sonin.mn
ПЕТАЛИНГ-ЖАЯ. /Thesundaily/. Өнгөрсөн даваа гарагт Малайзын Петалинг-Жая хотын Датаран Бандар Утама хэсэгт монгол эмэгтэйн амь насанд халдахыг завдсан хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд тус хотын цагдаагийн газар найман хүнээс мэдүүлэг авсан байна.
 
Мэдүүлэг авсан найман хүнийг баривчлаагүй, уг халдлагын жинхэнэ учир шалтгааныг тогтоохоор цагдаагийн ажилтнууд ажиллаж байна гэж Петалинг-Жая хотын Цагдаагийн дарга Азми Абу Кассим мэдэгдэв.
 
Монгол эмэгтэй Малай их сургуулийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа бөгөөд түүний биеийн байдал дунд зэрэг байна гэж эмч нар хэлсэн гэж тэрбээр мэдэгджээ. 26 настай монгол эмэгтэй халдлагад өртөж, таван удаа буудуулж маш хүнд шархадсан тухай энэ сарын 15-ны өдөр мэдээлсэн билээ.
 
Аяллын визтэй Малайзад ирсэн хохирогч бүсгүй “Toyota Ланд Крузер” маркийн машинтай эрэгтэй найзын хамт явж байжээ. 17:45 цагийн үед найз залуу нь утсаар ярихаар замын хажууд машинаа зогсоосон байна. Тэр үед мотоциклтой хоёр залуу ирсний нэг нь жолооч талын цонхоор найман удаа бууджээ.
 
Найман сумны тав нь монгол эмэгтэйн мөр, цээжин тус газрыг оносон байна. Түүнийг эхлээд “KPJ Damansara” эмнэлэгт, дараа нь Малай их сургуулийн эрүүл мэндийн төвд шилжүүлжээ. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, халдлагын бай хохирогч эмэгтэй биш байсан ажээ. Уг хэргийн үеэр жолооч залуу ямар ч шарх авалгүй зугтсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг