Зохион байгуулж буй хэвлэлийн бага хурал АЛСАН АМЬТНААР БИШ АМЬД АМЬТНААР БАХАРХАЯ гэсэн сэдэв доор хийгдсэн. Учир нь цахим ертөнц эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед олон хүмүүс амьтан алсан гэрэл зургаар бахархаж бусдыг энэхүү талбартаа иргэдийг уриалан дагуулах зорилго агуулсан мэдээлэл ихээр тархах боллоо. “Анд явах”, “анчин” гэдэг нь эдгээр хүмүүсийн үйлдэж буй алуурын үйл ажиллагаанаас огт өөр зүйл юм.

Тиймээс эдгээр гэрэл зурагт амьтан агнах гэсэн тайлбар дэндүү гоёдох учраас амьтан “алах” гэж томъёолж байна.  Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2014 онд ахуйн зориулалтаар нэг ч амьтан агнах тоо хэмжээ тогтоогоогүй.

Иймд манай яам Улсын мөрдөн байцаах газрын дэргэд дэхь Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтран цахим ертөнцөөр цацагдаж буй амьтан алсан мэдээлэлд шалгалт хийж байгааг иргэдэд мэдээлж байна.

Бидний өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг нь хууль бус ан агнуур бөгөөд түүнийг бууруулах, таслан зогсооход “Галт зэвсгийн тухай хууль”-ийн зохицуулалт маш чухал нөлөөлөл үзүүлэх юм. Тиймээс УИХ-д ЗГ-аас 01 дүгээр сард өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулагын төсөлд оруулсан манай яамны санал хуульд биелэлээ олно гэдэгт хүлээлттэй  байна.  

Монгол Улсын хэмжээнд 2013 оны байдлаар иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 мянган галт зэвсэг бүртгэлтэй байна. Дээрх галт зэвсгийн 94% буюу 44306 ширхэг нь ан агнах зориулалтаар өмчилж байна. Галт зэвсэгийн тухай хуулийг хэрэгжүүлэгч субьект нь ангийн буутай иргэн, хуулийн этгээдэд зориулагдаж байна.

Эдгээр бууны ихэнх нь Тоз-8, Сайга, ЗКК-600, Винтов, Карабин, Иж-18 болон зарим тохиолдолд АКМ, Бирдан, Медведь, СКЗ, Марс, Макаров, Маузер гэх мэт галт зэвсэг байна.   ОХУ-ын Сайга, Вепрь, Тигр зэрэг буунууд нь АК-47, АК-гар пулемёт, СВД зэрэг цэргийн бууг ялимгүй хялбарчлаад өөрөө цэнэглэгдэгч /хагас автомат/ ангийн буу нэрээр үйлдвэрлэгдэж байна.

Ангийн бууны зориулалтаар гадаад улсаас импортлон оруулж иргэдэд худалддаг СКС-Самозарядный карабин Симонов /эх сурвалж http://ru.wikipedia.org/wiki/ Самозарядный_карабин_Симонова / анхны загвар нь  1945 онд Дэлхийн хоёрдугаар дайнд зориулж байлдааны зориулалтаар  үйлдвэрлэгдсэн өөрөө цэнэглэгддэг галт зэвсэг юм.

Гадаад улс оронд Сайга, Вепрь, СКС-ийн төрлийн бууг цуглуулганд эсвэл тусгай зориулалтын буудлагын талбайд буудах зорилгоор хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд ОХУ-д ч Сайга, Вепрь, СКС-ийн төрлийн бууг анд хэрэглэхийг хязгаарлах, шийдвэрүүд / ОХУ-ын Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол/ гарах болсон.

Галт зэвсэг бол автомашин шиг өдөр тутмын хэрэгцээ гэж үзэж болохгүй. Ан агнуурын аж ахуй хөгжсөн Европын орнууд, АНУ ан агнах зориулалттай бууг тусгай сургалтанд хамрагдаж, шалгалтанд тэнцвэл галт зэвсэг эзэмших эрх олгодог.

Манай улс иргэдээ зэвсэгжүүлэхгүй гэсэн бодлогыг баримталж байгаа энэ цаг үед ан агнах зориулалттай галт зэвсгийн зохицуулалтыг маш сайн болгох шаардлага тулгарч байна. Учир нь агнуурын амьтны тоо толгой жилээс жилд багасах болсны том шалтгаан нь хууль бус агнуур юм.    

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2014 онд ахуйн зориулалтаар нэг ч амьтан агнах тоо хэмжээ тогтоогоогүй. Иймд манай яам Улсын мөрдөн байцаах газрын дэргэд дэхь Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтран цахим ертөнцөөр цацагдаж буй амьтан алсан мэдээлэлд шалгалт хийж байгааг иргэдэд мэдээлж байна.

Энэхүү шалгалтаар хууль бус агнуур гэдэг нь нотлогдсон тохиолдолд эдгээр гэрэл зураг дээрх хүмүүс хуулийн хариуцлага хүлээх болно. Тухайлбал:

• Саарал чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд 1,200,000-1,020,000 төгрөгөөр,

• Хүрэн баавгайг хууль бусаар агнасан тохиолдолд 15,000,000-13,000,000 төгрөгөөр,

• Зэрлэг гахайг хууль бусаар агнасан тохиолдолд  1,400,000-1,600,000 төгрөгөөр,

• Цагаан зээрийг хууль бусаар агнасан тохиолдолд 1,100,000-1,000,000 төгрөгөөр,

• Нэг толгой тарвага агнасан тохиолдолд 360,000-400,000 төгрөгийн тус тус нөхөн төлбөр төлж, зөрчил гаргасан үйлдээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-оос 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлж цаашилбал амьтанд учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх болно гэдгийг мэдэгдэж байна.   

Өмнөговь аймгийн Байгаль орчны газар

Эх сурвалж: "Монгол говь" сонин