газар дээрээ нас барж, өөрийнх нь биеийн байдал хүнд байна.
 
09 дүгээр сарын 24-нд Цэнхэрмандал сумын Цэнхэрийн голын гүүрнээс урагшаа 1 км-т Тоёота приус 11 маркийн автомашины жолооч Б нь зам тээврийн осол гаргаж, 6 настай эмэгтэй хүүхэд нас барж, 2 хүн гэмтэл авчээ. Дээрх зам тээврийн ослын хэргийг одоогоор аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
 
Жолооч нартаа анхааруулахад замын хөдөлгөөний дүрмийг чанд сахих, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, эгнээ болон хажуу хоорондын зай барих, гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх, замын нөхцөлд хурдаа тохируулах, гарцтай газраар зам хөндлөн гарч яваа явган зорчигчдын давуу эрхийг хүндэтгэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэн явахгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
 
Эх сурвалж: “Хэнтийн мэдээ” сонин