sonin.mn

Ихтамир сумын төвөөс ойролцоогоор 8 км зайд орших Мөнгөт гэх газарт хятадууд олборлолт хийж байна гэсэн мэдээллийг нутгийн иргэд өгсөн юм. Газар дээр нь очиход долоо, найман гэр барьж,.хотхон байгуулчихсан, уулын энгэрт хайгуул, олборлолтын аль нь болохыг нь мэдэхгүй төхөөрөмж /өрөм/ ажиллаж байлаа.

Долоодугаар сараас хойш энэ үйл ажиллагаа эхэлсэн гэдгийг тэр хавийн малчид хэлж байв. Хятадууд газар ухаад гэсэн дуулиан дэгдэж, нутгийн хэсэг бүлэг залуус тэнд ажиллагсдыг хөөж туусан зэрэг мэдээлэл таржээ. Яг уурхайн орчин бүрдүүлээгүй, ямар ч хашаа хамгаалалтгүй хэдэн гэрээс хятадууд орж гарах нь харагдана.

Нутгийн залуус үймүүлээд, малчид асуудал үүсгээд байхаар нь тэднийг юмхнаар /архи өгөх, усыг нь машинаар зөөж өгөх гэх мэт/ аргалчихдаг гэнэ. Нэг иймэрхүү үл мэдэгдэх үйл ажиллагаа ямар ч мэдээлэлгүй өнөөдрийг хүрлээ.

Сумын Засаг дарга Д.Хүрэлшагайгаас нь тодруулахаар: Би мэдэхгүй, дээрээсээ зөвшөөрөлтэй байх гэхээс өөр тоймтой мэдээлэл өгсөнгүй. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 7-р сарын 21-нээс эхлэн тодорхой мэдээлэл авахаар удаа дараа хандсан ч хариуцсан байцаагч /Геологи, уул уурхай, байгаль орчны техникийн хяналтын улсын байцаагч Ч.Оюунсайхан/ нь шалгалт хийсэн тухайгаа дээш нь явуулсан, хариу ирэхээр мэдээлэл өгнө гэсэн юм.

Хамгийн сүүлд 9-р сарын 2-ны өдөр дахин мэдээлэл авахаар очиход: Ард иргэдээс гомдол ирээд байгаа. Тухайн газраас дахин дээж авсан. Түүнийг дарга аваад хот руу явах гэж байгаа. Одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй, эцэслэн шийд гарсны дараа мэдээлэл өгнө гэв.

Иймэрхүү хариултаар хоёр cap аргацааж, үнэхээр хятадуудын мэдлийнх үү, ямар нэртэй хаанахын компани гэдэг талаар ч мэдээлэл өгөхгүй байгаа юм. Уул уурхайгүй гэж зарлаад байгаа аймгийн нутаг дэвсгэр дээр ийм үйл ажиллагаа явагдаад эхэлсэн байхад аймгаас ямар нэг мэдээллийг иргэдэд өгөхгүй, улмаар мэдээгүй царайлж нам жим байгаад нутгийн иргэд гайхширч байгаагаа ч хэлж байгаа юм.

Цаашилбал иргэдийн дунд цуу яриа дэгдэж, аймаг сумын удирдлагууд зөвшөөрөл өгсөн юм гэнэ лээ, хятадуудад газраа худалдаж байна, алтны орд, мөнгөний орд гэхчлэн тодорхойгүй ойлголт ч үүсээд байгаа юм билээ. Эргэлзээ, цуу яриа дагуулсан энэ үйл ажиллагааны талаар аймгийн ямар албан тушаалтан мэдээлэл өгөх вэ?

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин