sonin.mn
Хотын даргын хүү “Грандлайн” компанийн захирал асан Б.Чулуудай, Турк улсын “216 Яапи Үрэти Худалдаа” компанитай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-т “Түмэн-Амгалан” цогцолборыг барихаар болсон.
 
Гэвч хоёр талын удирдлагууд зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудай  Монгол Улсын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан гадаадын компанийг хэрхэн хууран мэхэлж, итгэлийг нь алдаж гадаадын хөрөнгө оруулалтыг үргээдэгийг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ.
 
Тэгвэл энэ удаад  Арбитрын шүүхийн шийдвэр хэрхэн гарсан, мөн талууд Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлснийг баримтаар хүргэж байна. 
 
“Грандлайн” компанийн захирал Б.Чулуудай Турк талын хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхгүйгээр компанийн тухай хууль болон гэрээг зөрчиж  Улаанбаатар банкнаас хөрөнгө оруулалт нэрээр есөн тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум гаруй төгрөгийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажил авсан учраас туркууд иргэний шүүхэд хандсан байдаг. Иргэний шүүх гомдлыг буцааж байх хооронд Б.Чулуудай гэ­рээг цуцлуулахаар Арбитрын шүүхэд ханджээ.
 
Ингээд Монголын олон улсын ба үндэсний арбитрийн шүүхээс энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр 47 дугаартай шийдвэр гарч “Грандлайн” компани,  Турк улсын “216 Яапи Үрэти Худалдаа” компанийн хооронд байгуулсан хамт­ран ажиллах гэрээг цуцалжээ. Түүнчлэн Турк талаас Б.Чулуудайн нэхэмжилсэн 762.0 сая төгрөгийнхөө 562.0 сая төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсаныг хүлээн авч, 50 хувийн хувьцааг буцаахыг даалгаж, “Грандлайн” компанийн хувьцаа эзэмшигч Б. Чулуу­дайгаас Турк улсын “216 Яапи Үрэтий ху­далдаа” компанид 827.27.51 ам.доллар, 31.9 сая төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байж.
 
Гэтэл Б.Чулуудай туркуудад өнөөг  хүртэл нэг ч  төгрөг төлөөгүй гэнэ. Тэгсэн хэрнээ   “Грандлайн” компанийн 50 хувийн хувьцааг арбитрийн шүү­­хээс буцаахыг Туркын компанид даалгасан байтал хууль зөрчиж туркуудын оролцоогүйгээр өөр дээрээ шилжүүлэн авч, “Грандлайн” компанийг “Бэрэн” группд өндөр үнээр худалдсан байна. Нөгөө талаас хотын даргын хүүгийн хуудуутай үйлдэл бүрт  төрийн байгууллагууд алхам тутам давуу эрх олгосон гэдгийг эх сурвалжууд хэлж буй. 
 
Монгол олон улсын болон үндэсний арбитрын шүүхээс талуудын оруулсан хөрөнгө, үйл ажиллагаа явуулсантай хол­богдож гарсан зар­дал, хохиролд Турк улсын “216 Япи Үрэти худалдаа” компани бо­лон “Грандлайн” компани аль аль нь хамаатай байгааг анхаарч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бэлэн болон бэлэн бусаар оруулсан хөрөнгийг холбогдох нотлох баримтаар тогтоосон хэмжээнд “Грандлайн” компаниас гаргуулах нь зүйтэй гэж үзжээ.
 
Мөн талууд “Хамтран ажиллах гэрээ”-г 2013 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр бай­гуулс­наас хойш 2014 оны наймдугаар сар хүр­тэлх бүхий л үйл ажил­лагаанд Б.Чулуудайг гүй­цэтгэх захирал гэж үзэн хамтран ажиллаж байсан нь баримтаар харагдаж байна. Гэхдээ “Грандлайн” компа­нийн хувьцаа эзэм­шигч Б.Чулуудай нь компа­нийн тухай Монгол Улсын хуулийн, 83.1, 83.6, Монгол-Туркын хамтарсан “Грандлайн” компанийг байгуулах тухай гэрээний 6.13, 10.1-д заасныг тус тус зөрчсөн байна.
 
Б.Чулуудай компа­нийн үйл ажиллагааг зогсоосон нь буруу,  мөн Грандлайн компанийн хөрөнгө оруулалт сан­хүүгийн тайланг улсын “216 Япи Үрэти худалдаа” компанид гаргаж өгөөгүй нь гэрээг зөрсөн хэмээн үзжээ.
 
Ийнхүү Арбитрын шүүхээс “Грандлайн” компаниас гаргуулахаар болсон мөнгөө авч чадахгүй байгаа туркууд аргаа барсандаа дахин Арбитрийн шүүх, АТГ-т нэхэмжлэл, гомдол гаргасаар, бас шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтаас буцаан олгогдох 827 278 ам.доллараа хөөцөлдсөөр яваа гэнэ.  Гадны хөрөнгө оруулалтыг манай хотын даргын хүүгээс эхлээд  ийм маягаар татаж, бас үргээдэг бололтой.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин