sonin.mn
Нийслэлийн ОБГ-т Налайх дүүргийн 3 дугаар хороо,  Ар булгийн Ганц тов гэдэг газар хээрийн түймэр гарсан байна гэсэн дуудлага өчигдөр 15:10 цагт ирсний дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 18 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгаас 13 иргэн, 1 автомашин, 1 мотоциклтой очиж унтраажээ.
Аврах ангийг очиход 20 га орчим өнжмөл өвс шатаж байсныг 18:00 цагт бүрэн унтрааж дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгчээ.
 
Мөн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангайн 9 дүгээр зөрлөг Хээхэрийн Гурван толгой гэдэг газар хээрийн түймэр гарсан байна гэсэн дуудлага өчигдөр 15:43 цагт ирснээр Аврах, гал унтраах 80 дугаар ангийн 21 албан хаагч, 3 автомашинтай, орон нутгаас 27 аж ахуйн нэгж байгууллагын 252 иргэн 45 автомашинтай гарч 315 га орчим өнжмөл өвс шатаж байсныг 19:01 цагт бүрэн унтрааж дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргад хүлээлгэн өгчээ.
 
Ойрын өдрүүдэд Нийслэлийн ОБГ-т өнжмөл шар өвс шатсан дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийг галын аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай өвс, хог хаягдал шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг