sonin.mn
ЗХЖШ-аас 61-ийн гармын ойролцоо энэ сарын 21-ны 21:10 цагт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн "Зил-131" маркийн авто машин онхолдож, хоёр цэрэг нас барж, 21 цэрэг хүнд, хөнгөн гэмтсэн хэмээн мэдээллээ.
 
084 дүгээр ангийнхан Дугана хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж явах үед Дархан-Улаанбаатар чиглэлийн замд осол гарчээ. Тухайн үед Сэлэнгэ аймгийн харьяа 71-05 дугаартай "Mitsubishi L-200" маркийн автомашины жолооч урсгал сөрж цэргийн ангийн цувааны эхэнд явсан ЗИЛ-131-ийн арын дугуйг мөргөсний улмаас ачааны тэрэг замын хажуу руу унажээ. 
 
Ослын улмаас 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нар газар дээрээ амиа алдсан байна. Талийгаач А-гийн хувьд ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгсч 084 дүгээр ангид ажилд оржээ. Харин 24 настай М нь өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгссөн байна.
 
Гэмтсэн 20 алба хаагчийг Цэргийн нэгдсэн госпитальд хэвтүүлэн эмчилж байгаа бол нэг цэрэг тархины хүнд мэс засал хийлгэн, сэхээн амьдруулах тасагт хэвтсэнийг албаныхан хэллээ.
 
Осол гаргасан "Mitsubishi L-200" маркийн автомашинд ослын үед 5 хүн сууж явсны хоёр нь хүүхэд, нэг нь жирэмсэн эмэгтэй байсан бөгөөд гэмтэл бэртэл аваагүй аж. Жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг