sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Рио-де-Жанейро хотод удахгүй эхлэх гэж буй Олимпын наадмын үеэр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэх хэрэгт сэжиглэн 10 хүнийг Бразилын цагдаа нар баривчилжээ. Баривчлагдсан хүмүүс бүгд Бразилын иргэд аж.
 
Бразилын Хуульзүйн сайд Александр де Мораиш өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “Бразилын янз бүрийн мужаас энэ хүмүүсийг баривчилсан” гэв.
 
Түүний хэлснээр, сэжигтнүүд нь интернэтээр хоорондоо харилцдаг байжээ. Сэжигтнүүд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээр зүтгэхээ амлаж, Парагвайгаас зэвсэг худалдаж авахаар төлөвлөж байсан аж. Тэд Олимпын үеэр гадаадын иргэдийг онилон халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бололтой.
 
Террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байж болзошгүй хүмүүсийг баривчлахыг аюулаас хамгаалах хүчнийхэнд зөвшөөрсөн хуулийг Бразилын парламент энэ оны гуравдугаар сард баталжээ. Хуулийг баталснаас хойш анх удаагаа сэжиг бүхий хүмүүсийг баривчилсан нь энэ юм.
 
Чухам ямар учраас халдлага үйлдэхээр төлөвлөж байсан, тэдэнд хамсаатнууд бий эсэхийг тогтоохын тулд сэжигтнүүдийн гар утас болон компьютерыг цагдаа нар хураан авчээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг