sonin.mn
АНУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний байлдааны бэлтгэлд дадлагын цогцолбор төрөл бүрийн зэвсгийн дууриалган үзүүлэх систем чухал байр суурь эзэлдэг. Энэ нь юуны түрүүнд эдийн засгийн хэмнэлттэй холбоотой. Мөн цаг агаарын болон газар орны хүндрүүлсэн нөхцөлд цагийн байдлыг хүссэнээрээ өөрчлөн явуулдагаараа сургалтын үр дүн өндөр, олон дахин давтан хийх боломжтой байдгаар давуу юм.
 
Сургалтын ийм цогцолбор, дууриалган үзүүлэх системийг цэргийн ангийн байнгын байрлалд төхөөрөмжилснөөр хээрийн гаралтын тоо, түүний үргэлжлэх хугацааг багасгадаг. Тухайлбал, АНУ-ын Хуурай замын цэргийн хуягт танкийн бригад гэхэд 30 хоногийн хээрийн дадлагаа 18 хоног болгожээ. Энэ үеэр хийгддэг танкийн их бууны буудлагыг 4 дахин бууруулсан аж. 
 
Хамгийн гол нь суралцагсдын сургалт бэлтгэлийн төвшин буурахгүй байх шаардлагыг хангадаг байна. Энэ бүхний дүнд сургуулийн төвүүдийг өргөжүүлэхгүй байх, экологийн аюулгүй байдлыг хангах зэргээр олон нийтийн дэмжлэгийг хүлээдэг аж. Иймд АНУ-ын Хуурай замын цэргийн командлал хээрийн гаралт, дадлагын цогцолбор ашиглан явуулах сургалт хоёрын зохистой харьцааг тогтоох, үр дүнтэй хувилбарыг сонгоход анхаарал хандуулж байна.
 
Танкийн батальон байлдааны бэлтгэлдээ дадлагын цогцолбор ашигласнаар жил бүр 0,3-2 сая долларын хэмнэлт гаргаж байгаа тооцоо гарчээ. Энэ хэмнэлтээр гурван
жилд 1 дадлагын цогцолбор худалдан авах боломжтой, цогцолборын нийт зардал гэхэд танкийн өөрийн өртгийн дөнгөж 1,5-2 хувьд хүрдэг байна. 
 
Өнөөдөр АНУ-ын Зэвсэгт хүчинд цэргийн алба хаагчдын байлдааны бэлтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд дадлагын салангад цогцолбороос нэгдсэн системд шилжих үйл явц өрнөж байна. Ингэснээр төрөл мэргэжлийн цэргийн анги, салбаруудыг байлдаанд ашиглах болон харилцан ажиллагааг зохион байгуулахад ач холбогдолтой гэж цэргийн мэргэжилтнүүд үзэж байна. 
 
Энэ ашиг сонирхлын үүднээс АНУ-ын Хуурай замын цэрэгт “Төрлийн болон төрөл мэргэжлийн цэргийн тактикийн сургагч” САТТ (Combined Arms Tactical Trainer)-ыг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэллээ. Энэ цогцолборын тусламжтайгаар цэргийн алба хаагч нэг бүрээс анги, салбар, цаашлаад бригад хүртэлх төвшний сургалт бэлтгэлийг явуулах нөхцөл хангагдах юм.
 
Байлдааны машиныг дууриалган үзүүлсэн төхөөрөмжийг суралцагч ашиглан анги, салбарынхаа нэгдсэн сүлжээнд холбогдож байлдааны цагийн байдлын зохиомол орчинд үүрэг гүйцэтгэх, тасаг, тоот, анги салбарын жигдрэлтийг хангах дадлагуудад хамрагдана. 
 
САТТ-ын дасгалын цогцолборт багтдаг мотобуудлын салбаруудад зориулсан 
“Ойрын зайны байлдааны тактикийн сургагч’’ ССТТ (Сlose Combat Tactical Trainer), 
армийн нисэх хүчний бэлтгэлийн AVCATT (Aviation Combined Arms Tactical Trainer), 
хээрийн артиллерийн FS-АТТ (Fire Support Combined Arms Tactical Trainer), 
агаарын довтолгооноос хамгаалах цэргийн АDСАТТ (Аiг Defense Combined Armc Tactical Trainer), инженерийн цэргийн ENСАТТ (Еngineer Combined Arms Tactical Trainer) дасгалын системүүд байдаг. 
 
САТТ-ыг бүрэн дэлгэснээр 120x45 м талбайг эзлэж, байлдааны техникийн 70, ерөнхий зориулалтын техникийн 16, явган цэрэгт зориулсан 12 дадлагын машин дээр ажиллах боломжтой. Энэ цогцолбороор 700 хүртэл хүн зэрэг хичээллэдэг. Программ хангамжийн төхөөрөмж 35 мянган км2 газар нутгийг хамарсан цагийн байдлыг үүсгэх хүчин чадалтай. 
 
Дүрслэлийн генераторыг ашигласнаар гурван хэмжээст тоон загвар бүхий бодит цагийн байдлыг үүсгэж, хөдөлгөөнт байны хариу үйлдэл, байлдааны зэвсэглэлийн үзүүлэлт, тэдгээрийг ашиглах олон хувилбарыг санал болгодог. Сургалт дадлагын зорилго, төлөвлөлтөөс хамааран танк, ЯЦБМ, хуягт тээвэрлэгч зэрэг 500 хүртэл хөдөлгөөнт бай, гурван хэмжээст 250 орчим цэргийн дэд бүтцийн элементүүдийг ашиглах боломжтой.
 
САТТ-аас түгээмэл хэрэглэгддэг нь ССТТ болон АVСАТТ дадлагын цогцолборууд юм. Мотобуудлагын анги, салбаруудын сургалт бэлтгэлд зориулагдсан ССТТ нь “Абрамс” танк, “Брэдли” хуягт тээвэрлэгчийн экипажийг дадлагажуулахад чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Энэ цогцолбор байнгын болон хөдөлгөөнт хэсгээс бүрддэг. Хөдөлгөөнт цогцолборыг бэлтгэл хүчний сургалт бэлтгэлд өргөн ашигладаг байна.
 
Дадлагын удирдагч суралцагсдын жигдрэлт, амжилтын төвшингээс шалтгаалан сургалтын даалгавар, нөхцлийг өөрчилж, хүссэнээрээ тохируулж цогцолборыг уян хатан ашиглаж болдогоороо бусад цогцолбороос давуу юм. Армийн нисэхийн А\/САТТ дадлагын цогцолбор АН-64А, АН-640,0Н-580, ЫН-60, СН-47Б нисдэг тэрэгний экипажуудын нэгдсэн дадлагыг хийхэд тохиромжтой. Эдгээр төхөөрөмжийг нисдэг тэрэг бүрээр өөрчлөн ашиглахаас гадна цагийн байдлыг хөнгөнөөс хүнд рүү шилжүүлж нисгэгчдийн дадлага, ур чадварыг нэмэгдүүлдэг байна.
 
“Зарубежное военное обозрение”
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин