sonin.mn
Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй алтан утсыг бүсгүйчүүд арьсаа гундуулахгүйн тулд хээрглэдэг болсон. Сүүлийн үед урлаг, соёлынхон хийгээд зарим иргэн алтан утсыг нүүрэндээ тавиулах нь элбэг болсон. Гэтэл үүнтэй зэрэгцэн алтан утаснаас болж хохирсон эмэгтэй олон нийтэд хандсан байна. Тэрбээр цахим хуудастаа “Би жил дөрвөн сарын өмнө алтан утас хийлгэхээр ямар ч үрчлээгүй болж, хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншаад энэ утсыг хийлгэсэн гэх олны танил эмэгтэйгээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьж, тэр ч бүү хэл нүд бүлтийнэ, хамар өндөр болно, уруул дөрвөн талаасаа татагдаж томорно, үрчийхгүй, дух наашаа товойно гэх мэт гоё үр дүнг амлан “Надад хийсэн эмч Монголд байгаа” хэмээн зааж өгч, өөрөө хамт очиж, би их итгэж 8500 доллараар хийлгэсэн.
 
Гэтэл удалгүй нүүрний арьсны энд тэндээс нөгөө алтан утас нь товойж гарч ирсэн ба түүгээр ч барахгүй нүүрний мэдрэлийг гэмтээж, хацар уруул саажилтын улмаас далийж, харвалт өгсөн хүмүүсийнхтэй адил, харахаас аймар болсон. Тэгээд энэ тухай эргээд мэс засал хийсэн эмнэлэгтээ хандахад хүлээж аваагүйгээр барахгүй эмчийг нь “Байхгүй. Солонгос руугаа явчихсан. Бид мэдэхгүй” гээд надтай муухай харилцсан.
 
Би яг үнэндээ ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй хүнд байдалд орсон. Арга буюу анх танилцуулж мэдээлэл өгсөн эмэгтэйд хандахад мөн л эмнэлгийн ажилчидтай адилхан харилцсан. Ингээд яах учраа олохгүй МХЕГ-т хандахад “Стандартын баталгаагүй сөрөг нөлөө ихтэй, хэзээ ч хайлдаггүй металл” гэдэг хариу авсан. Уг нь бол одоо хайлдаг алтан утас хийж байгаа юм билээ. Хамгийн хэцүү нь арьсан доороос буцааж авч болохгүй, тэр бүү хэл арьсны хорт хавдар үүсч магадгүй гэсэн хариуг аваад байна. Алтан утас гээд зүү хийсэн байна лээ” гэжээ. Тэрбээр одоогоор хууль, хяналтын байгууллагад хандаж, гомдол гаргаад байгаа гэнэ.
 
Ц.Заяа
Эх сурвалж: