sonin.mn
Орон нутгийн ИТХ-ын сонгуулиар хэсгийн хороод иргэдийн санал нууц байх боломжийг бүрдүүлээгүй хэмээн хуульч Н.Ариунболд мэдээлэв.
 
Тэрбээр сонгуулийн өмнө Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан байна. Мөн сонгуулийн үеэр Сонгинохайрхан дүүргийн 1203 дугаар хэсгийн хороонд ажиглагчаар ажиллажээ.
 
Санал авах үеэр автоматжуулсан систем буюу “Хар хайрцаг”-ны үйл ажиллагаанд техникийн доголдол гараагүй хэмээгээд “Харин иргэд саналын хуудсаа уншуулахдаа хэн нэгэнд санаатайгаар харуулах, саналын хуудас нимгэн тул нэр дэвшигчийг дугуйлсан байдал нь нэвт гэрэлтэн харагдаж байсан. Түүнчлэн хэсгийн хорооны даамал нь сонгогчыг автоматжуулсан системд саналын хуудсаа уншуулахад нь туслах нэрийдлээр хэнд санал өгснийг нь харах тохиолдол ч байсан.
 
Энэ мэтээр иргэдийн санал нууц байх гэсэн Сонгуулийн хуулийн зөрчигдсөн. Миний бие нэмэлт санал хураалтын үед мөн ажиглагчаар ажиллаж, дээрх зөрчил, дутагдлуудыг давтуулахгүй байхад анхаарж ажилласан. СЕХ-ны зүгээс дараа дараагийн сонгуулийн үед дээрх зөрчлийг гаргахгүй байхад анхаарч ажиллах ёстой. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед саналын хуудасны гадуур хавтас хийж байсан. Энэ нь иргэдийн саналыг хэн нэгэн харах, нэвт гэрэлтэх зэрэг элдэв асуудлаас хамгаалж байсан. Тиймээс энэ аргыг дахин нэвтрүүлэх хэрэгтэй” гэлээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг