sonin.mn

Монгол Улсад 1980-аад оны эцсээр өөрчлөн байгуулалт эхэлж өрнөх шатандаа шилжих үед манай эрдэмтдээс цөөнгүй хүмүүс татагдаж орсон гэлтэй. Бид 80-аад оны эцэс, 90-ээд оны эхэнд өөрчлөн байгуулалттай шууд холбож БОЗ гэсэн нэр томъёоллыг улс төрийн хэллэгэнд бодит амьдрал руугаа хандуулж хэрэглэх болсон. БОЗ нь МАХН-ын гурван лийдрийн, гурван том даргын нэрний товчлол юм. "Б" гэдэг нь Бямбасүрэн, "О" гэдэг нь Очирбат, "3" гэдэг нь Зардыхан байв. Тэд эрдмийн зэрэгтэй, том албан тушаалтай, МАХН-ыг шинэчлэх хөтөлбөрийг зөвхөн боловсруулагчид төдийгүй бас зохион байгуулж хэрэгжүүлэгчид байсан байж.


1980-аад онд П.Очирбат нь сайдын зиндаанд, Бямбасүрэн нь даргын өндөр албанд, том онолчийн зэрэглэлд өргөмжлөгдөж, Зардыхан нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөлд өндөр алба хашиж байлаа. 1987 онд К.Зардыхан Москвад Нийгмийн Ухааны Академид Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалсан. Зэрэг горилсон эрдмийн сэдэв нь "Эх оронч үзэл, интернационалч үзлийн төлөвшилт" гэсэн асуудал байв. Тэрбээр эрдмийн зэргээ хамгаалж манай нийгмийн ухааны институтэд социалист байгуулалтын онолын хэлтсийг хариуцсан эрхлэгчээр томилогдлоо. Нийгмийн ухааны институт нь МАХН-ын мэдлийн судалгааны чухал хүрээлэн учраас Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийг бодвол зэрэглэл чансаагаараа, улс төрийн зиндаагаараа илүү өндөрт тавигддагийг хүмүүс мэддэг байв.

1980-аад оны эцсээр Монгол Улсад өөрчлөн байгуулалт нэгэнт практикийн асуудал болж хувирсан учраас өөрчлөн байгуулалтыг бүхэлд нь МАХН-ын Төв хороо, түүний Улс төрийн товчоо удирдан чиглүүлэх болсон учраас Нийгмийн ухааны институт, түүний тэргүүлэх хэлтэс онцгой үүрэгтэй болж эхэлсэн. Үүнтэй уялдаж социалист байгуулалтын онолыг их өөрчлөн байгуулалт руу хандуулах зүй ёсны шаардлага гарав. Социалист байгуулалтын онолыг Монгол Улсын бодит өөрчлөлт рүү яаж хандуулахаас Нийгмийн ухааны институтийн ажил үйлс шууд шалтгаалдаг боллоо. Социалист байгуулалтын онол нь марксизм-ленинизмд тулгуурлаж улмаар социализмын элдэв гажилуудыг засварлаж социалист нийгмийг бүхэлд нь эрүүлжүүлэн төгөлдөршүүлэх чиглэлийг баримтлах учиртай байжээ.

Ер нь социализм хэмээсэн ойлголт, түүхэн замнал, гол гол зөрчлүүд, ангиудын харилцаа, нийгэм-эдийн засаг, соёлын хандлагууд, нам төрийн бодлого, дотоод гадаад бодлогын чиглэл, том гүрэн, бага улс хоёрын харилцаа зайлшгүй хөндөгдөж эхэллээ. Ийм зарчмын асуудлуудыг том бодлогын зиндаанд зангидах шаардлага нэн хүчтэй тавигдсан. Гэвч манай Нийгмийн ухааны эрдэмтэн судлаачид, нам төрийн гол гол зүтгэлтнүүд саяын шаардлагыг хангахуйц тийм төвшинд хүрээгүй байсан гэдэг нь алхам бүрт мэдрэгддэг байв.

Тийм ч учраас социализмын талаарх зарчмын чиглэлүүд шүтэлцэн зангидагдаж нэг цэг дээр огтлолцож чадахгүй болчихсоныг цөөхөн хүн мэдэрч эхэлсэн. МАХН-д манай тэргүүлэх эрдэмтэд байсан ч гэсэн эцсийн эцэст хоёр том чиглэл төлөвшиж эхэлснийг бид ухаарч мэдсэн нь биднийг улс төрийн том алдаанаас сэргийлж болгоомжлох гарцыг олоход тус нэмэр боллоо. Нэг том чиглэл нь социалист нийгмийн элдэв диспропорцуудыг засаж социализмыг эрүүлжүүлэн төгөлдөржүүлэх явдал байв. МАХН-ын том лийдрүүдийн нэг бөгөөд улс төрийн товчооны гишүүн Намсрай өөрчлөн байгуулалтыг саяын бидний дурддаг голдрилоор хөтөлж байсан.

Ийм чиглэлээр доктор Зардыхан Монголын нийгмийг шинэчлэх хөтөлбөр дээр эхэн үедээ ажилласан гэлтэй. Нөгөө нэг том чиглэл нь Д.Бямбасүрэнгийн баримталж эхэлсэн номнолтой холбогддог. Бямбасүрэн нь "Социализм бол явуургүй нийгэм мөн" гэсэн гол томъёоллыг баримталдаг болов. Социализм явуургүй болсон гэдгийг Д.Бямбасүрэн том судалгааны үндсэн дээр биш, харин Польшийн болон Унгарын эрдэмтдийн дэвшүүлсэн үзлээс шууд хуулбарлаж Монголын нөхцөлд улайран тулгаж хэрэглэсэнтэй холбогддогийг бид өмнө нь сануулж байлаа.

Ийнхүү социализмын талаар эсрэг тэсрэг хоёр ойлголт 1980-аад оны эцсээр, 1990-ээд оны эхээр хүмүүсийн, ялангуяа эрх баригчдын, эрдэмтэн судлаачдын оюуныг эзэмддэг болжээ. Социализмыг шинэчилж төгөлдөржүүлэх үү, аль эсвэл социализм явуургүй болсон учраас социализмаас шууд татгалзах уу гэсэн хоёр өөр чиглэлийн асуудал зүй ёсоор тавигджээ. Бидний саяын дурддаг хоёр чиглэл 1970-аад оны эцсээр биш чухамдаа 1980-аад оны эцсээр нийгэм-улс төрийн бодит шаардлагаар дэвшигдлээ.

Гэтэл бид Монгол улсын ээдрээт асуудлуудыг том онолын төвшинд, нэгдсэн төлөвлөгөөний төвшинд, нэгдсэн том бодлогын зиндаанд шүтэлцүүлж зангидах боломж 1960-аад оны дунд үеэс гарч ирснийг сонордуулж хэлэх нь зүйтэй болов уу. Үүнээс гадна Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд 1960-аад оны эцсээс социалист эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх болсон явдал биднийг социалист байгуулалтын чухал асуудлуудыг интеграцийн хандлагуудтай шүтэлцүүлэх боломжийг өргөжүүлсэн.

Юуны түрүүнд Европын социалист орнуудын туршлагыг судалж мэдэх, харилцан туршлагаа солилцох явцад социализмын тухай ойлголт гүнзгийрч Шинжлэх ухааны социализмын онол нь социалист хэмээгч бүтээн байгуулалтын практиктай харшилддаг явдап бидэнд улам бүр анзаарагддаг боллоо. Биднйй өмнө марксизм-ленинизм, Шинжлэх ухааны социализмын онол зөв үү, буруу юу гэсэн асуудал зугуухнаар тавигддаг болов.

Үүний нэгэн адил социалист байгуулалтын практик биднийг жинхэнэ социализмд хүргэж чадах уу, аль эсвэл социалист байгуулалт гэсэн гоё нэр хаягийн цаана жинхэнэ социализмд харшилсан айхавтар далд үйл явцууд өрнөөд байгаа юм биш үү гэсэн лут эргэлзээ төрдөг болсон. Ийм эргэлзээг нотолсон олон үйл явцууд салбар яамдын төлөвлөгөөнд, улс ардын аж ахуйн нэгдсэн төлөвлөгөөнд, улмаар том улс төрийн бодлогод илэрдэг болжээ.

Тухайлбал Монгол-Зөвлөлтийн гадаад худалдаа Монгол улсын хувьд байнгын том алдагдалтай болсон нь ямар ч л байсан социалист эдийн засгийн интеграцийн илрэл биш гэдгийг, энэ нь бас Монгол-Зөвлөлтийн Эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүн тун хангалтгүй байгааг нотолсон сүрхий бодит баримт гэдгийг төлөвлөгөөний төв байгууллага хамгийн түрүүнд ойлгож эхэлсэн.

Бас хөгжлийн гол тулгуур болж явдаг хөрөнгө оруулалт нь ард түмний бодит амьжиргааг залуурддаг жижиглэнгийн бараа гүйлгээтэй айхавтар зөрчилд байнга өртөж эхэлснийг бид 70-аад оны дунд үеэс ухаарч мэдсэн гэлтэй. Нийгмийн үйлдвэрлэлийн үр ашиг үлэмжийн алдагдалтай болсон нь социалист байгуулалтын практикт эргэлзэх хандлагыг хүчтэй болголоо.

Ялангуяа эрдсийн том стратегийн ордын асуудал Монгол улсын хувь заяанд асар их хохиролтойгоор шийдэгдсэнийг миний бие 1970-аад оны дунд үеэс гүнээ ухаарч улмаар манай улсад социалист байгуулалт жинхэнэ утгаараа өрнөөгүй бөгөөд социализм гэсэн гоё нэрээр Монгол улс улам бүр хараат улсын зиндаанд өргөмжлөгдчихөөд байгааг олж тогтоов. 1978 оны намар ЗХУ социалист улс биш гэдгийг, Монгол улсад социалист байгуулалт явагдаагүй гэдгийг оношилж, ЗХУ бол далд колончлогч гүрэн, Монгол улс нь Зөвлөлтийн далд колони улс болж хувирсаныг эцэслэн дүгнэж, далд колониализмыг судлах ажлыг би хувьдаа санаачилж эхлүүлсэн.

1978 оны эцсээр улс ардын аж ахуйн төлөвлөгөөний зохицуулалтыг хэлэлцэх ээлжит хуралдаан Монголын төлөвлөгөөний төв байгууллага, Зөвлөлтийн төлөвлөгөөний төв байгууллагын хооронд 1978 оны эцсээр явагдсан. Энэ хуралдаанд миний бие эцсийн удаа оролцлоо, Зөвлөлтийн гол гол мэргэжилтнүүд Зөвлөлт гүрний жинхэнэ улс төрийн статусыг Монгол улсаас хамгийн түрүүнд намайг олж харсан гэдгийг анзаарч надад хандах урьдын хандлагаа эрс өөрчилж эхэлснийг би анзаарсан гэлтэй.

Тэд: "Нэргүй доктор оо, Та биднийг, бидний үзлийг зад шүүмжлээд өгөхгүй юу" гэхэд нь би тэдний санаанд оромгүй хариултыг барьсанд тэд нэн их гайхширсныг хэлэх нь зүйд нийцнэ. Чухам ямар хариулт байсан бэ гэвэл: "Би та нарын төлөвлөгөөндөө гол болгож баримталдаг үзлийг арван жилийн дараа илчилж, ёстой шүүмжилсэн шиг шүүмжилнэ шүү" гэхэд тэд: "Арван жил гэдэг нэн урт хугацаа юм. Тэр үед бидний ихэнхи нь хорвоог орхичих болов уу даа" гэж хэлж байсан нь миний санаанаас байнга уяатай явдаг.

Арван жилийн дараа миний бие Ардчилсан хувьсгалын онол үзэл бодлогыг боловсруулж 1990 оны 2-р сард батлуулж амжсан. Миний бие ингэж далд колониализмыг илчилж ёстой шүүмжилсэн шиг шүүмжилж явдгаа зон олондоо "Хөх толбо" сониноор байнга толилуулсаар байгаа. Зөвлөлтийн төлөвлөгөөний төв байгууллага эдийн засгийн яамны статустай болж тэр үеийн, өөрөөр хэлбэл 1970-аад оны эцсээр ажиллаж байсан Зөвлөлтийн төлөвлөгөөний гол гол мэргэжилтнүүд хорвоогийн жам ёсоор насан өөд болцгоолоо.

Хамгийн гол нь тэдний нилээд нь ЗХУ задарсныг олж харсан төдийгүй Зөвлөлт гүрэн буруу замаар "будаа" тээж явсныг ойлгосон гэлтэй. Ийнхүү түрүүчийн бидний дурддаг хоёр чиглэлээс гадна гурав дахь чиглэл гарч ирлээ. Хэрэв эхний хоёр чиглэл нь социализмыг сайжруулахтай, эсвэл социализмаас татгалзахтай уялддаг бол гурав дахь чиглэл нь Монгол улс жинхэнэ социализмыг байгуулаагүй бөгөөд харин далд колони тогтолцоог төлөвшүүлсэн гэдэгтэй шүтэлцдэгийг бид онцолж дурдах ёстой.

Социализмыг сайжруулахтай холбогдсон өөрчлөн байгуулалт нь Ардчилсан хувьсгалаас огт өөр үйл явц байсан бөгөөд өөрчлөн байгуулалтыг МАХН нь биш, ЗХУ-ын коммунист нам санаачилж бусад социалист орнуудад ийм өөрчлөн байгуулалт хийхийг шаардаж байлаа. Ардчилсан хувьсгал нь социализмыг явуургүй нийгэм болж хувирсан тухай Д.Бямбасүрэнгийн дэвшүүлсэн таамаглалтай ямар ч уялдаа холбоотой байгаагүй гэдгийг бид хэлэх нь зүйд нийцнэ.

МАХН-ын дотор 1990 оны эхний улиралд айхавтар өөрчлөлтүүд ажиглагдаж ирсэн. Энэ нь юуны өмнө өөр намын доторх улс төрийн бүлэглэлүүдийн тэмцлээр, хуучинсаг хүчин толгойгоо өндийлгөж шинэсэг хүчний эсрэг шөргөлцдөг болсноор илэрч эхлэв. Ялангуяа Моломжамц-Содномын бүлэглэл дотроосоо задарч П.Очирбат, Д.Бямбасүрэн нар ялгаран хөндийрч, Намсрай-Жамсранжавын бүлэглэл задарч К.Зардыхан болон түүний талынхан Бямбасүрэн рүү ойртон хандах болжээ.

Зардыханаар удирдуулсан эрдэмтдийн бүлэг 1990 оны 2-р сард Монгол улсын тулгамдсан асуудлуудыг нэгтгэн дүгнэсэн захидлыг бэлтгэв. Монголын Ардчилсан холбоо 1990 оны 2-р сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж Ардчилсан хувьсгалын үзэл номнолыг батлав. Зардыханаар удирдуулсан эрдэмтдийн бүлэг нь Ардчилсан хувьсгалын үзэл номнол батлагдсанаас хойш 5 хоногийн дараа "Үнэн" сонинд захидлаа нийтлүүлсэн.

Зардыханаар удирдуулсан эрдэмтдийн бүлэгт Ц.Даваадорж, Ж.Ядамсүрэн, Б.Батхишиг, М.Энхсайхан, Ж.Чунагсүрэн, Х.Гүнд-самбуу, С.Дашдаваа, С.Уртнасан, Ш.Түдэв, Ц.Гомбосүрэн, Ж.Чойнхор, Ц.Цолмон, Ц.Батболд, Ц.Баасанжав нар оржээ. Зардыханы бүлэг Монгол улсын тулгамдсан асуудлуудыг зөвхөн МАХН-ыг улс төрийн гол хүчин байлгах чиглэлээр дэвшүүлж толилуулсан болохоос биш зарчмын том том асуудлуудыг чухамдаа Ардчилсан хувьсгалын зиндаанд өргөмжилж тавьж чадсангүй.

Зардыханы бүлэг хэдийгээр Монгол улсын нилээд эрдэмтдийг оруулж судалгаагаа хийж дүгнэлт гаргасан ч гэсэн энэ нь далд колониализмыг илчлэх хэмжээнд, дарга ангийг яллах, Монгол улсыг хараат замналаас бие даасан хөгжлийн голдрил руу чиглүүлэх хэмжээнд хүрч чадаагүй гэдгийг хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Зардыханы бүлэг марксизм-ленинизмийн диалектик арга зүйг эзэмшээгүй гэдэг нь бүрэн нотлогдсон. Үүнээс шалтгаалж манай олонхи эрдэмтэд хожим нь социализм бол явуургүй нийгэм мөн гэсэн Д.Бямбасүрэнгийн дээдэлсэн томъёоллыг зөвшөөрсөн аж.

Эрдэмтдийн дэвшүүлсэн үзэл номнол зөв үү, буруу юу гэдгийг бодит амьдрал, улс төрийн тэмцэл нотолдгийг бид сануулахад илүүдэхгүй. Аль нэгэн том дарга, эсвэл ямар нэгэн бүлэглэл марксизм-ленинизмийг зөв гэвэл тэрбээр зөв болчихдог, буруу гэвэл марксизм-ленинизм буруутаад гологдоод явчихдаг юм биш. Үүнтэй нэгэн адил либерализм, монетаризм, консерватизм буруу гэвэл зөв болчихдог, зөв гэвэл буруу болчихдог тийм зүйл байдаггүй юм.

Марксизм-ленинизм зөв онол гэдэг нь нотлогдсон. Харин либерализм, монетаризм, консерватизм буруу номнол гэдэг нь ч батлагдчихаад байгаа. Яагаад бид үүнийг дурьдаад байна вэ гэвэл марксизм-ленинизм нь ажилчин ангийн цорын ганц сургааль мөн бөгөөд тэрбээр ажилчин ангийн язгуур эрх ашгийг бүрэн төгс илэрхийлж чаддаг онол номнол мөн. Марксизм-ленинизмээс өөр элдэв онол номнолууд нь ажилчин ангийн язгуур эрх ашгийг хэзээ ч илэрхийлдэггүй бөгөөд тэд нь зөвхөн ноёлогч ангийн, хөрөнгөт ангийн, дарга ангийн, колончлогч ангийн язгуур эрх ашгийг хамгаалдаг.

Өнөө үед өндөр хөгжилтэй хэмээх улс гүрнүүд өөрсдийнхөө баримталдаг үзэл номнолыг, лут бодлогыг хэчнээн ч гоё чимэг үгээр халхавчилсан ч ийм үзэл бодлогын жинхэнэ нүүр царайг зөвхөн ажилчин ангийн онол илчилдгийг түүхэн практик харууллаа. Манай улсад гадныхны элдэв үзэл номнолууд бөөн бөөнөөрөө орж ирсэн. Эдгээр онол номнолыг баримталдаг намууд бий болжээ. Мөн олон төрлийн шашнууд түгэж дэлгэрэв.

Ийм нөхцөлд ард олны тархийг өдөр бүр, цаг минут бүрээр угаан мунхагжуулдаг оньс тасралтгүй ажиллаж байгаа. Монгол түмэн сэтгэн бодох чадвараа алдаж, сэтгэл оюунаа харийн шашинд атгуулж, арчаагүй, хулчгар төрх шинжийг олж харийнхны соёлыг бишрэн шүтдэг болчихоод байна. Олон намууд дотор ард олноо сэтгэл оюуны боолчлолоос аврах үйл ажиллагааг явуулдаг нам бараг байхгүй гэж хэлж болно.

Оюуны боолчлолоос олон түмнийг зөвхөн улс төрийн соён гэгээрлээр аврана гэдгийг манай улс төрийн намууд ойлгох цаг нэгэнт ирчихээд байна. Бид үүнийг ийнхүү яриад байдгийн учир нь юу гэвэл хэрэв улс төрийн намууд Монгол түмнээ, нэн ялангуяа залуу үеийнхнийг, хүүхэд багачуудыг харийнхны элдэв шашнуудын нөлөөллөөс тууштай хамгаалж тэмцэхгүй бол харийнхан, гадаадын колоничлогч Монгол улсыг дэлхийн буддын шашны гол төв болгож хувиргах лут нууцлаг бодлого арав хорин жилийн дараа бүрэн амилах болно шүү гэдгийг бид хэлж сонордуулах ёстой.

Эдийн засгийн далд колоничлол, улс төрийн далд түрэмгийлэл ба хэлмэгдүүлэлт Монгол улсад зонхилох хандлага болон тогтсон төдийгүй удахгүй Монгол түмнээ сэтгэл оюуны бүрэн далд колончлолд нэрвэгдүүлэх аюул нүүрлэчихээд байгаа шүү. Ийм аюулуудыг сөргүүлж бид хорин жилийн тэртээд Ардчилсан хувьсгалын онол үзэл бодлогыг дэвшүүлсэн. Гайхалтай нь Ардчилсан хувьсгалыг улангасан эсэргүүцэж байсан хүмүүсийн тэргүүн эгнээнд Д.Бямбасүрэн, П.Очирбат, К.Зардыхан, Б.Чимид нар явж байсныг бид хэлэх хэрэгтэй.

Хорь гаруй жилийн тэртээд бид далд колониализмыг гол аюулаа гэж үзэж улс төрийнхөө бодлогын гол чиглэлийг зөв гаргаж тавьж чадсан гэдэг нь хорь гаруй жилийн дараа бодит зовиурлаг амьдралаар нотлогдоод байна. Хамгийн гайхалтай бөгөөд нэн харамсмаар зүйл бол манайд бий болсон хорь гаруй улс төрийн намуудаас шарын шашны эсрэг, христ шашны эсрэг, ислам шашны эсрэг тэмцэж монгол түмнээ шашны боолчлолоос, харийн шашны колончлолоос ангижруулахын төлөө зүтгэдэг нэг ч нам байхгүй байгаа гэдгийг бид сонордуулах учиртай.

Улс төрийн намууд улс төрийн соёлыг бүрмөсөн орхиж харийн шашнуудын өмнө зуун хувийн буулт хийж ялагдлаа хүлээсэн гэдгийн илрэл нь ийнхүү нотлогдоод байгаа юм биш үү. Ардын нам нь ч, Ардчилсан нам нь ч, бусад намууд нь ч элдэв янзын бурхануудыг толгой дээрээ гаргаж өргөмжлөн дээдэлсээр улмаар шашнуудыг гааруулж шарын шашин өөрийнхөө ноёрхлыг тогтоохын тулд бусад шашнуудад лут дайн зарлачихаад байгааг анзаарч эмзэглэж эсэргүүцдэг нэг ч нам гарч ирсэнгүй ээ.

Манай улсад гадны гурван давхар колончлол төлөвшиж Монгол төрийн том том бодлогуудыг чангалан атгаж Монголын ард түмний өмч болсон эрдсийн асар их баялгийг бөөн бөөнөөр нь луйвардан зөөж байгааг монголчууд бараг бүгд мэдэж байгаа ч гэсэн үүний эсрэг тэмцэл хийх чадваргүй болчихоод байна. Монголын төр шарын шашинтны төр болох голдрил руугаа эрч хүчтэй тэмүүлж явна. Төрийн гурван өндөрлөг тэр аяараа шарын шашныг дээдлэн биширдэг болжээ.

Тэр ч байтугай социализмыг явуургүй нийгэм хэмээн сурталчилдаг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн шарын шашныг Их Тэмүчин Чингис хааны үзэл бодлогоос дээгүүр өргөмжилж шүтдэг болсноо, Чингис хааныг оюунтүлхүүр хэмээх лут номнолыг мэддэггүй хаан байсан мэтээр үнэлж явдагаа "Улс төрийн тойм" сонинд өгсөн ярилцлагадаа хөндсөнийг бид "Хөх толбо" сонин дээр илчилж тавьсан билээ.

Шарын шашинд тархи толгойгоо мэдүүлдэг Монголын дарга анги, төрийн гурван өндөрлөг, том том намуудын лийдрүүд эх орноо харийнханд худалдаж бүх эрдэс баялгийг колончлогчдын мэдэлд лицензээр панзалсан улс төрийн аймшигт гэмт хэргүүдтэй бүрэн эвлэрчээд байна. Гадны колончлогчтой тэмцэлддэг "Гал үндэстэн" холбооны хэд хэдэн лийдрүүдийг хорь гаруй жилээр шорон гянданд хорих ял оноочихоод байгааг жижиг хэмээн хочлуулдаг улс төрийн хэд хэдэн намууд айхавтар эсэргүүцдэг боллоо.

Бид "Монголын мэдээ" сонины энэ оны 1-р сарын 28-ны өдрийн 18-19 дүгээрт "Гал үндэстэн" холбооны дэд тэргүүн М.Баатархуягийн өгсөн ярилцлагаас хэд хэдэн ишлэлийг дахин толилуулъя: "Бид террористууд биш...Бид дээрэмчин биш. Бид эрх баригчид шийдвэр гаргагчид шиг эх орон, газар шороогоо худалдаж идээгүй. Жинхэнэ мөлжигчид, эдийн засгийн алуурчид чинь уул уурхайн компани хөрөнгө оруулагчид...

Өнөөдөр эрх мэдэл, эд баялгийн төлөө шунасан бузар булай хүмүүс юу ч хийхээс буцахгүй байна. Энэ байдал цаашдаа даамжирвал улс орныхоо төлөө дуугарах хүнгүй болох нь. Монголд ялангуяа орон нутагт харийнхан буюу хөрөнгө оруулагч нэртэй колончлогчдоос зэвсэг бариад ч хамаагүй эх нутгаа хамгаалах ёстой. Өнөөдөр "Гал үндэстэн" холбоо Монгол улсыг колончлолд оруулж байгаа энэ асуудлыг зогсоохгүй бол зэвсэг барьж тэмцэхэд бэлэн шүү" гэжээ.

1990 оноос хойш сүүлийн 24 жилд нийт монголчуудын оюуны амьдралыг харийн шашнуудаар жолоодуулах хандлага хүчтэй явагдаж байгаа. Энэ нь гэгээрлийг биш, чухамдаа мунхаглалыг дээдэлсэн хандлага мөн. Мунхаглал улам түгэж байгаа нь монголчуудыг тэмцэлд биш залбиралд живүүлж, үнэнийг биш худлыг дээдэлж хүнлэг ёсыг биш харам сэтгэлийг түгээсэн тийм л орчныг төлөвшүүлнэ. Үүнтэй холбогдуулж Их Тэмүчин Чингис хааны айлдсан дөрвөн мөрт сургаалийг толилуулбал:

"Үнэнийг мэдээд Ухаарахгүй бол Ухаан байгаад яахав
Ухаан байгаад Худалд итгэвэл Үнэн байгаад ч нэмэр үгүй
Үнэнийг олоод Ухаарч чадсан ч Зүрхэнд чинь Хайр үгүй бол хүн байх хэрэг үгүй

Энэ гурван цогц холбогдон биенээ тэтгэж Гэгээрэл болдог". Энэ сургааль нь улс төрийн гүн ухааныг Их Тэмүчин Чингис хаан гаргуун эзэмшсэнийг илтгэн харуулж байна. Үнэн, ухаарал, хайр ийм гурван шинж хүн гэдэг ойлголтыг цогцлооно. Үнэнийг ойлгож ухаарч чадсан хүнийг гэгээрсэн хүн хэмээн үзэж болохгүйг Чингис хаан сануулж байна. Үнэн, ухаарал хоёроос гадна хүн хайр гэдгийг, хүнлэг ёс гэдгийг өөртөө төлөвшүүлэх учиртай. Ингэснээр үнэн, ухаарал, хайр гурав хэнбугайг ч гэгээнтэн болгож өөрчилнө. Энэ бол жинхэнэ гэгээрэл. Үнэнийг мэднэ гэдэг нь Чин үнэн, Чу үнэн, Хажир үнэнийг бүгдийг нь эзэмшинэ гэсэн үг.

Эдгээр үнэнийг ухаарахын тулд ухаанаа сайн ажиллуулах ёстой. Ухаан гэдэг нь хоосон үг биш, Их монголчууд ухааныг ярихдаа Жигүүрлэхүйн есөн ухаан, Улсаа өмөөрч босоо оршихуйн есөн ухааныг юуны түрүүнд дээдлэн эрхэмлэдэг байв. Тэгэж баймаажил ухааныг билиг ухаан болгож чадна. Билиг ухаан төлөвшсөн үед хэнбугай ч худалд итгэхгүй болж, хов живээр хөөцөлдөхгүй, усан хутгуур хийж хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж зодолдуулахгүй, харийн шашинд тархи толгойгоо захируулахгүй жинхэнэ бие даасан Иргүн болж хувирна.

Иргүн нь хүнлэг ёсыг эрхэмлэдэг жинхэнэ гэгээрсэн хүн болж чаддаг билээ. Их монголчуудын дунд Иргүн гэсэн ойлголтоос гадна Мөргүн гэсэн ухагдахуун үлэмж түгсэн байв. Эдгээр ухагдахуунууд нь Их Монгол улсын хүний хөгжлийн төвшинг тодруулж заагласан чухал ойлголт байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Ер нь гэгээрлийг эрхэмлэх, гэгээрлээс гэгээрэл рүү шилжих улмаар дээд сэтгэхүйг эзэмших нь их монголчуудын манлайллын чиглэлийг гийгүүлдэг байсан гэдгийг онцолж хэлбэл зохино. Өнөөгийн монголчууд биднийг харийн шашнууд гэгээрлээс гэгээрэл рүү оруулах нь байтугай, бүр дээд боловсрол олсон хүмүүсийг, нам төрийн өндөр алба хашиж байсан туршлагатай олон хүнийг гэгээрлээс мунхаглал руу хөтөлж улмаар мунхаглалаас мунхаглал руу шат уруудуулан хөтлөх гарцыг нээчихээд байна. Монголын бараг хүн бүрийн, айл өрх бүрийн амьдралын хэм журмыг заадаг тийм хувилбар руу монголчууд биднийг хөтөлж байна.

Хүүхдэдээ ямар нэр өгөхөв, хүүхдийн үс даахийг хэзээ авахав зэрэг жирийн асуудлуудаас эхлээд, зам мөрөө яаж гаргахав, ямар ном судар уншуулахав, хийморийн сан тавиулах гээд л, бас алтан сав нээлгүүлэх, хэзээ хаана яаж талийгаачийг оршуулуулахав гэх зэрэг хүний жирийн амьдралын эгзэгтэй бүх үеийг лам нараар заалгуулах нь үнэхээр хэнбугайг ч хамгийн хараат, хулчгар, тархи толгой нь дампуурч гүйцсэн хүмүүнүүдийг бий болгож эцсийн дүнд элдэв суврага руу тонилгох замыг нь зааж өгч хүний бүхэл бүтэн амьдралаар тоглохдоо хүмүүсийг байнгын ядуу зүдүү амьдралтай, үргэлжийн зовлонд өртсөн арчаагүй иргэдийг төлөвшүүлдэг нь шашны аугаа ёс болон хувирчихаад байгаа.

Бид монголчуудаа үеийн үед харь хэлний шашинд мөлжүүлж колончлуулахыг хүсэхгүй байна Бид түүхэн нэгэн амилаг жишээг зон олондоо толилуулъя. Энэ бол Өгөдэй хааны хүү Хайду 1260 онд Хотол цагаан гүнж нэртэй охинтой болжээ. Гүнжийн жинхэнэ нэрийг Ауруг гэдэг. Үзэсгэлэн төгөлдөр царайтай, гоолиг өндөр биетэй, моринд гарамгай, нум сум харвахдаа аугаа, бөх барилдахдаа гаргуун хүч тэнхээтэй эмэгтэй болон торнижээ.

Хайду хааны олон түмэн цэргийн дотор Хотол цагаан гүнж шиг эрэлхэг дайчин цэрэг маш ховор байсан гэнэ. Гүнж цэргийн эрдмийг гойд сурсан төдийгүй цэрэг удирдах содон авъяастай гэдэг нь улам тодорч хаан эцэгээ дагаж бүр 15 настайгаасаа эхлэн олон удаагийн дайн тулаанд оролцож асар их гавъяа байгуулж чаджээ. Гүнж нэн шулуун шударгуу зантай бөгөөд хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь их монголчуудын хувьд содон харагддаг байв. Хотол цагаан гүнж хаан эцэгтээ улс төрийн гол гол асуудлуудаар зөвлөгөө өгдөг байсан төдийгүй дайн тулаанд цэргүүдийг манлайлан удирдаж амжилт гаргадаг тийм гайхамшигт эмэгтэй болж чадлаа.

Хайду хаан эцэг нь өөрийн охиныг ураг болох асуудлыг шийдэхдээ удам гарлыг харгалзахаасаа илүү баатарлаг охиныхоо хүслийн зүйг харгалзах нь чухал гэдгийг ухаарч мэдсэн гэлтэй. Хэрэв 800 жилийн тэртээд харийн шашин монголчуудын дунд эзэгнэн колончилж байсан бол эрэлхэг баатар цэргүүд, гарамгай оюунлаг бүсгүйчүүд олноороо төрж гарахгүй л байх байсан. Харин эрхи барьж, үсээ хусуулсан баахан олон чавганцууд л олширох байсан болов уу.

Их монголчууд түүхэнд асар лут гавъяа байгуулсан явдал нь чухамдаа монголчууд соёл иргүншилийг эрхэмлэж дээд үнэнийг хамтын хариуцлагатай хослуулж, Их засгаа хүчтэй болгож чадсаны үр дүн байв. Харийн шашин 21-р зуунд Монгол улсад ноёрхол мөлжлөг колончлолоо тогтоовол авъяаслаг гайхамшигтай эмэгтэйчүүд төрөхөө больж хатан ухаан, түүнийг дагаж хаан ухаан элдэв суврага руугаа тонилох болно шүү.

Хэрэв тусгаар тогтнолоо баталгаажуулж Монгол улсаа мандуулъя гэвэл хамгийн түрүүнд нийт монголчуудыгаа, ялангуяа залуу хойч үеийнхнийгээ харийн шашнаас холдуулах хэрэгтэй. Залуу үеийгээ хүүхэд багачуудыг гэгээрлээс гэгээрэл рүү дэвших замнал руу хөтлөх нь ухаалаг төрийн, ухаалаг намуудын их оюунлаг том бодлогоос шалтгаална гэдгийг хэлбэл зохино. Би монгол улсын хааны асуудлыг хөндөх хэрэгтэй болоод байна.

Дэлхийн буддизмын гол төв гэдгээр өнөөгийн Монгол улсыг өргөмжилнө гэсэн сүрхий мэдээлэл тархаад байгааг бид орхигдуулах ёсгүй. Дэлхийн буддизмын төв өөрийн оюуны их удирдагчаа заавал улсын хааны зиндаанд өргөмжилөхийг хэн ч эсэргүүцэж чадахгүй. Монгол улсыг шашнаар дамжуулж удирдах чиглэл улам хүч авч байгааг бид анхаарахгүй өнгөрч болохгүй. Цаашдаа төрийн хэргийг хаан ерөнхийд нь чиглүүлэх айхавтар бодлого амилна.

Өөрөөр хэлбэл шашин төрийн хос ёс 21-р зуунд бүрэн утгаараа хэрэгжинэ гэсэн үг. Шашин төрийн хос ёс бол хөгжил дэвшлийн чиглэл биш, энэ бол мунхаглалаас мунхаглалд шилжин орох доройтол, ядуурал, хоосрол, далд колончлолын зам мөн. Шашин төрийн хос ёс бол төрийн гол бодлогыг шашны гол лийдэр атгана гэсэн үг. Тэгээд зогсохгүй шарын шашны эзэн хаан Монгол улсын төрийн алтан тамгыг атгана.

Ийм тохиолдолд зөвхөн шарын шашны эзэн хааны зөвшөөрлөөр л төрийн гол гол асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Шашны эзэн хаан өөрийнхөө таалалд нийцэхгүй хүмүүсийг цааш нь харуулах эрхийг ч олж авч чадна шүү. Энэ бол бидний дөвийлгөсөн хийсвэр номчирхол биш. Бид Монгол улсынхаа бодит гаслант туршлагааас тулгуурлаж шашны эзэн хаан өөрийнхөө өрсөлдөгчдийг нугаслаж тонилгох үйлдэл давтагдана гэдгийг л сонордуулж хэлж байгаа юм.

Бид түүхэн баримтыг дахин эргэж санацгаая. 1911 оны Үндэсний хувьсгалын гурван зангилаа асуудлын дотор Монгол улсын эзэн хаанаар харийн хүнийг биш, заавал алтан ургийн хүнийг өргөмжлөх асуудал гоц байр суурийг эзэлж байв. Хэнийг Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөх вэ гэсэн асуудлаар тэр үеийн дээд удирдлагынхны дунд маш том маргаан тэмцэл өрнөсөн билээ. Тухайлбал бид Түшээт хан 27 настай Онцгойлж юу хэлснийг толилуулъя. Эзэн хааныг өргөмжлөхдөө Онцгойлж дөрвөн асуудалд онцгойлж анхаарсан байгаа.

Нэгд нь эзэн хааны гарал, Хоёрт нь улс төрийн боловсролын төвшин, Гуравт нь шашин шүтлэгт хэр их өртсөн, Дөрөвт нь төрийн ажлыг амжилтанд хүргэж чадах уу, үгүй юу. Саяын дурддаг дөрвөн асуудал Түшээт хан Онцгойлж билиг оюунаар ямар төвшинд хүрч очсоныг тодорхойлж байна. Түшээт хан Онцгойлжын хэлсэн үгийг толилуулбал: "Би Хятад гаралтай Жавзандамбыг бодвол Их эзэн Чингис хааны угсаа дотроос хамгийн ахмад нь. Богд бол төрийн хэрэгт боловсроогүй, шашны хүн. Ийм учраас харь гаралтай, улс төр мэддэггүй шашны хүнд төрийг өгнө гэдэг дампуурахын цондон болно. Иймээс алтан урагтан дотроосоо хаан суулгая" гэжээ.

Түшээт хан Дашнямыг улс төрийн том бодпого дээр зарчимч байр суурь баримталдаг нь түүний хэлсэн үгнээс тод томруун харагдаж байна. Тэрбээр Жавзандамба хутагтыг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилж төрийн алтан тамгыг атгуулахыг эрс шийдэмгий эсэргүүцсэн. Тэрбээр Жавзандамба хутагтыг хятад гаралтай гэдгийг сайн мэдэж байжээ. Ер нь Жавзандамба хутагт нь Өвөр-монголыг Ар Монголтой нэгтгэх бодлогыг далдуур айхавтар эсэргүүцэж байсныг Түшээт хан Дашням сайн мэдэж байлаа. Энэ бол Жавзандамба хутагтыг Монгол улсын эзэн хаанаар сонгож болохгүй гэсэн маш чухал шаардлага байв.

Түшээт хан Дашням Жавзандамба хутагтыг төрийн хэрэгт боловсроогүй хүн гэдгийг онцолж дурьдлаа. Энэ нь Жавзандамба хутагт улс төрийн том бодлогыг явуулж чадахгүй гэдгийг л тод томруун нотолсон бөгөөд Жавзандамба хутагт Монгол улсын эзэн хаан байх бас нэг шалгуурыг давж чадсангүй. Гурав дахь шалгуур нь гэвэл Жавзандамба хутагт шашны хүн учраас тэрбээр шарын шашныг л мандуулахыг гол чиглэл болгоно гэдгийг л Түшээт хан Дашням зөв оношилсон бөгөөд Жавзандамба хутагтын хувьд бүх Монгол овогтныг нэгтгэх, улмаар тусгаар тогтнолоо бадраах асуудал хэзээ ч шарын шашны хэрэг явдлаас дээгүүр зиндаанд өргөмжлөгдөхгүй бөгөөд цаг ямагт гурав дөрөвдүгээр зэрэглэлд л хөндөгдөх болно гэдгийг Дашням сайн ойлгосон байв.

Дээрх гурван шалгуурт Жавзандамба хутагт тэнцээгүй Богд гэгээн тэрбээр Монголын төрийг дампууруулж Монгол улсыг тонилгох гарцыг нээнэ гэдгийг ч Түшээт хан Дашням олж харжээ. Ийм учраас Монгол улсын эзэн хаанаар алтан ургийн хүнийг өргөмжлөх нь зүйтэй гэсэн чиг шугамаа хатуу баримталж байв. Монгол улсын эзэн хаан чухам ямархуу дүр төрхийн хүн байх ёстой вэ гэдгийг Түшээт хан Дашням тодорхойлохдоо, Нэгд, Чингис хааны алтан ургийн хүнийг өргөмжлөх, Хоёрт, төрийн хэрэгт гүнзгий боловсорсон, Гуравт, улс төрийн бодлогыг сайн мэдэх, Дөрөвт, цэргийн эрдэмтэй байх, Тавд, төрийг барихдаа, улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Тусгаар тогтнолоо мандуулж бүх Монголоо нэгтгэх гэсэн таван лут улс төрийн гоц шалгуурыг дэвшүүлжээ.

Тусгаар тогтнолыг мандуулах, бүх Монголоо нэгтгэх зорилтыг Жавзандамба хутагт улс төрийн бодлогын гол зорилт болгож тавиагүй. Харин ийм гол зорилтыг том бодлогын зөвхөн хөшүүргийн төвшинд л аваачиж тавьсан. Жавзандамба хутагтын энэ талаар хэлсэн үгийг дурьдъя: Тэрбээр "Цаг нь болсон" гэж лүндэн буулгахдаа: "...Монгол овогтон бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулъя" гэжээ.

Энэ томьёолол шашны лут чиглэмжийг агуулсан гэдэгтэй хэнбугай ч зөвшөөрөх биз. Эл томьёололд 12 үг орсон бөгөөд эхний хоёр үг сүүлчийн хоёр үг нь Жавзандамба хутагтыг хэт шашинсаг зүтгэлтэн болсныг илчилж өглөө. Тодруулбал: "Цаг нь болсон тул шашнаа мандуулъя" гэдэг нь Жавзандамба хутагтын барих бодлогын гол стратеги байв. Шашнаа мандуулахад захируулж Монгол овогтныг нийлүүлж улс болгоё оо. Хэрэв шарын шашныг мандуулахгүй л юм бол Монгол овогтныг нэгтгэх ч хэрэггүй, улс болгох ч шаардлагагүй гэсэн санаа гарч ирж байгаа.

Харин Түшээт хан Дашням Чингис хааны алтан ургийн хүн учраас Монгол улсын эзэн хаанд өргөмжлөгдвөл тэрбээр тусгаар тогтнолоо мандуулж бүх Монголоо нэгтгэе гэсэн улс төрийн том бодлогын гол стратегийг дэвшүүлж хэрэгжүүлэх байв. Ийм стратегийг хэрэгжүүлэхэд ялангуяа дотоод бодлого, гадаад бодлого хоёрын уялдаа гоц ач холбогдолтой болсныг Түшээт хан Дашням оношилж тогтоосон. Тийм ч учраас 1911 оны Үндэсний хувьсгалын гол лийдэр Да лам Цэрэнчимид Түшээт хан Дашнямыг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилье гэсэн чиг шугамыг тууштай баримталж байсныг энэ дашрамд дахин сонордуулж хэлэх нь зүйтэй болов уу.


Доктор П.Нэргүй

Эх сурвалж: “Хөх толбо” сонин