sonin.mn
Албан тушаалын гэмт хэргийг Худалдан авах ажиллагааны газрын дарга хатагтай Д.Энхжаргал үргэлжлүүлж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, шинэч­лэлийн Засгийн газар анх байгуулагдахдаа Тендерийн хороо буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрыг байгуулж, тендер шударга болно, цахим тендер зарладаг болгоно гэж сайхан зүйл ярьж байсан цаг саяхан. 
 
Гэтэл начир дээрээ шударга явагдана хэмээгдэж байсан тендерийн үйл ажиллагаанд эрх мэдэлтнүүд хөндлөнгөөс оролцсоноос болж өнөөдөр Д.Энхжаргал дарга аавын хаалга татах эсэхдээ тулж хүндхэн байдалд ороод байна. Тодруулбал, түүнийг хэд хэдэн тендерийн хэрэгт холбогдуулан сар шинийн баярын өмнө АТГ-аас сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. 
 
Тэгвэл энэхүү мэдээлэл үнэний ортой болж өчигдөр АТГ-аас Д.Энхжаргалыг яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Гэхдээ энэ хэрэгт дан ганц Д.Энхжаргал бус түүний гэр бүлийнхнийг хамтад нь шалгах болсон тухай баттай эх сурвалж мэдээлж байна.
 
Тодруулбал, түүний нөхөр, хүү хоёрыг Худалдан авах ажиллагааны газрын даргын эрх мэдэл, албан тушаалыг ашиглан хууль бусаар зарим аж ахуйн нэгжид тендер авахад нь зуучлан өгч хариуд нь их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. 
 
Баттай эх сурвалжаас Д.Энхжаргалыг яллагдагчаар яагаад татах болсон талаар асуухад “Чингэлтэй дүүргийн “Спорт цогцолбор”-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэж шалгаж байгаа юм билээ. 
 
Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хууль бусаар тендерт оролцсон гэж хуулийн байгууллагад шалгагдаж байсан “Нийслэл өргөө” ХХК-тай Д.Энхжаргал дарга гэрээ хийж ажиллах болсон тухайгаа ССАЖЯ-нд хүргүүлсэн юм билээ.  Угтаа бол дээрх компани тендерийн зохих шалгуурыг хангаагүй байхад нь Д.Энхжаргал гэрээ хийж ажиллах болсон гэсэн үг” гэв. 
 
Харин хуулийн зарим байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Энхжаргал даргыг яллагдагчаар татсан эсэх нь тодорхойгүй байгаа. Зөвхөн тус газраас зарлаж байсан зарим тендерийн хэргээр ганц, хоёр асуулга түүнээс авсан хэмээж байв. 
 
Түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрын ажилчдын хэлж буйгаар “Аливаа тендер явагдлаа гэхэд заавал ч үгүй эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүд хөндлөнгөөс оролцдог. 
 
Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Энхжаргал даргыг гэр бүлийн хамтаар тендер будлиантуулсан гэж ярьж байгаа нь зүйд нийцэхгүй. Бид тендерийг зохих хууль ёсных нь дагуу явуулсаар ирсэн ч байнга л хардлага сэрдлэгийн дор байсан.
 
Тиймээс энэ удаагийн Д.Энхжаргал даргатай холбогдоод байгаа хэргийн үнэн зөв олдоно гэж найдаж байна” гэв. Ямартай ч тус газрын эх сурвалжийн хэлж буйгаар даргыгаа хэрэгт холбогдсон гэдгийг үгүйсгээгүй юм. 
 
Яг үнэндээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилготой тендер Монголд жинхэнэ утгаараа замаа алдсан гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Ажил хэрэг биш “хэтэвч зузаатгагч” болтлоо өргөжсөн энэхүү бизнесийг зөвхөн эрх мэдэлтнүүд л эрхэлсээр өдий хүрсэн. 
 
Эдгээр тендрүүдэд байгууллагынхаа үйл ажиллагааг өргөтгөх, үйлчилгээ үйлдвэрлэлээ сайжруулах зорилготойгоор оролцож буй аж ахуйн нэгжийн удирдлагууд тендерт ялах гэж олон шөнө нойргүй хонож өчнөөн сэтгэл зориулж материал бэлддэг. 
 
Гэтэл тендерийн үр дүн хэдхэн монополь гэж хэлж болох байгууллагын талд гарч тендерээс төрсөн тэрбумтнуудын залгамж халааг үргэлжүүлсээр байна. Яг иймэрхүү золиосонд Д.Энхжаргал дарга өртсөн байж ч болзошгүй. 
 
Эх сурвалж: