sonin.mn

БЕЛЕМ, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Reuters/. Турк улс COP31 бага хурлыг зохион байгуулах эрхийг авч, Австрали улс дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгүүдийг даргалахыг зөвшөөрчээ. Ингэснээр НҮБ-ын ирэх оны уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлыг даргалах асуудлаар хоёр улсын хооронд үүсээд байсан дипломат маргаан эцэс боллоо. 


Хоёр улсын аль аль нь ирэх оны COP-ыг зохион байгуулахаар хүсэлт гаргасан боловч Турк илүү их дэмжлэг авчээ. Австрали эцэст нь буулт хийж, Номхон далайд болох COP-ын үйл ажиллагаануудыг зохион байгуулах, COP31-ийн үеэр хэлэлцүүлгийг даргалахаар тохиролцсон байна.


“Мэдээжийн хэрэг, Австрали улс бүх зүйлийн эрхийг авч чадсан бол таатай байх байлаа. Гэхдээ бид бүгдийг нь авах боломжгүй” гэж Бразилд болж буй COP30-ийн үеэр Австралийн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Крис Боуэн хэлжээ.


“Бидний гаргаж ирсэн санал бол Австрали, Туркийн аль алиных нь хувьд томоохон хожил юм” гэж Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацид мэдээлсэн байна.


Турк, Австралийн аль аль нь хүсэлтээ буцаахаас татгалзсан нь Белем хотод маргаан дэгдээжээ. Хэрэв аль аль нь буулт хийгээгүй бол НҮБ-ын уур амьсгалын байгууллагын төв байр байрладаг Германд COP31 болох байлаа. Австралийн Холбооны Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий нам дор арлын орнуудтай хамтран ажиллаж, далайн түвшин нэмэгдэх аюулыг онцолсон “Номхон далайн COP”-ыг зохион байгуулахаар хүсэлт гаргасан юм.


Мухардлаас гарах уулзалтыг Германы Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Йохен Фласбарт даргалсан бөгөөд хамтран зохион байгуулах санал нь “шинэлэг” бөгөөд ямар ч эсэргүүцэлтэй тулгараагүй гэдгийг хэллээ. 


Харин Турк улс хөгжиж буй орны хувьд дээд хэмжээний уулзалтаар баян чинээлэг, ядуу буурай орнуудын хоорондын эв санааны нэгдлийг дэмжиж, бүс нутгийн хэмжээнд бус дэлхийн хэмжээнд анхаарал хандуулахыг санал болгосон байна. Дээд хэмжээний уулзалтыг Газар дундын тэнгисийн Анталья хотод зохион байгуулна. Австралийн хувьд бусад орнуудаас ихээхэн дэмжлэг авсан боловч НҮБ-ын COP-ын дүрмээр зөвшилцөлд хүрэхийг шаарддаг юм. Эцэст нь Турк 200 орны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, харин Австрали хэлэлцүүлгийг даргалан явуулах шийдэлд хүрсэн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг