sonin.mn
Шийдлийн Засгийн газарт шинээр орж ирсэн сайд нарын нэг бол Л.Пүрэвсүрэн. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөс сайд болж дэвшсэн нэгэн. 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн чуулганы хуралдаанаар түүнийг Гадаад харилцааны сайдаар томилж байлаа.
 
Л.Пүрэвсүрэн гэж хэн бэ
 
Лүндэгийн Пүрэвсүрэн 1983 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн II дунд сургууль, 1989 онд Москва хотын ОУХДС төгссөн. 
1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе, 
1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч, 
1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе, 
1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд II болон I нарийн бичгийн дарга, 
2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт I нарийн бичгийн дарга, 
2009-2012 онд Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх, 
2012-2014 онд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөр ажиллаж байгаад сайд болсон.
 
Л.Пүрэвсүрэн хувийн сонирхлоо ерөнхийлөгчийн нэр сүрээр гүйцэлдүүлж байсан уу 
 
Л.Пүрэвсүрэн сайд болохоосоо өмнө ГХЯ-ны ажилд хутгалдаж, “алсаас удирддаг” байсан талаар хэвлэлүүд бичиж байв. “...Гадаад харилцааны яамны алсын удирдлагын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л .Пүрэвсүрэн багтдаг. Харин гүйцэтгэгчдийн хувьд ГХЯ-ны зарим газрын дарга, орлогч дарга нар байдаг гэсэн мэдээлэл байна.
 
Сарын өмнө Франц, Герман, Канадад Элчин сайд, Женев дэх байнгын төлөөлөгчдийн томилгоо болсон. Шинээр томилогдсон Элчин сайд нарыг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нь төрийн тэргүүнд ойр байдгаа ашиглан томилуулж чадсан гэх. Л.Пүрэвсүрэн нь энэ мэтээр хувийн сонирхлоо Ерөнхийлөгчийн нэр сүрээр гүйцэлдүүлж байгааг хязгаарлах болсныг Гадаад харилцааны яаманд газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдад нэр дэвшсэн нэгэн эх сурвалж хэлсэн юм.
 
Түүний хэлснээр Л.Пүрэвсүрэн нь тус яаман дахь өөрийн талын хүмүүсээ байнга дуудаж уулзан, жирийн мэргэжилтэн томилох асуудалд хүртэл хутгалддаг бөгөөд “Засгийн газар, сайдын бодлого гэж юу байдаг юм, миний хэлснийг л хий” хэмээн зандардаг гэнэ. Чухам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлдээ дурьдсанчлан зөвлөх нэрээр төрийн албыг завхруулж хор хутгадаг хүмүүсийн сонгодог жишээ өөрийнх нь хажууд байгааг анзаарч хараагүй бололтой.
 
Түүгээр ч зогсохгүй ихээхэн үнэтэй паспорт хэвлэх үйлдвэрийг Л.Пүрэвсүрэнгийн шахаа байсан гэх яриа бий. Ингэж хардах үндэс нь паспортын нөөц дуусаагүй байхад Германаас өндөр үнэтэй машин яаралтай авах ажлыг Л.Пүрэвсүрэн санаачлан дэмжиж, тухайн үеийн консулын газрын захирал Д.Ганхуяг гардан хэрэгжүүлсэнтэй холбоотой” гэж 2013 оны арваннэгдүгээр сарын 22-нд Medee.mn сайтад бичжээ.
 
Л.Пүрэвсүрэнг УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос шалгахаар болов 
 
Түүнийг сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд “өмнөх сайдын хүмүүс”-ийг зайлуулах ажлаас эхэлсэн. Тэр нь бөөн дуулиан шуугиан болсон гэдэг. “...Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оны өмнөхөн яамныхаа 40 гаруй ажилтныг нэг өдрийн дотор тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдаж байсан. Гэсэн хэдий ч энэхүү мэдээллийг тухайн үед Л.Пүрэвсүрэн үгүйсгэж байв. 
 
Ажлаас халагдсан хүмүүсийн тухайд, Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар газрынхаа гурван мэргэжилтний хамт, Мэдээлэл, гадаад суртчилгааны хэлтсийн дарга хэлтсийнхээ хоёр ажилтны хамт, Дотоод хяналт шинжилгээний газрын захирал Н.Хишигсүрэн хэлтсийнхээ ажилтнуудын хамт, Бодлого төлөвлөлт сургалт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр нарын нэр бүхий 40 хүмүүс халагдсан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
 
Тэгвэл Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хийсэн дээрх халаа сэлгээтэй холбоотой асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооноос ажлын хэсэг томилон нягтлан шалгахаар болсон байна” гэж Ulstur.mn сайт мэдээлж байв.
 
Л.Пүрэвсүрэнгийн халсан ажилтнууд төрийн албаны зөвлөлд ялалт байгуулжээ 
 
24tsag.mn сайтад бичихдээ “...32 төрийн албан хаагч халагдсан гэх мэдээлэл байгаа юм. Эдгээр халагдсан ажилчдын хувьд Төрийн албаны зөвлөлд хандаж Төрийн албаны болон Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтуудыг зөрчсөн гэдгийг тогтоолгож, хууль бусаар халсан гэдгийг нь баримтжуулжээ. Гэвч Л.Пүрэвсүрэн тэргүүтэй удирдлагууд нь уг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хойрго хандаад байгаа учир хохирсон ажилчдын зүгээс шүүхэд хандахаар болоод байна. Юутай ч мэргэшсэн төрийн албан хаагчдыг хольж сольж чиглэлийг нь өөрчилж томилох эрх байхгүй гэдгийг, Гадаад хэргийн яамнаас үндэслэлгүй халагдсан гэх иргэд дахин, дахин онцолж байгаа юм” гэсэн байна.
 
Л.Пүрэвсүрэн шиг ингэж дураараа авирлаж байсан сайд байхгүй 
 
Түүнчлэн Medee.mn сайтад 2015 оны дөрөвдүгээр сарын 11-нд ноцтой баримтууд нийтлэгджээ. Сайд Л. Пүрэвсүрэн 43 дипломат ажилтныг “Өөрсдийн зардлаар ирж шалгалт өг” хэмээжээ гэсэн гарчигтай уг нийтлэлд “...Хилийн чанадад суугаа монголчуудын асуудлыг Гадаад хэргийн яамны Консулын газар зохицуулж чадахгүй байгаа тухай эх сурвалж хэлэв. 
 
Учир нь энэ алба 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, гадаадад амьдарч буй монгол иргэдийнхээ асуудлыг Элчин сайдын яамдаараа дамжуулан шийдвэрлэдэг. Гэтэл Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн яамандаа цомхотгол хийх үеэрээ тус газрын найман ажилтныг халснаас төрийн ажил удаашрах, доголдоход хүрээд буйг тус яамны ажилтан ярьсан юм. 
 
Консулын газар нь өнөөдөр долоо хүний бүрэлдэхүүнтэй ажлаа явуулж байгаа юм байна. Найман хүний орон тоо байгаа атлаа эзэнгүй байна. Тэр эзгүй найман хүний ажил хаягдаж, байгаа долоон ажилтан нь ачааллаа дийлдэггүй. Улс орнуудад суугаа Элчин сайдын яаманд аудитын шалгалт хийхэд санхүүгийн зөрчил гаргасан гэх нэрийдлээр хэд хэдэн консулын ажилтанг эргүүлэн татах болсон. Энэ мэт шалтгаанууд нь Гадаад хэргийн яамны өдөр тутмын үйл ажиллагааг доголдуулахад хүргээд буйг хэлэх хүн олон байна. 
 
Төрийн ажлыг алдагдуулж буй хүн нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн. Тэрээр өмнөх сайдынхаа хүмүүсийг “цэвэрлэх” нэрийдлээр төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж байна” гэх шүүмжлэлийг дагуулж байгаа нь нууц биш юм. Тэрээр яамныхаа төрийн жихэнэ албан хаагчдыг халаад зогсохгүй, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаар оролдож эхэлсэн гэнэ. 
 
Тухайлбал саяхан БНХАУ-д суугаа Монголын ЭСЯ-ньг Консулын хэлтсийн дарга, зөвлөх О.Энхтөрийг гурван ажилтны Хамт томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудсан гэдгээ мэдэгдэж байв. Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн гадаадаас дуудаж буй хүмүүс нь зөвхөн дээрх ажилтнууд биш юм. Тэрээр саяхан 43 дипломат ажилтныг “Өөрсдийн зардлаар ирж шалгалт өг, эсвэл ажлаа өг” хэмээн шаардсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. 
 
Дипломат албаны тухай хуульд ийм шаардлага огт байдаггүйг учир мэдэх хүмүүс хэлж буй юм. Л. Пүрэвсүрэнгээс өмнө энэ салбарын сайд хийж байсан хүмүүс ч ийн дураараа авирлаж байгаагүй. Гадаадад томилогдож байгаа ажилтнуудыг Дипломат албаны хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцээд л Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилдог дүрэмтэй.
 
Гэвч салбарын сайдын энэ үйлдлийг буруутгах хүн олон байна. Тэд “Төрийн албаны өөрөө мэргэшсэн байх зарчим алдагдууллаа. Тэр тусмаа Гадаад хэргийн сайд дураараа авирлаж, бүхэл бүтэн яамыг сүйрүүлж байна” гэв. Иймд тэдний зарим нь УИХ-ын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Төрийн албаны зөвлөлд нэр бүхий хүмүүс гомдол гаргасан байна. 
 
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хууль бус энэ үйлдэл анхных нь биш. Өмнө нь яамны ажилчдаа хоморголон халсан нь өнөөдөр Төрийн албаны зөвлөлд хууль зөрчсөн гэдгийг нь ноголсон албан бичиг болон хүрчээ” гэжээ.
 
Баабар “Ховч хар” гэж Л.Пүрэвсүрэнг хэлсэн үү?
 
Нийтлэлч Баабар 2015 оны хоёрдугаар сард “АТГ-ын хоригдлуудыг Ерөнхийлөгч уучилсан гэнээ, цаана чинь!” хэмээх нийтлэл бичсэн. Нийтлэлдээ “...Урьд Гадаад яаманд ажиллаж байхдаа “ховч хар” цол хүртэтлээ хутгууш хийж, чадвар мэдлэгээрээ ч, увайгүй аашаараа ч амьтан хүнд адлагдаж явсан нэгэн АН ялалт байгуулсны шанд анх удаа овоохон том албан сандлын түшлэг шүүрээд авч. 
 
Эргэж яамандаа очиж хорслоо тайлахын тулд өөрийг нь олон жил ивээлдээ авч, өөд нь татаж явсан сайдыг шиншлэн мөн л АТГ-д матаж дээ. Ийм юманд төрлөхийн авъяастайн хувьд тухайн хүнийг буруутгасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж чадсан байгаа юм даа. Хүн буруутгасан ийм тохиолдол урьд Улс төрийн товчооноос гардаг байсан болохоос сүүлийн 25 жилд мартагдсан зүйл. 
 
Ингээд шалгах комисс байгуулуулж даргаар нь өөрийгөө томилуулсан байгаа юм. Идэвхитэй гэж жигтэйхэн, шуудай дүгнэлттэй бөөн амьсгаадсан баяр хөөр. Цаадах нь ч бас хэрэгт оруулбал оруулчихаар факттай л байсан байх л даа, гэхдээ үнэндээ өөрөө матаад, өөрөө тогтоол гаргуулаад, өөрөө шалгасан матаачийн материалын 80 хувь нь худал гүжирдлэг, эсвэл ажлын бага сага алдаа. 
 
Одоо хэргийг углуурганд нь хийх гээд АТГ-ын гадаа өнжөөстэй. Шоронд хий, шонд дүүжил! Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-аар дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй. Мань садист харин мишээл дүүрэн. Одоо хүссэндээ очин сайд болж аваад өөр АТГ-Д мэдээлчихээр юу байгааг хайн байгалиас заяасан үндсэн ажлаа хийж яваа. Удахгүй хуучин сайд баривчлагдан шүүхээр орж, мань хутгууш гэрчээр оролцон шударга эх оронч цогтой үгээ хэлэх биз” гэж бичсэн. 
 
Баабарын нэрлэсэн ховч хар хэн байв гэх асуулт хэн бүхний амнаас унаж байв. Энэ талаар info.mn сайтад “...Нийтлэлч Баабар Б.Батбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын иргэдэд уучлал үзүүлсэнтэй холбоотойгоор нэгэн нийтлэл бичсэн. Тэгвэл Баабарын нийтлэлд дурдагдсан “ховч хар” гэж хэн бэ гэсэн асуулт олон нийтийн дунд өрнөсөн юм. ...Тэгвэл Гадаад хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Л.Пүрэвсүрэнг гэх хүн олон байна. 
 
Учир нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оны өмнөхөн яамныхаа ч 40 гаруй ажилтныг нэг өдрийн дотор тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Гэсэн хэдий ч энэхүү мэдээллийг тухайн үед Л.Пүрэвсүрэн үгүйсгэсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр ийм үйл явдал болсон нь үнэн аж. Түүгээч зогсохгүй халаа сэлгээтэй холбоотой асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын хорооноос ажлын хэсэг томилон нягтлан шалгахаар болсон байдаг юм.
 
Ерөнхийдөө Баабарын “тодорхойлолт”-той тохирч байгаа нь ч Л.Пүрэвсүрэн сайд. Энэ талаар цахим ертөнцөд ч жиргээчид үзэл бодлоо илэрхийлж, “Л.Пүрэвсүрэн сайдыг ийм хүн гэж санаагүй”, Гадаад  хэргийн яамны олон хүн хэлж байна, эхлээд үнэмшсэнгүй”,”ховч хар гэдэг нь мөн гэнэ” гэх зэргээр жиргэцгээсэн” гэж бичжээ.
 
Олон улсын сайд нарын хуралд сайд битгий хэл, ганц ч дэд сайд ирсэнгүй 
 
Ингэхэд хэрүүл уруул, хэл аман дундах Гадаад харилцааны яамны үндсэн ажил хэрхэн өрнөж байна вэ? Энэ асуултын хариулт тун амархан олдоно. Монгол улсын гадаад нэр хүнд ямар байгааг л харахад болно. Тэгвэл гадаад нэр хүнд таагүй байгаа нь илүү харагдах болсон гэж хэвлэлүүд бичсэн байна. 
 
Shuud.mn сайтад 2015 оны долдугаар сарын 6-нд “Монгол Улсын нэр хүнд унаж гүйцлээ” гэдэг нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэлд “...Гадаад хэргийн яамны мэдээллийн сайтыг үзвэл манай улс гадаадын 31 улсад Элчин сайдын яамтай байдаг юм байна. Гэтэл бараг л 10 улсад Элчин сайд нь байхгүй ажээ. Монгол иргэд олноороо ажиллаж амьдардаг зургаан газар Ерөнхий консулын газар буюу Элчин сайдын яамны салбар ажилладгаас тэн хагаст нь буюу гуравт нь нөгөө Ерөнхий консул нь өөрөө байхгүй байгаа аж. Аюулгүй байдлаа хангах нөгөө айхтар “үндсэн арга хэрэгсэл” болсон “улс төр-дипломатын арга хэрэгсэл” маань мохчихсон, мөлийчихсөн, эзэнгүй болчихжээ. Хор уршиг нь ч мэдэгдэж эхэллээ.
 
Олон улсын сайд нарын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан чинь сайд битгий хэл, ганц ч дэд сайд ирсэнгүй. Ганцхан жилийн өмнө “танай улс л энэ эвслийг толгойл” гээд бүгдээрээ хуралдаад сонгож байсан Онлайн эрх чөлөө эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нараас нэг нь ч, бүр хүний урманд ганц ч дэд сайд ирсэнгүй. Хурлыг зохион байгуулж, тэр улсынхаа төр засагтай ярих үүрэгтэй элчин сайд нар нь байхгүй болохоор арга ч үгүй биз. Энэ бүх бантанг хутгаж байгаа хүн нь “мэргэжлийн” гэх тодотголтой Л.Пүрэвсүрэн сайд.
 
Засаг солигдлоо гээд шинэ сайд нь хуучин сайдынхаа ажлыг нураадаг дампуу улс төрийн золиосонд одоо гадаад харилцааны салбар өртлөө. Үүний хор уршгийг Монгол Улс гадаад нэр хүнд, аягүйтвэл аюулгүй байдал, тусгаар тогтнолоороо төлөх вий. “Монголчууд Оросуудтай байлдаад дийлэхгүй, харин урлаг спортоороо заавал дийлэх ёстой” гэсэн гэх юм. Оросуудыг ямар нэг байдлаар чимхэх гээд байгаа хүн үү дээ гэж бодогдохоор. Хэлсэн унагасан үгнээс нь сонсоход хэний талд ажиллаад байгаа хүн бэ гэж асуумаар санагдах.
 
Хүн халж, дуудаж, дарамталж сандал ширээний явган хэрүүл хийсээр бүтэн жил өнгөрлөө. Ард нь Монгол Улсын нэр хүнд хөсөр унаж, гадаадад суугаа иргэд алуулж, хядуулж, Хятадуудын захиалгаар монгол дипломатыг татан ажлаас нь халж, Оросуудын эсрэг бусдыг турхирч, Европ, Америкад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд эзгүйрч, сүүлдээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрлээ.
 
Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн хүн гэдэг гэхдээ хэний захиалгаар хүмүүсийг халж сольж, аюулгүй байдлынхаа манаанд чимээгүйхэн зогсдог ГХЯ-ыг самарч байгаагаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаан дээр өөрөө хэлчих шиг боллоо. Энэ хүн Ерөнхийлөгчийн ч хүн биш, “мэргэжлийн дипломат” ч биш, “улстөрч” ч биш” хэмээсэн нь нэгийг хэлж байх шиг.
 
Олон улсын хүндэтгэлийн хуралд маань видео мэндчилгээ л ирүүлэв
 
Хамгийн сүүлд болсон нэгэн арга хэмжээ бас л асуудал дагуулах төлөвтэй. Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулсны 25 жилийн ой тохиож, манайхан хэрэндээ нижгэр тэмдэглэлээ. Гэсэн ч “төсөөлснөөр” болоогүй талаар хэвлэлүүд онцлоод эхлэв. Тухайлбал Shuud.mn сайтад “...Ойн хүрээнд болсон хамгийн том арга хэмжээ нь 29-ний өдөр Шангри-Ла зочид буудалд болсон Олон улсын хүндэтгэлийн хурал байв. Харин өнөөдөр алба хашиж буй гадаадын төр засгийн тэргүүнүүд харагдсангүй. Нэлээд нь видео мэндчилгээ дэвшүүлж, зарим нь элчээ явуулж оролцуулав. 
 
Уг нь энэ арга хэмжээг нүсэр том зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж, дэлхийн олон улсын төр засгийн тэргүүнүүдийг угтан авахаар төлөвлөөд байжээ. Гэвч төсөөлснөөр болсонгүй гэнэ. Энэ нь Монгол Улсын гадаад нэр хүнд ямар байна вэ гэдгийг илтгэж байгаа хэрэг хэмээх дипломатчийн үг ч дуулдаж байна. 
 
Хамгийн гол нь салбарын яам, түүний сайд Л. Пүрэвсүрэн Монголын түүхэн энэ арга хэмжээг “чулуу” болгох үүрэгтэй байсан” хэмээн мэдээлжээ. Ийн Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн гэх эрхэм хөдөлбөл л таагүй мэдээлэлд холбогдчихоод сууж байх. Тэрээр баяр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 9-нд тушаал гаргаж ГХЯ-наас 53 ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл байна. 
 
Ер нь мань эр ямар нэг баярын өмнө л иймэрхүү халаа сэлгээг хийдэг аж. Өмнө нь дээр дурдсан 32 хүнийг мөн л шинэ жилийн өмнөхөн халсан дуулдсан. Яг л хар баасан гариг гэдэг шиг аль нэг баярыг сонгодог туршлага сууж байх шиг. Харин тэрээр энэ бүхнийхээ талаар ийм учраас ингэчихсэн юм гэж тайлбарлана гэж үгүй. Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг гэдэг. Гэсэн ч Л.Пүрэвсүрэн сайдаас хариулт нэхсэн асуулт улам нэмэгдсээр л байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: