sonin.mn
НМХГ-ын 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус дунд сургууль, цэцэрлэгүүдэд нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгахад цөөнгүй зөрчил илэрчээ.
Энэ онд хяналт шалгалтад хамрахаар зарлагдсан 50 хувийн дунд сургууль, 90 цэцэрлэгийн 25 нь л хамарчээ. Өнөөдөр НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар эдгээр байгууллагад нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгасан талаар нээлттэй хэлэлцэхээр цаг товлосон боловч түр хойшлов.  Учир нь тухайн байгууллагын удирдлагууд ирээгүй байна.
 
Энэхүү шалгалтыг 4.2 кодтой “Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах” хяналтын хуудсаар хийж гүйцэтгэхэд: Хөдөлмөрийн, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа тэтгэвэр авагчийн болон үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний эрхэлж буй ажилтны хөдөлмөрийн хөлс орлогод даатгалын шимтгэлийг бүрэн тооцоогүй зөрчил илэрчээ. Мөн боловсролын салбарт ажиллагсдыг цалингийн сүлжээний үндсэн цалингаар цалинжуулж, Засгийн газрын тогтоолоор баталсан нэмэгдлүүдийг олгодоггүй, багшийн ажлыг бодитой үнэлэх, урамшуулах,тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаагүй, цэцэрлэгүүд төсөвт баталсан хүүхдийн тоогоор тогтмол хувьсах зардал авч байгаа боловч шалгалтын явцад хүүхдийн өдрийн ирц хангалтгүй байх, цэцэрлэгүүдийн 35 хувьд хүний нөөц 3-5 хүнтэй буюу орон тоо дутуу ажиллах зэрэг зөрчил илэрчээ.
 
Шалгалтын хугацаанд даатгуулагчийн НДШ-ийг нөхөн төлүүлэхээр 7715.6 мянган төгрөгийн төлбөр, торгуулийн арга хэмжээ авч, илэрсэн зөрчлүүдийг арилгах 106 заалт бүхий 33 улсын /ахлах/ байцаагчийн хугацаатай албан шаардлага өгсөн байна. Төрийн бус дунд сургууль, цэцэрлэгийн ажиллагсдын цалин хөлс нь тухайн байгууллагын хувьсах зардал, сургалтын төлбөрөөс хамааран харилцан адилгүй байгаа ч шалгалтад хамрагдсан байгууллагуудын 65 хувь нь боловсролын салбарт ажиллагсдын цалингийн сүлжээний үндсэн цалингаар цалинжуулж, Засгийн газрын тогтоолоор баталсан нэмэгдлүүдийг олгодоггүй байна.
 
Хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлдэг иргэд өөрсдөө эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамарч, шимтгэл төлөхөөс зайлсхийдэг, хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалин хөлснөөс багаар тооцож НДШ төлж байгаа нь ирээдүйд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж багаар тогтоогдох эрсдэл үүснэ. Иймд тэдэнд хийх сургалт, сурталчилгааны ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг НМХГ-аас анхааруулж байна.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг