sonin.mn

Дүүргийн I прокурорын газраас Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд хяналт тавьжээ. Гэр хороолол зонхилсон тус дүүргийн нутаг дэвсгэрт ямар хэрэг зонхилдог, холбогдох байгууллагууд хэрхэн ажиллаж буй талаар Дүүргийн I прокурорын газрын хяналтын прокурор Б.Төмөрчөдөрөөс тодрууллаа.

-Хүн ам олонтой Чингэлтэй дүүргийнхэн тайван амгалан уу. Танайх гэмт хэргийн гаралтад нэлээд хяналт тавьжээ?

-Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр манай прокурорууд Чингэлтэй дүүргийн хороодын удирдлага, нийгмийн ажилтан болон цагдаагийн хэсгийн байцаагч нар иргэдээ гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлж байгааг газар дээр нь очиж шалгаж, иргэдэд яриа таниулга хийлээ.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар нийт 1565 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 55.1 хувийн илрүүлэлттэй байна. Энэ нь өмнөх оныхоос доогуур үзүүлэлт.

Дүүргийн хэмжээнд иргэдийн өмчийн эсрэг буюу хулгайн хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Төвийн зургаан хороонд дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэргийн 44.9 хувь нь бүртгэгдсэн нь төвийн хороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа хангалтгүй байгааг харуулж байна.

-Чингэлтэй дүүргийн хувьд гэр хороолол дийлэнх нутаг. Гэр хороололд архинаас үүдсэн гэмт хэргүүдийн гаралт өндөр байдаг?

-Дээр хэлсэнчлэн хулгай дийлэнх хувийг эзэлж байгаа ч архидан согтуурснаас үүдэж бусдад гэмтэл учруулах тохиолдол багагүй хувьтай шалгагдсан. Тус дүүрэг нь Зурагт, Дэнжийн 1000 орчмыг хамаардаг том нутаг дэвсгэртэй, Сонгинохайрхан дүүрэгтэй болон Далан давхар оршуулгын газартай хиллэдэг, мөн орон нутгаас нүүж ирээд зөвшөөрөлгүй буусан айл өрх олон тул гэмт хэрэг үйлдэгдэх магадлал өндөр байна.

Үүнээс гадна тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст хүний аминд санаатайгаар хүрэх тохиолдол өмнөх оноос буурахгүй байгаа нь анхаарал татаж байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй байна уу?

-Хариуцсан ажилтан, албан тушаалтнууд төлөвлөгөөний дагуу ажилласан байсан. Гэхдээ зөрчил дутагдалтай ч хэсэг бий. Тиймээс энэ асуудлаар хороодын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн.

Мөн манай прокурорууд хороодод тусгайлсан арга хэмжээ зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон. Тухайлбал, XI хороонд архидан согтуурахаас сэргийлэхээр “Хяналт”, “Цохилт”, “Тэнэмэл”, “Галт зэвсэг”, “Ломбард” зэрэг үйл ажиллагаа зохиож, иргэдэд таниулга сурталчилгаа хийсэн.

Мөн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн 1300 сурагчид насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийн байдал, анхаарах асуудлаар ярилцлага, лекц зохион байгуулсан.

Б.Заяа

Эх сурвалж: