sonin.mn
-Христийн шашинтан залууг гэр бүлтэй нь хамт “Монгол хүмүүс байж Монголынхоо шашинг шүт, үгүй бол Исүс христтэйгээ зайл” гэж удаа дараа дарамталж бие, эрх чөлөөнд нь халдаж байжээ
 
Монгол Улсын Үндсэн хуулинд иргэн хүн шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хориглоогүй ч элдэв танхай бүлэглэлүүдийн эрээ цээргүй үйлдлүүд хэрээс хэтэрчээ. Энэ дарамт, халдлагуудад нь христийн шашинтнууд ихээр өртөх болсон явдал сүүлийн хэдэн жилд ихэслээ.
 
Саяхан буюу 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр иргэн Д.А нь ах Хүрэлийн хамтаар бусдад сайн сайхныг түгээхээр Амгалан захын ойролцоо явж байжээ. Тэд 4-5 залуу зогсч байхыг хараад сайн сайхны талаар ярих гээд очтол “Муу сайн есүсүүд юу гээд хуцаад байгаа юм бэ” гэж хэл амаар доромжилж зодож хүнд гэмтэл учруулсан байна.
 
Энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд “Энэ хэрэг нь иргэд хоорондын шалихгүй маргаан” гээд хэдэн төгрөгөөр торгож шийтгэсэн талаар хариу өгсөнд иргэн А нь гомдолтой байгаа ажээ. Тэрбээр “Манай гэр бүл ер нь иймэрхүү дарамтад 2014 оноос эхэлж маш их өртөж байна.
 
Байнгын мөрдөн мөшгилт, дарамтнаас байнга зугтаж ийш тийш нүүж, нүүсэн газар гэр орон, хашаа байшинг гээд хагалж хэмхчих юу л байна бүгдийг хэмхэчдэг” гэв. Өмнө нь тэдний гэр бүлийг танхайчууд олон удаа дарамталж байсан. А-гийн гэр бүл дээрх дарамтнаас болж тогтсон хаяг байхгүй, байнгын нүүдлийн амьдралтай төдийгүй зочид буудалд хүртэл амьдарч байсан.
 
Тэр бүү хэл хөлсөлж сууж байсан байшингийнх нь хаалган дээр нь “Хараал идсэн христүүд зайл. Зайлахгүй бол тонилгоод өгнө шүү” гэж бичиж цонхыг нь удаа дараа хагалж байсан аж. Мөн А-гийн биед олон гэмтэл учруулж байсны улмаас шарх сорви ч нэлээд үлдсэн байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга энэрэнгүй хүнлэг ёс хаана байна вэ.
 
Иргэн Д.Амарсанаа