sonin.mn

Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймаг дахь Хилийн отрядын Тагнуулын ажилтныг бүлэглэн зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан тухай мэдээлсэн. Уг хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн орлогч дарга Н.Уртбаяр, аймгийн Замын цагдаагийн хэлтсийн ахлагчтай хамтран үйлдсэн тухай эх сурвалж онцолсон юм.

Тэд хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан төдийгүй гол руу шидсэн байх үед нь нутгийн иргэд олж, холбогдох газруудад дуудлага өгч, эмнэлгийн тусламж үзүүлсэн талаар мэдээлсэн. Харин энэ хэргийг мөрдөхөөр Цагдаагийн ерөнхий газраас шалгалтын баг гарч Хөвсгөл аймагт ажиллаж байгаа аж.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Хэвлэлүүдэд гарч байгаа шиг санаатайгаар амь насанд нь халдах гэсэн оролдлого байхгүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогдсон.

Дээрх хэрэгт холбогдогч нар нь танил хүмүүс байсан юм билээ. Баттай хэлэхэд гол руу шидээгүй гэдгийг манайхаас явсан ажлын хэсгийнхэн хэлж байна. Одоогоор шалгалт дуусаагүй учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

Б.Цэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин